Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч С.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор С.Эы нэхэмжлэлтэй Г.Бд холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Б нь Эрдэнэсайхан миний биеэр хүнээс 2.500.000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээл авхуулан сар бүр хүүг нь төлж байгаад сүүлийн 4 сард хүүг нь өгөөгүй хүү нь 1.000.000 төгрөг болсон. Миний бие нь Г.Бгээс хүний мөнгийг төлж дуусга гэж удаа дараа хэлсэн боловч би төлж чадахгүй гэсэн зурвас явуулсан. Ингээд би түүний өмнөөс хүнээс авсан 2.500.000 төгрөг дээр нь хүүний 1000000 төгрөгийг нь төлж, өмнөөс нь зээлсэн мөнгийг нь хаасан. Тухайлбал: 5-р сарын 10-нд 1.000.000 төгрөг, 6-р сарын 23-нд 1.520.000 төгрөг, 7-р сарын 5-нд 1.030.000 төгрөгийг 5109013830 тоот Хаан банкны дансанд хийж дуусгасан. Миний бие нь Төрийн банкнаас цалингийн зээл авсан. Надад одоо 7-8-р сарын цалингийн зээлээ хийх мөнгө алга байна. Тиймээс миний байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнээс хүүтэй мөнгө зээлж авхуулчихаад залилан хийж буй Г.Бг шүүн хэлэлцэж миний хохирол болох 3.500.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 20-нд Эрдэнэсайханаас мөнгөний хэрэг байна гээд 1.000.000 төгрөг авч байсан. Дараа нь 500.000 төгрөг авсан, дараад нь 1.000.000 төгрөг зээлж авсан. Нийт 2.500.000 төгрөг болсон. Би нийт Эрдэнэсайханд өгсөн мөнгө нь 3.980.000 төгрөг байгаа. Түүнээс би үндсэн 2.500.000-гаа хасуулаад хүү нь 1.480.000 төгрөг гэж ойлгож байгаа. Одоо надад энэ хүнд мөнгө өгөх ямар ч боломж бололцоо байхгүй. Би 3.980.000 төгрөгөө өгсөн. Түүнээсээ 1.480.000 төгрөг нь хүүг гэж төлчихсөн тул дахин мөнгө өгөхгүй гэж бодож байгаа гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Г.Бгээс 3500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс 70950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгосугай.

гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие Г.Б нь 2017.04.20-нд 1.000.000 төгрөг, 2017.05 сард 500.000 төгрөг, 2017.09.10-нд 1.000.000 төгрөг бүгд 2.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэхэмжлэгч С.Эаас зээл авсан нь үнэн бөгөөд С.Э дээрх мөнгийг Булагмаа гэдэг хүнээс авч өгсөн гэж надад хэлсэн. С.Эаас би 2.500.000 төгрөгийг цувруулан зээлж авсан ба хүү тооцсон боловч хуульд заасны дагуу бид ямар нэг гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй. С.Эд буцааж төлсөн. Гэтэл шүүх намайг гэрээгээр буцааж төлөх хугацаа тохироогүй тул С.Эы шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Г.Б гэрээний үүрэг биелүүлээгүй байна гэж 3.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь С.Э хүнээс зээлсэн гээд Булагмаа гээд хүндээ 3.500.000 төгрөг төлсөн. Миний төлсөн 3.900.000 төгрөгийг бас Булагмаад өгсөн гэсэн тэгэхээр тэр Булагмаа гэж хүн нийтдээ 7.400.000 төгрөг авсан гэж шүүх хурал дээр Эрдэнэсайхан ярьсан. ...би хэдийгээр мөнгө өгөх ёстой ч арай ийм их мөнгө авч байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүнд шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй шууд намайг буруутган 3.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Г.Б нь шүүх С.Эы шаардлагаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж 3500000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна гэж гомдол гаргажээ. Шүүх хариуцагчийн гомдолд бичсэн шиг зээлийн гэрээний харилцааг үндэслэж асуудлыг шийдвэрлээгүй. Харин бусдад төлбөр төлөх этгээдийн төлбөрийг сайн дураараа төлсөн этгээд гаргасан зардлаа төлбөр төлөх үүрэг бүхий этгээдээс шаардах эрхийн хүрээнд Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.1 дүгээр зүйлд заасан заалтыг баримталж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Мөнгө зээлдүүлсэн Булгамаад, Бямбасүрэнгийн өмнөөс өгсөн мөнгийг, мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн юм. Иймд хариуцагч Г.Бгээс Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын шүүхийн 2020-01-06-ны өдрийн 16-р шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс түүний зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн ингэснээр хариуцагч нь үүргээсээ чөлөөлөгдсөн тул түүний үүргийг биелүүлэхэд гаргасан зардал 3.500.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э  хариуцагч Г.Бд холбогдуулан 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Бгийн хүсэлтээр 2.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй иргэн П.Булгамаагаас зээлж өгсөн, Г.Б нь сар бүр зээлийн хүүгээ төлж байсан боловч сүүлийн 4 сарын хугацааны хүүгээ болон үндсэн зээлээ төлөөгүй тул П.Булгамаад үндсэн зээл 2.500.000 төгрөг дээр 4 сарын хүү гэж нийт 3.500.000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлснөөр хариуцагч төлбөрөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нь биелүүлсэн зардал 3.500.000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээр дамжуулан зээлж аваад түүнийгээ хүүгийн хамт нийт 3.900.000 төгрөг болгон төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний эрх зүйн харилцаанд үүрэг нь хэлцэл, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр, хуульд заасан бусад үндэслэлээр үүрэг үүсдэг. Хэрэгт авагдсан баримтаар иргэн П.Булгамаа хариуцагч Г.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болон хариуцагч нь тухайн гэрээний дагуу иргэн П.Булгамаагийн өмнө тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн болох тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нотолж чадахгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч С.Э нь иргэн П.Булгамаагаас мөнгө авч Г.Бд өгсөн байж болох боловч энэхүү үйл баримтаар хариуцагч Г.Бг иргэн П.Булгамаагийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгчээс 2.500.000 төгрөгийг тодорхой хугацаатайгаар зээлж мөнгийг хүлээн авснаар С.Э хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа бөгөөд зохигчид нь зээлийн гэрээний талаар маргаагүй тул шүүхээс тухайн гэрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Мөн нэхэмжлэгч нь иргэн П.Булгамаагийн дансанд 2019 онд 3 удаагийн шилжүүлгээр нийт 3.550.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байх ба энэ нь зөвхөн С.Э, иргэн П.Булгамаа нарын хооронд хэлцэл хийгдсэн гэдгийг нотолж байгаа баримт болохоос түүнийг бусдын өмнөөс буюу хариуцагч Г.Бгийн үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн гэдгийг нотлохгүй.

Нэхэмжлэгч өөрт нь шаардах эрх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар үүссэн гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

Энэхүү хуулийн зохицуулалт нь тухайн хэргийн хувьд хариуцагч Г.Б нь иргэн П.Булгамаагийн өмнө тодорхой үүрэг хүлээсэн байх бөгөөд тухайн үүргийг нь нэхэмжлэгч биелүүлсэн тохиолдолд хариуцагчийн үүрэг дуусгавар болж, харин иргэн П.Булгамаагийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан этгээдэд буюу энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Эд шилжих ойлголт юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт иргэн П.Б хариуцагч Г.Б нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тогтоогдоогүй, хариуцагч нь иргэн П.Б өмнө хууль буюу гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад нэхэмжлэгч С.Эыг хариуцагч Г.Бгийн бусдын өмнө хүлээсэн үүргийг сайн дураараа төлсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул түүний хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эы хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН