Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

Хариуцагч С.Анхмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор ГБ ХХК-ний нэхэмжлэлтэй Х.А, С.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 114.216.606 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Агийн ГБ ХХК-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Хариуцагч Х.А, С.М нар нь ГБтай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-4325103238 тоот зээлийн гэрээ байгуулж, 125,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш тухайн зээлийг төлөөгүй. Тийм учраас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 102,000,000 төгрөг, үндсэн хүү 12,051,103.89 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 210,502.28 мөнгө, нийт 114,261,606,17 мөнгөний нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах хүсэлт гаргасан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 53.703.342,76 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул нийт 167,964,948,93 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.  ...Банкны зүгээс журам зөрчиж хариуцагчийн өмнөх зээлийг хаасан зүйл байхгүй. Хариуцагчид хөнгөлөлт үзүүлж банкны зүгээс дэмжиж байгаа хэлбэр юм. Монгол банкны зээлийг зээлээр хааж болохгүй гэдэг асуудал байхаа больсон. Банк боломжтой гэж үзсэн тохиолдолд зээлийг зээлээр хаах нь ямар ч асуудалгүй. Зээлийн хорооны хурлаар шийдээд явах бүрэн эрх үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Х.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би урьд нь 50,000,000 төгрөгийн шугамын зээл, 70,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн 2 зээлтэй байсан нь үнэн. Банкнаас 125.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэсэн боловч 102,000,000 төгрөгийн зээл олгож, бидэнд үйл ажиллагаагаа явуулах боломж олгоогүй тул бид санхүүгийн хүнд байдалд орсон. ...Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 125,000,000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөгийг би аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3, 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар Х.А С.М нараас үндсэн зээл 102,000,000 төгрөг гаргуулан ГБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65,964,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 заасан үндэслэлгүй тул 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох

- 1 өрөө орон сууц/ УБ№ Ү-1317001945, гэрчилгээний №000124335, Хаяг: Сэлэнгэ Сүхбаатар 2-р баг, 8-29 тоот,

- 2 өрөө орон сууц /УБ№ Ү-1317003677, Гэрчилгээний №000205521, Хаяг Сэлэнгэ Сүхбаатар, 2-р баг, 8-28 тоот

-Үйлчилгээний зориулалттай барилга, эзэмших газрын хамт /Үйлчилгээний барилгын гэрчилгээ №000083638, УБ№ Ү-1317003640, газрын гэрчилгээ №0264591, хаяг:Сэлэнгэ Сүхбаатар 2-р баг, 1-р байрны урд байрлалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар ГБны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,724 төгрөг, Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Х.А, С.М нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 667,950 төгрөг гаргуулан ГБинд олгосугай... гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Агийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн юм. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчихийн зэрэгцээ хууль хэрэглээний алдаа гаргаж. хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг алдааг гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан 4325103238 тоот зээлийн дансны хуулгаар хариуцагч талын зүгээс зээлийн хүүний төлбөрт нийт 3 удаагийн үйлдлээр 1,814,320.77 төгрөг төлсөн байхад энэ төлөлтийг үнийн дүнд оруулан тооцолгүй, хэрэгт авагдсан баримтыг дутуу үнэлж дүгнэжээ. Эдгээр зээлийг төлөлтийг хэрхэн хийсэн талаар манай өмгөөлөгчийн зүгээс бичгээр болон амаар үндэслэл бүхий тайлбар өгч мэтгэлцсээр байтал анхаарч үзээгүй болно. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 815.320.77 төгрөгийн хүүний төлбөр, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 559.000 төгрөгийн хүүний төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 440.000 төгрөгийн хүүний төлбөр тус тус төлсөн нь зээлийн дансны хуулгаас харагдаж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарахыг хичээнгүйлэн хүсч байна.

Мөн зээлийн шимтгэл нэрийдлээр 1.020,000 суутгасан талаар дүгнэж, шүүхийн шийдвэртээ энэ тухай тусгасан хэрнээ зээлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэлгүй алдаа гаргасан байна. ...Анхан шатны шүүхээс банкнаас олгосон зээлийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн асуудал нь тусгай хуулийн зохицуулалттай байтал зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээдийн хоорондын зээлийн асуудлыг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж хууль хэрэглээний алдааг гаргасан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талын зүгээс анхнаасаа зээлийн бодитоор олгох хүсэл сонирхол байгаагүй. зээлийг олгосон даруй суутгаж авах цаг хугацааны асуудал байсан ба энэ нь гэрээ байгуулагдах үеэс тодорхой, ойлгомжтой байсан талаар хэлж, энэ тал дээр талууд маргаагүй байтал зөвхөн зээлийн дансанд гүйлгээ хийсэн байдлыг нэхэмжлэгч талд хэтэрхий ашигтай байдлаар үнэлж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлээ болгожээ. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх, зориулалтын дагуу зээлийг ашиглуулахгүй гэдгээ урьдаас тооцож, өөр зориулалтаар олгосон мөнгөн хөрөнгө гэдгийг урьдаас мэдсээр байж зээлийн данснаас хууль бусаар суутган авсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдсоор байтал анхан шатны шүүх анхаарч үзэлгүй үндэслэл муутай шийдвэр гаргасан байна. ...Иймээс Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 68 тоот шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй хэмээн үзэж. хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон. хариуцагч нарт олгосон үндсэн зээл болох 102.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэрнээ зээлийн хүү 61,703,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,261,394 төгрөг нийт 65,964.948 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгч авах эрхээ алдлаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэгэнт зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн учир гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох ёстой ба нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтдээ Иргэний хуулийн 223-р зүйлийн 223.2, 224-р зүйлийн 224.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 223-р зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн...", Иргэний хуулийн 224-р зүйлийн 224.2.3-т заасны дагуу дээрх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь "... мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү. анз авах эрхээ алдах... гэжээ. Хэргийн бодит байдал, үйл баримтаас харвал үүрэг гүйцэтгүүлэгч болох ГБ үүрэг гүйцэтгэгч нарт барьцаа хөрөнгөнд нь тохирсон зээлийг 102.000.000 төгрөг олгосон ба нэмэлтээр Ланд круйзер 200 маркийн авто машиныг банкны нэр дээр шилжүүлэн барьцаалсан тохиолдолд нэмэлт зээл болох 23.000.000 төгрөгийг олгохоор болж, барьцаа хөрөнгө яаралтай нэмж зээлээ авахыг сануулж, зээлдэгч нарт удаа дараа мэдэгдсэн байдаг. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодорхой тайлбарлаж, хариуцагч Б.Анхмаа ч үүнтэй маргаагүй хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой биш, харин үүрэг гүйцэтгэгч Б.Анхмаа, С.М нар нэмэлт барьцаа хөрөнгө гаргаснаар эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн үлдэгдэл болох 23.000.000 төгрөгийн зээлээ авах боломжтой байсан юм. Дээрх байдлаас харахад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалт хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Ялалт өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд 2015 онд байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн асуудал хүндэрсэн. Хамтран зээлдэгч Х.Аг ГБ-аас санал тавиад, дахин зээл өгье гэдэг байдлаар хандсан. Тэр үед манай үйлчлүүлэгч С.М энэ талаар ойлголтгүй байсан. Тухайн үед Сэлэнгэ аймагт байгаагүй. Энэ асуудалд манай үйлчлүүлэгчийг төлөөлөх асуудал гарсан. 2017 онд болсон үйл явдал. С.Мыг төлөөлөх асуудал яригдахад ГБ-аас ...2015 онд С.М манай банкны зээл аваад, итгэмжлэл хийж өгч байсан байна. Үүнийг дахин ашиглаж болох юм байна... гэсэн байдлаар хандсан. Тэгэхээр өөр зээлд өгч байсан итгэмжлэлийг өөр зээлд ашигласан асуудал гарч ирж байна. Үүнийг нотлооч гэдэг байдлаар хандахад нотлох баримтын шаардлага хангаагүй баримт авч ирсэн. Миний үйлчлүүлэгч С.М хамтран зээлдэгч буюу хамтын үүргийн дагуу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн дагуу үүрэг үүсээгүй гэдгийг шүүх анхаарна гэдэгт найдаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ГБ ХХК  нь зээлдэгч Х.А, С.М нарт холбогдуулан 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 дугаартай гэрээний үүрэгт нийт  167.964.948,93 төгрөгийг гаргуулж, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч  Х.А ГБ ХХК-д холбогдуулан 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Зохигчдын анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн гэх давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар:  Хариуцагч Х.А, С.М нар нь  2014 оны 08-р сарын 21-ний өдөр ЗГ4325100133 тоот зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай авч 2015 оны 09-р сарын  25-ны өдөр гэрээнийхээ эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулж гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 01-р сарын 15-ны өдөр дахин ГБ-наас ЗГ4325100590 тоот зээлийн гэрээгээр 70.000.000 төгрөг зээлж, мөн 2016 оны 01-р сарын  27-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж гэрээний хугацаа 2017 оны 01-р сарын 03-ны өдөр дуусахаар тус тус тохирсон байна.

Үүний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч нар нь ГБ-тай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 125.000.000 төгрөгийг жилийн  24 хувийн хүүтэй,  36 сарын хугацаатай авахаар   ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ, БГ4325103238 тоот ипотекийн гэрээг тус тус  байгуулсан боловч зээлдүүлэгч ГБ нь зээлдэгч нарын барьцааны зүйлийн үнэлгээ хүссэн зээлийн хэмжээнд нь хүрэлцээгүй гэсэн үндэслэлээр 102.000.000 төгрөгийг   Х.Агийн ГБны 4325103238 тоот дансанд шилжүүлжээ.

Зээлдүүлэгч нь зээлдэгч нарт гэрээнд зааснаас 23.000.000 төгрөгийг дутуу олгож, тухайн өдрөө зээлд олгосон 102.000.000 төгрөгөөс зээлдэгч нарын 2014 оны 08-р сарын 21-ний өдрийн ЗГ4325100133 тоот зээлийн гэрээний үүрэгт 50.779.251,72 төгрөгийг, 2015 оны 01-р сарын 15-ны өдрийн ЗГ4325100590 тоот зээлийн гэрээний үүрэгт 49,388,727,51 төгрөгийг тус тус шилжүүлэн урьд авсан хоёр зээлийн гэрээг нь дуусгавар  болгожээ.

Ийнхүү зээлдүүлэгч нь  гэрээгээр тохирсон зээлээ дутуу олгож, зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх буюу зээлсэн мөнгөө эргэлтийн хөрөнгийн журмаар ашиглах нөхцөлийг бүрдүүлээгүйгээс зээлийн гэрээний хугацаа хэтэрч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна.

 

Эргэлтийн хөрөнгийн зээл гэдэг нь зээлдэгчийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж, үйл ажиллагаа жигд хэвийн, тасралтгүй явах боломжийг бүрдүүлэх зорилгоор олгодог зээлийг хэлдэг. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа зээлийн хөрөнгийн тусламжтайгаар хэвийн явуулсны эцэст орсон орлогоор зээлийг төлж барагдуулах үндсэн зарчимд зээлийн судалгаа суурилсан байх ёстой юм.

Дээрх үйл баримтаар талуудад анхнаасаа зээлийг бодитоор олгох хүсэл сонирхол байгаагүй шинээр зээлийг олгож, өмнө байгуулсан гэрээний үүрэгт суутгах нь гэрээ байгуулагдах үеэс тодорхой байсан гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалт ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ, БГ4325103238 тоот ипотекийн гэрээнүүд нь байгуулагдах үеэс өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн гэрээ байх тул хүчин төгөлдөр бус бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот зээлийн болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч ГБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

Тус хуулийн зохицуулалтын дагуу ГБ-наас хариуцагч Х.Ад шилжүүлсэн 102.000.000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж ГБ-д олгох нь зүйтэй боловч тухайн зээлээс банкны зээлийн шимтгэлд суутгасан 1.020.000 төгрөг болон хариуцагч Х.А нь зээлийн төлбөрт 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 559.000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 440.000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 815.320,77 төгрөг буюу 2.834.320,77 төгрөгийг хасаж нийт 99.165.679,23 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч С.М нь ГБтай байгуулах зээлийн гэрээнд зориулан гэр бүлийн хүн болох Х.Ад өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон байх ба тухайн итгэмжлэлийн дагуу талуудын хооронд 2015 оны 01-р сарын 15-ны өдөр ЗГ4325100590 тоот зээлийн гэрээ байгуулагдсанаар түүний бүрэн эрхийг Х.А хэрэгжүүлсэн тул төлөөл дуусгавар болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн талуудын байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул хамтран зээлдэгч С.Мт хүлээх хариуцлага байхгүй, гэрээ хүчин төгөлдөр бус тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.А, С.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 167.964.948,93 төгрөгийг гаргуулж, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ГБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ГБ ХХК болон Х.А, С.М нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот зээлийн болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай. гэж,

2 дахь заалтыг

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Х.Агаас 99.165.679,23 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгосугай.гэж,

4 дэх заалтыг

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.115.724 төгрөг, хариуцагч Х.Агаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ГБ ХХК-аас 653.778 төгрөг гаргуулан хариуцагч Х.Ад олгосугай. гэж тус өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 487.774,74 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.450.900 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН