Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1304

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ОСНААУГ- ОНӨААТҮГ ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Т.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон мөн хугацааны сарын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 878 464 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие анх 2017 онд ОСНААУГ- ОНӨААТҮГ-т ажилд орж, хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл хугацаанд ажилласан ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж, зөрчил гаргаж байгаагүй, хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн боловч намайг тус газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б/1133 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг маань цуцалж, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/762 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02166, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01970 дугаартай шийдвэрүүдээр хууль зөрчсөн болохыг тус тус тогтоож, намайг ажилд маань эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын зүгээс шүүхийн шийдвэрийг тодорхойгүй шалтгаанаар биелүүлэхгүй байсаар тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12-ын даргын албан тушаалд томилсон боловч мөн л ажлыг маань хүлээлцүүлэхгүй байсаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлыг маань хүлээлгэн өгсөн боловч тэр өдрөө эргүүлээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тус газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг гаргаж, ажлыг маань буцаан булааж авсан. Ийнхүү намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа дөнгөж хүлээн авсан өдөр, хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулаагүй байхад надтай байгуулаагүй байсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ миний хөдөлмөрлөх эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Намайг ийнхүү ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн байх ба надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байж, ямар гэрээг зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байхын зэрэгцээ надтай өмнө нь байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээнд заасан байсан ноцтой зөрчлийг миний бие гараагүй байхад ор үндэслэлгүйгээр, санаатайгаар миний хөдөлмөрлөх эрхийг маань хязгаарлаж байна гэж үзэж байна. Түүнчлэн дээрх тушаалд дурдсанаар ...ахлах нягтлан бодогч С.Б-тай хамтран 58 450 370 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан... гэсэн байх ба миний бие байгууллагадаа нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд төрийн аудитын байгууллагаас болон байгууллагын дотоод хяналт шалгалт жил, хагас жил тутамд хийгдэж, зөрчил гаргаагүй болохыг тогтоосон байдаг байхад ямар баримтаар, ямар үндэслэлээр намайг ийнхүү С.Б-тай хамтарсан, бас ийм хэмжээний хохирол учруулсан гэж үзээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол зүгээр л шинээр томилогдсон дарга Ч.Мэндбаярын улс төрийн зорилгоор, сонгууль болох хүртэл өөрийн хүмүүсээ түр ч гэсэн ажилтай байлгах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэхээр байх ба энэхүү увайгүй үйлдэл, хууль бус тушаалаас болж миний хөдөлмөрлөх эрх ноцтойгоор хөндөхийн зэрэгцээ цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаараа хохирч байгаа юм. Мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 cap 29 хоног буюу нийт 89 хоног өнгөрсний дараа биелүүлж, ажилд томилсон ба энэ хугацаанд миний бие хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас мөн цалин хөлсөөрөө хохирсон тул энэхүү асуудалтай хамтатган дээрх хугацааны цалин хөлсөө хамтатган нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Б-гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Б- нь тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв - 12-ын даргаар 2017 оноос оны 9 дүгээр cap хүртэл ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд ахлах нягтлан С.Б- нь 58 450 370 төгрөгийн дутагдал гаргаж, түүнийгээ тайлбарлахдаа Ц.Б- нь анх 2017 онд ажилд орсон цагаасаа хойш мөнгө авчирч өг гэж дарамталдаг, цалингийн зээл төл гэж шаарддаг, ажлаа хүлээлгэж өгсний дараа ч цалингийн зээл болон бусад зардалд мөнгө шаарддаг байсан тухай мэдүүлсэн юм. Ц.Б-гийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлэн, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-г ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчид үйлчлэх төв-12-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 908 514/зургаан сая есөн зуун найман мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ОСНААУГ- ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ОСНААУГ- ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 125 486 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...“ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-г “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож гэсэн заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.Б- нь тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргаар 2017 оноос 2019 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан хугацаандаа Ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Б-тай хамтран 58 450 370 төгрөгийг хувьдаа ашигласан байж болзошгүй үйлдэлд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, 117 зүйлд зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх шийдвэр гаргасан тул хуулийн үндэслэлгүй гэж хариуцагч тал үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-д холбогдуулан тус газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 848 464 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Анх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02166 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б-г “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 17-21 дүгээр тал /

 

            Дээрх шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь биелүүлж “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/247 тоот тушаалаар Ц.Б-г тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12-ын даргын ажил, албан тушаалд томилжээ. /хэргийн 31 дүгээр тал/

 

            Гэтэл “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаартай Ц.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалт зэргийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 32 дугаар тал/

 

Тодруулбал, ахлах нягтлан бодогч С.Б-тай хамтран 58 450 370 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцалсан байна.

 

            “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/247 тоот тушаалаар Ц.Б-г тус газрын Хэрэглэгчид үйлчлэх төв-12-ийн даргын ажил, албан тушаалд томилсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажилтныг томилогдсон ажлын байранд нь ажиллуулаагүй, ажлын байраар хангаагүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтны хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Ц.Б- нь ахлах нягтлан бодогч С.Б- 58 450 370 төгрөгийн дутагдал гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Нөгөө талаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь ажлаас чөлөөх үндэслэл болохгүй юм.

 

            Иймд “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар Ц.Б-г ажлаас халах шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй үйл баримтад маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                      ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    С.ЭНХТӨР