Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2020/00123

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч овогт Дын Э,

Хариуцагч: Б овогт Гийн Д

Гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /2019/ШЦТ/00 шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Даас эмнэлэгт үзүүлсэн баримтаар эмчилгээний зардлаа нэхэмжилсэн боловч баримт бүрдүүлэлт дутуу гэдэг шалтгаанаар нэхэмжлэлээ гүйцэлдүүлж авч чадаагүй болно. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолын дагуу цаашид гарсан эмчилгээнийхээ зардлын 10 ширхэг баримтаар баталгаажуулж, нийт 527 285 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд, Г.Даас 527 285 төгрөгийг гаргуулж, миний биеийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Үүнд би өөрийнхөө биед учирсан гэмтлийг шинжээчид үзүүлээд шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэгт хавсаргуулсан. Уг шийтгэх тогтоолд намайг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилж болно гэж заасан. Тухайн үед миний зарим шинжилгээтэй холбоотой баримтууд хэрэгт хавсаргагдаж чадаагүй. Томографикт үзүүлсэн баримтаа би норгосон тул хэрэггүй болсон. Түүнийг дахиж гаргаж авах гэхэд гаргаж өгөх боломжгүй гэсэн. Шийтгэх тогтоолд компьютер томографикт үзүүлсэн баримт болон бусад баримтуудаа нэгтгээд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно гэсэн учир би нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт мөн Гэмтэл согог судлалын төв эмнэлгийн компьютер томографикт үзүүлсэн гэх эмчийн тодорхойлолт миний амбулаторийн картанд бичээстэй байгаа. Үүний баримтыг би эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа дахин очиж гаргуулж авах гэхэд нэг удаа л гардаг гэсэн. Тиймээс би нэхэмжлэлдээ хавсаргаж өгч чадсангүй. Миний толгой тухайн үед цохиулснаас болж байнга өвдөж байгаа. Үүнийг би Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлж тархины доргилт, нарийсалтай байна гэсэн эмч нарын бичилтээр баталгаажуулж өгсөн. Мөн эмийн сангаас авсан эмийнхээ баримтуудыг гаргаж өгсөн. Би нийт 527 285 төгрөгийг баримтад үндэслэж нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой амбулаторийн картаа эх хувиар нь авч ирсэн гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. 527 285 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд ингэж заасан ч 2020 оны эхээр гарсан эмчилгээний зардлууд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоотой гэдэг нь нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь 2019 оны 06 дугаар сард үүссэн. Энэ гэмтлээс үүдэж 2020 оны 04 дүгээр сард нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлүүд нь үүссэн гэх нотлох баримт байхгүй. Мөн үзүүлсэн зүйл байдаг ч зарим баримтууд нь ойлгомжгүй байдаг. Толгой өвдөх гээд бөөр үзүүлэх гэсэн зүйл байна гэж би ойлгож байна. Мөн хүзүү хөшнө, гар хуруу бадайрна, нойронд муу, нуруун дээрх бэрсүү гэсэн зүйлүүд картаас нь харагддаг. Мөн хэрэгт гаргаж өгсөн картууд нь хуулбар хувь учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Сая шүүгч шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу? гэхэд нэхэмжлэгч байхгүй гэсэн. Мөн нэхэмжлэгчийн авсан эмүүдийн баримт хэрэгт хавсаргагдсан байсан. Гэхдээ тухайн үеийн Г.Дын учруулсан гэмтлээс өнөөдрийн эмчилгээ хийлгэх нөхцөл байдал бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна. Үүнийг нотолсны дараа эдгээр зүйлийг нэхэмжлэх эрхтэй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ингэж заасан гэж нэхэмжилж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Дт холбогдуулан гэм хорын хохиролд 527 285 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа эмчилгээний зардлууд тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоотой гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтлүүд нь 2019 оны 06 дугаар сард үүссэн ...” хэмээн маргана.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019ШЦ/00 дугаар шийтгэх тогтоолын Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэнд /хх-4/ “... Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэж,

Хариуцагч Г.Дыг “...хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж ...” шийдвэрлэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол”,

2.4.2-д “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15% тогтонги байдлаар алдагдсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тус тус заажээ.  

Хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй ч шинжээчийн 194 дүгээр дүгнэлт болон дээрх журамд зааснаас үзэхэд гэм хорын хохиролд 527 285 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн амбулаториор үйлчлүүлэгчдийн карт, зарлагын баримтаас үзэхэд 2019.12.28, 2020.01.29, 2020.02.07, 2020.03.30 өдрүүдэд эмчид үзүүлж, эм худалдаж авсан нь гэмтэл учирснаас хойш 6-9 сарын дараа хийгдсэн эмчилгээний баримтууд байгаа нь цаг хугацааны хувьд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамтай нийцэхгүй байна.  

Өөрөөр хэлбэл, хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг хэлэх ба энэхүү гэм хорын хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Э нь Г.Дын цохьсон гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн, амьдрал дээр уг гэмтлээс үүдэж, дараа хохирол учирдаг гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Даас гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9-д тус тус зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЦОГЗОЛМАА

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧ                         Ц.НАРАНЧИМЭГ