Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1475

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н х-” ХХК-ийн хариуцагч “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан удалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75 934 519 төгрөг гаргуулах тухай үндсэн, “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ нь 50 222 665 төгрөгийг “Н х-” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М-, өмгөөлөгч Т.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Н х-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.О-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н х-” ХХК нь “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хүсэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХХАГ-2018-14 дугаартай, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу асфальтобетон хольц нийлүүлсэн бөгөөд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон байсан. Мөн “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 401 753 019 төгрөгийн зам барилгын ажил хийхээр гэрээ байгуулсан. Гэрээ цуцлах саналыг “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ хүлээн авахдаа манайхаас гаргаж өгсөн 382 900 000 төгрөгийн гүйцэтгэлийн төсвийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хоёр талыг байлцуулж гуравдагч хөндлөнгийн байгууллага “Т-” ХХК-иар хэмжилт хийлгэнэ гэж хэмжилт хийлгэсэн. Эцсийн буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дээрх 2 гэрээний үүрэгт 75 934 519 төгрөг болохыг 2 тал баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдэж, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 300 000 000 төгрөгийн урьдчилгаа хүлээж авсан, ажлын гүйцэтгэл 243 378 721 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 56 621 279 төгрөгийн өглөг манайд үүссэн, үүнийг худалдах, худалдан авах гэрээний асфальтон бетон хольцны үнэ болох 137 616 892 төгрөгийн авлагаас хассан, мөн захиалагчийн хяналтын 5 061 094 төгрөг тус тус хасахад үлдэгдэл 75 934 519 төгрөг болсон. Иймд хариуцагч “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ-аас гэрээний үүрэгт 75 934 519 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Н х-" ХХК нь манай газартай УБЗЗАГ/НЧ-3/-2018 тоот гэрээ байгуулан Налайхын аж үйлдвэрийн паркийн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.4 км авто зам барьж гүйцэтгэхээр 2 401 753 019 төгрөгийн гэрээ хийж урьдчилгаа 300 000 000 төгрөг авсан. Гэрээний дагуу ажлаа эхлүүлээд явж байх хугацаандаа дур мэдэн ажлаа орхиж гэрээнийхээ үүргийг зөрчсөн болно. Үүнээс болж тухайн замын шинэчлэлтийн ажлын явц удааширсан, график зураг төслийн дагуу явагдаж чадалгүй манай байгууллагад хохирол учруулсан. Ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Гэрээний урьдчилгаанд 300 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ажил дуусах шатандаа явж байтал 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Н х-” ХХК нь гэрээнээс татгалзах саналыг, 382 900 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн төсвийн хамт хавсаргаж ирүүлсэн. Замын ажил товлосон хугацаанаас хоцорч цааш үргэлжлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн тул 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “З-” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл үргэлжилж одоо бараг дуусах шатандаа явж байна. “Н х-” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн 382 900 000 төгрөгийн төсвийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 243 378 721 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хоёр тал баталсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажлыг үргэлжлүүлэн хийсэн “З-” ХХК нь “Н х-” ХХК-ийн хийсэн ажлыг ерөнхий зураг төсөл хийсэн “Д-” ХХК-иар дахин хянуулсан байсан. Ингэж хянуулснаар “Н х-” ХХК-ийн хийсэн ажил нь 243 378 721 төгрөг биш, харин 112 160 443 төгрөгийн төсөвт ажил хийсэн болох нь тогтоогдсон. “З-” ХХК нь уг төсвийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манайд ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Н х-” ХХК-д явуулж гэрээг шинээр дүгнэж зөрүү тооцох санал хүргүүлсэн. Ингээд урьдчилгаа 300 000 000 төгрөгөөс бодит гүйцэтгэл болох 112 160 443 төгрөг, асфальтон бетон хольц худалдаж авсан 137 616 892 төгрөгийг тус тус хасаад зөрүү болох 50 222 665 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа болно. Иймд асфальтон бетон хольцны үлдэгдэл 75 934 519 төгрөг гэдэг бодит байдал дээр байхгүй учраас “Н х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч УБЗЗАГ- ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр УБЗЗАГ/НЧ-3/-2018 тоот ПК1+940- ПКЗ+340 хүртэл 1,4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээг “Н х-” ХХК нь байгуулан Налайхын аж үйлдвэрийн паркийн шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрт 300 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэтэл “Н х-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээгээ цуцалсан. Уг ажлыг үргэлжлүүлэн хийхээр манай байгууллагатай “З-” ХХК гэрээ байгуулсан бөгөөд “Н х-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төсөв үнэлгээг гаргуулахаар тус замын зураг төсвийг хийж гүйцэтгэсэн компани болох “Д" ХХК-иар төсвийг гаргуулахад 112 160 446 төгрөг болсон байна. Энэ тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №60 тоот албан бичиг “Н х-” ХХК-д хүргүүлж, гэрээг шинээр дүгнэж зөрүү тооцох санал хүргүүлсэн. Нэхэмжлэгч “Н х-” ХХК-ийн зам барилгын ажлыг үргэлжлүүлсэн хийсэн “З-” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ерөнхий зураг төсөл хийсэн “Д-” ХХК-иар дахин хянуулахад хийсэн ажлын гүйцэтгэл 243 378 721 төгрөг биш, харин 112 160 443 төгрөгийн төсөвт ажил хийсэн болох нь тогтоогдсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 300 000 000 төгрөгөөс 112 160 443 төгрөгийн гүйцэтгэлийг хасахад зөрүү 187 839 557 төгрөг гарна. Үүнээс “Н х-” ХХК-д өгөх асфальтон бетон хольцны үнэ 137 616 892 төгрөгийг хасч, үлдэх 50 222 665 төгрөгийг “Н х-” ХХК-иас 50 222 665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Н х-” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.О-ын хамт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “УБЗЗАГ-” ОНӨААТҮГ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээг цуцалсан,...уг ажлыг үргэжлүүлэн хийлгэхээр “З-” ХХК-тай гэрээ байгуулсан, “Д-” ХХК-иар төсвийг гаргуулахад 112 160 446 төгрөг болсон байна.... Иймээс гүйцэтгэлийн зөрүү 187 839 554 төгрөгийг гаргуулах гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. “Н х-” ХХК нь Налайх дүүрэг, 3-р хороо, Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн доторх замын ПК1+940-ПКЗ+340 хүртэлх 1,4 км авто замын ажлыг 2,4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2018 онд 382.8 сая төгрөгийн ажил гүйцэтгэж 300 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан. Манай компани 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цуцлах хүсэлтээ өгч, талууд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ дүгнэсэн. Ингээд манай компани 382 800 000 төгрөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн боловч тоо хэмжээ таарахгүй байна гэсэн үндэслэлээр захиалагч буюу “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын хүсэлтээр “Т-” ХХК-иар хэмжилт хийлгэн гүйцэтгэлийг захиалагч байгууллага болох “УБЗЗАГ” ОНӨААТҮГ нь 243 378 721 төгрөг хэмээн бууруулан гаргаж, гүйцэтгэгч болох “Н х-” ХХК нь дээрх гүйцэтгэлийн дүнг зөвшөөрч 2 тал харилцан тохиролцож гэрээ цуцлан акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх зам барилгын ажилд зориулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиалагч болох “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т 1,8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгосон боловч тухайн ажлын гүйцэтгэгч 3 компанид нийт 1 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон нь төрөөс олгосон төслийн санхүүжилтыг зориулалтын бусаар ашигласан. Санхүүжилтын дутуу олгосон талаар удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй. Улмаар санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул талууд харилцан тохиролцож гэрээг цуцлан, гэрээг дүгнэсэн акт үйлдсэн./2018 оны 12-р сарын УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын мөнгөн гүйлгээний жагсаалтыг шилэн данснаас харж болно/ Дээр дурдсан гэрээ дүгнэсэн акт болон баталгаажуулсан гүйцэтгэл, тооцооны үлдэгдэлийн баталгаа зэргийг үндэслэн 2 байгуулагын нягтлан бодогч нар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж тухайн өдрийн байдлаар “УБЗЗАГ” ОНӨААТҮГ нь 75 934 519 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан. Гэтэл ийнхүү гэрээг дүгнэснээс хойш буюу 2020 оны 02 дугаар сард өөрийн байгуулсан компанийхаа гаргасан 112 160 443 төгрөгийн асуудал ярьж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь манай хийсэн ажлын гүйцэтгэлийг өөрсдийн 243 378 721 төгрөгийн төсвийг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдөө гаргаж өгсөн гэдгийг тодруулж хэлмээр байна. Талуудын хамтран байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн баримтад талууд гэрээний үнэ, ажлын хөлсийг тодорхой тохиролцож тусгасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хэлэлцэн тохирсон үнэ гэдэгт гэрээнд заасан нийт үнэ, талуудын тохиролцож баталсан төсөв, түүнчлэн гэрээ дүгнэсэн актад тусгасан үнэ орох учиртай. Харин хариуцагч нь бусад этгээдтэй байгуулсан, ажлын өөр хэсэгт хамаарах гэрээндгманай хийсэн ажлын төсвийг тохиролцож тогтоох ямар ч үндэслэлгүй. Иймд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын 50 222 665 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч “УБЗЗАГ-” ОНӨААТҮГазраас 75 934 519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н х-” ХХК-д олгож, “Н х-” ХХК-иас 50 222 665 төгрөг гаргуулах тухай “УБЗЗАГ-” ОНӨААТҮГазрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “УБЗЗАГ-” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 537 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н х-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537 625 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409 063 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэхдээ “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь гэрээ цуцлах үед “Н х-” ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 112 160 443 төгрөг байсан гэдгийг нотолсон баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх заасныг зөрчсөн буюу нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлоогүй гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй, хэргийн үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Манай байгууллага нь нэхэмжлэгч Н х- ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №ХХАГ 2018№14тоот"Худалдах, худалдан авах гэрээ” болон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №УБЗЗАГ/НЧ-3/2018 тоот “ПК1+940-ПК+340 хүртэлх 1.4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тус тус үүссэн. Эхний гэрээгээр манайх “Н х-” ХХК-д 137 616 892 төгрөг төлөх тооцоотой байдаг. Харин 2 дах гэрээ нь нийт 2 401 753 019 төгрөгийн үнэтэй, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, захиалагчийн хяналтын зардалд 2 хувь, магадлашгүй ажил 2 хувь, норм, нормативын сан 0.4 хувь, барьцаа 5 хувь, түүхий эд материалын зардлыг тус тус хасахаар тохирсон байсан. Уг гэрээний дагуу ажлын урьдчилгаанд 300 000 000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч “Н х-” ХХК-д манай байгууллагаас шилжүүлсэн байсан боловч 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цуцлах саналыг ирүүлсэн. Үүний дагуу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагын хүсэлтээр “Т-” ХХК “Н х-” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг хэмжиж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 243 378 721 төгрөг гэж тогтоосны дагуу, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан. Мөн түүнчлэн тооцоо нийлж дээрх 2 гэрээний дагуу манай байгууллага “Н х-” ХХК-д 75 934 519 төгрөг өгөх болсон байсан. Гэтэл манай байгууллага 2020.02 сард Н х- ХХК-ний ажлын гүйцэтгэл нь 243 378 721 төгрөг биш 112 160 443 төгрөг байсныг албан ёсоор “З-” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20/06 дугаартай албан бичиг, маргаан бүхий замын ажилд хяналт хэрэгжүүлэгч, тус замын зураг, төсвийг гаргасан “Д-” ХХК-ний баталгаажуулсан хэмжилт бүхий баримтын үндсэн дээр мэдсэн ба 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Н х-” ХХК-д дахин хэмжилт хийж, гэрээ дүгнэх албан бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл, авто замын ажпын гэрээг дүгнэж цуцалсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Н х-” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг 112 160 443 төгрөг гэдгийг мэдэх боломжгүй байсан нь тодорхой харагддаг ба 2020 оны 02 сард “Н х-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнэнд болон талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн акттай холбоотой маргаан үүсч шүүхийн шатанд шилжсэн. Гэтэл шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй. Мөн шүүхэд зохигчдын тайлбараар ажпын гүйцэтгэлийг дүгнэсэн шинжээч “Т-” ХХК болон уг замын ажилд хяналт хэрэгжүүлэгч “Д-” ХХК-ний үнэлгээ, актаар тогтоосон үнэнд маргаан гарсан нь илэрхий байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д... шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулах...эрхийг шүүх эдлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгч захирамж гаргана гэж заасан. Мөн түүнчлэн 38.6-д заасны дагуу ...үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх... ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан ч мөн хуулийн 111-р зүйлийн 111.3 дах хэсэгт “... шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан тул маргааныг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай байжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх “Н х-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 300 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан, гэрээний дагуу 243 378 721 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үлдэгдэл 56 621 279 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь уг Налайх-Чойрын чиглэлийн авто замын зураг төсвийг бичсэн, хяналтаар ажиллаж байгаа “Д-" ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Н х-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хянаж, хэмжиж үзээд 112 160 443 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байсныг тогтоосон байдаг. Иймээс манай байгууллага 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай “ Хариу ирүүлэх тухай” албан бичгийг “Н х-” ХХК-д хүргүүлж, танай компаний гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг 243 378 721 төгрөг гэж баталгаажуулсан боловч хяналт хэрэгжүүлэгч компаний хэмжилтээр танайх 112 160 443 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байгаа тул зөрүүг тооцон, гүйцэтгэлийг дахин хянуулж, тооцоо нийлэх хүсэлтийг гаргасан байдаг ч нэхэмжлэгч гэрээт ажлын гүйцэтгэлийг дахин хянуулж, тооцоо нийлэх арга хэмжээ аваагүй. Манай байгууллага шүүхэд гаргасан баримтаа үндэслэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 “Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэсний дагуу “Н х-” ХХК-ийн 243 378 721 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Тухайлбал.хариуцагч талаас дээр дурдсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай дахин тооцоо нийлэх тухай албан бичиг, “З-” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20/60 дугаартай Ажлын төсөв өөрчлүүлэх тухай албан бичиг, “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын авто замын ажлын зургийн автор болох “Д-” ХХК, “З-” ХХК-ийн гаргасан “Н х-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг, ажлын тоо хэмжээ тогтоосон акт/ зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, ажпын гүйцэтгэлийн тооцоололд хэрхэн алдаа гарч зөрүү гарсныг тайлбарласан. Талууд “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын авто замын ажлын зургийн автор болох “Д” ХХК-ийн баталсан замын “Н х” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк доторх “ПК1+940- ПК+340 хүртэлх 1.4 км ажлын төсөвт өртөг” болон “Т-” ХХК-ийн алдаатай дүгнэлтийн талаар маргаж байхад шүүх зөвхөн маргаантай дүгнэлтийг нь шийдвэрийн үндэслэл болгосон. Хэдийгээр манай байгууллагын хүсэлтээр “Т-” ХХК үнэлгээ тогтоосон ч бодит байдал дээр ажлын тоо хэмжээ буюу тохиромжгүй материал зөөж зайлуулсан зай /км/ нь 1 км дотор байх атал “Н х-” ХХК нь “Т-” ХХК-ийн дүгнэлтэд уг ажлын гүйцэтгэлийг 5 км- ээр тооцож оруулан гүйцэтгэлийн тоо хэмжээг санаатайгаар нэмэгдүүлж өсгөсөн болох нь “Д” ХХК-ийн хэмжилтээр илэрсэн. Зөвхөн энэ тооцооллоос л ажлын гүйцэтгэлд 100 гаруй сая төгрөгийн зөрүү гардаг ба “Н х-” ХХК ч тухайн зайг 1 км биш гэдэгтэй маргадаггүй. Мөн энэхүү байдлаар буруу тооцоолол хийгдсэнийг хяналт хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч компаний албаны мэргэжилтнүүдийн мэдүүлгээр нотлосон. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд, Шүүх “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын захиалгаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Т” ХХК нь авто замын ажлын ПК 19+40-ПКЗЗ+40 хоорондох хэсэгт хэмжилт хийснээр “Н х-' ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 243,378,721 төгрөг, өглөг 56 621 279 төгрөгийн өртэй гэдгийг харилцан баталгаажуулж, гэрээг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цуцалсан болох нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд зохигч нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дүгнэж, цуцалсан болох нь тогтоогдож байх ба “УБЗЗАГ” ОНӨААТҮГ нь “З-” ХХК-ийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдпаар “Н х-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажпыг 112 160 446 төгрөг гэх төсвийг үндэслэн гэрээ дуусгавар болсноос хойш даруй 7 сарын дараа уг ажлыг өөртэй нь байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж буй хуулийн этгээдийн хүсэл, тэдний мэдүүлгийг үндэслэн дуусгавар болсон гэрээний санхүүжилтийг буцаан шаардсан нь үндэслэлгүй гэжээ. Энэ нь манай гарсан сөрөг нэхэмжлэлийг “З-” ХХК-ийн захиалгаар шүүхэд гаргаж байгаа мэтээр буруу тайлбарласнаас гадна 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээг дүгнэж 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу 4 сарын дараа гүйцэтгэлийг дахин хянаж үзэх тухай албан бичиг өгснийг анхаараагүй, үнэлэхгүйгээр гэрээ цуцалснаас хойш “даруй 7 сарын дараа” шаардсан гэж үзсэн нь илтэд алдаатай. Учир нь шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.дэх хэсэгт заасанд нийцээгүй байна. Мөн шүүх Иргэний хуулийн 345-р зүйлийн 345.1-д “... гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж заасныг хэрэглэж ажлын үнэ нь тухайн ажпыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана гэж тайлбарласан атлаа ... уг зам дээр илтэд бодит байдалд нийцээгүй замын зайн хэмжээсээр үнэ өсгөсөн алдаатай дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан тооцооллыг нь шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Жишээлбэл, шүүх тооцооны үлдэгдэлийн баталгааны баримтын жагсаалтад нэхэмжпэгч тал хэсгийн 1 -т 2018 оны асфальт борлуулсны үлдэгдэл тооцоо 137 616 892, Налайх дүүрэг 1.4км ажлын гүйцэтгэл 243 378 721, нийт дүн хэсэгт 75 934 519 төгрөг төлөх өртэй гарсныг баталгаажуулсан болох нь тогтоогдож байна гэснээс харагдаж байна. Харин энэ тооцооны үлдэгдэл нь Налайхын 1.4 км авто замын гүйцэтгэлтэй шууд холбоотой буюу уг замын хяналтаар ажиллаж байгаа “Д-” ХХК-ийн баталсан төсвөөр “Нарханбулаг хан” ХХК-ийн ажлын гүйцэтгэл нь 112 160 443 төгрөг байгаагаас өөрчлөгдөх үндэслэл болж эсэргээрээ манай байгууллагад авлагатай тооцоолол гарч байгааг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, манай байгууллагаас “Н х-” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 300 000 000 төгрөг өгснөөс Налайхын замын гүйцэтгэл 112 160 443 төгрөгийг хасахад 187 839 557 төгрөг үлдэх бөгөөд 2018 онд онд авсан Асфальтны үнэ 137 616 892 төгрөгийг хасахад манай байгууллага 50 222 665 төгрөгийн авлага үүсч байгаа юм. Энэ үйл баримтыг нотлох гэрчүүдийн мэдүүлэг болон “Д ” ХХК-ийн гаргасан хяналтын төсвийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч огт үнэлээгүй. Одоо хүртэл 1 км дотор зөөж буулгасан шороо Налайхын аж үйлдвэрийн замын хажууд ил харагдаж байгаа юм. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Н х-” ХХК нь хариуцагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэн 75 934 519 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50 222 665 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Анх талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №ХХАГ 2018-14 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч “Н х-” ХХК нь нэгж үнэ 175 000 төгрөг бүхий халуун асфальтбетон хольц жижиг ширхэглэлтэй /өнгө/, нэгж үнэ 165 000 төгрөг бүхий 437 тн халуун асфальтбетон хольц /суурь/-ийг худалдан авагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазрын захиалгаар нийлүүлэх, талуудын нягтлан бодогч нар тухайн сар бүрийн 15,30-ны өдрүүдэд 2 удаа тооцоо нийлж, дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх, бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдний тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-9 дүгээр тал/

 

            Мөн зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №УБЗЗАГ/НЧ-3/2018 тоот ПК1+940-ПК3+340 хүртэлх 1,4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, “Н” ХХК нь гүйцэтгэгчээр, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТГ захиалагчаар оролцож, гэрээний үнийг 2 401 753 019 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай хийж гүйцэтгэх, үнийн дүнгээс захиалагчийн хяналтын зардал 2 хувь, магадлашгүй ажил 2 хувь, норм, нормативын сан 0,4 хувь, барьцаа 5 хувь, түүхий эд материалын зардлыг хасахаар тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 57-63 дугаар тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдах авах болон ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжэгч “Н х-” ХХК нь 243 378 721 төгрөгийн ажил хийж гүйцэтгэн, үлдэх санхүүжилтын мөнгө хугацаандаа орж ирээгүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах саналыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр захиалагчид хүргүүлж, талууд мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дүгнэсэн баримт үйлдэж, уг баримтад гүйцэтгэгч нь 300 000 000 төгрөгийн урьдчилгаа авснаас 243 378 721 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тул үлдэх 56 621 279 төгрөгийг захиалагчид буцаан төлөх үүрэгтэй болохыг харилцан баталгаажуулж, гэрээг цуцалсан байна./хэргийн 114, 121 дүгээр тал/ Энэхүү гэрээ дүгнэсэн протоколд “УЗЗАГ” ОНӨААТҮГ-ын орлогч дарга, Ерөнхий нябо, ҮАТХ-ийн дарга, авто замын ахлах инженер, гэрээ эрх зүйн мэргэжилтэн, “Н х-” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурсан бөгөөд цаашдын тооцоог “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдэж тогтоогдсон өр төлбөрийг барагдуулахаар заажээ.

 

            Улмаар 2 талын нягтлан бодогч нар тооцоо нийлж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, харилцан баталсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлджээ. /хэргийн 120-121 дүгээр тал/ Энэхүү баримтад гүйцэтгэгч буюу “Н х-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчаас илүү авсан 56 621 279 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрөөс хасч тооцох замаар гэрээний үүргийг харилцан тооцож, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон, худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 75 934 519 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төлөхөөр тохиролцсон байна.

 

            Уг төлбөрийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын хувьд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчээс авах авлага байхгүй, харин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....“З-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр “Н х-” ХХК нь 112 160 443 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил гүйцэтгэсэн болох нь уг замын ерөнхий зураг төсөл хийсэн “Д-” ХХК хянасан, “З-” ХХК-ийн ерөнхий инженер О.Т, төсөвчин Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдоно.” гэх тайлбар гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ. Учир нь ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн өөр компаниар хийлгэсэн гэх дүгнэлт баримтыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын хийсэн ажлын хэмжээг эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Ажил гүйцэтгэх гэрээ нь хугацаа дуусахаас өмнө дуусгавар болсон учраас үлдэх ажлыг өөр компаниар хийлгэсэн гэдэг нь нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг буюу хэсгийг зохигчдын гэрээг дүгнэж тооцоо нийлсэн дээрх баримтыг үгүйсгэх баримт болохгүй. Хариуцагчтай дутуу ажлыг үргэлжүүлэн хийхээр тохиролцож, дараа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “З-” ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээг дүгнэх буюу хийсэн ажлын хэмжээг тогтоох эрх бүхий этгээд биш байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Тодруулбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө санаачилгаараа шинжээч томилох эрхгүй. Хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдэх ажиллагаа юм. Хэрэгт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхийн тэмдэглэлүүдээс үзэхэд шинжээч томилуулж уг асуудлыг тогтоолгох асуудлаар хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэн, зөв эргэлзээгүй талаас нь хэрэгт хамааралтай байдлаар дүгнэсэн гэж үзнэ.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 75 937 519 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н х-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Н х-” ХХК-аас 50 222 665 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 946 685 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР

 

                                     С.ЭНХТӨР