Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00533

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 1304 дүгээр магадлалтай,       

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Миний бие анх 2017 онд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т ажилд орж, хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл хугацаанд ажилласан ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж, зөрчил гаргаж байгаагүй, хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн боловч намайг тус газрын 2019.09.18-ны өдөр Б/1133 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2019.07.19-ний өдрийн Б/762 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 182/ШШ2019/02166, 2019.11.12-ны өдрийн 182/ШШ2019/01970 дугаартай шийдвэрүүдээр хууль зөрчсөн болохыг тус тус тогтоож, намайг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын зүгээс шүүхийн шийдвэрийг тодорхойгүй шалтгаанаар биелүүлэхгүй байсаар тус газрын даргын 2019.02.21-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын албан тушаалд томилсон боловч ажлыг хүлээлцүүлэхгүй байсаар 2020.03.03-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч тэр өдрөө хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тус газрын даргын 2020.03.03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг гаргаж, ажлыг буцаан булааж авсан. Ийнхүү намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа дөнгөж хүлээн авсан өдөр, хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулаагүй байхад надтай байгуулаагүй байсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ миний хөдөлмөрлөх эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Намайг ийнхүү ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн байх ба надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байж, ямар гэрээг зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байхын зэрэгцээ надтай өмнө нь байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг миний бие гараагүй байхад ор үндэслэлгүйгээр, санаатайгаар миний хөдөлмөрлөх эрхийг маань хязгаарлаж байна гэж үзэж байна. Түүнчлэн дээрх тушаалд дурдсанаар ...ахлах нягтлан бодогч С.Б-тай хамтран 58,450,370 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан... гэсэн байх ба миний бие байгууллагадаа нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд төрийн аудитын байгууллагаас болон байгууллагын дотоод хяналт шалгалт жил, хагас жил тутамд хийгдэж, зөрчил гаргаагүй болохыг тогтоосон байхад ямар баримтаар, ямар үндэслэлээр намайг ийнхүү С.Б-тай хамтарсан, бас ийм хэмжээний хохирол учруулсан гэж үзээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол зүгээр л шинээр томилогдсон дарга Ч.М-ын улс төрийн зорилгоор, сонгууль болох хүртэл өөрийн хүмүүсээ түр ч гэсэн ажилтай байлгах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэхээр байх ба энэхүү увайгүй үйлдэл, хууль бус тушаалаас болж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор хөндөхийн зэрэгцээ цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаараа хохирч байгаа юм. Мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй 2019.12.04-ний өдрөөс 2020.03.03-ны өдрийг хүртэл 2 cap 29 хоног буюу нийт 89 хоног өнгөрсний дараа биелүүлж, ажилд томилсон ба энэ хугацаанд миний бие хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас цалин хөлсөөрөө хохирсон тул энэхүү асуудалтай хамтатган дээрх хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Б нь тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргаар 2017 оны 9 дүгээр cap хүртэл ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд ахлах нягтлан С.Б нь 58,450,370 төгрөгийн дутагдал гаргаж, түүнийгээ тайлбарлахдаа Ц.Б нь анх 2017 онд ажилд орсон цагаасаа хойш мөнгө авчирч өг гэж дарамталдаг, цалингийн зээл төл гэж шаарддаг, ажлаа хүлээлгэж өгсний дараа ч цалингийн зээл болон бусад зардалд мөнгө шаарддаг байсан тухай мэдүүлсэн юм. Ц.Б-ийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлэн, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-г “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа “Хэрэглэгчид үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,908,514/зургаан сая есөн зуун найман мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 125,486 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 1304 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Ц.Б нь ахлах нягтлан бодогч С.Б 58,450,370 төгрөгийн дутагдал гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Нөгөө талаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2020.03.03-ны өдрийн Б/316 дугаар Ц.Б-г ажлаас халах шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж дүгнэлт хийжээ. Тус газар нь “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргаар ажиллаж байсан Ц.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгож, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо энэ үйлдэл Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, 117 дугаар зүйл, заалттай зөрчилдөж байгаа учир шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан Ц.Б-г “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга 2020 оны Б/316 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэснийг /болон бусад хуулийг/ үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус буюу хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй байхад хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу юм.

Учир нь, хариуцагчаас “Ц.Б тус байгууллагын ахлах нягтлан бодогч С.Б-тай хамтран байгууллагад их хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн, иймд хөдөлмөрийн харилцааг зогсоосон” гэж маргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйгээс гадна “эрүүгийн журмаар шалгагдаж байгаа” гэх үйл баримт нь өөрөө “хөдөлмөрийн ноцтой зөрчил”-д тооцогдож, тухайн ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймээс “...гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.“уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, 117 дугаар зүйлийн 117.1.“Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэснийг зөрчсөн” гэсэн утгатай хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, уг хэргийн тухайд “нэхэмжлэгч Ц.Б-д холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй байна. 

Харин анхан шатны шүүх хариуцагчийг буруутгахдаа “...2020.02.21-ний өдрийн Б/247 дугаартай “Орон сууц нийтийн аж ахуйн газар” ОНӨААТҮГ-ын даргын тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.Б-г ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн харилцааг шинээр үүсгэсэн атлаа 2020.03.03-ны өдрийн Б/316 дугаар тушаалаар ...ахлах нягтлан бодогч С.Б-тай хамтран 58,450,370 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан нь 2020.02.21-ний өдрийн Б/247 тоот тушаалаас өмнөх хөдөлмөрийн харилцаатай байх цаг үед хамаарч байх тул шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй, ач холбогдолгүй баримт..., ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосноор түүний хөдөлмөрийн харилцаа нь үргэлжилж байгаагаас бус “шинээр үүссэн” гэж үзэхгүй юм. 

Гэвч дээр дурдсанчлан, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг залруулан дүгнэсэн тул анхан шатны шүүхийн уг дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй, иймд “анхан шатны шүүх нягтлан бодогч С.Б-тай холбоотой зөрчлийг шалгаж тогтоосон цаг хугацааг нэхэмжлэгчийн шинэ хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн” гэсэн утгатай хариуцагчийн төлөөлөгчийн /хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан/ гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01089 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1304 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                           Г.ЦАГААНЦООЖ