Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2020/01639

 

 

 

 

 

 2020           05            14                                                  184/ШШ2020/01639   

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, “Х” ХК /рд:2035/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Г /рд:АВ88/-д холбогдох

9,003,000  төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл алтан дуулга” ХК нь иргэн Э.Болор-Эрдэнэ /Амтлаг зоог/-той 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийн зээлээр гурил нийлүүлсэн. Э.Болор-Эрдэнэтэй /Амтлаг зоог/ 2018 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл зээлээр гурил өгч мөнгөө авч хоорондын харилцаа хэвийн байсан. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2,700,000 төгрөгийн, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 130,000 төгрөгийн гурил зээлээр аваад мөнгөө өгөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 22-нд Л.Г гэж хүнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийн, тэр өдөртөө 3,860,000 төгрөгийн гурил нийлүүлсэн боловч өнөөг хүртэл мөнгийг өгөөгүй. Тооцооны нягтлан Р.Долгордулам, ахлах нягтлан бодогч С.Мөнхцэцэг, Н.Ганзориг, Төмөрсүх нар утсаар байнга ярьж хэлж нэхдэг байсан боловч сүүлдээ бидний утсыг авахаа больсон тул бид 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээр нь очиж тооцоо нийлж мөнгөө авах гээд очтол Болор-Эрдэнэ, Ганбаатар хоёр нэг газар байсан. Мөнхцэцэг миний бие гайхаж яагаад та 2 нэг дор байгаа юм бэ? тусдаа үйл ажиллагаа явуулдаг цехтэй биш юм уу гэтэл тусдаа түр энд хамт байна гэсэн. Тэгээд сонин санагдаад та 2 гэр бүл юм биш үү гээд асуутал тийм гэсэн. Яагаад гэр бүлийн хүмүүс байж худлаа ярьж 2 тусдаа гэрээ хийж байгаа юм бэ гэтэл 2 тусдаа цехтэй гэсэн. Гэр бүлийн хүмүүс гэдгийг нь мэдсэн эсэхийг Төмөрсүхээс асуухад би мэдээгүй тухайн үед хоёр өөр цехтэй байсан тэгээд Ганбаатартай гэрээ хийсэн гэв. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Болор-Эрдэнэ болон Ганбаатартай тооцоо нийлсэн акт үйлдэн төлөх график гаргуулан авсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Л.Гыг бид оффис дээр дуудаж уулзахад Л.Г цех болон Амтлаг зоог дээр байгаа гурилын мөнгө 7,360,900 төгрөгийг хэрхэн барагдуулах тухай хүсэлт бичиж өгсөн. Мөн манайд өөрийн өмч болох 24-36 УБҮ дугаартай ногоон өнгийн микро машиныг орхиод тооцоогоо барагдуулчхаад авна гээд явсан. Графикийн дагуу асуудалгүй төлчих байх гэж бодсон боловч төлөлгүй явсаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш нэг ч төгрөг шилжүүлээгүй. Иймээс гурилын үнэ 5,690,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 4,149,440 төгрөг, машины зогсоолын төлбөр 468 000 төгрөг, нийт 10,307,440 төгрөгийг Л.Гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “Хөвсгөл алтан дуулга” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Л.Г нь хэрчсэн гурилын цехийг 2018 оны 3 дугаар сараас ажиллуулж эхэлсэн. “Хөвсгөл алтан дуулга” ХК-тай 2018 оны 5 дугаар сарын дундаас эхэлж зээлээр гурилаа аваад мөнгөө өгдөг байсан. Тухайн цаг хугацаанд нь бүтээгдэхүүн болгож зараад мөнгөө өгдөг байсан. 7,690,000 төгрөг үлдсэн. 2019 оны 6 дугаар сард энэ мөнгөнөөс өөрийнхөө Хаан банкнаас 2,000,000 төгрөгийг дансаар тус компанид явуулсан. Ингээд 5,690,000 төгрөг үлдсэн. Болор-Эрдэнийн 3,830,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг төлж чадахгүй байтал дахин намайг компанийнхан дуудаж мөнгө олж өгч чадахгүй байгаа юм чинь машиныг чинь авна гэж хэлж байсан. Энэ 5,690,000 төгрөг буюу үлдэгдэл мөнгөндөө өөрийн эзэмшлийн 24-36 УБҮ улсын дугаартай ногоон өнгийн 7,800,000 төгрөгийн үнэтэй микро автобусыг тус компанид бичиг баримт түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Би наад машиныг чинь заръя гэж хэлтэл манайх авна гэж хэлээд Мөнхсүрэн гэж компанийн ажилтнаа дуудсан. Мөнхсүрэн гэдэг хүнд машинаа хүлээлгэж өгсөн. Мөнхсүрэн өөрийнхөө фейсбүүк хаяг дээр зар тавиад машинаа хүлээж аваад үлдсэн. Эдний компани өөрсдөө Толгойтод байдаг Ганзориг гэж ажилтны хашаанд машин тавьсан байсан. Уг нь 5,690,000 төгрөгийн өр төлбөрт тооцон машиныг авсан байж, буцааж өгсөн. Гэхдээ энэ тохироог хийхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Машиныг өр төлбөрийн оронд авчихсан гэж бодоод байсан юм. Хэдийгээр Э.Болор-Эрдэнэ нь Л.Гын эхнэр ч тэрээр тусдаа гэрээ байгуулан, тусдаа цех ажиллуулдаг тул түүний төлбөрийг хариуцахгүй. Иймд 1,860,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хөвсгөл алтан дуулга” ХК нь хариуцагч Л.Гт холбогдуулан 10,307,440 төгрөг гаргуулахаар шаардсанаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,304,440 төгрөгөөр бууруулан 9,003,000 төгрөгийг гаргуулна гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр төлөх гэрээгээр Л.Г өөрийн байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3,860,000 төгрөг, эхнэр Э.Болор-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3,830,000 төгрөг, нийт 7,690,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, төлөх хүртэл хугацаанд 24-36 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн мэдэлд байлгасан. Гэрээнээс хойш 2,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 5,690,000 төгрөг, алданги 2,845,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд автомашины гараашийн төлбөр 468,000 төгрөг, нийт 9,003,000 төгрөгийг шаарджээ.

Хариуцагч нь 7,690,000 төгрөгийн үүрэгт тооцон автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч буцаан өгсөн, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бичгийг  Л.Г нь дарамт дор үйлдсэн, Э.Болор-Эрдэнийн гэрээний үүргийг хариуцахгүй, өөрийн байгуулсан гэрээний үүрэг болох 3,860,000 төгрөгөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөгийг хасан 1,860,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

Хэрэгт авагдсан “Хөвсгөл алтандуулга” ХК болон Л.Г нарын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн, “Хөвсгөл алтандуулга” ХК болон Э.Болор-Эрдэнэ нарын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд бараа шилжүүлэн өгөх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөх үүргийг хүлээжээ. /хх-21-23, 32-33/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн нэрлэсэн боловч гэрээгээр хүү тохироогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхийн сацуу хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй юм.

Л.Г нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Алтандуулга ХК-ийн санхүүгийн албанд хүсэлт гаргах нь гэх бичигт “Ганбаатар цех болон Амтат зоог нь тус компанитай гэрээ хийж гурил худалдан аван гурилийн үнэ болох 7,690,000 төгрөг болон алдангийг 30 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэжээ. /хх-31/

Хариуцагч гэрээ болон бичигт гарын үсэг зурсан үйл баримт, худалдан авсан гурилын тоо хэмжээ, үнэ, төлбөрийн хэмжээ, 24-36 УБҮ автомашиныг нэхэмжлэгч байгууллагын мэдэлд 2019 ны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлснийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд буцаан авсан, Э.Болор-Эрдэнэ нь түүний эхнэр болох тухайд маргаагүй байна.

Хариуцагч өөрийн автомашиныг нэхэмжлэгч байгууллагын мэдэлд байлгаад  буцаан авсан, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтаас дүгнэлт хийхэд Л.Г нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн өөрийн болон эхнэрийн байгуулсан гэрээний үүргийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бичгийг бусдын дарамтад хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар хариуцагч уг хэлцлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдав. 

Л.Гын үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бичиг нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “124.1 Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар Л.Г нь эхнэр Э.Болор-Эрдэнийн өрийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Өр шилжүүлэн авч байгаа тохиолдолд анхны үүрэг гүйцэтгэгч буюу Э.Болор-Эрдэнийн зөвшөөрлийг авах шаардлагагүй, харин өр шилжих тухай гэрээ нь хэлбэрийн хувьд уг үүрэг бий болсон гэрээний хэлбэртэй адил байхыг шаардана.

  “Хөвсгөл алтандуулга” ХК болон Э.Болор-Эрдэнэ нарын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,830,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна /хх-27-28/

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т “Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь Э.Болор-Эрдэнтэй байгуулсан гэрээний дагуу шинэ үүрэг гүйцэтгэгч Л.Гт гэрээний үндсэн үүрэг болон нэмэлт үүрэг алдангийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

Л.Гтай байгуулсан гэрээний 6.2, Э.Болор-Эрдэнтэй байгуулсан гэрээний 5.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийлүүлэгч тал гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор заасан байна. Нэхэмжлэгч алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс  хэтэрсэн тул түүний 50 хувиар тооцоход 2,845,000 төгрөг болно гэж тайлбарласан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5-д зааснаар барьцаалагч нь барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах эрхтэй боловч барьцаанд авсан автомашиныг дулаан гараашид хадгалсны төлбөрт 468,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь төлбөрт хамаарах “Модернкастл модифаер” ХХК-аас “Хөвсгөл алтандуулга” ХК-д өгсөн төлбөрийн нэхэмжлэхээс 24-36 УБҮ улсын дугаар бүхий хариуцагчийн автомашин болох нь тогтоогдохгүй байна. /хх-10-25/  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Гаас үндсэн төлбөр 5,690,000 төгрөг, алданги 2,845,000 төгрөг, нийт 8,535,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөвсгөл алтандуулга” ХК-д олгон, үлдэх 468,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Л.Гаас 8,535,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөвсгөл алтандуулга” ХК-д олгон, үлдэх 468,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.НЯМСҮРЭН