Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Б.Сгийн давж заалдсан гомдлоор Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Н.Б, Б.С нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр болон нотариатын зардал нийт 8.378.945,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Н.Б, Б.С нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 06-р сарын 07-ний өдөр №201843645740 тоот зээлийн гэрээ байгуулан 10,300,000 /Арван сая гурван зуун мянган / төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,997,522.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,226,042.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,554.74 төгрөг, нийт 5,230,120 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, / 75 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: I. 2018 оны 06-р сарын 07-ны өдөр №201843645740 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. II. 2020 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг Зээлийн хүүгийн төлбөр 214.088,26 төгрөг Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.356 төгрөг Нотариатын үйлчилгээний төлбөр 11.500 төгрөг. Нийт 8,378,945.94 төгрөг гэжээ.

 

Хариуцагч Н.Б нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10,300,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай зээл авч байсан. Тухайн үед ажилтай байсан боловч зээл авсны дараа ажилгүй болсон болохоор зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй хугацаа хэтрүүлсэн үнэн. Хаан банкны зүгээс нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Миний авсан зээлээс Б.С нь нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Бид хоёр садан төрлийн холбоо байхгүй. Банкнаас зээлж авсан мөнгөө би өөрөө захиран зарцуулсан. Би өөрөө зээлээ төлж барагдуулна. Тиймээс Б.Сг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасч өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.С нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Н.Б нь 2018 оны 06 дугаар сард зээл авахдаа Цалингийн зээл аваад 5,000,000 төгрөгөөр машин авах гэсэн юм. Эхнэр маань 2 сарын дараа ажилдаа орохоор нь таныг батлан даагчаас хасуулаад өгнө одоо яаралтай мөнгө авах хэрэгтэй байгаа тул та түр хугацаанд батлан даагаад өгөөч гэж гуйгаад байхаар нь батлан даасан. Би эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч юун сүртэй юм бэ ах аа эхнэр маань удахгүй ажилдаа орчихоор таныг хасуулаад эхнэрээрээ батлан даалгуулчихна гээд байна шүү дээ гээд удаа дараа гуйгаад салахгүй байсан. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд за чи тэгвэл удахгүй намайг батлан даагчаас хасуулаарай гэж хэлсэн юм. Н.Б нь өмнө нь зээлтэй байсан бөгөөд тухайн үед нэмж 2,000,000 төгрөг авсан байсан. Хэрэв намайг зээлийн батлан даагч гэж үзэх юм бол би 2,000,000 төгрөгийг л батлан даасан гэдгээ хэлмээр байна. Би Н.Бат-Эрдэнийн зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл уг цалингийн зээлийг Н.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Түүнээс гадна зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй олон хоног хэтэрсэн талаар банкны зүгээс надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Тиймээс намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасч өгнө үү... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.3, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч ХААН Банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Н.Б, Б.С нарын хооронд 2018 оны 06-р сарын 07-ны өдөр байгуулагдсан №ЗГ/201843645740 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843645740 тоот барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, Н.Б, Б.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг, зээлийн хүүд 214.088,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.356 төгрөг, нийт 8.367.445,94 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.013 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 148.829 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Б.С миний шүүхэд гаргасан тайлбарыг болоод хариуцагч Н.Бат-Эрдэнийн зээлээ авсан тухай тайлбар, Б.С хариуцахгүй гэх тайлбар зэргийг огтоос үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. ...Хариуцагч Б.С миний бис мөнгийг хүлээж аваагүй тул төлбөрийг хариуцахгүй. Намайг энэ зээлийг авсан гэх нотлох баримт энэ хэрэгт огт байхгүй байхад анхан шатны шүүх 4,183,722.97 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн гомдолтой байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 206 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбар хариуцагч Н.Б, Б.С нарт холбогдуулан  2018 оны 06-р сарын 07-ны өдөр байгуулагдсан №201843645740 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  зээлийн гэрээний үүрэг 8,378,945.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Б хүлээн зөвшөөрсөн боловч хамтран хариуцагч Б.С нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.С шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэлийн үндэслэл болох 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээг нэг талаас Хаан банк нөгөө талаас зээлдэгч Н.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С нар байгуулж, гэрээнд 8.283.599 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлэх, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлийг заасан байх ба зээлдүүлэгч банк нь мөнгийг зээлдэгч Н.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлжээ.

Зээлийн гэрээнд Б.С нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсвэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор үүсдэг бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Б.С хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар үгүйсгэгдсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотлох ёстой.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. гэж заасан тул үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүй бол түүний заасан эрх бүхий этгээдэд үүргийг хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгчийн хариу үүрэг үүснэ.

Хариуцагч Б.С нь зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй, зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй учраас үүрэг үүсээгүй гэж татгалзалаа тайлбарлан улмаар түүнтэй холбоотой дансны хуулгуудаа нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд шүүх хариуцагчийн тайлбарт болон хэрэгт авагдсан баримтад тус тус үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй байна.

Хариуцагч Б.Сг зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний үүрэг хүлээсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний үүргийг дангаараа хүлээн зөвшөөрсөн байхад түүний тайлбарт зохих дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Бэс зээлийн гэрээний үүрэг 8.378.94594 төгрөг гаргуулан Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгож, хариуцагч С.Сэргэлэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

2 дахь заалтыг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.013 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бэс нараас 149.013 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. өөрчлөн, 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Сгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 81.890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН