Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00592

 

 

О.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэр,

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

 

О.Болормаагийн нэхэмжлэлтэй

Ч.Чанцалдуламд холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Чанцалдуламын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч О.Болормаа хариуцагч Ч.Чанцалдуламд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,370,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Чанцалдуламаас 1,370,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Болормаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Ч.Чанцалдуламын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ч.Чанцалдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Би О.Болормаатай уулзаж цагаан идээ өгөлцөж, авалцаж тооцоо нийлж байсан удаа байхгүй. Харин түүний нөхөр Эрдэнэбаатараас шар тос, аарц авч байсан. Нэхэмжлэл нь Эрдэнэбаатарынх биш О.Болормаа гэсэн нэрээр бичигдсэн байна. Би О.Болормаатай ямар нэгэн наймаа ерөөсөө хийгээгүй бөгөөд О.Болормаа нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй хүн юм. ИХШХШТХ-ийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч гэдэг нь өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэсэн байна. Хэрэв О.Болормаа нь Эрдэнэбаатарын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа бол Эрдэнэбаатарын төлөөлөх эрх буюу итгэмжлэлээ шүүхэд өгөх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч О.Болормаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь 2017.11.18-ны өдөр 258 кг аарц, 70 кг шар тос, нийт 1,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл үнийг төлөөгүй, 2019 оны 02 дугаар сард өгнө гэсэн боловч өгөхгүй хохироож байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Ч.Чанцалдулам: ...би О.Болормаатай наймаа хийгээгүй, түүний нөхөр Эрдэнэбаатартай наймаа хийсэн, Эрдэнэбаатарын өгсөн аарц нь гологдол болоод борлогдоогүй, тиймээс мөнгийг өгөх боломжгүй, төлөхгүй. О.Болормаад Эрдэнэбаатарыг төлөөлөх эрх олгогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

 

8. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

Хариуцагч буюу худалдан авагч нэхэмжлэгчийн худалдсан аарц болон шар тос болох бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаагүй тул үнийг төлөх үүрэгтэй.

 

9. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа худалдан авсан бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч О.Болормаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргасан байна.

 

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тус тус зохицуулсан.

 

Хариуцагч худалдан авсан бүтээгдэхүүн буюу аарц чанарын шаардлага хангаагүй гэж маргах боловч хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй, улмаар худалдан авсан бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй болохыг баримтаар нотлоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

9.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болох тул нэхэмжлэгч О.Болормаа өөрийн хийсэн бүтээгдэхүүний үнийг авахуулахаар нөхөр У.Эрдэнэбаатарыг явуулсан, хариуцагчийн У.Эрдэнэбаатарт цагаан идээний төлбөрийг төлөхөөр бичиг хийж өгснийг У.Эрдэнэбаатар Ч.Чанцалдулам нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч О.Болормаа нь хариуцагчийн цагаан идээ худалдаж авсан гэх У.Эрдэнэбаатарын эхнэр бөгөөд тэд ашиг сонирхлын зөрчилгүй, хууль ёсны гэр бүл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул О.Болормааг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн /тодорхойлох хэсгийн 4-т заасан/ хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00236 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ч.Чанцалдуламын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч.Чанцалдуламаас 2020.05.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД