Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1247

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Э.Т-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Э.Т-д 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлсэн байдаг. Үүний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 13-393А тоот хаягт байрлах Б.М-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунднарангийн 9 тоотод байрлах Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон №000224086, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаанд авсан. Тухайн зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээ Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн, хуулийн шаардлага хангасан байгаа. Энэ асуудлаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00383 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Э.Т-аас 26 400 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 286 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр дээр хэн аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр очоод юун дээр гацсан бэ гэхээр Э.Т- нь 30 000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. Энэ шүүхийн шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар заасан заалт байхгүй учир танай барьцаа хэдийгээр Улсын бүртгэл дээр бүртгэлтэй ч шүүхийн шийдвэрийн заалт хэрэгтэй гэх агуулгаар шүүхэд хандах үндэслэл болсон. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг барьцааны эд зүйлээр хангуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Э.Т- надтай уулзаж барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө нь миний нөхрийн дүүгийн эхнэр буюу бэр Б.Мөнхзулынх байгаа юм. Хэрвээ би барьцааны эд хөрөнгийг алдчих юм бол гэр бүлийн маргаан гарна. Иймд би мөнгийг чинь аль болох хурдан гаргаж өгнө гэж гуйсан учраас миний хувьд хүн чанар гарган Т-ын хэлснээр болсон. Гэтэл Э.Т- нь хэлсэндээ хүрээгүй ба өнөөдрийг хүртэл худлаа ярьсаар байна. Иймд зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 13-393А тоот хаягт байрлах Б.М-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунднарангийн 9 тоотод байрлах Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон №000224086, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ц.Б-гаас 15 сая төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд үүнийгээ хүү алдангитай төлөхөөр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа. Би төлье гэсэн боловч надад цагдаа болон маш олон асуудал байгаа. Надад шүүхийн шийдвэр дээр 2 асуудал байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эхлээд Хас банкны өрийг дарсны дараа Ц.Б-гийн өрийг төл гэж хэлсэн. Өмнө нь энэ асуудал шийдэгдсэн болохоор одоо энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдэд хэлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьчихсан, итгэмжлэлийг би буруугаар ашигласан, уг нь аав, ээжийнх нь хашаа байшинг барьцаанаас чөлөөлөх зорилготой байсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч Э.Т- 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл олгох болсон шалтгааны тухайд гэвэл миний нөхөр О.Б нь \хариуцагч Э.Т-ын хадам дүү\ 2014 оны 7 дугаар сард цалингийн зээл авахаар хөөцөлдөж байхад Э.Т- нь ...Э.Н захиралд мөнгө хэрэгтэй байна, зээл аваад өгвөл өөрсдөө төлнө, удахгүй төлөөд дуусгачихнаа, Э.Н-ийн хашаа байшинг давхар барьцаанд тавина, ямар ч асуудал үүсэхгүй, хадам аав Н.О-ийн эзэмшлийн газрыг барьцаанд тавиад зээл аваад өгөөч... гэж удаа дараа гуйсаар байгаад Хаан банкнаас 26 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Улмаар зээлийн гэрээний төлбөрийг Э.Т-, Э.Н- нар нь төлөөгүй тул Хаан Банк нь зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон.Хариуцагч Э.Т- нь энэ үед зээлийн барьцааг чөлөөлдөг гэх хүн олж ирээд Хаан банкны зээлээ чөлөөлүүлчих, тэгээд дахиад өөр банкинд барьцаанд тавьж зээл аваад, эдгээр мөнгө хүүлэгч нарын төлбөрийг төлчихье, тэгэхгүй бол хэцүүдлээ гээд байсан. Улмаар миний нөхөр О.Баасанхүү, Э.Т- нар нь зээл чөлөөлдөг гэх мөнгө хүлээлэгч нараас 26 000 000 төгрөгийг өндөр хүүтэйгээр зээлж авч Хаан банкны зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгаж, мөнгө хүүлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооо, хайрханы 7-234 тоот хадам аавын хашаа байшингийн бичгийг авсан юм. Хариуцагч Э.Т- нь хадам аавын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хайрханы 7-234 тоот хашаа байшинг мөнгө хүлээлэгч нараас чөлөөлж өгье, аав ээж хоёрт хэцүү байна гэж удаа дараа хэлэхээр нь миний бие хадам аавын хашаа байшингийн оронд өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд нарангийн 9-216 тоот байрлах дусгаагүй хувийн орон сууцыг /одоо байгаа үндсэн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 13 дугаар гудамж, 393А тоот хашаа байшин, нэгдсэн журмаар хороо, хаягийн өөрчлөлт орсон/ барьцаанд тавих эрх бүхий итгэмжлэлийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нотариатаар батлуулж Э.Т-д өгсөн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ариг банкнаас зээл авахаар болж хадам аав Н.О-ийн эзэмшлийн хашаа байшингийн оронд өөрийн хашаа байшинг барьцаанд тавих саналыг Ариг Банкинд гаргахад банкны зүгээс таны хашаа байшин аль хэдийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн эд хөрөнгө байна гэж хэлсэн.Ингээд Э.Т- нь миний эзэмшлийн хашаа байшин, газрыг Ц.М-тэй хамтран Ц.Б-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаад тавьсан, зээлийн гэрээний мөнгийг өөрийн хувийн бизнестэй ашиглаж, намайг залилан мэхэлсэн болохыг олж мэдсэн. Түүнээс бол миний зүгээс Э.Т-ын бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн хашаа байшин, газрыг зээлийн гэрээний барьцаанд тавиулахаар итгэмжлэл өгөөгүй, тийм хүсэл зориг агуулаагүй, хадам аав Н.О-ийн зээлийн барьцаанд тавьсан хашаа байшингийн оронд өөрийн эзэмшлийн хашаа байшингаар солиулахаар итгэмжлэл олгосон байсан. Хариуцагч Э.Т- зээлийн гэрээний төлбөрийг төлөөд миний хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлж байсан. Мөн 2018 оны 02 дугаар сард шүүхийн шийдвэр гарсан, зээлийн гэрээний төлбөрийг шүүхээс барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаагүй, зээлийн гэрээний төлбөрийг би өөрөө төлнө, ямар ч асуудал гарахгүй болсон, шүүхээр шийдэгдсэн гэж хэлсэн ба өнөөдрийг хүртэл энэ үгэнд нь би итгэж ирсэн. Гэтэл Э.Т- нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэлч Ц.Б- нь зээлийн гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан болохыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны өглөө надад хэлсэн. Дээр дурьдсан нөхөр О.Б нь хариуцагч Э.Т-д залилуулсан талаарх эрүүгийн 201526030301 дугаартай хэрэг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. Энэхүү эрүүгийн 201526030301 дугаартай хэрэг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч миний нөхөр О.Б нь Э.Т-ын миний эзэмшлийн орон сууцыг бусдад барьцаалан зээл авсан талаар гомдол гаргаж, уг хэрэг дахин шалгагдах болсон. Э.Т- нь нөхөр О.Б-г залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт намайг мөн адил дээрх байдлаар залилан мэхэлсэн гэж үзэж байгаа тул миний зүгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол хүсэлтээ гаргасан байгаа. Э.Т- нь хадам аав Н.О-ийн хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж оронд миний эзэмшлийн хашаа байшинг зээлийн барьцаанд тавиулах зорилгоор түүнд олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашигласан, нэхэмжлэгч Ц.Б-гаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т- хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000224086 тоот гэрчилгээтэй 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжэлд дурьдагдаж буй миний эзэмшлийн СХД- ийн 12 дугаар хороо Дунд наран 9-216 тоот хаягг байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 мкв талбайтай газар болон №000224086 Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128мкв 90% гүйцэтгэлтэй хувийн сууцыг хариуцагч Э.Т-д “хадам аав Н.О-ийн хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж оронд миний эзэмшлийн хашаа байшинг зээлийн барьцаанд тавиулах” зорилгоор олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашигласан, хууран мэхэлж нэхэмжлэгч Ц.Б-гаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан байна. Э.Т- нь миний эд хөрөнгийг Ц.Б-гийн зээлийн барьцаанд тавьсан асуудыг шүүх шийдвэрлэсэн гэж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хуурч, залилан мэхэлж ирсэн байдаг. Уг асуудлыг мэдээд миний зүгээс Э.Т-ы дээрх уг үйдлийг залилах мэхлэх гэмт хэрэг гэж үзэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс гомдол гаргаж хохирогчоор тоггоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагч Э.Т- нь миний эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөрийн бизнесий үйл ажиллагаанд ашиглах зорилгоор зээлийн барьцаанд тавьсан үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж байгаа тул иргэний хэрэг хянаи шийдвэрлэх ажиллагаа бие даасан шаардлагагүй гаргаагүй болно. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлиийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, түүний хэрхэн зээлийн барьцаанд тавьсан, уг зээлийн барьцаанд тавьсан үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул бие даасан шаардлага гаргалгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргасан билээ. Гэтэл шүүхээс “бие даасан шаардлага гаргаагүй тул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гээд миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зүйп •„ үидэслэлгүй байна. Мөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Э.Т-д холбогдуулан зээлийн барьцаанд тавьсан иргэн Б.Мөнхзулын өмчлөлийн Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, 000224086 тоот гэрчилгээтэй, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсаныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Ц.Б-гаас 15 000 000 төгрөг зээлсэн, шүүхийн шийдвэр гарч уг асуудал шийдэгдсэн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00381 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 26 400 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шийдвэрлэжээ. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар зохигчид маргаагүй. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. /Хэргийн 5-7 дугаар тал/

 

            Дээрх шүүхийн шийдвэр нь барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 итгэмжлэлээр Б.М-с Э.Т-д өөрийн өмчлөлийн Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, 000224086 тоот гэрчилгээтэй, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг тус тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, өөрийгөө төлөөлж зээлийн болон барьцааны гэрээ хийх, түүнд гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах зэрэг зээлтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад бүрэн төлөөлөх эрхийг 6 сарын хугацаатай олгосон байна./хэргийн 58, 60 дугаар тал/ Уг итгэмжлэл хууль бус буюу хүчин төгөлдөр бус болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Улмаар уг итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагч Э.Т- нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх барьцааны гэрээ байгуулагдаж, Б.Мөнхзулын өмчлөлийн Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, 000224086 тоот гэрчилгээтэй, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Тэдний хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

            Хариуцагч Э.Т-ийг нь хуурч мэхлэн итгэмжлэлийг буруугаар ашиглаж миний хөрөнгүүдийг нэхэмжлэгчид барьцаалсан нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх агуулгаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д "гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахүй болно. Тодруулбал, гуравдагч этгээд Б.М-аас хариуцагч Э.Т-д олгосон итгэмжлэлд хэнтэй байгуулах зээлийн гэрээний үүрэгт тус хөрөнгүүдийг барьцаалах талаар тодорхой дурдаагүй байна.

           

            Түүнчлэн, хэрэгт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн прокурорын хариу мэдэгдэх хуудас, эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Б.М-ыг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 12-р хорооны Дунднарангийн 9-р гудамжны 216 тоот нь өөрчлөгдсөн тухай Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байх боловч үүнд нэхэмжлэгч хамааралгүй байна. Нэхэмжлэгч тухайн эрүүгийн хэргийн оролцогч болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна.

 

            Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн хаягт өөрчлөлт орсон болох нь гуравдагч этгээдийн манай хаяг өөрчлөгдсөн гэх, нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ эх хувиараа надад байгаа гэх тайлбарууд, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Засаг даргын Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 6/48 тоот тогтоолоор шинэ хороо байгуулагдаж “хуучнаар 12 дугаар хорооны Дунднарангийн 9-р гудамжны, 216 тоот нь шинээр 31-р хорооны Дунднарангийн 13-р гудамжны 393а тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно” гэх тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрт хаягийн өөрчлөлтийг давхар тэмдэглэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэх талаар шүүхийн хийсэн дүнэлт зөв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                               С.ЭНХТӨР