Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/01322

 

 

 

2020 оны 5 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/01322

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.С,

 

Хариуцагч: Г.Т нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 63.225.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, бэлэглэлийн гэрээ болон баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн, хариуцагч З.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Г.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундра, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.С, Г.Т нар эхнэр, нөхөр бөгөөд Ц.Мтай найз нөхдийн харилцаатай байсан тул амаар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 45.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгө болох 45.000.000 төгрөгийг Ц.М өөрийн Хаан банкны 5750255629 дугаар дансаар Г.Тын Хаан банкны 5163228741 дугаар дансанд шилжүүлсэн. Хариуцагч нар зээл авахдаа эхний сарын хүү болох 1.350.000 төгрөгийг суутган авч шилжүүлэхийг хүссэн тул 43.650.000 төгрөг шилжүүлсэн. Зээлийг З.С найз нөхдийн харилцаанд үндэслэн нөхөр Г.Тын бизнест зарцуулах зорилгоор авсан боловч хугацаанд нь мөнгийг буцаан төлөөгүй, харилцаагаа тасалсан. Нэхэмжлэгч зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, удаа дараа гэрээр нь очиж байж 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.Сэлэнгийг олж уулзсан ба 2019 оны 8 дугаар сарын 24-ний дотор төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцож төлөхөөр баталгаа гаргасан. Тухайн зээлийн эргэн төлөлтийг З.С, Г.Т нар нь хамтран хариуцах үндэслэлтэй. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөг, зээлийн хүү 8.100.000 төгрөг, алданги 10.125.000 төгрөг, нийт 63.255.000 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Сэлэнгээс 31.627.500 төгрөг, Г.Таас 31.627.500 төгрөг, нийт 63.225.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М, өмгөөлөгч О.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлээ анх бичгээр гаргахдаа нийт 63.255.000 төгрөгнөөс З.Сэс 31.657.500 төгрөг, Г.Таас 31.657.500 төгрөгийг тэнцүү хэмжээнд хувааж авахаар шаардсан. Анх З.С мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө зээлүүлээч гэх хүсэлт гаргасан ба бид хоёр олон жил үерхсэн найзууд учир миний бие зөвшөөрч, түүний нөхөр Г.Тын дансанд мөнгийг шилжүүлсэн ба шилжүүлэх үед З.С Дүнжингарав худалдааны төвд хамт байсан. Мөнгө шилжүүлсний дараа талуудын хооронд орон сууц шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл З.С мөнгө шилжүүлсний барьцаа болгож, орон сууцаа миний нэр дээр шилжүүлсэн ба мөнгөө төлчихвөл орон сууцыг буцааж өгөхөөр тохирсон. Тэр мөнгийг хүлээн авсан гэдгийг З.С хүлээн зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. Энэ баталгаанд анх хэдэн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэй авсан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох талаар тодорхойлсон. З.Сэлэнгийн гаргаж байгаа бичгийн баталгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэх хуулийн заалттай нийцэж байна. Өөрөөр хэлбэл З.С нь нэгэнт үүссэн үүргээ хүлээн зөвшөөрч, бичгээр баталгаа гаргасан гэж үзэж байна. Гэтэл хариуцагч нар зөвхөн дансанд мөнгө шилжүүлсэн гэдгээр Г.Тыг ганцхан хариуцагч байх ёстой, талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээ байгуулсанд тооцох тухай хуульчилсан. Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар тооцно гэж заасан. Тиймээс З.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн бичиж өгсөн баталгааг Ц.М хүлээн авсан учраас гэрээг байгуулсан гэж үзэж болно. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс тухайн баталгаан дээр бичигдсэн эцсийн хугацаа болох 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 6 сарын хүү, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүрэг дуусгана, эс гүйцэтгэвэл 0.5 хувийн алданги тооцно гэж бичсэний дагуу нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 45 хоногийн алдангийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодорхой болгож өгөх нь зүйтэй. Нотлох баримтын хүрээнд харвал зээлийн гэрээ Г.Т, Ц.М нарын хооронд байгуулагдсан. Зээлийн зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. З.Сэс нэхэмжилж байгаа бол З.Сэгээс ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тодорхой тусгаж өгөх ёстой. Зөвхөн эхнэр, нөхөр гэдэг байдлаар З.Сэлэнгийг хамааруулж болохгүй. Ц.М, З.С хоёр найз нөхдийн холбоотой гэдгийг үгүйсгээгүй. Үзлэг хийхэд хоорондоо найз нөхдийн харилцаатай байсан гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ хуульд нийцүүлээд үнэн зөв гаргах ёстой. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийг З.Сэлэнгийн найз нөхдийн харилцаанд үндэслэн нөхөр Г.Тын бизнест зарцуулах зорилгоор авсан гэж бичсэн. Сая тайлбартаа Г.Тыг ямар бизнес хийдгийг нь мэдэхгүй, зээл өгсөн гэж хэлсэн. Г.Тын бизнест зориулж өгсөн зээлээ Г.Таас нэхэмжлээд байгаа юм уу, эсхүл З.С найз нөхдийн холбоотой гэж зуучилж өгсөн учраас З.Сэс нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Г.Т 43.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байхад З.Сэс хэдэн төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хариуцагч тодорхой тайлбар өгөх ёстой. З.С, Ц.М нарын хооронд найз нөхдийн холбоо байгаа болохоос биш иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. З.С ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний дагуу Ц.Мд мөнгө төлөх үндэслэлгүй тул З.Сд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундра шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь Ц.Мтай найз нөхдийн харилцаатай байсан учраас өөрийн бизнест зориулж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 43.650.000 төгрөгийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлдээ түүний эхнэр З.Сэлэнгийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Зээлийн гэрээ байгуулахад З.С гэрээний нэг тал болж оролцоогүй, З.Сд энэ зээлийн гэрээ ямар ч хамааралгүй. З.С 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уг зээлийн гэрээний үндсэн дээр Г.Тыг төлөөлж баталгаа гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 43.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 19.575.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ, З.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бичсэн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр З.Сэлэнгийн нөхөр Г.Т зээлийн гэрээ байгуулж, 45.000.000 төгрөг авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас тодорхой харагддаг. Энэ зээлийг авахдаа барьцаа болгож, З.Сэлэнгийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Ц.М бэлэглэлийн гэрээгээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу зээл хийсэн өдрөө шилжүүлээд авчихсан. Энэ нь дүр үзүүлж хийсэн хэлцлийн хэлбэрийг хангаж байна. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.Сэлэнгийн бичсэн баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. Учир нь тухайн зээлийг авахад З.С гэрээний нэг тал байгаагүй, зээл авахдаа Г.Тын дансанд бизнесийг цааш үргэлжлүүлэх зорилгоор авсан зээл байсан учраас З.Сд хамааралгүй. Өөрт хамааралгүй байсан зээлд баталгаа болгож хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баталгааг бичиж өгсөн. Энэ баталгаа нь зээлийн гэрээ шиг баталгаа болсон. Г.Т, Ц.М хоёрын хооронд хичнээн төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хэдэн төгрөгийн үүргийг Г.Т хүлээж байгаа, хүлээх үүргийг хэдий хугацаанд өгөх ёстой нь тодорхойгүй. Тиймээс энэхүү баталгааг болон З.С, Ц.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцаа болгож бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Ц.Мгийн хувьд тухайн байрыг шилжүүлж авах сонирхол өнөөдрийг хүртэл байхгүй. Орон сууцыг нь хураагаад авах байсан бол өөр шаардлага гаргаад тухайн орон сууцыг суллуулах асуудал яригдах байсан. Тэр үед зээлийг хугацаанд нь төлж барагдуулна, чи итгэхгүй бол энэ байрыг нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн З.Сэлэнгийн хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн. Одоо ч гэсэн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээд дуусчихвал орон сууцны өмчлөлийг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл Ц.Мгийн өмчлөлд байгаа юм. Түүнээс биш З.Сэлэнгийн эцэг, эх нь амьдарч байгаа. Хариуцагч З.Сэлэнгийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний агуулгыг агуулсан баталгаа гэж тайлбарлаж байгаа нь үнэн. Зээлийн гэрээний агуулгыг агуулсан баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. З.С тухайн үед зээлийг Г.Тын дансанд шилжүүлж авсны дараа бэлэглэлийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд зээл санхүү мөнгөний асуудал байсан нь үзлэгээр тогтоогдсон. Мөнгө хүлээж авсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна. Хэн аль нь мөнгө авсан, төлнө гэх байдлаар хандаж байгаа бөгөөд үүний баталгаа болгон 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З.С өөрийн гараар бичиж өгсөн. Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зайлсхийх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М хариуцагч З.С, Г.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63.225.000 төгрөг гаргуулах, З.С Ц.Мд холбогдуулан бэлэглэлийн гэрээ болон баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.М нь дотны найз З.Сэлэнгийн мөнгө зээлүүлээч гэх хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны түүний нөхөр Г.Тын дансанд 45.000.000 төгрөгнөөс нэг сарын хүү 1.350.000 төгрөгийг суутгаж, 43.650.000 төгрөгийг шилжүүлсэн боловч эргэн төлөлт хийгдээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөг, зээлийн хүү 8.100.000 төгрөг, алданги 10.125.000 төгрөг, нийт 63.225.000 төгрөгийг хоёр хувааж, З.Сэс 31.627.500 төгрөг, Г.Таас 31.627.500 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч Г.Т Ц.Мгаас 43.650.000 төгрөгийг авсан талаар маргахгүй, 43.650.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, уг зээлийн харилцаанд З.С оролцоогүй тул З.Сэлэнгийн гаргасан баталгааны дагуу хүү, алданги төлөх үндэслэлгүй тул 19.575.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч З.С Ц.Мтай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг Г.Т хүлээн авсан, зээлийн гэрээний нэг тал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан, маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дараахь үйл баримт тогтоогдов.

 

Ц.М нь З.Сэлэнгийн хүсэлтээр 45.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр амаар тохиролцож, З.Сэлэнгийн нөхөр Г.Тын Хаан банкны дансанд нэг сарын хүүг хасч 43.650.000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд хариуцагч З.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний зүйл болох мөнгийг З.С хүлээж аваагүй, Г.Тд шилжүүлсэн тул З.С хариуцахгүй гэж тайлбарлаж байх боловч Ц.М нь З.Сэлэнгийг өөрийн дотны найз тул мөнгө зээлүүлээч гэх хүсэлтийг хүлээн авсан, түүний хүсэлтээр нөхрийнх нь данс руу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөнгийг шилжүүлсэн, улмаар мөн өдөр З.С өөрийн өмчлөлийн орон сууцыг уг зээлийн барьцаа болгож бэлэглэлийн гэрээ байгуулсан, түүнчлэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр баталгаа гаргасан байгаа зэргээс харахад З.С, Г.Т нар Ц.Мгаас зээлийг авсан, зөвхөн нөхрийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэдгээр З.С хариуцахгүй байх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Ц.М З.С, Г.Т нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй бөгөөд 45.000.000 төгрөгнөөс нэг сарын хүү 1.350.000 төгрөг суутгаж, 43.650.000 төгрөг авсан талаар маргаагүй, дээрх мөнгийг төлөөгүй байх тул хариуцагч нараас хувь тэнцүүлэн /43.650.000:2=21.825.000/ З.Сэс 21.825.000 төгрөг, Г.Таас 21.825.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн баталгаа гэх баримтад ...Миний бие Зэнэр овогтой Сэлэнгэ Мөнхзаяагаас 2019.01.03-нд сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 45.000.000 /сая/ төгрөг зээлж авсан болно. 02, 03 дугаар сарын хүүг төлж байгаад 04 сараас хүүгээ төлж чадаагүй болно. 2019.07.24-өөс 08.24 хүртэл сарын хугацаанд зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж барагдуулна. 08.24-өөс хойш төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцохыг зөвшөөрч байна... гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.М нь З.С анх хэдэн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэй авсан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох талаар өөрөө зөвшөөрч баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 119.1-т ...Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж заасантай нийцэж байгаа ба өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлан зээлийн хүү 8.100.000 төгрөг, алданги 10.125.000 төгрөг нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Тодруулбал зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн, уг харилцааг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч буюу З.С үүргийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д ...Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй... гэж тус тус заасан ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул дээрх баталгаа гэх баримтыг үндэслэн хүү, алданги тооцох үндэслэлгүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу мөнгийг Г.Тын Хаан банкны 5163228741 тоот дансанд шилжүүлсэн өдөр Ц.М, З.С нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т ...Бэлэглэлийн гэрээгэрр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ... гэж заасан ба зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд бэлэглэгч З.С уг орон сууцыг бэлэг хүлээн авагч Ц.Мд хариу төлбөргүйгээр шилжүүлээгүй, харин 45.000.000 төгрөг зээлдүүлсэний барьцаа болгож, өөрийн нэр дээр шилжүүлсэн, мөнгийг төлсний дараа орон сууцыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон, уг орон сууцанд Ц.М бус З.Сэлэнгийн эцэг эх амьдарч байгаа зэргээс харахад дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөрөөр хэлбэл талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байх тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг арилгаж Ц.Мгаас орон сууцыг З.Сд шилжүүлэхийг даалгаж, зээлийн гэрээний дагуу З.С, Г.Т нараас төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч З.С нь нөхөрийн бизнест зориулж, зээл авах хүсэлтээ Ц.Мд илэрхийлж, тэрээр түүний хүссэнээр нөхрийнх нь данс руу мөнгийг шилжүүлсэн ба мөнгийг төлөх хугацаа өнгөрч төлбөрөө шаардснаар З.С 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ц.Мгаас зээл авснаа баталгаажуулж баталгаа гэх баримтыг үйлдсэн байх ба энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл, өмнө үүссэн үүргийн харилцааг хүлээн зөвшөөрсөн амлалт байх тул уг баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Зэнэрийн Сэлэнгээс 21.825.000 төгрөг, Г.Таас 21.825.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.575.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар З.С, Ц.М нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 106 дугаар байр, 158 тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Мгаас З.Сд буцаан шилжүүлэхийг даалгаж, З.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мгаас улсын тэмдгийн хураамжид төлсөн 474.075 төгрөг, хариуцагч З.Сэс улсын тэмдгийн хураамжид төлсөн 432.950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т, З.С нараас 376.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН