| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2020/01075/И |
| Дугаар | 1344 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1344
Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ийн хариуцагч У.Д-, Т.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 809 433.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч У.Д-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, Г.Мөнх-Од, хариуцагч У.Д-, Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол шуудан банк болон Х б-ны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Х б-инд шилжүүлсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Х б- ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Х б- ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Х б-ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Х б-ны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Х б-ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч У.Д-ид олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч У.Д- нь Монголшуудан банктай 2009 оны 01 дүгээр сарын 29- ний өдөр Зээлийн эрхийн гэрээ байгуулж 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг 18 сарын хугацаатай авч ашигласан. 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн эрхийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай авч ашигласан. 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай тус тус авч ашигласан. Зээлдэгч У.Д- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч У.Д-ийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний хувьд: Зээлийн хүүгийн үлдэгдэл 492 577.33 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн эхийн гэрээ болон 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээний хувьд: Үндсэн зээлийн үлдэгдэл 7 574 245.99 төгрөг, Зээлийн хүүгийн үлдэгдэл 1 742 610.45 төгрөг, Нийт 9 316 856.44 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эндээс үзэхэд Зээлдэгч У.Д-ийн нийт өр төлбөр 9 809 433.77 төгрөг байна. сЗээлдэгч У.Д-ийн зээлийн хувийн хэргийг судлан үзэхэд түүний авч ашигласан 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний 4 000 000 төгрөгийн зээлийг тухайн үед Монгол шуудан банкны Картын төвийн захирлаар ажиллаж байсан Т.Б- нь зээлдэгч У.Д-ийн нэр дээр авч ашигласан тухай Х б-инд Т.Б-ын бичгээр гаргаж байсан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Т.Б-той 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг эх хувь баримт тус тус хадгалагдсан байна. Банкны эрх хүлээн авагчаас зээлдэгч нарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/11132020/01885 дугаартай захирамжаар хариуцагч У.Д-ид мэдэгдэх ажиллагааг хийж, хариуцагч Т.Б-ын хаяг тодорхойгүй байгаа нь түүнийг шүүхэд дуудан ирүүлэх, хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлдэгч Т.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Банкны эрх хүлээн авагчийн ажлын байранд ирж уулсан ба түүнээс оршин суугаа хаягийг нь тодруулахад нэхэмжлэлд дурдсан хаяг дээр амьдардаг ба өмнөх хугацаанд хөдөө орон нутагт хувийн ажлаар яваад ирсэн гэх тайлбарыг өгсөн. Иймд энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд дахин гаргаж байгаа болно. Зээлдэгч У.Д-, иргэн Т.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 809 433.77 төгрөгийг гаргуулж Х-авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Монгол шуудан банкнаас 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг авсан нь үнэн. Энэхүү зээлийн төлбөр хүүг төлсөн. Төлбөр төлсөн баримттай. 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан нийт 8 000 000 төгрөгийг би аваагүй. Иймд төлбөр байгааг мэдсэн тухайн үедээ Т.Б- ах банкинд ажиллаж байхдаа миний өмнөөс ийм мөнгө авсан байх даа л гэж бодсон. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Т.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, энэхүү нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй болно. Тухайн үед ажил үүргийн шаардлагаар зээлийн эрхийн гэрээ хийсэн байна. Иргэн У.Д-ийн уулзалт ярианы дагуу Б-од хандсан утга агуулга нь зээлийн эрхийн дүрэм журам, зааврыг Б- мэднэ, түүнээс мөнгө зээл, түүнд өгөөгүй гэж ойлгож байна. Т.Б- энэ мөнгийг авч ашигласан тухай холбогдох нотолгоо үндэслэл байхгүй байна. Би, иргэн У.Д-оос уг зээлтэй холбогдож ямар нэгэн мөнгө хөрөнгө аваагүй. Харин тухайн үед хийсэн зээлийн эрхийн гэрээний талаар тодорхой ойлголт өгөхийг мэргэжлийн хувьд шаардлага гэж үзлээ. Банкны зээлийн эрх, түүнтэй холбогдох нэмэлт гэрээ нь зээл олгосон баримт биш бөгөөд энэ нь зээлийн хүсэлт, зээл эргэн төлөгдөх зээлийн хуваарь, зээл харилцан дансанд орсон баримт, түүнийг нотлох дансны хуулга, дансны хуулгаар зээлийн зарцуулалт нотлогдоно. Эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтыг үзэхэд, баримтын бүрдэл хангагдаагүй, зөвхөн зээлийн эрхийн гэрээг үндэс болгосон байна. Гэвч зээлийн эрхийн нэмэлт гэрээнүүд нь зээлийг авч ашигласан гэх баримт нотолгоо үндэслэл биш юм. Нэмэлт гэрээнүүд нь зөвхөн зээлээ шаардлагатай бол нэмж авч болох хугацааг зээл төлөх хугацааг л сунгаж үлдээсэн баримт бичиг юм. Түүнийг авч ашигласан бол энэ дансанд зээл оруулсан мемориал дотоодын гүйлгээний баримт, дансны хуулгаар нотлогдоно. Түүнчлэн нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 9 809 433.77 төгрөгийн зээлийн тооцоолол, эргэн төлөлтийн хуваарьтай үндэслэлтэй байх ёстой. Үүнээс харин У.Д-ид олгосон 2 000 000 төгрөгийн зээл нь дансны хуулгаар нотлогдож байна. Дансны хуулгаар 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг, 2009 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг орсон нь харагдахгүй байна. Зээлийн хүү 1,7 сая төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжилж буй мөнгийг Т.Б- авсан тухай үндэслэл нотлох баримт хангалтгүй, ашигласан зээл зээлийн эрхийн тухай ойлголт буруу, дутмаг, дангаараа төлбөр нэхэмжлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд зээлийн эрхийн гэрээ, түүний хүчин төгөлдөр хугацаа, хавсаргасан баримтад ашигласан зарцуулалтад анхаарлаа хандуулна уу гэж хүсч байна. Би, Х б-инд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр У.Д-ийн нэр дээр зээл ач ашигласан тухай бичиг гаргаж өгөөгүй болно. Энэ тухайгаа 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн уулзалтаар товч тайлбарласан болно. Түүнээс зээл авсан тухай тайлбар хийгээгүй болно. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч У.Д-оос 9 809 433.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-авагчид олгож, хариуцагч Т.Б-од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч У.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 171 900 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч У.Д-ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт 2.000.000 төгрөгийн Зээлийн эрхийн гэрээ, 4.000.000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээ авагдсан байдаг бөгөөд уг 4.000.000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээний хугацааг сунгах хүсэлт байдаг буюу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг 3 зээлийн гэрээ байдаггүй. Гэтэл эдгээр нотлох баримтыг зөв дүгнээгүй буюу гагцхүү 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээг сунгах хүсэлтийг ахин гэрээ байгуулагдсан хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Мөн бодит байдал дээр хариуцагч нь уг зээлийг авч хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн дансны хуулгагыг уг зээлийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Зээлийн дансны хуулга нь харилцах данснаас ялгаатай бөгөөд чөлөөтэй зарлага гарган ашиглаж Б-оггүй бөгөөд хариуцагч нь уг зээлийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөггүй ба нэхэмжлэгч нь уг зээлийг олгосон гэдгийг нотолж чаддаггүй хариуцагчийн зүгээс нотлох баримтыг буруу үнэлсэн хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага туйлын тодорхойгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл зэрэг ойлгомжгүй хэдийгээс хэдий хугацааны хоорондгэдгийг нэхэмжлэгч тайлбарлаж чадахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой буюу хэдээс хэдэн оны хэдэн хувийн хүү нэхэмжилсэн мөн шүүхээс хэдээс хэдэн оны үндсэн зээл, хүүг төлөх ёстой хэмээн дүгнэсэн нь туйлын тодорхойгүй байна. Уг зээлийг хариуцагч нь бодит байдал дээр авч хэрэглээгүй буюу тус эд хөрөнгийн нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй хариуцагч хэрэглээгүй нь тус 2 зээлийн эрхийн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуульд зааснаар тус гэрээ нь тодорхой эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт огт байдаггүй тул гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан ба талуудын хооронд үүссэн харилцаа нь 2009 онд болсон ба нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрх 2009 онд үүссэн гэдэгтэй маргадаггүй. Гэвч үүнийг дүгнээгүй нэхэмжлэлийн шаардлагьн' бүхэлд нь хангаж хариуцагч У.Д-оос 9.809.433.77 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Х-авагч нь хариуцагч У.Д-, Т.Б- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9 809 433.77 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь “Х б-” ХХК, “Монгол шуудан банк” ХХК-ийн хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай “Х б-” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаартай “Х б-” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалууд болон Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар Монгол шуудан банкны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хэргийн 5-8, 16 дугаар тал/
Хариуцагч У.Д- болон “Монгол шуудан банк” ХХК-ийн хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийн, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээ тус тус байгуулагдаж, 18 сарын хугацаатай, зээлийн хүүг Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар тооцох, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Картын зээлийн эрхийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээг 24 сарын хугацаатай, 4 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй, 2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн эрхийн гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 20-22 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч У.Д- нь 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “...МШБ-ны картын зээлийн үлдэгдэл төлбөр 14 015 041 төгрөгийг өөрийн ажлын сарын цалингаас сар бүр 100 000 төгрөгөөс дээш төлж барагдуулна...” гэж нэхэмжлэгчид тайлбар бичиж өгсөн байна. /хэргийн 69 дүгээр тал/ Нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 8 444 245.99 төгрөгийн картын эрхийн зээл олгосон нь картын зээлийн дансны хуулгаар тогтоогджээ. /хэргийн 41 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгчийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний хүүгийн үлдэгдэл 492 577.33 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 24, 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7 574 245.99 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 742 610.45 төгрөг, бүгд 9 809 433.77 төгрөг гэх тооцооллыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй байна./хэргийн 41-43 дугаар тал/
Түүнчлэн, Х б-ны эрх хүлээн авагч нь 2011 оны 02 дугаар сарын 17, 2011 оны 02 дугаар сарын 22, 2011 оны 3 дугаар сарын 01, 2012 оны 01 дүгээр сарын 26, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Т.Б- болон зээлдэгч У.Д- нартай уулзсан уулзалтын тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 10, 2018 оны 11 дүгээр сарын 14, 2019 оны 5 дугаар сарын 14, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд зээлдэгч У.Д-ид зээл төлөх тухай шаардах хуудас, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан байх бөгөөд хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “У.Д- зээл төлөв” гэх утгаар 370 000 төгрөгийг төлсөн байна. /хэргийн 24-33, 41 дүгээр тал/ Иймд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсанд тооцогдоно. Нөгөө талаар дээрх баримтуудаар хариуцагч У.Д- нь зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлжих эрхийн картыг ашиглан зээлийг авсан болох нь тогтоогдож байна. Тэрээр өөрт олгогдсон зээлжих эрхийн картыг бусдад буюу Т.Б-од хэрэглүүлсэн нь зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Үүнд нэхэмжлэгч буруугүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч У.Д- нь 8 000 000 төгрөгийн зээлийг Т.Б- авсан гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч У.Д- нарын хооронд байгуулагдаж, тэрээр зээлийн картын эзэмшигч тул зээлийн төлбөр төлөх үүрэгтэй. Харин хариуцагч Т.Б-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч У.Д-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.Д-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч У.Д-ийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 901 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХТӨР