Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1305

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б-гийн хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 540 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б- 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 100 хоногийн хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээл авсан. Д.Б-гаас зээлийн үлдэгдэл төлбөр 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг нийт 540 600 төгрөг гаргуулна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэл гаргаагүй шалтгаан нь Ш.Б- өвчтэй байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б-гаас 2 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, өдөрт 26,000 төгрөг төлөхөөр зээл авсан. Нарантуул 2 хүнсний зах дээр махны худалдаа хийдэг байсан. Биеийн байдал муудаж ажлаа болиод 360 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2012 онд Зоогийн газарт тогооч хийж байгаад Ш.Б-гийн мөнгө хураагч охинд үлдэгдэл мөнгөө бага багаар өгч дууссан. Иймд 540 600 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас 540 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 868 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Б-тай 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөгийг өдрийн 6 000 төгрөгийн хүүтэй 3 сарын хугацаатай хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн байдаг юм. Хариуцагч Д.Б- нь зээлийн үлдэгдэл төлбөр 360 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамын алданги нийт 180 000 төгрөг нийтдээ 540 600 төгрөгийг зээлдүүлэгчид төлөөгүй байсан юм. Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сард хариуцагчийн зээлийн гэрээнд заасан хаягаар буюу Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 75-1054 тоот хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяган дээр байхгүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2168 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч Ш.Б- нь өвчний учир шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлэ өгч чадаагүй явсаар 2019 онд өөрийн хаягаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02596 тоот шүүхийн шийдвэрээр эрэн сурвапжлуулсан билээ. Гэтэл хариуцагч Д.Б- нь Зээлийн гэрээнд заасан хаяг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан хаяг буюу Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 76-р гудамжны 1054 тоот хаягт оршин суудаг болох нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсийн 2020 оны 3 дугаар сарын 27/Ж1-4/1190 тоот мэдэгдэлээр нотлогдож байгаа юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн байр суурьнаас хандаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хамгийн гол нь хариуцагч нь анх 2012 онд шүүхэд нэхэмжпэл гаргах үед хаяган дээрээ амьдарч байсан боловч хаягтаа байдаггүй гэж нэхэмжлэлийг санаатай буцаалгаж байсан үйлдэл харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг нийт 540 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг төлсөн гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2 000 000 төгрөгийг, өдрийн 6 000 төгрөгийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/ Зохигчид 2 000 000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус зохицуулсан.

 

            Дээрх зээлийн гэрээний хугацаа 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Б- 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хэргийн 34 дүгээр тал/ Үүнээс хойш 7 жил 4 сар 29 хоногийн дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02594 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь “дээрх 102/ШШ2019/02594 дугаар шүүхийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тайлбарлаж байх боловч Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарснаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн дотор нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхтэй байжээ.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хугацаанд нэхэмжлэгч Ш.Б- нь өвчтэй байснаас шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр хариуцагч Д.Б-гаас 540 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүхээс хариуцагч Д.Б-д шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр мэдэгдсэн байх боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 868 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                      ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                     С.ЭНХТӨР