Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1560

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.М-гийн хариуцагч З.С-, Г.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 63 225 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, бэлэглэлийн гэрээ болон баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.С-, Г.Т- нар эхнэр, нөхөр бөгөөд Ц.М-тай найз нөхдийн харилцаатай байсан тул амаар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 45 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгө болох 45 000 000 төгрөгийг Ц.М- өөрийн Хаан банкны 5750255629 дугаар дансаар Г.Т-ын Хаан банкны 5163228741 дугаар дансанд шилжүүлсэн. Хариуцагч нар зээл авахдаа эхний сарын хүү болох 1 350 000 төгрөгийг суутган авч шилжүүлэхийг хүссэн тул 43 650 000 төгрөг шилжүүлсэн. Зээлийг З.С- найз нөхдийн харилцаанд үндэслэн нөхөр Г.Т-ын бизнест зарцуулах зорилгоор авсан боловч хугацаанд нь мөнгийг буцаан төлөөгүй, харилцаагаа тасалсан. Нэхэмжлэгч зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, удаа дараа гэрээр нь очиж байж 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.С-ийг олж уулзсан ба 2019 оны 8 дугаар сарын 24-ний дотор төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцож төлөхөөр баталгаа гаргасан. Тухайн зээлийн эргэн төлөлтийг З.С-, Г.Т- нар нь хамтран хариуцах үндэслэлтэй. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 45 000 000 төгрөг, зээлийн хүү 8 100 000 төгрөг, алданги 10 125 000 төгрөг, нийт 63 255 000 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.С-эс 31 627 500 төгрөг, Г.Т-аас 31 627 500 төгрөг, нийт 63 225 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтын хүрээнд харвал зээлийн гэрээ Г.Т-, Ц.М- нарын хооронд байгуулагдсан. Зээлийн зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. З.С-эс нэхэмжилж байгаа бол З.С-эгээс ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тодорхой тусгаж өгөх ёстой. Зөвхөн эхнэр, нөхөр гэдэг байдлаар З.С-ийг хамааруулж болохгүй. Ц.М-, З.С- хоёр найз нөхдийн холбоотой гэдгийг үгүйсгээгүй. Үзлэг хийхэд хоорондоо найз нөхдийн харилцаатай байсан гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ хуульд нийцүүлээд үнэн зөв гаргах ёстой. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийг З.С-ийн найз нөхдийн харилцаанд үндэслэн нөхөр Г.Т-ын бизнест зарцуулах зорилгоор авсан гэж бичсэн. Сая тайлбартаа Г.Т-ыг ямар бизнес хийдгийг нь мэдэхгүй, зээл өгсөн гэж хэлсэн. Г.Т-ын бизнест зориулж өгсөн зээлээ Г.Т-аас нэхэмжлээд байгаа юм уу, эсхүл З.С- найз нөхдийн холбоотой гэж зуучилж өгсөн учраас З.С-эс нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Г.Т- 43.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байхад З.С-эс хэдэн төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хариуцагч тодорхой тайлбар өгөх ёстой. З.С-, Ц.М- нарын хооронд найз нөхдийн холбоо байгаа болохоос биш иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. З.С- ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний дагуу Ц.М-д мөнгө төлөх үндэслэлгүй тул З.С-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т- нь Ц.М-тай найз нөхдийн харилцаатай байсан учраас өөрийн бизнест зориулж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 43 650 000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлдээ түүний эхнэр З.С-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Зээлийн гэрээ байгуулахад З.С- гэрээний нэг тал болж оролцоогүй, З.С-д энэ зээлийн гэрээ ямар ч хамааралгүй. З.С- 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уг зээлийн гэрээний үндсэн дээр Г.Т-ыг төлөөлж баталгаа гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 43 650 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 19 575 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-д холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ, З.С-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бичсэн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр З.С-ийн нөхөр Г.Т- зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөг авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас тодорхой харагддаг. Энэ зээлийг авахдаа барьцаа болгож, З.С-ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Ц.М- бэлэглэлийн гэрээгээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу зээл хийсэн өдрөө шилжүүлээд авчихсан. Энэ нь дүр үзүүлж хийсэн хэлцлийн хэлбэрийг хангаж байна. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.С-ийн бичсэн баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. Учир нь тухайн зээлийг авахад З.С- гэрээний нэг тал байгаагүй, зээл авахдаа Г.Т-ын дансанд бизнесийг цааш үргэлжлүүлэх зорилгоор авсан зээл байсан учраас З.С-д хамааралгүй. Өөрт хамааралгүй байсан зээлд баталгаа болгож хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баталгааг бичиж өгсөн. Энэ баталгаа нь зээлийн гэрээ шиг баталгаа болсон. Г.Т-, Ц.М- хоёрын хооронд хичнээн төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хэдэн төгрөгийн үүргийг Г.Т- хүлээж байгаа, хүлээх үүргийг хэдий хугацаанд өгөх ёстой нь тодорхойгүй. Тиймээс энэхүү баталгааг болон З.С-, Ц.М- нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М-, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцаа болгож бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Ц.М-гийн хувьд тухайн байрыг шилжүүлж авах сонирхол өнөөдрийг хүртэл байхгүй. Орон сууцыг нь хураагаад авах байсан бол өөр шаардлага гаргаад тухайн орон сууцыг суллуулах асуудал яригдах байсан. Тэр үед зээлийг хугацаанд нь төлж барагдуулна, чи итгэхгүй бол энэ байрыг нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн З.С-ийн хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн. Одоо ч гэсэн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээд дуусчихвал орон сууцны өмчлөлийг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл Ц.М-гийн өмчлөлд байгаа юм. Түүнээс биш З.С-ийн эцэг, эх нь амьдарч байгаа. Хариуцагч З.С-ийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний агуулгыг агуулсан баталгаа гэж тайлбарлаж байгаа нь үнэн. Зээлийн гэрээний агуулгыг агуулсан баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. З.С- тухайн үед зээлийг Г.Т-ын дансанд шилжүүлж авсны дараа бэлэглэлийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд зээл санхүү мөнгөний асуудал байсан нь үзлэгээр тогтоогдсон. Мөнгө хүлээж авсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна. Хэн аль нь мөнгө авсан, төлнө гэх байдлаар хандаж байгаа бөгөөд үүний баталгаа болгон 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.С- өөрийн гараар бичиж өгсөн. Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зайлсхийх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт З-ийн С-эс 21 825 000 төгрөг, Хиад боржигон овогт Г-ийн Т-аас 21 825 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Их тугч овогт М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 575 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар З.С-, Ц.М- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 106 дугаар байр, 158 тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.М-гаас З.С-д буцаан шилжүүлэхийг даалгаж, З.С-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-гаас улсын тэмдгийн хураамжид төлсөн 474 075 төгрөг, хариуцагч З.С-эс улсын тэмдгийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-, З.С- нараас 376 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.М- миний бие З.С-, Г.Т- нарт холбогдуулан 63 225 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх З.С-эс 21 825 000 төгрөгийг, Г.Т-аас 21 825 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 19 575 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж 3.С-ийн гаргасан баталгааг хүчин төгөлдөр гэж тооцож Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж үзсэн хэдий ч зээлдэгч З.С-ийн 45 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан болон үүргийг хугацаанд нь төлөөгүй тохиолдодд алданги төлөхөөр тохиролцсон байсан, түүнийгээ зөвшөөрсөн үйл баримтыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлдэгч З.С-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр "... миний бие Зэнэр овогтой С- нъ М-гаас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 45 000 000 төгрөг зээлж авсан болно. 02, 03 дугаар сарын хүүг төлж байгаад 04 сараас хүүгээ төлж чадаагүй болно. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөхгүй бол 0,5 хувийн алданги тооцохыг зөвшөөрч байна” гэж бичиж гарын үсэг зурсан бөгөөд мөн өдөр зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн З.С-ийн энэхүү үйлдэл болон тус бичиг дэх агуулга нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд З.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа зээлийн гэрээний агуулга бүхий бичиг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо З.С-ийн алданги төлөхийг зөвшөөрч бичгээр үйлдсэн баримтыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацааны 10 125 000 төгрөгийг алданги болгон нэхэмжилсэн бөгөөд анхны зээл авсан, үүрэг гүйцэтгэх хугацаанаас тооцоогүй юм. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 196.1.2 заасныг хэрэглэхгүйгээр бичгээр гэрээ байгуулаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийн дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: “...Ц.М- нь З.С-ийг өөрийн дотны найз тул мөнгө зээлүүлээч гэх хүсэлтийг хүлээн авсан, түүний хүсэлтээр нөхрийх нь данс руу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөнгийг шилжүүлсэн, улмаар мөн өдөр З.С- өөрийн өмчлөлийн орон сууцыг уг зээлийн барьцаа болгож бэлэглэлийн гэрээ байгуулсан, түүнчлэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр баталгаа гаргасан байгаа зэргээс харахад З.С-, Г.Т- нар Ц.М-гаас зээлийг авсан, зөвхөн нөхрийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэдгээр З.С- хариуцахгүй байх үндэслэлгүй.” гэжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжпэлийн үндэслэлдээ Г.Т-ын бизнест зарцуулах зорилгоор зээл олгосон гэдэг. Тийм ч учраас Г.Т-ын данс руу зээлийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа 43.650.000 төгрөгийн зээлийг өөрийн бизнестээ зориулж авсан гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Г.Т-аас нэхэмжилсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байгаа зэрэгт дүгнэлт хийлгүйгээр Г.Т-ын хүлээн зөвшөөрсөн 43 650 000 төгрөгийг З.С-эд хамааруулан 21 825 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч З.С-, Г.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч тус бүрээс 31 627 500 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч Г.Т- 43 650 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй гэж, хариуцагч З.С- нь зээлийн гэрээний оролцогч биш тул хариуцахгүй гэж тайлбарлаж, бэлэглэлийн гэрээ болон баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

           

            Нэхэмжлэгч Ц.М- нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2 удаа 20 000 000 төгрөгөөр, мөн 3 650 000 төгрөг нийт 43 650 000 төгрөгийг хариуцагч Г.Т-ын хаан банкны 5163228741 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч З.С-ийн хүсэлтээр зээлийн мөнгөн хөрөнгийг түүний нөхөр болох хариуцагч Н.Т-ын дансанд шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бичиж өгсөн баталгаа гэх баримтаар зээлийг төлөх агуулгатай тайлбарыг өөрөө бичиж өгсөн талаар маргаагүй байна. /хэргийн 5 дугаар тал/ Иймд хариуцагч нар дээрх 43 650 000 төгрөгийг хамтран зээлсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Түвшинжаргалын нэхэмжлэгчид 43 650 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар, З.С-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн баталгаа бичиж өгсөн зэргээр хариуцагч нар зээлийг хамтран авсан болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч З.С-ийн бичиж өгсөн дээрх баталгаа гэх баримт нь нэг талын үйлдсэн баримт байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч Н.Түвшинжаргал нар харилцан тохиролцож үйлдсэн баримт биш байх тул хүү, алдангийн талаар тохиролцсон бичгээр байгуулсан хэлцэлд тооцогдохгүй юм. Тодруулбал, энэхүү баримт нь талууд харилцан тохиролцсон шинжийг агуулаагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоох, мөн хуулийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагад нийцээгүй байна. Иймд шүүх хариуцагч нараас зээлийн төлбөрт хүү, алдангид 19 575 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. 

 

            Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нараас хувь тэнцүүлэн 21 825 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч З.С-ийн баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн, хариуцагч З.С- нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг дээрх зээлийн барьцаа болгож Ц.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 30-32 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан.

 

            Иймээс анхан шатны шүүх тэдний хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-гаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг З.С-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 255 825 төгрөг, хариуцагч З.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 267 075 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

                                      ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                     С.ЭНХТӨР