Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 21

 

 О.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэртэй

О.Б-ийн нэхэмжлэлтэй

Ч.Ч-д холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ч.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: “Ч.Ч нь 2017.11.08-ны өдөр цагаан идээ авсан ба үнийг нь 7 хоногийн дотор өгнө гэсэн боловч өгөөгүй. Ингээд 2019.02 дугаар сард өгнө гэсэн боловч өгөлгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Ч.Ч-аас 1 370 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би О.Б-тай уулзаж цагдаан идээ өгөлцөж авалцаж тооцоо нийлж байсан асуудал байхгүй. Харин түүний нөхөр Э-аас шар тос, аарц авч байсан. Аарц нь чанарын шаардлага хангахгүй гологдол бүтээгдэхүүн байсан. Үүнийг Чулуут сумын 3 дугаар багийн Хайрхан гэх газар оршин суух М.Ч гэдэг хөдөө мал малладаг хүн авч яваад зарах гэсэн боловч тухайн аарц нь шар сүү ихтэй тул Мэргэжлийн хяналтын албанд хураалгаад устгуулсан гээд одоог хүртэл М.Ч надтай тооцоо хийгээгүй байна. Энэ талаар би Э-т  муу аарц байсан гэж хэлэхэд тийм юм сонсохгүй гээд үг сонсохгүй элдвээр доромжилж олны дунд хөөж давхиад байхаар нь бусдаас ичихдээ л өгнө гэж гарын үсэг зурсан. Нэхэмжлэл нь Эрдэнэбаатарынх биш О.Б гэсэн нэрээр бичигдсэн байна. О.Б-тай ерөөсөө наймаа хийгээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас 1 370 000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Миний бие Ч.Ч нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 236 тоот шийдвэрээр тус аймгийн Хангай сумын Баян-Улаан багт оршин суух О.Б-ийн нэхэмжилсэн 1 370 000 төгрөгийг надаас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь О.Б-тай ямар нэгэн наймаа хийгээгүй бөгөөд О.Б нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй хүн  юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 236 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О.Б нь Ч.Ч-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 370 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Зохигчид 2017.11.08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ талуудын  хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу худалдагч О.Б 1 370 000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээг Ч.Ч-д нийлүүлсэн, худалдан авагч цагаан идээний үнийг 2019.02 сарын дотор төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул худалдагч цагаан идээний үнийг нэхэмжилжээ.  

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд нэхэмжлэгч буруутай болохыг хариуцагч баримтаар нотлоогүй тул “Үүнийг Чулуут сумын 3 дугаар багийн Хайрхан гэх газар оршин суух М.Ч гэдэг хөдөө мал малладаг хүн авч яваад зарах гэсэн боловч тухайн аарц нь шар сүү ихтэй тул Мэргэжлийн хяналтын албанд хураалгаад устгуулсан гээд одоог хүртэл М.Ч надтай тооцоо хийгээгүй байна” гэх тайлбар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Ч.Ч-ын гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 870 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                    

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                           ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ