Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00168

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1560 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

З.Сэлэнгэ,******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 63,225,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Бэлэглэлийн гэрээ болон баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Сэлэнгээс 31,627,500 төгрөг,*******аас 31,627,500 төгрөг, нийт 63,225,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж,

...хариуцагч нь Бэлэглэлийн гэрээг өөрөө бичиж өгсөн, ...зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээд дуусчихвал орон сууцны өмчлөлийг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, ...үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө *******гийн өмчлөлд байгаа, ...хэн аль нь мөнгө авсан, төлнө гэх байдлаар хандаж байгаа бөгөөд үүний баталгааг Сэлэнгэ өөрийн гараар бичиж өгсөн. Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

 

Хариуцагч******* ...43,650,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй... гэж, хариуцагч******* ...зээлийн гэрээний оролцогч биш тул хариуцахгүй... гэж тус тус маргаж, хариуцагч*******эс бэлэглэлийн гэрээ болон баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Зэнэрийн Сэлэнгээс 21,825,000 төгрөг, Хиад боржигон овогт Ганхуягийн Түмэнжаргалаас 21,825,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Их тугч овогт Цэрэндоржийн Мөнхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,575,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар*******, ******* нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 106 дугаар байр, 158 тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий орон сууцыг *******гаас*******д буцаан шилжүүлэхийг даалгаж, З.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1560 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 19,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ИХШХШТХуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж З.Сэлэнгийн гаргасан баталгааг хүчин төгөлдөр гэж тооцож, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасантай нийцэж байна гэж үзсэн хэдий ч зээлдэгч З.Сэлэнгийн 45,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан болон мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон, түүнийгээ зөвшөөрсөн үйл баримтыг нотолж бичиг үйлдсэнийг үгүйсгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдэгч З.Сэлэнгийн 2019.07.24-ний өдөр миний бие Зэнэр овогтой Сэлэнгэ нь Мөнхзаяагаас 2019.01.03-нд сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 45,000,000 төгрөг зээлж авсан болно. 02, 03 дугаар сарын хүүг төлж байгаад 04 сараас хүүгээ төлж чадаагүй болно. 2019.07.24-өөс хойш төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцохыг зөвшөөрч байна гэж бичиж гарын үсэг зурсан бөгөөд мөн өдөр зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн. З.Сэлэнгийн энэхүү үйлдэл болон тус бичиг дэх агуулга нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаж байна. Харин анхан шатны шүүх хариуцагч нар 45,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, үүнийгээ бичгээр баталгаажуулж баримтжуулсан байхад 43,650,000 төгрөгийг зээлж авсан мэтээр нотлох баримтыг гуйвуулан дүгнэж хариуцагч нараас 43,650,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Мөн Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан байх боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглээгүй юм. Өөрөөр хэлбэл 2019.07.24-ний өдөр З.Сэлэнгийн үйлдсэн бичиг нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаж байх тул талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад алдангийн хэмжээг тодорхойлохдоо зээлдэгч З.Сэлэнгийн тогтоосон хугацаа буюу 2019.08.24-ний дотор зээлийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон бичгээр баталгаажуулсныг үндэслэн 2019.08.24-2019.10.20-ны өдрийн хооронд 45 хоногийн алданги болох 10,125,000 төгрөг гэж тодорхойлсон. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 196-р зүйл болон 232-р зүйлийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагаас 19,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч нарын тайлбараар******* нь 2019.07.24-ний өдөр бичгээр баримт үйлдсэн нь тогтоогддог бөгөөд тус баримтад зээлдэгч******* нь 45,000,000 төгрөгийг зээлж авснаа бүрэн хүлээн зөвшөөрсөн ба тухайн баримтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа зээлийн хэмжээг 43,650,000 төгрөг гэж тодорхойлж шийдвэрлэсэн нь ИХШХШХуулийн 40-р зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж хариуцагч нарт ашигтай байдлаар үнэлж байгааг илэрхийлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч ******* өөрийн найз З.Сэлэнгийн хүсэлтээр 2019.01.03-ны өдөр түүний нөхөр*******ын дансанд зээлийн хөрөнгө болох 45,000,000 төгрөгөөс нэг сарын 3 хувийн хүү болох 1,350,000 төгрөгийг суутган 43,650,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн өдөр*******, ******* нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, З.Сэлэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 106 дугаар байрны 158 тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлгэнд хүлээн авагч Ц.Мөнхтуяагийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн,*******эс ...2019.01.03-ны өдөр нэхэмжлэгч *******гаас сарын 3 хувийн хүүтэй 45,000,000 төгрөгийг зээлж авсан, ...2019.08.24-ний өдөр зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж өгнө, хугацаандаа төлөхгүй бол хоногийн 0.5%-ийн алданги тооцохыг зөвшөөрч байна... гэх Баталгаа гэсэн бичгийг 2019.07.24-ний өдөр үйлдсэн, зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

7. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид дансаар шилжүүлэн өгсөн талаар зээлдэгч маргаагүй үндэслэлээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т нийцсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 43,650,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хариуцуулан гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн.

 

Хариуцагч*******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож, Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж, харин хариуцагч З.Сэлэнгийн бичиж өгсөн баталгаа гэх бичвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлажээ.

 

Шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцсэн байна.

 

10. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагч******* зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, баталгаа бичиг үйлдэж өгсөн байхад зээлийн хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч******* төлбөр төлөх талаар нэхэмжлэгч *******д баталгаа бичиж өгсөн нь зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг хүчин төгөлдөр болохыг баталсан гэж үзэх бөгөөд харин талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр зээлийн хүү, алдангийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1560 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас 2020.08.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД