Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/01549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны 96, өөрийн байранд байрлах, Н.Х ХХК /РД:2036827/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, УБ.З.З.А.ГОНӨААТҮГ /РД:6109209/-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75.934.519 төгрөг гаргуулах тухай үндсэн,

УБ.З.З.А.ГОНӨААТҮГ нь 50.222.665 төгрөгийг Н. хан ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М

Гэрч Д.Г, О.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н. хан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.О хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н. Хан ХХК нь УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-ын хүсэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХХАГ-2018-14 дугаартай, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу асфальтобетон хольц нийлүүлсэн бөгөөд УБ.З.З.А.ГОНӨААТҮГ нь гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон байсан.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар асфальтобетон хольцны үлдэгдэл төлбөр 137.616.892 төгрөг гэж тооцоо нийлж тохиролцсон.

Мөн УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-тай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.401.753.019 төгрөгийн зам барилгын ажил хийхээр гэрээ байгуулсан.

Ингээд анхны санхүүжилтын урьдчилгаа улсаас орж ирсэн байхад манайх руу УБ.З.З.А.ГОНӨААТҮГ нь шилжүүлэхгүй байсан учраас 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр уг гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан.

Гэрээ цуцлах саналыг УБ.З.З.А.ГОНӨААТҮГ хүлээн авахдаа манайхаас гаргаж өгсөн 382.900.000 төгрөгийн гүйцэтгэлийн төсвийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хоёр талыг байлцуулж гуравдагч хөндлөнгийн байгууллага Тахиометр ХХК-иар хэмжилт хийлгэнэ гэж хэмжилт хийлгэсэн.

Ингээд УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-ын инженер н.Батболд нь манай хийсэн ажилд 243.378.721 төгрөгийн төсөв хийж манайх руу мэйлээр явуулж, үүнийг хүлээн зөвшөөрвөл гэрээг дуусгавар болгож дүгнэнэ, үгүй бол гэрээг дүгнэхгүй гэсэн хариу өгсөн.

Энэ төсвийг манайх хүлээн зөвшөөрснөөр гэрээг дуусгавар болгож, дээрх худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн.

Ингээд эцсийн буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дээрх 2 гэрээний үүрэгт 75.934.519 төгрөг болохыг 2 тал баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдэж, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 300.000.000 төгрөгийн урьдчилгаа хүлээж авсан, ажлын гүйцэтгэл 243.378.721 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 56.621.279 төгрөгийн өглөг манайд үүссэн, үүнийг худалдах, худалдан авах гэрээний асфальтон бетон хольцны үнэ болох 137.616.892 төгрөгийн авлагаас хассан, мөн захиалагчийн хяналтын 5.061.094 төгрөг тус тус хасахад үлдэгдэл 75.934.519 төгрөг болсон.

Иймд хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-аас гэрээний үүрэгт 75.934.519 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н. хан" ХХК нь манай газартай УБЗЗАГ/НЧ-3/-2018 тоот гэрээ байгуулан Налайхын аж үйлдвэрийн паркийн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.4 км авто зам барьж гүйцэтгэхээр 2.401.753.019 төгрөгийн гэрээ хийж урьдчилгаа 300.000.000 төгрөг авсан. Гэрээний дагуу ажлаа эхлүүлээд явж байх хугацаандаа дур мэдэн ажлаа орхиж гэрээнийхээ үүргийг зөрчсөн болно.

Үүнээс болж тухайн замын шинэчлэлтийн ажлын явц удааширсан, график зураг төслийн дагуу явагдаж чадалгүй манай байгууллагад хохирол учруулсан.

Ажлыг 2018.11.16-ны өдрөөс 2019.08.10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байсан.

Гэрээний урьдчилгаанд 300.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ажил дуусах шатандаа явж байтал 2019.04.24-ний өдөр Н. хан ХХК нь гэрээнээс татгалзах саналыг, 382.900.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн төсвийн хамт хавсаргаж ирүүлсэн.

Замын ажил товлосон хугацаанаас хоцорч цааш үргэлжлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн тул 2019.05.29-ний өдөр ЗБИБ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл үргэлжилж одоо бараг дуусах шатандаа явж байна.

Н. хан ХХК-иас 2019.04.24-ний өдөр ирүүлсэн 382.900.000 төгрөгийн төсвийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд 2019.10.02-ны өдөр 243.378.721 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хоёр тал баталсан.

Гэтэл 2019.05.29-ний өдөр ажлыг үргэлжлүүлэн хийсэн ЗБИБ ХХК нь Н. хан ХХК-ийн хийсэн ажлыг ерөнхий зураг төсөл хийсэн Даваазам ХХК-иар дахин хянуулсан байсан. Ингэж хянуулснаар Н. хан ХХК-ийн хийсэн ажил нь 243.378.721 төгрөг биш, харин 112.160.443 төгрөгийн төсөвт ажил хийсэн болох нь тогтоогдсон.

ЗБИБ ХХК нь уг төсвийг 2020.02.05-ны өдөр манайд ирүүлснийг 2020.02.12-ны өдөр Н. хан ХХК-д явуулж гэрээг шинээр дүгнэж зөрүү тооцох санал хүргүүлсэн.

Ингээд урьдчилгаа 300.000.000 төгрөгөөс бодит гүйцэтгэл болох 112.160.443 төгрөг, асфальтон бетон хольц худалдаж авсан 137.616.892 төгрөгийг тус тус хасаад зөрүү болох 50.222.665 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа болно.

Иймд асфальтон бетон хольцны үлдэгдэл 75.934.519 төгрөг гэдэг бодит байдал дээр байхгүй учраас Н. хан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр УБЗЗАГ/НЧ-3/-2018 тоот ПК1+940- ПКЗ+340 хүртэл 1,4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ-г Н. хан ХХК нь байгуулан Налайхын аж үйлдвэрийн паркийн шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрт 300.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Гэтэл Н. хан ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2018.11.16-ны өдөр гэрээгээ цуцалсан.

Уг ажлыг үргэлжлүүлэн хийхээр манай байгууллагатай ЗБИБ ХХК гэрээ байгуулсан бөгөөд Н. хан ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төсөв үнэлгээг гаргуулахаар тус замын зураг төсвийг хийж гүйцэтгэсэн компани болох Даваа зам" ХХК-иар төсвийг гаргуулахад 112.160.446 төгрөг болсон байна.

Энэ тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №60 тоот албан бичиг Н. хан ХХК-д хүргүүлж, гэрээг шинээр дүгнэж зөрүү тооцох санал хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Н. хан ХХК-ийн зам барилгын ажлыг үргэлжлүүлсэн хийсэн ЗБИБ ХХК нь 2019.05.29-ний өдөр ерөнхий зураг төсөл хийсэн Даваазам ХХК-иар дахин хянуулахад хийсэн ажлын гүйцэтгэл 243.378.721 төгрөг биш, харин 112.160.443 төгрөгийн төсөвт ажил хийсэн болох нь тогтоогдсон.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 300.000.000 төгрөгөөс 112.160.443 төгрөгийн гүйцэтгэлийг хасахад зөрүү 187.839.557 төгрөг гарна. Үүнээс Н. хан ХХК-д өгөх асфальтон бетон хольцны үнэ 137.616.892 төгрөгийг хасч, үлдэх 50.222.665 төгрөгийг Н. хан ХХК-иас 50.222.665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н. хан ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэнгэл, өмгөөлөгч Б.Оюунбатын хамт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа :

УБ.З.З.А.ГОНӨААТҮГ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээг цуцалсан,...уг ажлыг үргэжлүүлэн хийлгэхээр ЗБИБ ХХК-тай гэрээ байгуулсан, Даваазам ХХК-иар төсвийг гаргуулахад 112.160.446 төгрөг болсон байна.... Иймээс гүйцэтгэлийн зөрүү 187.839.554 төгрөгийг гаргуулах гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

1.Н. хан ХХК нь Налайх дүүрэг, 3-р хороо, Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн доторх замын ПК1+940-ПКЗ+340 хүртэлх 1,4 км авто замын ажлыг 2,4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2018 онд 382.8 сая төгрөгийн ажил гүйцэтгэж 300.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан.

Манай компани 2019.04.24-ний өдөр гэрээ цуцлах хүсэлтээ өгч, талууд 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээгээ дүгнэсэн. Ингээд манай компани 382.800.000 төгрөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийг УБЗЗАГ ОНӨААТҮГ-т хүргүүлсэн боловч тоо хэмжээ таарахгүй байна гэсэн үндэслэлээр захиалагч буюу УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын хүсэлтээр Тахиометр ХХК-иар хэмжилт хийлгэн гүйцэтгэлийг захиалагч байгууллага болох УБЗЗАГ ОНӨААТҮГ нь 243.378.721 төгрөг хэмээн бууруулан гаргаж, гүйцэтгэгч болох Н. хан ХХК нь дээрх гүйцэтгэлийн дүнг зөвшөөрч 2 тал харилцан тохиролцож гэрээ цуцлан акт үйлдэж баталгаажуулсан.

2.Дээрх зам барилгын ажилд зориулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиалагч болох УБЗЗАГ ОНӨААТҮГ-т 1,8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгосон боловч тухайн ажлын гүйцэтгэгч 3 компанид нийт 1 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон нь төрөөс олгосон төслийн санхүүжилтыг зориулалтын бусаар ашигласан. Санхүүжилтын дутуу олгосон талаар удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй. Улмаар санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул талууд харилцан тохиролцож гэрээг цуцлан, гэрээг дүгнэсэн акт үйлдсэн.

/2018 оны 12-р сарын УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын мөнгөн гүйлгээний жагсаалтыг шилэн данснаас харж болно/

3.Дээр дурдсан гэрээ дүгнэсэн акт болон баталгаажуулсан гүйцэтгэл, тооцооны үлдэгдэлийн баталгаа зэргийг үндэслэн 2 байгуулагын нягтлан бодогч нар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж тухайн өдрийн байдлаар УБЗЗАГ ОНӨААТҮГ нь 75.934.519 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан.

Гэтэл ийнхүү гэрээг дүгнэснээс хойш буюу 2020 оны 02 дугаар сард өөрийн байгуулсан компанийхаа гаргасан 112.160.443 төгрөгийн асуудал ярьж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь манай хийсэн ажлын гүйцэтгэлийг өөрсдийн 243.378.721 төгрөгийн төсвийг Улаанбаатар зам засвар арчлалтын газарОНӨААТҮГ өөрсдөө гаргаж өгсөн гэдгийг тодруулж хэлмээр байна.

4.Талуудын хамтран байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн баримтад талууд гэрээний үнэ, ажлын хөлсийг тодорхой тохиролцож тусгасан.

Иргэний хуулийн 343.1-р зүйлд зааснаар захиалагч нь тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хэлэлцэн тохирсон үнэ гэдэгт гэрээнд заасан нийт үнэ, талуудын тохиролцож баталсан төсөв, түүнчлэн гэрээ дүгнэсэн актад тусгасан үнэ орох учиртай. Харин хариуцагч нь бусад этгээдтэй байгуулсан, ажлын өөр хэсэгт хамаарах гэрээндгманай хийсэн ажлын төсвийг тохиролцож тогтоох ямар ч үндэслэлгүй.

Иймд УБ.З.З.А.ГОНӨААТҮГ-ын 50.222.665 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н. хан ХХК нь хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75.934.519 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооорнд байгуулагдсан ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.222.665 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар бүхэлд нь маргаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №ХХАГ 2018-14 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №УБЗЗАГ/НЧ-3/2018 тоот ПК1+940-ПК3+340 хүртэлх 1,4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

1. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №ХХАГ-2018-14 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ээр худалдагч Н. хан ХХК нь нэгж үнэ 175.000 төгрөг бүхий халуун асфальтбетон хольц жижиг ширхэглэлтэй /өнгө/, нэгж үнэ 165.000 төгрөг бүхий 437 тн халуун асфальтбетон хольц /суурь/-ийг худалдан авагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазрын захиалгаар нийлүүлэх, талуудын нягтлан бодогч нар тухайн сар бүрийн 15,30-ны өдрүүдэд 2 удаа тооцоо нийлж, дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх, бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор байхаар тохиролцжээ.

/хх-ийн 6-9/

 

2. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №УБЗЗАГ/НЧ-3/2018 тоот ПК1+940-ПК3+340 хүртэлх 1,4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ-ээр Н. ХХК нь авто замын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчээр оролцсон, захиалагч УБ.З.З.А.ГОНӨААТГазар ажлыг хүлээн авах, гэрээний үнийг 2.401.753.019 төгрөг, хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр,

гэрээний 7 дугаар зүйлд үнийн дүнгээс захиалагчийн хяналтын зардал 2 хувь, магадлашгүй ажил 2 хувь, норм, нормативын сан 0,4 хувь, барьцаа 5 хувь, түүхий эд материалын зардлыг тус тус хасахаар тохиролцжээ.

/хх-ийн 57-63/

Дээр дурдсан гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Н. хан ХХК нь жижиг ширхэглэлтэй халуун асфальтбетон хольц, халуун асфальтбетон хольц /суурь/-ийг худалдах, УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар үнэ төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ,

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Н. хан ХХК нь 1.4 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь хөлс төлөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь 300.000.000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч Н. хан ХХК-д олгосон, тэрээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсний үндсэн дээр талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан байх ба гэрээ дүгнэсэн баримт үйлдэж, харилцан баталгаажуулжээ.

 

Уг баримтад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр УБ.З.З.А.ГОНӨААТҮГазрын захиалгаар Тахиометр ХХК нь Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк-аас Чойр чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажлын ПК19+40-ПК33+40 хоорондох хэсэгт хэмжилт хийж, Н. хан ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тогтоосон, гүйцэтгэлээр Н. хан ХХК нь УБ.З.З.А.ГОНӨААТҮГазарт 56.621.279 төгрөгний өглөгтэй гэдгийг тусгасан байна.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Нарабулаг хан ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 300.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан, гэрээний дагуу 243.378.721 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үлдэх 56.621.279 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 114/

 

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, харилцан баталсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлджээ.

 

Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтын жагсаалтад нэхэмжлэгч тал хэсгийн 1-т:2018 оны Асфальт борлуулсан үлдэгдэл тооцоо, огноо 2018.10.30, дүн 137.616.892,

2-т:2018.11.16-2019.08.10 Налайх дүүрэг 1.4 км ажлын гүйцэтгэл, огноо 2019.10.08, дүн 243.378.721, нийт дүн хэсэгт 75.934.519,

Төлөгч талын баримтын дугаар хэсгийн 1-т:Урьд авсан санхүүжилт, огноо 2018.11.01, дүн 300.000.000 ,

Захиалагчийн хяналт хэсэгт 4.194.484, норм,норматив 866.610 гэж тусгасан байна.

/хх-ийн 120-121/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн протокол, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт зэргээс үзэхэд Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГазар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 137.616.892 төгрөгийг Н. хан ХХК-д төлөх,

Н. хан ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 56.621.279 төгрөгийг УБ.З.З.А.ГОНӨААТҮГазарт төлөх үүрэг тус тус хүлээсэн, ийнхүү биелүүлэх хугацаа нь болсон 2 гэрээний үүргийг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэр бүрчлэн нийлж үзээд УБ.З.З.А.ГХХК нь Н. хан ХХК-д 75.934.519 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.

 

УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь өөрийн захиалгын дагуу Тахиометр ХХК ажилласан гэдэгтэй маргаагүй.

 

УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь ЗБИБ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр Н. хан ХХК нь 112.160.443 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил гүйцэтгэсэн болох нь уг замын ерөнхий зураг төсөл хийсэн Даваа зам ХХК хянасан, ЗБИБ ХХК-ийн ерөнхий инженер О.Түвшинбилэг, төсөвчин Д.Ганбат нарын мэдүүлгээр тогтоогдоно гэж сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

/хх-ийн 64-72, 146-147/

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д : Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол уг ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.

 

Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.

 

Дээр дурдсан байдлаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төсөв зохиосны үндсэн дээр ажил гүйцэтгэх, ингэснээр захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөлс төлөхийг шаардах эрхийг бий болгоно.

 

УБ.З.З.А.ГОНӨААТҮГазрын захиалгаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Тахиометр ХХК нь авто замын ажлын ПК19+40-ПК33+40 хоорондох хэсэгт хэмжилт хийснээр Н. хан ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 243.378.721 төгрөг, өглөг 56.621.279 төгрөг болохыг тогтоож, талууд тооцоо нийлснээр Н. хан ХХК-д 75.934.519 төгрөгийн өртэй гэдгээ харилцан баталгаажуулж, гэрээг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цуцалсан болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд зохигч нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дүгнэж, цуцалсан болох нь тогтоогдож байх ба УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь ЗБИБ ХХК-ийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Н. хан ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг 112.160.446 төгрөг гэх төсвийг үндэслэн гэрээ дуусгавар болсноос хойш даруй 7 сарын дараа уг ажлыг өөртэй нь байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж буй хуулийн этгээдийн хүсэлт, тэдний мэдүүлгийг үндэслэн дуусгавар болгосон гэрээний санхүүжилтийг буцаан шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл УБ.З.З.А.ГОНӨААТҮГазар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах үед Н. хан ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 112.160.443 төгрөг байсан гэдгийг нотолсон баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазраас худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 75.937.519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н. хан ХХК-д олгож,

нэхэмжлэгч Н. хан ХХК-иас 50.222.665 төгрөг гаргуулах тухай хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазраас 75.934.519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н. хан ХХК-д олгож,

Н. хан ХХК-иас 50.222.665 төгрөг гаргуулах тухай УБ.З.З.А.ГОНӨААТҮГазрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч УБ.З.З.А.ГОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 537.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н. хан ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537.625 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409.063 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ