Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00711

 

 Т.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр магадлалтай,

 Т.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

Дархан минж ХХК-д холбогдох

 Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 182,175,840 төгрөг гаргуулах, 2019.04.18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Буяннэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Т.Буяннэмэхээс Дархан минж ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах, 2019.04.18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан Т.Буяннэмэх, Дархан минж ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Дархан минж ХХК-иас 5,205,024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Буяннэмэх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан минж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168,430 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан Т.Буяннэмэх, Дархан минж ХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Дархан минж ХХК-иас 5,205,024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Нэхэмжлэгч Т.Буяннэмэх, хариуцагч Дархан минж ХХК-ний хооронд хийгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Т.Буяннэмэхийн хариуцагч Дархан минж ХХК-иас 182,175,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий хэлцлийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, Дархан минж ХХК нь нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд шилжүүлэн өгсөн 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учир нэхэмжлэгч Т.Буяннэмэх энэхүү хуульд заасны дагуу дутуу авсан цалингийн зөрүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч групптэй байх нэг жилийн хугацаагаар тооцож хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 5,205,024 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид нөхөн төлбөр болон болон бусад зардал, 2 өрөө орон сууц олгосон зэрэгт 73,215,530 төгрөгийн зардал гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг олгосон, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хор зэргийг тус тус арилгасан байна гэж дүгнэж, 182,175,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 4 дэх заалтыг нэхэмжлэгч тал ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч энэ талаар өөрөө нотлоогүй гэж дүгнэж, уг 4 дэх заалтыг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

4.1. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн талаар.

4.1.1 Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Буяннэмэх нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцож нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019.04.19-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор энэхүү нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт болсон боловч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсийг төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд харин энэхүү заалт нь ирээдүйд авах цалин хөлсний талаар зохицуулаагүй байна... Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан хугацаагаар буюу 12 сарын хугацаагаар тоолж олгох нь зүйтэй юм гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 5,205,024 төгрөгийн шаардлагыг хангаж, 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэсэн заалтыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ, 228 дугаар зүйлийн 228.3-т Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорын арилгах үүрэгтэй гэж заалтуудтай хамт хэрэглэж байж Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах иргэний хуулийн зорилгод нийцэх байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэсэн заалт болон Статистикийн мэдээллийн нэгдсэн сан нэртэй цахим хаягт тавигдсан 2019 оны байдлаар монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66.38 байгаа талаарх Үндэсний статистикийн хорооны судалгааг үндэслэн хэрвээ нэхэмжлэгч Т.Буяннэмэх нь гараа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдаагүй бол хамгийн багадаа 60 нас хүртлээ хөдөлмөрлөх боломжтой байсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Т.Буяннэмэх нь Дархан минж ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж улмаар 25-хан насандаа зүүн гараа тохойноос урагш тайруулж, насан туршийн тахир дутуу хүн болсон. Иймээс хөдөлмөрийн чадвар алдаагүй байсан бол 60 нас хүрээд тэтгэвэрт гарах хүртэл 35 жил ажил эрхэлж орлого олох байсан ба үүнийг 12 сараар тооцоход нийт 420 сар*433,752 төгрөг /цалингийн зөрүү/=182,175,840 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.6-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувийн байдал, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж нэг удаад нийт 182,175,840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Гэгэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан хугацаагаар буюу 12 сарын хугацаагаар олгох буюу нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 5,205,024 төгрөгийн шаардлагыг хангаж, 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэснээс гадна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан хугацаагаар тухай бүрд нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт, заалт оруулаагүйн улмаас цаашид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт сунгагдах тухай бүрд нь нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

4.2. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн талаар.

4.2.1. Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэгдсэн Эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, шийтгэх тогтоолын хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэхтэй холбоотой зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасныг үгүйсгэсэн.

Мөн цалингийн зөрүүг 12 сараар тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан ...50-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа түүнээс дээш удаа гэж заасантай нийцэхгүй байна... хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид нөхөн төлбөр болон бусад зардал, 2 өрөө орон сууц олгосон зэрэгт 73,215,530 төгрөгийн зардал гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг олгосон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хор зэргийг тус тус арилгасан байна гэж дүгнэлээ гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн 10-р талд ...хохирогч Т.Буяннэмэх нь гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол хоёр өрөө байр буюу 50 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар 65 хувь хүртэл алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,387,540 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 113,387,540 төгрөгийн иргэний нэхэмжлэл, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргасан болно... Харин хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн юм, тогтоох хэсгийн 12-р талд ...хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай гэжээ.

Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн 6 дахь хэсэгт Ослоос хойш 6 сар өнгөрсний дараа эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актыг үндэслэн тогтоогдох тахир дутуугийн тэтгэвэр тэтгэмжийн үнийн дүнгээс хамаарч тахир дутуу болсны улмаас дутуу авсан цалингийн зөрүүг жич иргэний журмаар нэхэмжилнэ, 7-д Сэтгэл санааны хохиролд 2 өрөө байр болон 50,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн хүрээ, сэтгэл санааны хохирлын хэмжээг нийтэд нь 100,000,000 төгрөгөөр тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ямар хохирлыг нэхэмжилж байгаа, ямар хохирлыг дараа нэхэмжлэхээ маш тодорхой тусгасан.

Хэрэгт авагдсан хохирол төлүүлэх хугацаа өгч эрүүгийн шүүх хуралдаан завсарлуулсан 5 хоногийн хугацаанд буюу 2019.04.18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 01 дугаартай хэлцэлд цаашид Т.Буяннэмэхийн шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн дагуу эрүүл мэнд сэтгэл санаанд учирсан хохирол гэж нэхэмжилж буй доорх хохирлыг барагдуулахаар тохиролцов. Үүнд компаниас 2 өрөө орон сууц олгох хугацаа 45 хоног гэжээ.

Мөн дээрх эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор 2019.04.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал хэсэгт Т.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх тухай: 2 өрөө орон сууц, 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал гэж тэмдэглэсэн ба сэтгэл санааны хохирлыг нийтэд 50,000,000 төгрөгт тооцож, 2 өрөө орон сууцыг Т.Буяннэмэхэд өгөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан 2019.04.19-ны өдрийн 149 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Хэлцлийн 3 дахь заалт дээр тайлбар хэлье. Уг зүйл заалтад цаашид цалингийн зөрүү нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй. Хэрэв хохирогч тал уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол одоо уг заалтыг өөрчилж болно гэх тайлбар, шүүгдэгчийн Сэтгэл санааны хохирлыг барагдуулах талаар санаачилга гаргаж, өөрийн компанийн эзэдтэй холбогдож хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах үүднээс хохирлыг төлсөн. гэх тайлбарууд авагдсан. /ХХ-218 /

Дээрх баримтуудаас Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үед хохирогч Т.Буяннэмэхийн эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн хүрээнд сэтгэл санааны хохиролд 2 өрөө байр, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д нөхөн төлбөр, эмчилгээний болон бусад зардалтай холбогдох асуудал шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө шийдэгдсэн байх харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу цалин хөлсний асуудал эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болох нотлогддог.

Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагаас сэтгэл санааны хохиролд шилжүүлсэн 2 өрөө байр, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу олгогдсон 2 удаагийн нөхөн олговор, эмчилгээ байрны түрээс, ашиглалтын зардалд өгсөн нийт 73,215,530 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч авсан талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг олгосон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хор зэргийг тус тус арилгасан байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжилснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөр нэхэмжилсэн байна гэж дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг төлсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн практикт хууль хэрэглээний буруу жишгийг тогтоох үр дагаварт хүргэж байна.

4.2.2. Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Т.Буяннэмэх болон хариуцагч Дархан минж ХХК-ийн хооронд 2019.04.18-ны өдөр эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг барагдуулах талаар харилцан тохиролцож 01 дугаартай хэлцэл байгуулагдсан боловч уг хэлцлийн 3, 4 дэх заалт нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2, 58.3.3, 58.3.4-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Дээр дурдагдсан 149 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хурлын шүүх хуралдааны тэмдэглэл, иргэний нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, иргэний нэхэмжлэл болон талуудын хооронд байгуулагдсан хэлцэлтэй холбогдох асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн хүрээнд сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болох нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудын агуулгаас харахад нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу цалин хөлсний асуудлыг огт хэлэлцээгүй байхад талуудын хооронд байгуулагдсан 3-т цаашид энэ хэргийн талаар ямарваа нэгэн гэм хорын хохирол нэхэмжлэл гаргахгүй байх, 4-т Энэ тохиролцоо нь Дархан минж ХХК болон хохирогч Т.Буяннэмэх нарын хооронд хийгдсэн эцсийн тохиролцоо бөгөөд үүгээр үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулж байгааг харилцан хүлээн зөвшөөрөлцсөн болно гэсэн заалт оруулсан байдаг ба уг 2 заалтыг цаашид цалин хөлсийг нэхэмжлэх асуудалтай холбоогүй гэж ойлгуулж нэхэмжлэгчийг гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн шинжийг агуулдаг.

Нэхэмжлэгч тал тухай үед төөрөгдсөн болох нь дараах нотлох баримтуудаар мөн нотлогдоно.

Хэрэгт авагдсан гэрч Э.Сэлэнгийн Дархан минж ХХК-ийн захирал Анхболд яг шүүх хурлын өмнөх өдөр дуудаж уулзсан. Тэгж уулзахдаа Буяннэмэхийн сэтгэл санааны хохирол 2 өрөө байр болон 50,000,000 төгрөгийн талаар уулзаж ярилцсан. Тохиролцсоны үндсэн дээр сэтгэл санааны хохирол нь 2 өрөө байр авч өгөхөөр тохиролцсон... Тэгэхэд 2 өрөө байрыг авч өгөх талаарх гэрээгээ өөрсдөө буюу Анхболд захирал, нягтлан бодогч Хандаа нар бэлдэж хэвлээд гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан.... Цалингийн зөрүүг нэхэмжлэх талаар гэрээндээ дараа нь нэхэмжлэх талаар гэрээнд оруулж өгөөгүй байсан учир бид нар нягтлангаас нь асуухад нягтлан бодогч Хандаа эгч тэр асуудлыг тусдаа шүүхээр шийдүүлэх асуудал гэж хэлсэн чинь Анхболд захирал бас тийм асуудал байгаа юм уу гэж Хандаа нягтлангаас асууж байсан гэж мэдүүлэг өгөхөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хандмаа /нягтлан Хандаа/ оролцсон ба уг мэдүүлгийг үгүйсгээгүй. /XX-212/

Мөн хэрэгт авагдсан 2019.04.19-ний өдрийн 149 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Т.Буяннэмэхийн 2 өрөө байр болон хиймэл гар хийлгэж өгөхөөр тохиролцсон. Уг хэлцлийн 3, 4 дүгээр зүйлд цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв, хохирогчийн өмгөөлөгчийн хэлцлийн 3, 4 дүгээр заалтад цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй энэ тохиролцоо нь үйлдвэрийн ослоос гарсан хохирлын эцсийн тохиролцоо болно гэж заасан байгаа. Уг зүйл заалтаар цаашид цалингийн зөрүүг нэхэмжлэх боломжгүй болчихоод байна. Энэ шүүх хурал дээр бол хохирол төлбөр төлөгдсөн, цаашид нэхэмжлэх гэсэн хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тодотгож өгмөөр байна. гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Хэлцлийн 3 дахь заалт дээр тайлбар хэлье. Уг зүйл заалтад цаашид цалингийн зөрүү нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй. Хэрэв хохирогч тал уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол одоо ут заалтыг өөрчилж болно гэх нотлох баримтуудаар хохирогч Т.Буяннэмэх хэлцлийн талаар төөрөгдсөн болохоо илэрхийлж, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байсан нь нотлогдож байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч хэлцлийн 4 дэх заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч өөрөө нотлоогүй болно гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Нөгөө талаас нэхэмжлэгч талд цалингийн зөрүүг нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон, уг эрхийг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор баталгаажуулсан байхад хэлцэлд нэхэмжлэгчийн эрхийг нь хязгаарласан заалт оруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Иймд эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, 182,175,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

Мөн хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг ...хэлцлийн хэлцлийн 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт ...хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэж заасныг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6. Нэхэмжлэгч Т.Буяннэмэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2018.10.19-нд Дархан Минж ХХК-ийн түүхий эд боловсруулах цехэд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж зүүн гараа тохойноос урагш тайруулж, тахир дутуу болсон. Энэ хэрэгт үйлдвэрийн гүйцэтгэх захирал, хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй хариуцсан ажилтан нар гэм буруутай болох нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2019.05.13-ны өдөр Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, сарын 310,000 төгрөгийн тэтгэвэр авдаг болсон. Миний бие ажиллаж байхдаа сард дунджаар 743,751 төгрөгийн цалин авдаг байсан, хөдөлмөрийн чадвараа алдснаас сарын орлого 433,752 төгрөгөөр буурсан. Би 25 настай, хэрвээ хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол 60 нас хүрч тэтгэвэрт гартлаа 35 жил ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжтой байсан. Иймд 35 жил буюу 420 сарын хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого /420 сар х 433,751 төгрөг/ 182,175,840 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 228 дугаар зүйлийн 228.3.-т зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү, мөн талуудын хооронд байгуулсан 2019.04.18-ны өдрийн хэлцлийн 3, 4 дэх заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хууран мэхэлж хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа: ...Үйлдвэрлэлийн осол гарч, нэхэмжлэгчийн эрүүл мэнд хохирсонд компани маш их харамсаж байгаа, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд эмчилгээний зардал, тэтгэмжийн мөнгө, цалингийн зөрүү, амьжиргааны зардал, 2 өрөө орон сууц худалдан авч өгсөн, орон сууц түрээслэж амьдрах орчин нөхцлийг хангасан зэрэгт нийт 73,215,530 төгрөгийн зардлыг гаргаж, гэм хорын хохирлыг барагдуулсан.

Түүнчлэн Дархан минж ХХК, хохирогч Т.Буяннэмэх нар 2019.04.18-ны өдөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан, тус хэлцлээр тохирсон үүргээ Дархан минж ХХК бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нь дахин төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Үйлдвэрлэлийн ослын улмаас олгох нөхөн төлбөрийг удаа дараа олгосон, ...иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Т.Буяннэмэх нь Дархан минж ХХК-д түүхий эдийн түр ажилчнаар ажиллаж байхдаа 2018.10.19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд өртөж, ослын улмаас баруун гарын урд шуу, сарвуу, тохойн доод хэсгээр тайрах мэс ажилбар хийгдэж, учрах үедээ ам насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0161943 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 2019.05.13-наас 2020.05.13-ны өдрийг хүртэл 60 хувиар, 12 сараар тогтоож шийдвэрлэсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 149 дүгээр Шийтгэх тогтоолоор Дархан минж ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амартүвшин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Г.Гансүрэн нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан Т.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагч Дархан минж ХХК нэхэмжлэгчийн эрүү мэндэд гэм хор учирсны хохиролд хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 3,972,899 төгрөг, эмчилгээ, амьжиргааны зардал, байрны түрээс, ашиглалтын зардалд 7,554,470 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 9 сарын цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг 2 удаа олгож, нийт 13,387,540 төгрөг, түрээсийн байранд амьдрахад нь зориулж 3,655,400 төгрөгийн эд хогшил, нийт 28,570,309 төгрөгийн, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум 4-р баг 22 хороолол 5 байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нийт 73,215,530 төгрөгийн зардал гаргасан үйл баримт тогтоогджээ.

 Түүнчлэн талууд 2019.04.18-ны өдөр 01 дугаартай Хэлцэл байгуулж, тус хэлцлээр ...хэлцэл байгуулах хүртэлх хугацаанд Дархан минж ХХК-аас хохирогчид дээр дурдсан 28,570,309 төгрөгийг хохиролд төлсөн, цаашид эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохиролд компаниас 2 өрөө орон сууц олгох, гар бүрэн эдгэрч хиймэл гар хийлгэх боломжтой болсон үед дотоодын протекийн үйлдвэрт хиймэл гар хийлгэх зардлыг компани хариуцах, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бүх шатны шүүхэд өргөдөл, гомдол гаргахгүй, цаашид энэ хэргийн талаар ямар нэг гэм хорын хохирол нэхэмжлэл гаргахгүй, дээрх тохиролцоо нь Дархан минж ХХК болон хохирогч нарын хооронд хийсэн эцсийн тохиролцоо бөгөөд үүгээр үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулж байгааг хүлээн зөвшөөрсөн болно... гэж харилцан тохиролцжээ.

 8. Анхан шатны шүүх хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчаас 5,205,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хэлцлийн 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчаас 182,175,840 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Хоёр шатны шүүх үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг үүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.

 Нэхэмжлэгч Т.Буяннэмэхийн эрүүл мэндэд Дархан минж ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгч нь ажил олгогч буюу Дархан минж ХХК-аас уг гэм хорыг шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 10. Хариуцагч Дархан минж ХХК нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг харилцан тохиролцсон 2019.04.18-ны өдрийн хэлцлийн дагуу барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчээс ...тухайн үед 50,000,000 төгрөг, 2 өрөө байрыг сэтгэл санааны хохиролд авахаар байгууллагын захирлуудтай ярилцаж, шүүхэд гомдолгүй гэж хэлэхээр тохиролцсон, ...хэлцлийн 3, 4 дэх заалтын шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэснийг эрүүгийн хэргийн сэтгэл санааны хохиролтой холбож ойлгосон, цалингийн зөрүү хамааралгүй, тусдаа шийдвэрлүүлнэ гэсэн тул гарын үсэг зурсан..., гэх үндэслэлээр хэлцлийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус... гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хохирогч Т.Буяннэмэх нь шүүгдэгч Д.Амартүвшин, Г.Гансүрэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх 2019.04.12-ны өдрийн шүүх хуралдаанд ...сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг, 2 өрөө байр буюу 50 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа 65 хувь хүртэл алдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн олговорт 13,387,450 төгрөгийн нөхөн төлбөр буюу нийт 113,387,540 төгрөгийн нэхэмжилнэ, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү бусад зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ... гэж мэдүүлж байсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.12-ны өдрийн №366 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2019.04.19-ний өдрийн 149 дугаартай Шийтгэх тогтоолд тус тус тусгагдсан байна. /хх-7, 88 дугаар тал/

 Эрүүгийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2019.04.18-ны өдөр нэг талаас эрүүгийн хэргийн иргэний хариуцагч Д.Ариунболд, нөгөө талаас хохирогч Т.Буяннэмэх нар №01 дугаартай Хэлцэл байгуулж тус хэлцлийн төгсгөлд ...Т.Буяннэмэх нь дээрх хэлцлийг байгуулахдаа дараах зүйлүүдийг бүрэн зөвшөөрсөн бөгөөд иргэний хариуцагчийн өмнө үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцсон болно, ...3-т цаашид энэ хэргийн талаар ямарваа нэгэн нэг гэм хорын хохирол нэхэмжлэл гаргахгүй байх, 4-т энэ тохиролцоо нь Дархан минж ХХК болон Т.Буяннэмэх нарын хооронд хийсэн эцсийн тохиролцоо бөгөөд үүгээр үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулж байгааг харилцан хүлээн зөвшөөрсөн болно. гэжээ.

 Улмаар шүүгдэгч нарт ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас өмнө буюу хэлцэл байгуулсан 2019.04.18-ны өдөр нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ...хохиролд 28,570,309 төгрөгийг төлсөн байсан, ...цаашид компаниас эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж тохиролцсон тул хэргийн холбогдогч нарт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оноож өгнө үү... гэсэн хүсэлтийг бичгээр өгч, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх 2019.04.19-ний өдрийн шүүх хуралдаанд ...иргэний нэхэмжлэлийн хувьд хиймэл эрхтэнг /гарыг/ дотоодын үйлдвэрт хийлгэж, 2 өрөө орон сууц өгнө гэж хэлцэл хийсэн тул гомдолгүй... гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс ...шүүгдэгч нар төлөх төлбөргүй, ...хохирогчийн 50 сая төгрөг, 2 өрөө орон сууц нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбогдох нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.... болохыг шийтгэх тогтоолд заажээ.

 11. Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигч эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцсон, улмаар хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэлт гаргасан, иргэний хариуцагч 2 өрөө байрыг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

 Иймд хэлцэлд заасан талуудын тохиролцоо нэхэмжлэгчийн иргэний журмаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй тул хэлцлийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй.

 12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирч, хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.6-д заасныг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлсийг сар тутам авах мөнгөн төлбөрийн оронд нэг удаа нөхөн төлбөр авна гэж нэг сарын цалин хөлсний зөрүү 433,752 төгрөгийг 60 нас хүртэл 35 жилээр тооцож, 182,175,840 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.

 Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж, 228 дугаар зүйлийн 228.3-т эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан, буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замар гэм хорыг арилгах үүрэгтэй, 228.6-д хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаа нөхөн төлбөр авахаар шаардаж болно гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд гэм хор учирч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх орлогын төлбөрийг нэг удаа авах хүндэтгэн үзэх үндэслэлээ нотлоогүй тул нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй.

 Харин дутуу авсан цалин хөлстэй тэнцэх орлогыг хуульд заасан үндэслэлээр сар бүр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

 13. Нэхэмжлэгч нь сард 743,752 төгрөгийн цалин хөлстэй талаар хариуцагч маргаагүй бөгөөд тэрээр хөдөлмөрийн чадвараа алдсанаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, сард 310,000 төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь тэтгэврийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 Иймд хөдөлмөрийн чадвараа алдснаас /743,752-310,000/ 433,752 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг дутуу авсан гэж үзэхээр байх тул хариуцагч Дархан минж ХХК-аас сар бүр дээрх төлбөрийг гаргуулна.

 Хариуцагч нь осол гарснаас хойш нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт гарсан 2019.05.13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул акт тогтоосон хугацаанаас хойш хариуцагч нь зөрүү төлбөрийг төлөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч 2019 онд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүхийн шийдвэр 2020.05.05-ны өдөр гарсан байх тул акт тогтоосон 2019 оны 05 сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 сар хүртэлх нийт 12 сарын хугацааны дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нэгтгэн тооцож, нийт /433,752х12сар/ 5,205,024 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, энэ хугацаанаас хойш сар бүр 433,752 төгрөгийг нэхэмжлэгчид олгож байхыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоос ...хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах...-тай холбоотой хэсгийг хангаж, бусдыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар хариуцагч Дархан минж ХХК-аас 5,205,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд олгож, 2020 оны 06 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговорт сар бүр 433,752 төгрөгийг олгож байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 176,970,816 төгрөгт холбогдох болон 2019.04.18-ны өдрийн Хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гомдлын заримыг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ

                                                   Б.МӨНХТУЯА

                                                       Х.ЭРДЭНЭСУВД