Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01001/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сумын ... баг, ... байр, ... тоотод оршин суух О овогт Т-ын Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... багт байрлах “Д.м” ХХК-д холбогдох,

 

 “Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд нийт 182,175,840 төгрөг гаргуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.Х, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.м ХХК-д түүхий эд боловсруулах цехэд ажиллаж байхдаа 2018 оны 10 сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, зүүн гараа тохойноос урагш тайруулж, насан туршийн тахир дутуу хүн болсон. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Д.А, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэсэн. Мөн тогтоолоор хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж, цалингийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2018 оны 05 сарын 13-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай гэж тогтоогдон, нэг сарын 310,000 төгрөг авдаг болсон. Би тахир дутуу болохоосоо өмнө тус компанид ажиллаж байхдаа сард дунджаар 743,752 төгрөгийн цалин авдаг байсан тул уг цалин, болон тэтгэмж 310,000 төгрөгийн зөрүү 433,752 төгрөгөөр сарын орлого буурсан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.5-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Би одоо 25 настай ба хэрвээ хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол 60 нас хүрээд тэтгэвэрт гарах хүртэл 35 жил ажил эрхэлж орлого олох байсан. Иймд 35 жилийг 12 сараар тооцоход нийт 420 сар болж байгаа бөгөөд 420 сарыг 433,752 төгрөгөөр үржүүлэхэд 182,175,840 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилж байна. Д.м ХХК-ийн захирал нь надтай хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр намайг төөрөгдүүлж, хууран мэхэлж шүүхэд хандах эрхийг зөрчин, эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Шийтгэх тогтоолоор “Д.м” ХХК буруутай нь тогтоогдсон мөн Иргэний хуулийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасантай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байна. Дундаж цалинг “Д.м” ХХК өөрөө бодсон дундаж цалинтай адил бодсон байдаг. Хугацааны хувьд яагаад 420 сараар тооцсон гэхээр нэгэнт гар тайрагдсан, тайрсан гарыг ургуулах боломжгүй учир хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэх насаар тооцож нэхэмжилж байна. Хэрвээ энэ хүн эрүүл саруул байсан бол хамгийн багадаа 60 нас хүртлээ хөдөлмөрлөх боломжтой. Иргэний хуулийн 228.5-д Хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна, 228.6-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно гэж заасан учир нэхэмжлэгчийн хувийн байдал эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж нэг удаад авахаар шаардаж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 58.2.1, 58.2.2, 58.3.4, 58.3.3, 59 дүгээр заалтууд байгаа. Хэлцэл хийх этгээд эрүүгийн хэргийг шийдэхдээ сэтгэл санааны хохиролд 2 өрөө байр авахаар тохирсон бөгөөд цалингийн зөрүүг жич нэхэмжлэх талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Энэ хүмүүс нь 50 сая төгрөгөөс татгалзаад 2 өрөө байр авах юм байна гэж бодоод тус хэлцлийг байгуулсан нь уг хэлцлийг заалтыг буруу ойлгосон төөрөгдсөн байна гэж үзэхээр байна. Энэ талаар тус хэлцлийг байгуулсны дараа буюу маргааш өдөр нь болсон эрүүгийн хэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж тайлбарласан байдаг. Хэлцэл хийгч хэлцлийн агуулгад төөрөгдсөн байна. Хуулиар цалингийн зөрүүг нэхэмжилж болно гэсэн байдаг. Гэтэл хэлцэлд хүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд тус хэлцлийн 3 болон 4 дэхь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэстэй байна” гэв.

 

Хариуцагч “Д.м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед гэм хорын хохиролд нийт 73.215.530 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь эмчилгээний зардал, буцалтгүй тусламж, амьдрах байр, 2 удаагийн нөхөн олговор, 2 өрөө байр гэх мэт багтсан.

Хэргийн материалд тус 2 өрөө байрыг 42.000.000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар тус байр нь 47.000.000 төгрөг болно гэж үзэж байгаа.

Маргаан болоод байгаа хэлцлийг миний бие баталсан. Хэлцлийн хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа 3, 4 дахь заалтыг хууран мэхлэх байдлаар хийсэн гээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хэлцэл хийхэд гэрч Сэлэнгэ байсан. Хэлцэл нь хуулиар хориглоогүй хуульд харшлаагүй байвал хэлцлийг батлах боломжтой. Энэ гэрээг байгуулахад өмгөөлөгчөө дууд гэдэг асуудал яригдаж байсан боловч өмгөөлөгч нь ирээгүй. Т.Б бүрэн дунд боловсролтой хэлцэл хийх эрх зүйн бүрэн чадамжтай. Хэлцлийг бүрэн хүлээн зөвшөөрөөд хийсэн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохирлыг шаардах талаар шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Цалингийн зөрүү гэдэг асуудал байхгүй. Т.Б “Д.м” ХХК-д түр ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны дараа хөдөлмөрийн түр гэрээгээ цуцалъя гэж өөрөө хүсэлт гаргасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Одоо сарын цалингийн зөрүүг 433.752 төгрөгөөр тооцоод 35 жил буюу 420 сараар тооцож гаргуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед түр ажилтнаар ажиллаж байсан цалингаа насан туршдаа авах мэтээр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын сайн дураараа байгуулсан хэлцлээр тохирсон үүргээ “Д.м” ХХК-ийн зүгээс биелүүлсэн бөгөөд хуульд заасан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч “Д.м” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаны улмаас  нэг сарын 310,000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох өмнө авч байсан дундаж цалин, хөлс болон тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг 60 нас хүртэлх хугацаагаар тооцож нийт 182,175,840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б, “Д.м” ХХК-ийн хооронд 2019 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “үйлдвэрлэлийн осолд орсны улмаас зүүн гараа тохойноос урагш тайруулж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан бөгөөд тахир дутуу болохоосоо өмнө “Д.м” ХХК-д ажиллаж, сард дунджаар 743,572 төгрөгийн цалин авдаг байсан тул тахир дутуугийн тэтгэвэр болон цалингийн зөрүү 433,572 төгрөгийг 60 нас хүртэл тооцож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.3, 228.6-д зааснаар нэг удаа тооцож авах үндэслэлтэй” гэж, хариуцагч “Д.м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ “...Т.Б нь тус компанид хийснээрээ цалинждаг, түр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт мөнгөн дүнгээр 28,570,309 төгрөг, ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, одоогийн зах зээлийн үнэлгээгээр 47,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц олгосон. Мөн 2019 оны 04 сарын 18-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хэлцэл байгуулж, Т.Б нь бүх шатны шүүхэд гомдол гаргахгүй, цаашид энэ хэргийн талаар ямар нэгэн гэм хорын хохирол нэхэмжлэхгүй байхаар, энэхүү хэлцлээр үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар харилцан зөвшөөрсөн. Хэлцлийн дагуу “Д.м” ХХК нь 2 өрөө орон сууцыг бүрэн засварлан хүлээлгэн өгч, гэм хорын хохирлыг бүрэн барагдуулсан, хэлцлийн хувьд талууд сайн дураараа харилцан зөвшөөрч хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор “Д.м” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Г.Г, “Д.м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 10 сарын 19-ний өдөр тус компанийн боловсруулах үйлдвэрт осол гарч, ажилтан Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцжээ.

 

            Тус тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу иргэний хариуцагчийн зүгээс хохирогч Т.Бийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, сэтгэл санааны хохирлыг ямар хэмжээгээр, хэрхэн тооцож гарах талаар хууль тогтоогч хуульчлаагүй, 2 өрөө орон сууцыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Т.Бийн 2 өрөө орон сууц буюу 50,0 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 50,0 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс “Д.м” ХХК-д түүхий эдийн ажилчнаар түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослын гэмтлийн улмаас тохой ба бугуй хоорондох түвшинд шуу тайруулсан оноштойгоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 12 сараар тогтоогдсон, сард 310,000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авдаг зэрэг нь хэрэгт авагдсан “Д.м” ХХК-ийн захирлын 2018 оны 09 сарын 10-ны өдрийн ... дугаартай “Түр ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон ... дугаартай акт, тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хариуцагч “Д.м” ХХК нь нэхэмжлэгч Т.Бэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний болон бусад зардал, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн олговор зэрэг нийт мөнгөн дүнгээр 28,570,309 төгрөг төлсөн, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байрны 49 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Т.Бийн өмчлөлд шилжүүлэн өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч “Д.м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэгч Т.Бтэй тохиролцсоны үндсэн дээр 2 өрөө орон сууцыг шилжүүлэн гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ талаарх хэлцэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шарадлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцож нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор энэхүү нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ... дугаартай хэлцэл авагдсан бөгөөд тус хэлцэлд “... цаашид Т.Бийн шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн дагуу эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол гэж нэхэмжилж буй доорхи хохирлыг барагдуулахаар тохиролцов. Үүнд компаниас 2 өрөө орон сууц олгох хугацаа 45 хоног, гар бүрэн эдгэрч хиймэл гар хийлгэх боломжтой болсон үед дотоодын протезийн үйлдвэрт хиймэл гар хийлгэж өгөх зардлыг компани хариуцахаар тус тус тохиролцов” гэжээ.

Мөн Т.Бийн иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор 2019 оны 04 сарын 18-ны өдөр талуудын хийсэн хурлын тэмдэглэлээр хэлэлцэх асуудлын 1 дүгээрт 2 өрөө орон сууц, 2 дугаарт 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал гэж тэмдэглэсэн байгаа бөгөөд энэхүү 2 асуудлыг нийтэд нь 50,000,000 төгрөгт тооцож, хоёр өрөө орон сууцыг Т.Бт өгөхөөр тохирсон агуулгаар тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 45-48 дугаар тал/

Хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 366, 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 149 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан бөгөөд ... дугаартай тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... хэлцлийн 3 дахь заалт дээр тайлбар хэлье. Уг заалтад цаашид цалингийн зөрүү нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй...” гэсэн тайлбар, нэхэмжлэгч Т.Б нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тахир дутуугийн тэтгэвэр тэтгэмжийн үнийн дүнгээс хамаарч тахир дутуу болсны улмаас дутуу авсан цалингийн зөрүүг жич иргэний журмаар нэхэмжлэх, сэтгэл санааны хохиролд 2 өрөө байр болон 50,000,000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл гаргаж байсан зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлүүд, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн иргэний нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 96-98, 164 дүгээр хуудас/

Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч талаас нэхэмжлэгч Т.Бэд шилжүүлэн өгсөн 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Т.Б энэхүү хуульд заасны дагуу дутуу авсан цалингийн зөрүүг шаардах эрхтэй юм.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний хувьд дүгнэхэд нэхэмжлэгч сарын дундаж цалин хөлсөө 743,752 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн 1 сарын тэтгэвэр болох 310,000 төгрөгийн зөрүү 433,752 төгрөгийг 60 нас хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэхүү үндэслэлийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д “хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 505 дугаар              505.1-д заасны дагуу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсийг төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд харин энэхүү заалт нь ирээдүйд авах цалин хөлсний талаар зохицуулаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалт нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн нарийвчилсан зохицуулалт тул энэхүү заалтыг баримтлах нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад заасан хугацаагаар буюу 12 сарын хугацаагаар тооцож олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь “Д.м” ХХК-д ажиллаж байх үедээ авч байсан сарын дундаж цалин, хөлсөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн олговор олгохдоо тооцсон дүнгээр 743,752 төгрөг гэж тодорхойлж, үүнээс тахир дутуугийн тэтгэвэр болох 310,000 төгрөгийг хасаж, зөрүүг 433,752 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч тал сарын дундаж цалин хөлсний хэмжээний талаар маргаагүй болно.  

 

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагын тухайд дүгнэхэд талуудын 2019 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалт нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тус шаардлагыг гаргажээ.

Хэлцлийн 3-т “цаашид энэ хэргийн талаар ямарваа нэгэн гэм хорын хохирол нэхэмжлэл гаргахгүй байх”, 4-т “энэ тохиролцоо нь “Д.м” ХХК болон хохирогч Т.Б нарын хооронд хийсэн эцсийн тохиролцоо бөгөөд үүгээр үйлдвэрийн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулж байгааг харилцан хүлээн зөвшөөрөлцсөн болно” гэж тус тус заасан байна.

Дээрх заалтуудын агуулга нь нэхэмжлэгч Т.Бийг гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар заасан байгаа бөгөөд Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож болохоор заасны дагуу нэхэмжлэгч Т.Бийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 5,205,024 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Б хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул тодорхой хэмжээний мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 228 дугаар зүйлийн 228.6, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан Т.Б, “Д.м” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 01 дугаартай хэлцлийн 3, 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “Д.м” ХХК-иас 5,205,024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 176,970,816 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Д.м” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168,430 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн           118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                           Д.НЯМБАЗАР

Д.ОЮУНДАРЬ