Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0561

 

Ч.Г нарын нэхэмжлэлтэй  

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8, 23.9, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Б нарын гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бусад тооцуулах, уг хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дарьганга сумын 3 дугаар тойрогт явагдсан дахин сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч П.М сонгогдсоноор Ардчилсан нам 17, Монгол Ардын нам 16 төлөөлөгчийн суудал авч шийдвэрлэгдсэн. Гэвч тухайн үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг бүрдүүлж байсан Монгол Ардын намын төлөөлөгчид П.М бүрэн эрхийг Монгол Улсын Засаг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу хүлээн зөвшөөрөх хурлыг зарлахгүй, хурал зарласан ч хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулахгүй гэж хүч түрэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонх болсон Ардчилсан нам өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын шинжтэй ажлуудаа хийх боломжгүй болж эхэлсэн. Энэ үйлдэл нь цэвэр Ардчилсан намыг олонх болгохгүй байх зорилготой. Ийм учраас дээрх бодлогын баримт бичгийг хэлэлцэх хуралд бүтэн 4 сарын турш бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж чадаагүй нэг төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хуралд оролцох боломжгүй гэдэг хүндэтгэн үзэх шалтгаанаа Ардчилсан намын зүгээс мэдэгдсэн. Гэвч Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчин ирц бүрдээгүй байхад 50 хувийн ирцтэй байна хэмээн тэмдэглэл хөтлөн хуралдаан зохион байгуулсан нь хууль бус болсон. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх заалт нь Хурлын төлөөлөгч нь тухайн хуралдаан дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, хуралдаан болох танхимд орж ирсэн байхыг ойлгоно. Энэ нь хуралдаан хүчинтэй байх үгүйг шийдвэрлэх ирцийн заалт юм. Харин хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалт нь дэмжсэн эсхүл эсрэг санал өгсөн буюу санал хураалтын дүнд нөлөөлөх, улмаар 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуралдаанаас гарсан тогтоол эрх зүйн хувьд хүчинтэй эсэхэд нөлөөлөх зохицуулалт юм. 16 төлөөлөгчийн ирцтэйгээр хурал хуралдуулах нь тус хуулийн 23.7 дахь заалтыг шууд зөрчсөн үйлдэл юм. Мөн хэрэгт авагдсан 3 дугаар хуралдааны ирцийн бүртгэл дээр 16 төлөөлөгч ирсэн, 16 төлөөлөгч тасалсан гэсэн байдаг бөгөөд хариуцагчийн ам тайлбараар Ардчилсан намын хоёр төлөөлөгчийг чөлөө авсан гэж дүгнэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй төдийгүй шүүх хурал дээр Ардчилсан намын хоёр төлөөлөгчийг гүтгэсэн үйлдэл болсон. Ирцийн бүртгэл дээр 2 төлөөлөгч чөлөө авсан талаар ямар ч зүйл дурдагдаагүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь П.М бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоож төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг даалгасан шийдвэр гарсан байдаг. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бусдын эрх ашгийг хохироож, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасан ирц хүрээгүй хурал зохион байгуулж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, төсөв, төлөвлөгөө баталсан дээрх хурлыг хууль бус болохыг тогтоож гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгон Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг тухайн хурлын бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирснийг ойлгох бөгөөд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  гуравдугаар хуралдаан хуралдах үед бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгч байсан тул эдгээрийн олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчинтэйд тооцогдоно. 

          Гэтэл шүүх бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй гэх Ардчилсан намын Д.Ш, Б.Г нарын 2 төлөөлөгчийг хасч, 30 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч буюу олонхи ирсэнээр хүчинтэй болсон гэж дүгнэсэн нь дээрх хуулийн 23.7-д заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

          Ардчилсан намын 14 төлөөлөгч хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд зориудаар оролцоогүй нь нотлогдсон гэж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж зааснаар 14 төлөөлөгчийг хуралдаанд оролцсоноор тооцох боломжтой, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

          Харин Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаас гаргасан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” 01 дүгээр тогтоол, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар тогтоол, “Үндсэн чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоол, “Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дүгээр тогтоол, “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоол зэргийг олонхийн буюу 16 төлөөлөгчийн саналаар баталсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

          Шүүх хурлын төлөөлөгч Д.Ш, Д.Г нар хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, хурлын даргаас чөлөө авсан эсэх үйл баримтыг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд дээрх 2 төлөөлөгч хуралдаанд зориудаар оролцоогүй, эсхүл чөлөө авсан эсэхээс хамаарч тэдний саналыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д зааснаар эсрэг санал өгсөнд тооцож санал хураалтын дүнд оролцуулах эсэх нь тодорхойлогдох учиртай.

           Хэрэв нэр бүхий 2 төлөөлөгч хуралдаанд зориудаар оролцоогүй бол эерэг болон эсрэг саналд тооцох саналын дүн тэнцэхээр байх ба энэ тохиолдолд ээлжит гуравдугаар хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчин төгөлдөр эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

          Ийнхүү шүүх Ардчилсан намын 2 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хуралд оролцох боломжгүй байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад  гуравдугаар хуралдааны тэмдэглэл, хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн ирцийн бүртгэлээр нотлогдсон, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй  гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх...”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮГЧ                 Ц.САЙХАНТУЯА 

                                                   ШҮҮГЧ                 Ц.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                 О.НОМУУЛИН