Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2020/01387

 

 

 

 

 

 

 

 

                      2020          04             24  

                                        184/ШШ2020/01387

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Ц.Амар, гэрч О.Баасанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Э.Тд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлсэн байдаг. Үүний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 13-393А тоот хаягт байрлах Б.Мын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунднарангийн 9 тоотод байрлах Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон №000224086, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаанд авсан. Тухайн зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээ Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн, хуулийн шаардлага хангасан байгаа.

Энэ асуудлаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00383 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Э.Таас 26.400.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 286,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр дээр хэн аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр очоод юун дээр гацсан бэ гэхээр Э.Т нь 30.000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. Энэ шүүхийн шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар заасан заалт байхгүй учир танай барьцаа хэдийгээр Улсын  бүртгэл дээр бүртгэлтэй ч шүүхийн шийдвэрийн заалт хэрэгтэй гэх агуулгаар шүүхэд хандах үндэслэл болсон.

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг барьцааны эд зүйлээр хангуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Э.Т надтай уулзаж барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө нь миний нөхрийн дүүгийн эхнэр буюу бэр Б.Мынх байгаа юм. Хэрвээ би барьцааны эд хөрөнгийг алдчих юм бол гэр бүлийн маргаан гарна. Иймд би мөнгийг чинь аль болох хурдан гаргаж өгнө гэж гуйсан учраас миний хувьд хүн чанар гарган Э.Тын хэлснээр болсон. Гэтэл Э.Т нь хэлсэндээ хүрээгүй ба өнөөдрийг хүртэл худлаа ярьсаар байна.

Иймд зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 13-393А тоот хаягт байрлах Б.Мын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунднарангийн 9 тоотод байрлах Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон №000224086, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй 128 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Ц.Бгаас 15 сая төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд үүнийгээ хүү алдангитай төлөхөөр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа. Би төлье гэсэн боловч надад цагдаа болон маш олон асуудал байгаа. Надад шүүхийн шийдвэр дээр 2 асуудал байгаа. Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газраас эхлээд Хас банкны өрийг дарсны дараа Ц.Бгийн өрийг төл гэж хэлсэн. Өмнө нь энэ асуудал шийдэгдсэн болохоор одоо энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдэд хэлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьчихсан, итгэмжлэлийг би буруугаар ашигласан, уг нь аав, ээжийнх нь хашаа байшинг барьцаанаас чөлөөлөх зорилготой байсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Э.Т 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл олгох болсон шалтгааны тухайд гэвэл миний нөхөр О.Баасанхүү нь \хариуцагч Э.Тын хадам дүү\ 2014 оны 7 дугаар сард цалингийн зээл авахаар хөөцөлдөж байхад Э.Т нь “...Э.Нарангэрэл захиралд мөнгө хэрэгтэй байна, зээл аваад өгвөл өөрсдөө төлнө, удахгүй төлөөд дуусгачихнаа, Э.Нарангэрэлийн хашаа байшинг давхар барьцаанд тавина, ямар ч асуудал үүсэхгүй, хадам аав Н.Очирхуягийн эзэмшлийн газрыг барьцаанд тавиад зээл аваад өгөөч...” гэж удаа дараа гуйсаар байгаад Хаан банкнаас 26,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Улмаар зээлийн гэрээний төлбөрийг Э.Т, Э.Нарангэрэл нар нь төлөөгүй тул “Хаан Банк” нь зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон.

Хариуцагч Э.Т нь энэ үед зээлийн барьцааг чөлөөлдөг гэх хүн олж ирээд Хаан банкны зээлээ чөлөөлүүлчих, тэгээд дахиад өөр банкинд барьцаанд тавьж зээл аваад, эдгээр мөнгө хүүлэгч нарын төлбөрийг төлчихье, тэгэхгүй бол хэцүүдлээ гээд байсан. Улмаар миний нөхөр О.Баасанхүү, Э.Т нар нь зээл чөлөөлдөг гэх мөнгө хүлээлэгч нараас 26,000,000 төгрөгийг өндөр хүүтэйгээр зээлж авч Хаан банкны зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгаж, мөнгө хүүлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооо, хайрханы 7-234 тоот хадам аавын хашаа байшингийн бичгийг авсан юм. Хариуцагч Э.Т нь хадам аавын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хайрханы 7-234 тоот хашаа байшинг мөнгө хүлээлэгч нараас чөлөөлж өгье, аав ээж хоёрт хэцүү байна гэж удаа дараа хэлэхээр нь миний бие хадам аавын хашаа байшингийн оронд өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд нарангийн 9-216 тоот байрлах дусгаагүй хувийн орон сууцыг /одоо байгаа үндсэн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 13 дугаар гудамж, 393А тоот хашаа байшин, нэгдсэн журмаар хороо, хаягийн өөрчлөлт орсон/ барьцаанд тавих эрх бүхий итгэмжлэлийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нотариатаар батлуулж Э.Тд өгсөн байдаг.

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ариг банкнаас зээл авахаар болж хадам аав Н.Очирхуягийн эзэмшлийн хашаа байшингийн оронд өөрийн хашаа байшинг барьцаанд тавих саналыг Ариг Банкинд гаргахад банкны зүгээс таны хашаа байшин аль хэдийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн эд хөрөнгө байна гэж хэлсэн.

Ингээд Э.Т нь миний эзэмшлийн хашаа байшин, газрыг Ц.Мөнхчимэгтэй хамтран Ц.Бтай байгуулсан зээлийн гэрээний барьцаад тавьсан, зээлийн гэрээний мөнгийг өөрийн хувийн бизнестэй ашиглаж, намайг залилан мэхэлсэн болохыг олж мэдсэн. Түүнээс бол миний зүгээс Э.Тын бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн хашаа байшин, газрыг зээлийн гэрээний барьцаанд тавиулахаар итгэмжлэл өгөөгүй, тийм хүсэл зориг агуулаагүй, хадам аав Н.Очирхуягийн зээлийн барьцаанд тавьсан хашаа байшингийн оронд өөрийн эзэмшлийн хашаа байшингаар солиулахаар итгэмжлэл олгосон байсан.

Хариуцагч Э.Т зээлийн гэрээний төлбөрийг төлөөд миний хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлж байсан. Мөн 2018 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэр гарсан, зээлийн гэрээний төлбөрийг шүүхээс барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаагүй, зээлийн гэрээний төлбөрийг би өөрөө төлнө, ямар ч асуудал гарахгүй болсон, шүүхээр шийдэгдсэн гэж хэлсэн ба өнөөдрийг хүртэл энэ үгэнд нь би итгэж ирсэн. Гэтэл Э.Т нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэлч Ц.Б нь зээлийн гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан болохыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны өглөө надад хэлсэн.

Дээр дурьдсан нөхөр О.Баасанхүү нь хариуцагч Э.Тд залилуулсан талаарх эрүүгийн 201526030301 дугаартай хэрэг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. Энэхүү эрүүгийн 201526030301 дугаартай хэрэг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч миний нөхөр О.Баасанхүү нь Э.Тын миний эзэмшлийн орон сууцыг бусдад барьцаалан зээл авсан талаар гомдол гаргаж, уг хэрэг дахин шалгагдах болсон.

Э.Т нь нөхөр О.Баасанхүүг залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт намайг мөн адил дээрх байдлаар залилан мэхэлсэн гэж үзэж байгаа тул миний зүгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол хүсэлтээ гаргасан байгаа. Э.Т нь “хадам аав Н.Очирхуягийн хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж оронд миний эзэмшлийн хашаа байшинг зээлийн барьцаанд тавиулах” зорилгоор түүнд олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашигласан, нэхэмжлэгч Ц.Бгаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Тд холбогдуулан зээлийн барьцаанд тавьсан иргэн Б.Мын өмчлөлийн Г-20201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 03051823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, 000224086 тоот гэрчилгээтэй, Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь ...Э.Ттай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлэх гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд Б.Мын өмчлөлийн газар болон 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг 26.400.000 төгрөгийг Э.Таас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхийн хүрээнд шүүхэд хандаж байна. Энэ зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэдэг тайлбар үндэслэлгүй, гуравдагч этгээд ч энэ хэрэгт бие даан шаардлага гаргаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шаардлагын үндэслэлээ тодруулдаг.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзсан үндэслэлээ …Ц.Бгаас 15,000,000 төгрөг зээлсэн, хүү, алдангитай төлөхөөр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдсэн, барьцаагаар үүргийг хангуулах шаардлага үндэслэлгүй. Түүнчлан энэ маргаан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талын татгалзлыг дэмжиж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийг хангуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч Э.Т нь биднийг хуурч мэхлэн итгэмжлэлийг буруугаар ашиглаж хөрөнгүүдийг маань нэхэмжлэгчид барьцаалсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан тул тухайн гомдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэхээс наана энэ иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Ц.Бгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэсэн тайлбарыг шүүхэд мэдүүлдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Э.Т нарын хооронд 2014 оны 11 сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулагдаж улмаар уг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 00381 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа, эрх, үүргийн талаар дахин нотлох шаардлагагүй.

 

Харин нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ц.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагч буюу зээлдэгч Э.Ттай 2014 оны 11 сарын 14-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улмаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Эд  хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т тус тус заасны дагуу ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлээ бичгээр байгуулж, бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр буюу гэрчлүүснээр бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ”, 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж тус тус заасантай нийцэх тул тэдний хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэгэнт хариуцагч Э.Т нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 26,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх бөгөөд тухайн үүргээ биелүүлээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/-нд заасны дагуу барьцаагаар үүргийг хангуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаалуулагч Э.Т нь иргэн Б.Мын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000224086 тоот гэрчилгээтэй 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг барьцаалсан болох нь барьцааны гэрээ, Б.Маас Э.Тд олгосон 2014 оны 11 сарын 13-ний өдрийн 2 итгэмжлэл, талуудын шүүхэд мэдүүлсэн “...Б.Мын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан, барьцаалуулсан” тайлбаруудаар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд хоорондоо маргадаггүй.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдээс ...зээлийн гэрээний үүрэг шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон, мөн барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж хуурч мэхэлсэн үйлдэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул энэ иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзсан татгалзлаа илэрхийлж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн прокурорын хариу мэдэгдэх хуудас, эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Б.Мыг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 12-р хорооны Дунднарангийн 9-р гудамжны 216 тоот нь өөрчлөгдсөн тухай Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Дээрх татгалзсан тайлбаруудыг судалвал нэгдүгээрт, талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар хэлэлцэн тохиролцож гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийг хангах аргыг тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаарх дүгнэлт бүхий шүүхийн шийдвэр гарснаар барьцааны гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж мөн үеэс барьцаагаар үүргийг хангуулах шаардах эрх үүснэ. Шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргадаггүй ба тухайн үйл баримт болон шүүхийн шийдвэр нь барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага дахь барьцаагаар хангуулах үл хөдөх эд хөрөнгийн өмчлөгч нь болох Б.М өөрийн өмчлөх эрх зөрчигдөх гэж байгаа гэх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд “...хариуцагч Э.Т нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригоос гадуур нэхэмжлэгч Ц.Бгаас зээл авч үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан үйлдлийг эрүүгийн журмаар залилан мэхэлсэн үндэслэлээр шалгуулж байгаа” гэсэн тайлбарыг гаргадаг. Тэрээр, хариуцагч талын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргадаг боловч түүний ямар эрх ашиг, яаж хөндөгдөж байгаа талаарх шаардлагыг тус шүүхэд гаргаагүй ба энэ талаар хуульд заасны дагуу шаардлага гаргах эрхтэй байсан.  

 

Нэгэнт гуравдагч этгээдээс шаардлага гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж зааснаар түүний өмчлөх эрх зөрчигдөж байгаа гэх асуудлыг шүүх хэлэлцэх боломжгүй байна. Иймээс уг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалтай холбоотой гэх баримтууд болон гэрч О.Баасанхүүгийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гуравдагч этгээд Б.Маас хариуцагч Э.Тд 2014 оны 11 сарын 13-ны өдөр “...Миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар болон Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000224086 тоот гэрчилгээтэй 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул намайг төлөөлж зээлийн болон барьцааны гэрээ хийх, түүнд гарын үсэг зурах, төлөөлж барьцаалбар үйлдэх, түүнд гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах зэрэг зээлтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэн олгож байна, олгосон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй” гэх итгэмжлэлийг олгосон, маргааш нь буюу 2014 оны 11 сарын 14-ний өдөр Ц.Б, Ч.Мөнхчимэг, Э.Т нар зээлийн гэрээг, Ц.Б, Э.Т нар барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогддог.

 

Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тухай Иргэний хуулийн 183 дугаар зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 16 дугаар зүйлийн 16.1 “Ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана” гэсэн зүйл заалтаас дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Маас олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ байгуулагдаж, улмаар улсын бүртгэгч бүртгэсэн нь дээрх хуульд нийцэх бөгөөд түүний бүртгэл үнэн зөв байх учиртай. Мөн энэ хугацаанд барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийн хаягт өөрчлөлт орсон болох нь гуравдагч этгээдийн “Манай хаяг өөрчлөгдсөн байгаа”, нэхэмжлэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ эх хувиараа надад байгаа” гэх тайлбарууд, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Засаг даргын “Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 6/48 тоот тогтоолоор шинэ хороо байгуулагдаж хуучнаар 12-р хорооны Дунднарангийн 9-р гудамжны, 216 тоот нь шинээр 31-р хорооны Дунднарангийн 13-р гудамжны 393а тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно” гэх тодорхойлолтоор нотлогддог тул шүүхийн шийдвэрт хаягийн өөрчлөлтийг давхар тэмдэглэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцнэ.

 

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э.Т хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Г-2201018637 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0351823 тоот гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 9-216 тоот хаягт байрлах Ү-2201030840 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000224086 тоот гэрчилгээтэй 128 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ