Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 74

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01001/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- М- ХХК-д холбогдох

"Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, Д.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д- М- ХХК-д түүхий эд боловсруулах цехэд ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, зүүн гараа тохойноос урагш тайруулж, насан туршийн тахир дутуу хүн болсон. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Д.А-, Г.Г- нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэсэн. Мөн тогтоолоор хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж, цалингийн   зөрүүг   иргэний  журмаар  нэхэмжлэх эрхтэй   гэж   заасны   дагуу   шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2018 оны 05 сарын 13-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай гэж тогтоогдон, нэг сарын 310.000 төгрөг авдаг болсон. Би тахир дутуу болохоосоо өмнө тус компанид ажиллаж байхдаа сард дунджаар 743.752 төгрөгийн цалин авдаг байсан тул уг цалин, болон тэтгэмж 310.000 төгрөгийн зөрүү 433.752 төгрөгөөр сарын орлого буурсан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.5-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Би одоо 25 настай ба хэрвээ хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол 60 нас хүрээд тэтгэвэрт гарах хүртэл 35 жил ажил эрхэлж орлого олох байсан. Иймд 35 жилийг 12 сараар тооцоход нийт 420 сар болж байгаа бөгөөд 420 сарыг 433.752 төгрөгөөр үржүүлэхэд 182.175.840 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилж байна. Д- М- ХХК-ийн захирал нь надтай хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр намайг төөрөгдүүлж, хууран мэхэлж шүүхэд хандах эрхийг зөрчин, эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Шийтгэх тогтоолоор Д- М- ХХК буруутай нь тогтоогдсон мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасантай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байна. Дундаж цалинг Д- М- ХХК өөрөө бодсон дундаж цалинтай адил бодсон байдаг. Хугацааны хувьд яагаад 420 сараар тооцсон гэхээр нэгэнт гар тайрагдсан, тайрсан гарыг ургуулах боломжгүй учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэх насаар тооцож нэхэмжилж байна. Хэрвээ энэ хүн эрүүл саруул байсан бол хамгийн багадаа 60 нас хүртлээ хөдөлмөрлөх боломжтой. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.5-д хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна, 228.6-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно гэж заасан учир нэхэмжлэгчийн хувийн байдал эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж нэг удаад авахаар шаардаж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 58.2.1, 58.2.2, 58.3.4, 58.3.3, 59 дүгээр заалтууд байгаа. Хэлцэл хийх этгээд эрүүгийн хэргийг шийдэхдээ сэтгэл санааны хохиролд 2 өрөө байр авахаар тохирсон бөгөөд цалингийн зөрүүг жич нэхэмжлэх талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Энэ хүмүүс нь 50 сая төгрөгөөс татгалзаад 2 өрөө байр авах юм байна гэж бодоод тус хэлцлийг байгуулсан нь уг хэлцлийг заалтыг буруу ойлгосон төөрөгдсөн байна гэж үзэхээр байна. Энэ талаар тус хэлцлийг байгуулсны дараа буюу маргааш өдөр нь болсон эрүүгийн хэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж тайлбарласан байдаг. Хэлцэл хийгч хэлцлийн агуулгад төөрөгдсөн байна. Хуулиар цалингийн зөрүүг нэхэмжилж болно гэсэн байдаг. Гэтэл хэлцэлд хүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд тус хэлцлийн 3 болон 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэстэй байна гэжээ.

Хариуцагч Д- М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед гэм хорын хохиролд нийт 73.215.530 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь эмчилгээний зардал, буцалтгүй тусламж, амьдрах байр, 2 удаагийн нөхөн олговор, 2 өрөө байр гэх мэт багтсан.

Хэргийн материалд тус 2 өрөө байрыг 42.000.000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар тус байр нь 47.000.000 төгрөг болно гэж үзэж байгаа.

Маргаан болоод байгаа хэлцлийг миний бие баталсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа 3, 4 дахь заалтыг хууран мэхлэх байдлаар хийсэн гээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хэлцэл хийхэд гэрч Сэлэнгэ байсан. Хэлцэл нь хуулиар хориглоогүй хуульд харшлаагүй байвал хэлцлийг батлах боломжтой. Энэ гэрээг байгуулахад өмгөөлөгчөө дууд гэдэг асуудал яригдаж байсан боловч өмгөөлөгч нь ирээгүй. Т.Б- бүрэн дунд боловсролтой хэлцэл хийх эрх зүйн бүрэн чадамжтай. Хэлцлийг бүрэн хүлээн зөвшөөрөөд хийсэн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохирлыг шаардах талаар шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Цалингийн зөрүү гэдэг асуудал байхгүй. Т.Б- Д- М- ХХК-д түр ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны дараа хөдөлмөрийн түр гэрээгээ цуцалъя гэж өөрөө хүсэлт гаргасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Одоо сарын цалингийн зөрүүг 433.752 төгрөгөөр тооцоод 35 жил буюу 420 сараар тооцож гаргуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед түр ажилтнаар ажиллаж байсан цалингаа насан туршдаа авах мэтээр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын сайн дураараа байгуулсан хэлцлээр тохирсон үүргээ Д- М- ХХК-ийн зүгээс биелүүлсэн бөгөөд хуульд заасан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан Т.Б-, Д- М- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Д- М- ХХК-иас 5.205.024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176.970.816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д- М- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168,430 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэж үзэж гомдлыг гаргаж байна.

Т.Б- нь Д- М- ХХК-д анх 2018 оны 09 дүгээр сарын 10 өдрийн дугаар 18/65 тоот түр тушаалаар түүхийн эдийн цех дээр түр ажиллаж байгаад үйлдвэрийн осол болж баруун гар нь тохойноосоо урагш тайрагдсан эрүүл мэнд нь хохирсон. Тус ослоос үүдэн компани гүйцэтгэх захирал Д.А- хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй хариуцсан ажилтан Г.Г- нар нь Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцож тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.  Шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон зөрүү хиймэл эрхтэн хийлгэх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх эрхтэйг дурдаж өгсөн.

            Д- М- ХХК-аас Т.Б-эд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд эмчилгээний зардал тэтгэмжийн мөнгө, цалингийн зөрүү, амьжиргааны зардал, гэм хорын хохиролд тооцон орон сууц худалдан авч өгсөн, орон сууц түрээслэн амьдрах орчин нөхцөлийг нь хангасан зэрэг доорх зардлуудыг гаргасан.

1. Сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг урьдчилан олгож нийт 3 972.899 төгрөгийг,

2. Эмчилгээ амьжиргааны зардал, байрны түрээс, ашиглалтын зардалд 7.554.470 төгрөг

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1 заалтын дагуу 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2 удаа буюу нийт 13.387.540 төгрөгийг

4. Түрээсийн байранд амьдрахад зориулж 3.655.400 төгрөгийг эд хогшил тус тус олгосон манай компаниас мөнгөн дүнгээр 28.570.309 төгрөг

5. Гэм хорын хохиролд тооцон Дархан уул аймаг Дархан сум 4-р баг 22-р хороолол 5 байр 49 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч Т.Б-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч иргэний нэхэмжлэл гаргаж байгаагаа шүүхэд мэдэгдэж гэм хорын хохиролд 2 өрөө орон сууц сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан ч шүүх сэтгэл санаа гэм хорын хохирлыг ямар хэмжээгээ хэрхэн тооцон гаргах талаарх хууль тогтоогч хуульчлаагүй дээрх төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомгүй байна гэх маргаан шүүх хуралдаан болохоос өмнө болсон. Ингээд хохирогч Т.Б- түүний ээж Энхтуяа бэр Сэлэнгээ нар нь Д- М- ХХК хэлцлийг талууд өөрийн хүсэл зорилгоо бүрэн тусгаж байгуулсан. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл гэж үзэж шүүх хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь нэхэмжлэгч Т.Б- өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан өөрөө хэлцэл хийх хүсэлтээ илэрхийлсэн эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн тул дээрх гэрээг хүчингүй тооцох хууль зүйн үндэсгүй юм. Т.Б-эд Д- М- ХХК-аас дутуу олгосон цалин хөлс байхгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг компани бүрэн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Т.Б-ийн нэхэмжлэлтэй Д- М- ХХК-д холбогдох Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182.175.840 төгрөг гаргуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 544 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх: Д- М- ХХК нь нэхэмжлэгч Т.Б-эд шилжүүлэн өгсөн 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учир нэхэмжлэгч Т.Б- энэхүү хуульд заасны дагуу дутуу авсан цалингийн зөрүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний хувьд дүгнэхдээ хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 5.205.024 төгрөгийн шаардлагыг хангаж, 176.970.816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Хэрвээ нэхэмжлэгч Т.Б- нь эрүүл, саруул байсан бол хамгийн багадаа 60 нас хүртлээ хөдөлмөрлөх боломжтой байсан. Гэвч Д- М- ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж улмаар 25 хан насандаа зүүн гараа тохойноос урагш тайруулж, насан туршийн тахир дутуу хүн болсон. Иймээс хөдөлмөрийн чадвар алдаагүй байсан бол 60 нас хүрээд тэтгэвэрт гарах хүртэл 35 жил ажил эрхэлж орлого олох байсан ба үүнийг 12 сараар тооцоход нийт 420 сар * 433.752 төгрөг /цалингийн зөрүү/ = 182.175.840 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 285 дугаар зүйлийн 285.5-д “Хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна.”, 228 дугаар зүйлийн 228.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувийн байдал, эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж нэг удаад нийт 182.175.840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 544 дугаартай шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Б- хариуцагч “Д- М-” ХХК-нд холбогдуулан үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаны улмаас нэг сарын 310.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох өмнө авч байсан дундаж цалин хөлс болон тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг 60 нас хүртэлх хугацаагаар тооцож нийт 182.175.840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд хийгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч “Д- М-” ХХК нэхэмжлэгчийн авч байсан цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт нийт 28.570.309 төгрөг, зах зээлд 47.000.000 төгрөгийн үнэ ханштай 2 өрөө байр тус тус олгосон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлийг нэхэмжлэгч өөрөө биечлэн байж, сайн дураараа, хүсэж үйлдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан зохигчдын дунд хийгдсэн маргаж буй хэлцлийн 3, 4 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч нь 12 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш олгох ёстой гэж дүгнэн, хариуцагч байгууллагаас 5.205.024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176.970.816 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг талуудын хэн аль нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулахаар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нөхөн төлбөр болон гэм хорын тухайд

Нэхэмжлэгч Т.Б- “Д- М-” ХХК-ний түүхий эд боловсруулах цехэд түр ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд өртөж, зүүн гараа тохойноос урагш тайруулж, тахир дутуу болсны улмаас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн  12 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдож сард 310.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа болно.

Энэ хэрэгт тус компанийн захирал, ажилтан нар гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө/ тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй, 228.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тодорхойлжээ.

Хариуцагч “Д- М-” ХХК Нэхэмжлэгч Т.Б-ийн эмчилгээний зардал болон буцалтгүй тусламжид 4.452.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх амьдрах байрны түрээс, тавилга, эд хогшил, ашиглалтын зардалд 7.194.868 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан нөхөн олговорт 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 6.693.770 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6.693.770 төгрөг, шинээр авсан байрны засварт 1.405.000 төгрөг тус тус олгосноос гадна гэм хорын хохиролд 47.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө байрыг 42.000.000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна. Энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд хэргийн 98-141 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдоно.    

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалинд тооцож, шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй,нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу дутуу авсан цалингийн зөрүүг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч нь зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзнэ.

Учир нь хариуцагч байгууллагаас өмнө нь нэхэмжлэгчид олгосон 2 өрөө байр, 2 удаагийн нөхөн олговор, эмчилгээ, байрны түрээс, ашиглалтын зардалд өгсөн 73.215.530 төгрөг нэхэмжлэгч тал хүлээн авсан талаар маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Мөн нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 743.752 төгрөг гэж тооцон нийгмийн даатгалын сангаас олгодог нэг сарын тэтгэвэр 310.000 төгрөгийн зөрүү 433.752 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан 12 сараар тооцож олгох нь зөв гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан “...50-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид нөхөн төлбөр болон бусад зардал, 2 өрөө орон сууц олгосон зэрэгт  73.215.530 төгрөгийн зардал гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг олгосон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хор зэргийг тус тус арилгасан байна гэж дүгнэлээ.

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайд

Хэргийн 49-50 дугаар талд авагдсан “Хэлцэл” нь нэхэмжлэгч Т.Б-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, хуульд заасан нөхөн төлбөрийг хэрхэн олгох талаар тохиролцсон агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгч нь тэрхүү хэлцлийн 3,4 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Анхан шатны шүүх дээрх хэлцлийн 3, 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай хамаарах тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бусд тооцож болохоор байна гэж дүгнээд тэрхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хэлцлийн 3 дахь заалтаар “Цаашид энэ хэргийн талаар ямарваа нэгэн гэм хорын хохирол нэхэмжлэл гаргахгүй байх” гэж тохиролцсон нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх буюу хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар  энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж тус тус заасныг  ноцтой зөрчсөн зөрчил мөн байна.

 Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн 4 дэх заалтад “Энэ тохиролцоо нь “Д- М-” ХХК болон хохирогч Т..Б- нарын хооронд хийсэн эцсийн тохиролцоо бөгөөд үүгээр үйлдвэрийн ослоос учирсан хохирлыг бүрэн төлж, барагдуулж байгааг  харилцан хүлээн зөвшөөрөлцсөн болно” гэж заасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авснаа илэрхийлсэн утга, агуулгатай байх тул энэхүү заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу гэж үзнэ. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хэлцлийн 4 дэх заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч энэ талаар өөрөө нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан Т.Б-, “Д- М-”ХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “Д- М-” ХХК-иас 5.205.024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176.970.816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг  

Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч “Д- М-” ХХК-ний хооронд хийгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Т.Б-ийн  хариуцагч “Д- М-” ХХК-иас 182.175.840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.230 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.МӨНХДАВАА

                                                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Л.АМАРСАНАА