Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00167

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1247 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

Э.Туулд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******гаас*******д холбогдуулан 2014.11.14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...өмнө нь энэ асуудал шийдэгдсэн болохоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ... гуравдагч этгээдэд хэлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьчихсан, итгэмжлэлийг би буруугаар ашигласан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...хариуцагч******* нь намайг залилан мэхэлж, олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашиглан нэхэмжлэгч *******гаас зээл авч, зээлийн барьцаанд эд хөрөнгийг барьцаалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Туул хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000224086 тоот гэрчилгээтэй 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1247 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлд дурдагдаж буй миний эзэмшлийн СХД-ийн 12 дугаар хороо Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон №000224086 Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128 м.кв 90% гүйцэтгэлтэй хувийн сууцыг хариуцагч*******д хадам аав Н.Очирхуягийн хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж оронд миний эзэмшлийн хашаа байшинг зээлийн барьцаанд тавиулах зорилгоор олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашигласан, хууран мэхэлж нэхэмжлэгч *******гаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан байна.******* нь миний эд хөрөнгийг *******гийн зээлийн барьцаанд тавьсан асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж 2020.03.27-ны өдрийг хүртэл хуурч, залилан мэхэлж ирсэн байдаг. Уг асуудлыг мэдээд миний зүгээс*******ын дээрх уг үйлдлийг залилах мэхлэх гэмт хэрэг гэж үзэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс гомдол гаргаж хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагч******* нь миний эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор зээлийн барьцаанд тавьсан үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж байгаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бие даасан шаардлагагүй гаргаагүй болно.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, түүний хэрхэн зээлийн барьцаанд тавьсан, уг зээлийн барьцаанд тавьсан үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул бие даасан шаардлага гаргалгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргасан билээ. Гэтэл шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй тул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гээд миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй буюу гуравдагч этгээдийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлт өгөөгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* 2014.11.14-ний өдөр хариуцагч******* болон Ц.Мөнхчимэг нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, тус газарт байрлах 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.09-ний өдрийн 00381 дугаартай шийдвэрээр хариуцагч*******аас гэрээний үүрэгт 26,400,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь зээлийн төлбөрийг төлнө гэсэн тул анх шүүхэд хандахдаа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй боловч өнөөдрийг болтол төлбөрийг төлөөгүй тул барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс төлбөрийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч******* ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзул: ...Э.Туул нь хадам аавын эзэмшлийн хашаа байшинг мөнгө хүүлэгч нараас чөлөөлж өгье гэхээр нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг оронд нь барьцаанд тавиулахаар итгэмжлэл хийж, нотариатаар гэрчлүүлэн өгсөн байтал *******тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, мөнгийг өөрийн хувийн бизнест ашиглаж, намайг залилан мэхэлсэн, ...Э.Туул нь энэ талаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргажээ.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т тус тус зохицуулсан.

 

Зохигчийн хооронд байгуулсан Барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, шүүх маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг хэрхэн барьцаанд тавьсан, уг зээлийн барьцаанд тавьсан*******ын үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул бие даасан шаардлага гаргалгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаараа дүгнэлт өгөөгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Б.Мөнхзул нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргасан байх тул түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан гэж үзэхгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаараа дүгнэлт өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Харин шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч******* нь бүлэглэн бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх гомдолд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байгаа бөгөөд дээрх хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзул хохирогчоор тогтоогджээ.

 

Тус хэрэгт******* нь М.Мөнхзулын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлийн хөрөнгөөр хадам аавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөлгүй хувьдаа ашигласан гэж гомдол гаргасан байх тул зохигчийн хооронд байгуулсан Барьцааны гэрээтэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэж үзэх боломжгүй юм.

 

Улмаар*******ын шалгагдаж буй хэрэгт нэхэмжлэгч ******* ямар нэг холбогдолгүй, түүнд хамааралгүй тул уг нэхэмжлэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхино.

 

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/01387 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1247 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхзулаас 2020.07.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД