Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1230

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ө-ийн хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан гаргасан  ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 3 сарын сүүлээр “Н-” ХХК-ийн фэйсбүүк дэх зарын дагуу 3 удаа очиж уулзан, ярилцлаганд орж, тус компанид барилгын хяналтын инженерээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр туршилтын 3 сарын хугацаагаар анх ажилд орсон. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр цагаар ажиллуулах тухай тушаал гарч, дараа өдрөөс нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн н.П- гэх хүн захирал мэдэж байгаа тул чи ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн бөгөөд би та нар ажиллуулахгүй гэж байгаа бол тушаалаа өг гэхэд өгөхгүй байсан. Тэр үед манай хүүхдүүд өвдөж би ахлах инженер н.О-д утсаар мэдэгдэж, эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлнэ, актаа аваад очно гэдгээ 2020 оны 2 сарын 3-ны өдөр хэлж, маргааш нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл огноотой, хүү Ц.Ж-, Ц.Б- нарын нэртэй актаа н.Б- гэх манай компанийн ажилтанд өгсөн бөгөөд 02 дугаар сарын 04-ний өдөр акттай байсан ч ажил дээрээ очиж цагаа бүртгүүлж ажилласан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цайны цагаас өмнө надад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр огноолсон 20/032 тоот гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг өгсөн. Тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримтлан байна гээд С1 блокийн гүйцэтгэгч болох “Өндөр дээд” ХХК-д захиалагчийн хяналт муу тавьсан, 1 орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наагаагүйн улмаас тус засварын байрны обойг хуулан шинээр наах шаардлага үүссэн нь компанид хохирол учруулсан, 2020 оны 02 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэжээ. Гэтэл би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би энэ компанид орсон цагаас дандаа илүү цаг ажилладаг байсан ба 18 цагт ажил тарна гэх ойлголт байхгүй, эрт тарлаа гэхэд 19-20 цагийн үед тардаг, заримдаа шөнийн 4 цаг хүртэл биднийг ажиллуулж байсан. Ажлын зургийн дагуу ногоон, цагаан обойг наасан. Миний гаргаж өгсөн зургийн 2-р талд зурагдсан ногоон, цагаан обойг зургийн дагуу наасан бөгөөд коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У Мён Гын очиж үзэж шалгасан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан 20/032 тоот тушаалыг хүчингүй болгож, миний компанийн төслийн менежментийн газрын барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд гэрчээр Мөнхбаясгаланг оролцуулах хүсэлт гаргасан байснаасаа татгалзаж байна. Учир нь энэ хүн хөдөө яваад ирээгүй байгаа юм байна лээ гэжээ.

 

Хариуцагч “Н-” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журамд “Ажлын үеэр 2 хүртэлх өдрийн чөлөөг тухайн газрын захирлын зөвшөөрлөөр олгоно” гэж заасан. Мөн 5.3-д “Ажилтан ажлын шаардлагын улмаас ажлын байранд шууд ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн харьяалагддаг газрын удирдлага, менежерт мэдэгдэх, зөвшөөрөл авах, цаг "бүртгэгчид давхар мэдэгдэх ёстой” гэж заасан. Гэтэл М.Ө- нь журмаа баримтлаад энэ тухайгаа мэдэгдэх байсап. О- инженерт мэдэгдсэн гэж байгаа боловч энэ хүн журмын дагуу чөлөө олгох эрхтэй этгээд биш. М.Ө- нь төслийн менежметын газарт харьяалагддаг бөгөөд төслийн менежер У Мин Гоуд мэдэгдэх ёстой. М.Ө-ийн тайлбараар бол Солонгос хүнтэй ойлголцож чадахгүй учраас ахлах инженер О-д мэдэгдсэн гэж тайлбарласан. Гэтэл манай бусад хяналтын инженерүүд Солонгос хэл мэдэхгүй ч чөлөөний хуудсаа бичээд, актаа өгөөд, урьдчилан мэдэгддэг. Энэ бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн ажилдаа ирэхдээ 2 хүүхдийн нэр дээр өвчтэй, цэцэрлэгээс чөлөөлөв гэсэн баримтуудыг цаг бүртгэгчид өгсөн байсан.Ийм учраас дотоод журамд заасны дагуу чөлөөгөө аваагүй, компанид хохирол учруулах хэмжээний нөхцөл байдал үүсгэсныг тогтоосны үндсэн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслээд М.Ө-ийн хөдөлмөрийн гэрээгажил олгогчийн санаачилгаар цуцласан. Энэ тушаал нь хууль, дүрэм журамд нийцэж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ө-ийг “Н-” ХХК-ийн Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 045 840 төгрөгийг хариуцагч “Н-” ХХК-иас гаргуулан М.Ө-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Ө-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Н-” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Н-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 111 683 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэлбэрийн болон агуулгын алдаатай байна гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. М.Ө- нь Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйл (Дараах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана: ийн 10.2.4-т заасан “Ажилтан үүргээ хангалггүй биелүүлсэн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид хохирол учруулсан” ноцтой зөрчлийг 2 тусдаа үйлдлээр гаргасаи, мөн 10.2.7-д заасан Джилтан урьдчилан мэдэгдэж, эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг ба гүүнээс дээш өдөр ажил тасалсан” ноцтой зөрчлийг мон гаргасныг манай компани нь тус тус нотлох баримтаар тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр М.Ө-ийг албан тушаалаас чөлөөлсөп. Компани нь тушаалыг маш тодорхой бичсэн буюу баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, Хөдөлмөрийн гэрээний заалт, Компанийн дотоод журмын заалт бүрийг дэлгэрэнгүй бичиж, мөн тушаалын 1 дэх заалтаар М.Ө-ийн гаргасан зөрчил бүрийг нэг бүрчлэн тодорхойлон заасан. Шүүхээс шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг Хөдөлмөрийн гэрээний 10.2-т тодорхойлон заасан байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчил бүхий үйлдэл бүрийг ялгаж харж чадаагүй, зөрчлийг дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй, ноглох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэсэн, компанийн батлагдсан журмыг харгалзан үзээгүй алдаа гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 10.2.7-д заасан “Ажилтан урьдчилан мэдэгдэж, эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” ноцтой зөрчлийг шүүх дүгнэхдээ: “М.Өлзхийхишиг нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрандаа ирээгүй болох нь тпгтоодож байх ба дээрх хугацаанд бага насны 2 хүүхэд нь өвдсөн, энэ тшюараа ахлах инженср Оргипд утсаар мэдэгдсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч маргаагүй, зохигч алууд маргаагүй. Харин дээрхи хугацааанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан : хих этгээдэд энэ талаар мэдэгдээгүй нъ Хөдөлмөрийн гэрээпий 2.1.16 дах хэсэгт заасан ‘хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 цаг түүнээс дээш хугацаагаар ажич тасалсан ” ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь дараах үндэслэлгүй байна” гээд “Нэхэмжлэгч М.Ө- нь бага насны 2 хүүхдээ эмнэлэгт үзүүлж эмчилгээ сувилгаа хийлгэх хүүхдээ асрах нь эх хүний хуулиар олгогдсон эрх байх ба тухайн тохиолдолд харъяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж зохих журмын дагуу бичигдсэн эмнэлэгийн магадлагааг ажил олгогч байгууллагад биеэр авчирч өгсөнийг хүндэтгэн үзэх шалтгаантгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, тушаал гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч М.Ө- нь ажилдаа ирж, дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж, ажил олгогчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь дараах байдлаар алдаатай, нотлох баримтад үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд, Хариуцагч талаас маргаж байгаа гол үндэслэлд ямар нэг тайлбар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч талаас М.Ө- нь компанийн батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа дотоод журмын дагуу ажилдаа ирэх боломжгүй болохоо өөрийн газрын удирдлага, менежерт мэдэгдэх, мөн цаг бүртгэгчид давхар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ахлах инженерт хэлсэн нь үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй талаар маргаж байхад энэ талаар ямар нэг дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч талаас ч өөрийн удирдлагадаа, мөн цаг бүртгэгчид мэдэгдээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй байхад тус байдалд шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн хүүхэд өвчтэй байсан нь хүндэтгэн үзэх үндэслэл болно гэж дүгнэн нэг тапыг барьсан шийдвэр гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтьн дагуу олгогдсон ажил олгогчийн бүрэн эрхийнхээ хүрээнд компани нь дотооддоо дагаж өрдөх журмыг хуулинд нийцүүлэн гаргаж нийт ажилтнууддаа танилцуулсны үндсэн дээр дагаж мөрдүүлэн ажиллуулдаг. Компанийн дотоод журмын IV (Ажлын цаг ашиглалт, чөлөө олгох, ээлжийн амралтын тухай)-н 5.3 дах заалтаар ажилтан ажилдаа ирэх боломжгүй үед хэнд мэдэгдэх талаар зохицуулсан. Тус заалтыг харвал аливаа ажилтанд чөлөө олгох эрх зөвхөн газрын удирдлага менежерт л бий. Энэ талаар нэхэмжлэгч тал ч маргаагүй, мэдэж байсан боловч ахлах инженерт мэдэгдсэн байдаг. Хэнд мэдэгдэх үүргийг журмаараа зохицуулаад байхад ажилтан үүнийг дагаж мөрдөхгүй хэн хамаагүй ажилтанд ажилдаа очиж чадахгүй талаараа мэдэгдэх, үүнийг нь шүүхээс зөвтгөж тайлбарласан шударга бус явдлыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажилтанд зайлшгүй шаардлагын улмаас хүүхдээ үзүүлэх нөхцөл байдал үүссэн энэ байдлыг харгалзан үзэх нь ажил олгогчийн хувьд үүрэг боловч нөгөө талаас харвал өөрт үүссэн нөхцөл байдлаа зохих этгээдэд мэдэгдэх үүргийг ажилтан хүлээж байгаа. Ийнхүү компанид урьдчилан мэдэгдэж байгаа нь тухайн ажилтны ажлыг нөхөх, орлон гүйцэтгүүлэх ажилтныг томилох, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах чухал ач холбогдолтой зохицуулалт болохыг шүүхээс харгалзаж үзсэнгүйгээр шийдвэрийг гаргажээ. Мөн шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн гэрээний 2.1.16-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 цаг түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэдгийг бид чөлөө авсан ажилтанд ашиглах боломжгүй зохицуулалт' гэсэн байх бөгөөд ; нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 19/031 дугаар Хөдөлмөрийн гэрээнд 2.1.16 гэсэн заалт огтбайхгүй. Эндээс харвал шүүхээс алдаатай шийдвэр гаргасан болох нь тодорхой харагдаж байна. Мөн түүнчлэн шүүхээс “эх хүний хуулиар олгогдсон эрх" гэж ажилтны эзгүй байсан хугацааг тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотлох баримтанд үндэслэлгүйгээр гаргажээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2 хүүхдийн өрхийн эмнэлгийн магадлагаанд зөвхөн тухайн хүүхдүүдийг өвчтэй байсныг илэрхийлж байх өгөөд хэрэг шийдвэрлэх шүүх хуралдааны явцад М.Ө- нь тус 2 хүүхдийн эх мөн эсэх талаар хариуцагч талаас маргаж байхад тус нөхцөл байдлыг шүүхээс үл харгалзан үзэж, нотлох баримтад үндэслэлгүй гаргасан шийдвэрээ “ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрх нөхцөл байдлыг судалсан байх нъ хуульд нийцнэ” гэж зөвтөгжээ. Хэргийн зохигч талууд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байтал шүүх хэт нэг талыг барьж хариуцагч л бүх үйл баримтыг нотлох ёстой, хэрэв нотлож чадахгүй бол нэхэмжлэгчийн зөв гэсэн нэхэмжлэгч талыг хамгаалсан байр сууринаас хандаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцээгүй. Шүүгч хэргийг нотлох баримтын хүрээнд бус өөрийн үзэмжээр үнэлсэн нөхцөл байдал харагдаж байна. Шүүх хэргийг зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой. 10.2.4-т заасан “Ажилтан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид хохирол учруулсан” ноцтой зөрчлийг 2 тусдаа үйлдлээр гаргасан болохыг шүүхээс дүгнэхдээ: “Нэхэмжлэгч Шинэ яармаг цогцолбор хорооллын С, I) блокын В, В айлын ажлын зураг гэсэн баримтыг гаргаж уг зургийн 2-р талд ногоон, цагаан обойг зургийн дагуу наасан бөгөөд коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У Мён Гын очиж үзэж шалгасан гэснийг, хариуцагч тал “уг зураг нь манай компанийи баталгаажсан баримтгүй, манайд байгаа зурагтай адилхан гэдэгтэй эргэлзээтэй тул нотлох баримт гэж узэхгүй байна" гэх тайлбар гаргаж маргажээ. Шүүх хавсралт хэрэгт хариуцагч талаас гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 27, 28, 29 дүгээр талд авагдсан фото зургаар баталгаалссан хэсгийг нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн ажлын зурагтай харьцуулахад М.Өлзхийхишиг нь уг обойг зургийн дагуу наалгаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь ногоон обойг 3 см давуулж наасан талаар маргаагүй байна. ” гэж дүгнэсэн нь дараах байдлаар нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэсэн, хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд, Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын зураг нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шүүх хянаж үзээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын зурагтай тухайн мөчид танилцаад ажлын зураг нь баталгаажсан тамга тэмдэг байхгүй, гарын үсэг зурагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар тайлбарласан. Тус тайлбарыг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусган оруулсан байх боловч энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүйгээс гадна “Шүүх хавсралт хэрэгт хариуцагч талаас гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 27, 28, 29 дүгээр талд авагдсан фото зургаар баталгаажсан хэсгийг нэхэмжлэгч талаас гаргаж ирүулсэн ажлын зурагтай харьцуулахад М. Өлзхийхишиг нь уг обойг зургийн дагуу наалгаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх” гэх байдлаар нотлох баримгаар үнэлсэн процессын ноцтой алдаа гаргасан. “Н-” ХХК-иас гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуилах тухай” тушаал, тус тушаалын хавсралт “Сахилгын шийтгэл ногдуулах хуудас”, шүүхэд гаргасан хариу тайлбарт М.Ө- нь С1 барилгын 1-р орцны загварын байрны обойг буруу наалгасан улмаас тус обойг хуулж дахин наах шаардлагатай болсон тухай зааж, тайлбарласан бөгөөд тус нөхцөл байдлыг шүүх хурал дээр тодруулж цагаан өнгийн обой дээр ногоон өнгийн обойг хэт давуулан нааснаас болж цагаан өнгийн обой наагдсан тухайн хэсэг газрын обойг хуулж ногоон өнгийн болгох шаардлага үүссэн. Хэт давуулан наасан нь зургийн зөрчил байсан тухай тайлбарлаж, тус нөхцөл байдлыг фото зургаар баталгаажуулан шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс нөхцөл байдлыг дүгнэхдээ “нэхэмжлэгч нь ногоон обойг 3 см давуулж наасаи талаар маргаагүй байна” гэх боловч тус 3 см давуулж наасан нөхцөл байдлыг ямар үндэслэлээр зургийн дагуу байна гэж тогтоож байгаа талаар огт тайлбар хийгээгүй. Нэхэмжлэгч талаас ямар ч баримтаар нотлоогүй “коридорын ил хана учир 2 амсрыг нь нийлүүлж нааж болдоггүй учир 3 см хэртэй давуулан наасан, үүнийг тухайн үедээ Төслийн удирдагч У Мён Гын очиж үзэж шалгасан” гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурджээ. М.Ө- нь “С1 блокийн гүйцэтгэгч болох “Өндөр дээд” ХХК-д захиалагчийн хяналт муу гавьсан улмаас компанид хохирол учруулсан” үйлдэлд шүүхээс огт үнэлэлт дүгнэлт өгелгүйгээр шууд нэхэмжлэгчийг зөвтгөж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь С1 загварын байрны обойгзургийн дагуу наагаагүй, “Өндөр дээд” ХХК- д захиалагчийн хяналт муу тавьсан гэх тус тусдаа 2 үйлдлийг гаргасан талаар шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны үед аман байдлаар тайлбарлаад, тушаалын 1 дэх заалтад маш годорхой заагаад байхад шүүх ялгаж салгаж харсангүйгээр шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс М.Ө-ийн гаргасан дээрх үйлдлийг нотлох бүхий л баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөөд байхад огт үнэлэж үзээгүй байна. (Хавтаст хэргийн 22, 23, 24, 25, 31-р хуудас) Компанид учирсан хохирлын хувьд: С1 загварын байрны обойг хуулах, дахин наахад обойн зардал, гүйцэтэгчийн ажлын хөлс нэмэлтээр гарч хугацааны алданги хүлээсэн. “Өндөр дээд” ХХК-д захиалагчийн хяналт муу тавьснаас гүйцэтгэгч нь хугацаа хоцролттой, материалын үргүй зардал ихтэй гэх мэт хохирол учирсан байгааг Гүйцэтгэгч компанитай байгуулсан акт, гүйцэтгэгч компаниас ирүүлсэн албан бичгээр тус тус тогтоож нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд хүргүүлээд байхад мөн шүүхээс огт үнэлэж үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан. (Хавтаст хэргийн 23, 24-р хуудас) Мөн Шүүхийн шийдвэрт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авав гэж заасан байх ба тухайн үед ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд хавтаст хэргаас үзвэл шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/Ш32020/02951 дугааргай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь шуүхийн шийдвэр хэлбэрийн хувьд алдаатай болохыг тодорхой харуулж байна. “Н-” ХХК нь ашгийн төлөө ажиллах үндсэн зорилготойн хувьд ажилтантайгаа харилцан тохиролцсон нөхцөлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг байгуулж гэрээний харилцааг шууд дуусгавар болгох нөхцөлийг тухайлан нэг бүрчлэн заасан. Гэрээнд оролцогч талууд харилцан тэгш эрхийн үндсэн дээр эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэрээний аль ч тал үүсэх хариуцлагыг хүлээх ёстой. Компанийн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандаж хохирол үүсгээд байгаа дээрх нөхцөл байдал нь өөрөө цаашид хөдөлмөрийн харилцааг ургэлжлэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүх талуудын тэгш эрхийн харилцааг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн асуудал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Ө- нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/032 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацааг хэтрүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Ө- нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19/030 дугаар тушаалаар Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженер ажилд 3 сарын дадлагажих хугацаатайгаар томилогдож, улмаар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19/083 дугаар тушаалаар жинхлэн, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/032 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дотоод журмын YII. Хөдөлмөрийн сахилга, хариуцлагын тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1.1., 2.1.2, 2.1.8, 2.1.16, 3.1.3, YIII. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай журмын 4.2, Хөдөлмөрийн гэрээний 8.3.3, 10.2.4, 10.2.7 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 4 дүгээр тал/

 

Тодруулбал, “Өндөр дээд” ХХК-ийн гүйцэтгэж буй ажилд захиалагчийн хяналт муу тавьсан, 1 дүгээр орцны загварын байрны обойг батлагдсан зургийн дагуу наалгаагүйн улмаас тус загварын байрны обойг хуулж, шинээр наах шаардлага үүсэж, компанид хохирол учруулсан, 2020 оны 02 сарын 03, 04-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан ... гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцалсан байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.4-т “Ажилтан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид хохирол учирсан”, 10.2.7-д “Ажилтан урьдчилан мэдэгдэж, эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч М.Ө- нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 хүүхэд нь өвдсөний улмаас ажилдаа ирж чадахгүй болсон талаар ахлах инженер н.О-д утсаар мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдсан Ц.Б-, Ц.Ж- нарт “Аминтус” өрхийн эмнэлгээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдөр хүртэл хугацаагаар олгосон магадлагаагаар нэхэмжлэгч нь 2 хүүхдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр уг эмнэлгийн магадлагааг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажил олгогчдоо хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 58 дугаар тал/ Нөгөө талаар дээрх магадлагаанд бичигдсэн 2 хүүхэд нь нэхэмжлэгчийн хүүхэд мөн эсэхтэй холбогдуулан баримт гаргуулах хүсэлтийг хариуцагч гаргаагүй байх тул уг хүүхдүүд нь нэхэмжлэгчийн хүүхэд биш гэж дүгнэх үндэслэлгүй.

 

            Иймээс түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасанд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Мөн хэрэгт сахилгын шийтгэл ногдуулах хуудас, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн акт, барилгын талбайн даалгавар, цагийн бүртгэл, фото зургууд, хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Өндөр дээд ХХК-ийн “Талбайн захиа” гэх албан бичиг зэрэг баримтууд авагдсан байна. /хэргийн 23-32, 39-47, 61-62 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж ирүүлсэн хэргийн 27, 28,29 дүгээр талд авагдсан фото зургаар баталгаажсан хэсгийг нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн ажлын зурагтай харьцуулан дүгнэж, М.Ө- нь уг обойг зургийн дагуу наалгаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин хэргийн 32 дугаар талд авагдсан гүйцэтгэгч “Өндөр дээд” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн албан бичгээр буруу наасныг обойг М.Ө-ийн даалгавраар хуулж дахиж хийсэн болох нь тогтоогдож байна. Уг албан бичигт материал зарцуулалт муу гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлагагүй хандаж хариуцагч байгууллагад хохирол учруулсан гэж үзэхгүй. Үүний улмаас хариуцагчид ямар хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй буюу хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Ө-ийг Төслийн менежментийн газрын Барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх ажлын 54 хоногийн олговорт 6 045 840 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч М.Ө-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 683 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                              С.ЭНХТӨР