Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1392

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХК-ийн хариуцагч Л.Г-т холбогдуулан гаргасан 9 003 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х-” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХК нь иргэн Э.Б-/Амтлаг зоог/-той 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийн зээлээр гурил нийлүүлсэн. Э.Б-тэй /Амтлаг зоог/ 2018 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл зээлээр гурил өгч мөнгөө авч хоорондын харилцаа хэвийн байсан. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 700 000 төгрөгийн, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 130 000 төгрөгийн гурил зээлээр аваад мөнгөө өгөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 22-нд Л.Г- гэж хүнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийн, тэр өдөртөө 3 860 000 төгрөгийн гурил нийлүүлсэн боловч өнөөг хүртэл мөнгийг өгөөгүй. Тооцооны нягтлан Р.Д, ахлах нягтлан бодогч С.М-, Н.Г-, Т- нар утсаар байнга ярьж хэлж нэхдэг байсан боловч сүүлдээ бидний утсыг авахаа больсон тул бид 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээр нь очиж тооцоо нийлж мөнгөө авах гээд очтол Б-, Г- хоёр нэг газар байсан. М- миний бие гайхаж яагаад та 2 нэг дор байгаа юм бэ? тусдаа үйл ажиллагаа явуулдаг цехтэй биш юм уу гэтэл тусдаа түр энд хамт байна гэсэн. Тэгээд сонин санагдаад та 2 гэр бүл юм биш үү гээд асуутал тийм гэсэн. Яагаад гэр бүлийн хүмүүс байж худлаа ярьж 2 тусдаа гэрээ хийж байгаа юм бэ гэтэл 2 тусдаа цехтэй гэсэн. Гэр бүлийн хүмүүс гэдгийг нь мэдсэн эсэхийг Т-ээс асуухад би мэдээгүй тухайн үед хоёр өөр цехтэй байсан тэгээд Л.Г-тай гэрээ хийсэн гэв. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр н.Б-болон Г-тай тооцоо нийлсэн акт үйлдэн төлөх график гаргуулан авсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Л.Г-ыг бид оффис дээр дуудаж уулзахад Л.Г- цех болон Амтлаг зоог дээр байгаа гурилын мөнгө 7 360 900 төгрөгийг хэрхэн барагдуулах тухай хүсэлт бичиж өгсөн. Мөн манайд өөрийн өмч болох 24-36 УБҮ дугаартай ногоон өнгийн микро машиныг орхиод тооцоогоо барагдуулчхаад авна гээд явсан. Графикийн дагуу асуудалгүй төлчих байх гэж бодсон боловч төлөлгүй явсаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш нэг ч төгрөг шилжүүлээгүй. Иймээс гурилын үнэ 5 690 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 4 149 440 төгрөг, машины зогсоолын төлбөр 468 000 төгрөг, нийт 10 307 440 төгрөгийг Л.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “Х-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Л.Г- нь хэрчсэн гурилын цехийг 2018 оны 3 дугаар сараас ажиллуулж эхэлсэн. “Х-” ХК-тай 2018 оны 5 дугаар сарын дундаас эхэлж зээлээр гурилаа аваад мөнгөө өгдөг байсан. Тухайн цаг хугацаанд нь бүтээгдэхүүн болгож зараад мөнгөө өгдөг байсан. 7 690 000 төгрөг үлдсэн. 2019 оны 6 дугаар сард энэ мөнгөнөөс өөрийнхөө Хаан банкнаас 2 000 000 төгрөгийг дансаар тус компанид явуулсан. Ингээд 5 690 000 төгрөг үлдсэн. Э.Б-ийн 3 830 000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг төлж чадахгүй байтал дахин намайг компанийнхан дуудаж мөнгө олж өгч чадахгүй байгаа юм чинь машиныг чинь авна гэж хэлж байсан. Энэ 5 690 000 төгрөг буюу үлдэгдэл мөнгөндөө өөрийн эзэмшлийн 24-36 УБҮ улсын дугаартай ногоон өнгийн 7 800 000 төгрөгийн үнэтэй микро автобусыг тус компанид бичиг баримт түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Би наад машиныг чинь заръя гэж хэлтэл манайх авна гэж хэлээд М- гэж компанийн ажилтнаа дуудсан. Н.М- гэдэг хүнд машинаа хүлээлгэж өгсөн. М- өөрийнхөө фэйсбүүк хаяг дээр зар тавиад машинаа хүлээж аваад үлдсэн. Эдний компани өөрсдөө Толгойтод байдаг н.Г- гэж ажилтны хашаанд машин тавьсан байсан. Уг нь 5 690 000 төгрөгийн өр төлбөрт тооцон машиныг авсан байж, буцааж өгсөн. Гэхдээ энэ тохироог хийхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Машиныг өр төлбөрийн оронд авчихсан гэж бодоод байсан юм. Хэдийгээр Э.Б-нь Л.Г-ын эхнэр ч тэрээр тусдаа гэрээ байгуулан, тусдаа цех ажиллуулдаг тул түүний төлбөрийг хариуцахгүй. Иймд 1 860 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Л.Г-аас 8 535 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХК-д олгон, үлдэх 468 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “Х-” ХК нь Э.Б-тэй 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр , Л.Г-тай 2019 оны 03 сарын 22-ны өдөр зээлээр гурил худалдан авах гэрээ хийсэн байтал зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаархи Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийг баримтлах байтал Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн буюу өр шилжүүлэн авах заалтыг бариталсан нь буруу болсон. Мөн хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар болох автомашинаа гурил зээлсэн үнэндээ өгсөн байдлыг үнэлж дүгнээгүй. “Х-” ХК нь Э.Б-тэй 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр , Л.Г-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлээр гурил худалдан авах гэрээ хийсэн байдаг. Гэрээний эрх зүйн харилцаанд тус тусдаа орсон байтал Г-аар төлүүлж буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал Э.Б-г хариуцагчаар татаагүй байхад Э.Болор-Эрдэнийн гэрээний үүргийг Л.Г-т хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргаж хэт 1 талыг баримталсан. Иргэний хуулийн 210 дугаар зүйл, 210.3 зүйлд зааснаар гурадагч этгээд хуульд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж заасан байтал Э.Болор-Эрдэнийг шүүх үндсэн үүргээс чөлөөлж байгаа нь буруу юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйл үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зачрмыг алдагдуулж эхнэрийн үүргийг нөхөрт үүрүүлж байгаа нь буруу юм. Шүүх хэргийг пшйдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой,үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн заалтыг зөв хэрэглээгүй хууль хэрэглээн дээр алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Л.Г-т холбогдох үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хэсэгт үүрэг хүлээлгэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХК нь хариуцагч Л.Г-т холбогдуулан 10 307 440 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 9 003 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 1 860 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, эхнэр Э.Болор-Эрдэнийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргажээ./хэргийн 1-2, 46 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, мөн хариуцагчийн эхнэр Э.Б-болон нэхэмжлэгч “Х-” ХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” нэртэй гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд бараа шилжүүлэн өгөх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 21-23, 32-33 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зохигчид худалдан авсан гурилын тоо хэмжээ, үнэ, төлбөрийн хэмжээ, 24-36 УБҮ автомашиныг нэхэмжлэгч байгууллагын мэдэлд 2019 ны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буцаан авсан болон Э.Б-нь хариуцагчийн эхнэр болох үйл баримтын талаар маргаагүй байна.

 

            Мөн хариуцагч, түүний эхнэр Э.Б-нар нь нэхэмжлэгчтэй өөрсдийн нэрээр тус тусдаа гэрээ байгуулсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаарх татгалзсан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Э.Б-нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 830 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хэргийн 27-28 дугаар тал/

 

            Хэргийн 31 дүгээр талд авагдсан хариуцагч Л.Г-аас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “Х-” ХК-д гаргасан хүсэлтэд “Г- болон А- цех нь тус компанитай гэрээ хийж авсан гурилын үнэ 7 690 000 төгрөг болон алдангийг 30 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэж бичиж өгсөн нь нэхэмжлэгчийн дарамтанд орж үйлдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Г- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Л.Г- нь эхнэр Э.Б-ийн өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авсан гэж үзнэ. Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

            Хариуцагч Л.Г-тай байгуулсан гэрээний 6.2, Э.Б-тэй байгуулсан гэрээний 5.2-т “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийлүүлэгч тал гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцох”-оор тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт заасны дагуу Э.Б-тэй байгуулсан гэрээний дагуу шинэ үүрэг гүйцэтгэгч Л.Г-т гэрээний үндсэн үүрэг болон нэмэлт үүрэг алдангийг шаардах эрхтэй талаар шүүх дүгнэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Л.Г-аас нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 5 690 000 төгрөг, алданги 2 845 000 төгрөг, нийт 8 535 000 төгрөгийг гаргуулж, “Х-” ХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            Түүнчлэн, хэргийн 10-25 дугаар талд авагдсан “М” ХХК-аас “Х-” ХК-д өгсөн төлбөрийн нэхэмжлэхээс 24-36 УБҮ улсын дугаар бүхий хариуцагчийн автомашин болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч байгууллагын автомашиныг дулаан гараашид хадгалсны төлбөрт 468 000 төгрөг нэхэмжилсэнийг хангах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 230 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                                     С.ЭНХТӨР