Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00373

 

                                         

                                   “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэртэй,

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн 42 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 167,964,948.93 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргилын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч талын өмгөөлөгч С.Ялалт, Д.Давааням, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167,964,948.93 төгрөгийг гаргуулж, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3,  451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас үндсэн зээл 102,000,000  төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65,964,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2-т заасан үндэслэлгүй тул  2017 оны 03-р сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох 1 өрөө орон сууц /УБ№ Ү-1317001945, гэрчилгээний №000124335, Хаяг: Сэлэнгэ Сүхбаатар 2-р баг, ,,,,,,,,,,,,,, тоот, 2 өрөө орон сууц /УБ№ Ү-1317003677, гэрчилгээний №0002055,,,,, , Хаяг Сэлэнгэ Сүхбаатар, 2-р баг, ,,,,,,,,, тоот үйлчилгээний зориулалттай барилга, эзэмших газрын хамт /Үйлчилгээний барилгын гэрчилгээ №0000836,,,, , УБ№ Ү-13170036,,,, , газрын гэрчилгээ №0264591, хаяг: Сэлэнгэ Сүхбаатар 2-р баг, 1-р байрны урд байрлалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар ,,,,,,,,,,,,,,,,ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,724 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр  улсын тэмдэгтийн хураамж тооцон 667,950 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,инд олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн 42 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 167,964,948.93 төгрөгийг гаргуулж, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4325103238 тоот зээлийн болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гаас 99,165,679.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.” гэж, 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,724 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 653,778 төгрөг гаргуулан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 487,774.74 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,450,900 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 42 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тус хэргийг шийдвэрлэснээс нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан байна.

4.1. Болсон үйл явдлын талаар: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2017.03.06-ны өдөр ЗГ4325103238 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.1-д “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлдэгч нарт 125,000,000          төгрөгийг 24 хувийн  хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн 4320004936 тоот дансанд бэлэн бусаар олгохоор заасан зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Мөн өдөртөө буюу 2017.03.06-ны өдөр зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн 4320004936 тоот харилцах дансанд 102,000,000 төгрөг олгосон. Уг 102,000,000 төгрөгөөс 50,779,251.72 төгрөгийг зээлдэгч нарын 4325100133 тоот зээлийн төлбөрт, 49,388,727.51 төгрөгийг мөн зээлдэгч нарын 4325100590 тоот зээлийн төлбөрт суутган тэдгээр зээлүүдийг хаасан. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн шимтгэлд 1,020,000 төгрөгийг урьдчилан төлсөн болох нь хэрэгт авагдсан харилцах дансны хуулгаас харагдаж байна. “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2017.09.18-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж ЗГ4325103238 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 102,000,000 төгрөг, хүүд 12,051,103.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 210,502.28 төгрөг буюу нийт 114,261,606.17 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2017.10.25-ны өдрийн 570 дугаар захирамжаар баталсан. Гэвч дээрх шүүгчийн захирамжийг хариуцагчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг үндэслэн эвлэрлийн гэрээнд “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл хэрэгт авагдаагүй гэсэн шалтгаанаар 2019.05.17-ны өдөр хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагыг хангахгүй орхиж бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгсэн атлаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг үндэслэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гаас 99,165,679.23 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Уг магадлалын үндэслэлийг давж заалдах шатны шүүх дараах байдлаар тайлбарласан. “...Ийнхүү зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон зээлээ дутуу олгож, зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгэх буюу зээлсэн мөнгөө эргэлтийн хөрөнгийн журмаар ашиглах нөхцөл бүрдүүлдэггүйгээс зээлийн гэрээний хугацаа хэтэрч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна...” гэж дүгнэсэн нь зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч зээл олгох үүргээ бүрэн биелүүлээгүй гэх зэргээр гэрээний бодитой харилцаа талуудын хооронд үүссэн, мөн хэрэгжүүлж байсан болохыг зөв дүгнэсэн боловч цаашид хийх дүгнэлтүүд нь энэ дүгнэлттэй зөрчилддөг. Давж заалдах шатны шүүх “...эргэлтийн хөрөнгийн зээл гэдэг нь ...зорилгоор олгодог зээлийг хэлдэг...” гэх зэргээр хуульд байхгүй нэр томъёо гарган ирж, түүндээ хийсвэр тодорхойлолт өгсөн байна. ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ бөгөөд аль ч хуульд “эргэлтийн хөрөнгийн зээл” гэсэн ойлголт байхгүй тул уг дүгнэлт хуулийн үндэслэлгүй. Мөн “Дээрх үйл баримтаар талуудад анхнаасаа зээлийг бодитоор олгох хүсэл сонирхол байгаагүй шинээр зээл олгож, өмнө байгуулсан гэрээний үүрэгт суутгах нь гэрээ байгуулагдах үеэс тодорхой байсан гэж үзэхээр байна.” гэжээ. Уг дүгнэлтийн хувьд талуудын хэн аль нь уг зээлээр өмнөх зээлүүдийн төлбөрийг төлөх зорилгоор зээлийн гэрээг байгуулсан болохыг зөв дүгнэсэн. Харин зээлийг бодитоор олгох хүсэл байгаагүй гэдэг нь буруу дүгнэлт юм. Учир нь тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд бодитоор олгож, уг мөнгөн хөрөнгөөр зээлдэгч нарын мөнгөн төлбөрийн өөр үүргийг бодитоор гүйцэтгэж, өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож байгаа нь бодит үр дагавар бүхий бодит гүйлгээнүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдсон. Дээрх дүгнэлтүүддээ үндэслэн шүүх  “...Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017.03.06-ны өдрийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттай ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ, БГ4325103238 тоот ипотекийн гэрээнүүд нь байгуулагдах үеэс өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлсэн гэрээ байх тул хүчин төгөлдөр бус...” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь  1/ дүр үзүүлсэн хэлцэл (Иргэний хуулийн 56.1.2), өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн (Иргэний хуулийн 56.1.3) хэлцлийн аль нь болохыг тодорхойлж заагаагүй (тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56.1.2-ыг үндэслэсэн) ба яагаад тийм хэлцэл хэлцэлд тооцогдож байгаа талаар тодорхой тайлбарлаагүй байна. Талууд зээлийн гэрээг байгуулах үедээ уг гэрээний дагуу олгогдох зээлийн мөнгөн хөрөнгөөр зээлдэгчийн өөр зээлийн гэрээний үүргийг буюу зээлдэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэж байгаа үйлдэл нь яагаад дүр үзүүлсэн хэлцэл болсон, эсхүл ямар өөр хэлцлийг халхавчлаад байгаа талаар шүүх дүгнэлт, тайлбар өгч чадаагүй бөгөөд шүүхийн, хуульд байхгүй ойлголтын талаар тайлбарласан хийсвэр тайлбар болон талууд анх гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн үүргийг гүйцэтгэхээр зорилготой байсан үйл баримтыг тогтоосон нь тийм дүгнэлт хийх үндэслэл болж чадахгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлсэн хэлцэл” гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцлийг ойлгодог. Гэтэл ЗГ4325103238 тоот зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө зээлдэгчийн дансанд бодитоор шилжиж, зээлдэгчийн өмнөх 2 зээлийн гэрээний үүрэг бодитоор төлөгдөн үүргээс чөлөөлөгдөж тодорхой үр дүнд хүрсэн болох нь ойлгомжтой байна. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл болно. Тэгвэл энэхүү тохиолдолд халхавчлуулж буй ямар нэгэн хэлцэл байхгүй. Харин ч давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанаар талууд өмнөх зээлийн үүргийг гүйцэтгэх хүсэл зориг, эрмэлзэл байсан байх ба уг хүсэл зориг эрмэлзэл бодит байдал дээр хэрэгжсэн болох нь тодорхой байна. Тиймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Харин хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байхгүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451.1, 453.1-д заасныг хэрэглэх ёстой байсан.

4.3. Нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйл шийдвэрлэсэн тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т шүүхийн шийдвэрийн хэмжээ хязгаарыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн (болон сөрөг нэхэмжлэлийн) шаардлагын хүрээнээс халих ёсгүй. Энэ хязгаарлалт нь зөвхөн анхан шатны шүүх бус бусад шатны шүүхийн шийдвэрт ч нэгэн адил хамаатай. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь тогтоох хэсгийн нэг дэх заалтаараа “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа, хоёр дахь заалтаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэл болгож ,,,,,,,,,,,,,,,,гаас 99,165,679.23 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талуудын үүргийг заасан байх ба тийм үүргийг “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК  шаардаагүй, сөрөг нэхэмжлэлд ч энэ талаар дурдаагүй. Тиймээс магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэрэв зээлийн гэрээ аливаа шалтгаанаар хүчин төгөлдөр бусд тооцогдох бол уг гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болох ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу түүний үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл, тухайлбал зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн төлбөр тооцооны хэлцэл, уг мөнгөн хөрөнгөөр зээлдэгчийн бусад үүргийг гүйцэтгэсэн төлбөр тооцооны хэлцлүүд нь мөн хүчин төгөлдөр бусад тооцогдох учиртай. Энэ тохиолдолд зээлдэгчийн өмнөх зээлүүдийн үүргээ гүйцэтгэсэн үйл баримтын хүчинтэй эсэх байдал мөн хөндөгдөх болно. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх нь зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хязгаарлагдахгүй юм. Мөн түүнчлэн, шүүх уг үүргийг яагаад зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,гаас гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ыг үүргээс чөлөөлж байгаагаа тайлбарлаагүй. ,,,,,,,,,,,,,,,, нь маргаж буй ЗГ4325103238 тоот зээлийн гэрээний тал бөгөөд уг зээлийн хөрөнгөөр хаагдсан 4325100133 тоот болон 4325100590 тоот зээлийн гэрээний хувьд ,,,,,,,,,,,,,,,,гийн хамтаар хамтран үүрэг гүйцэтгэгч болно.

4.4. Үүргийн гүйцэтгэлийн хангах талаар шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн тухай: Давж заалдах шатны шүүх барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо БГ4325103238 тоот ипотекийн гэрээг мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчингүй болгосон. Энэ шийдвэрээ тайлбарласан зүйл магадлалын үндэслэх хэсэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, яагаад барьцааны гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

БГ4325103238 тоот ипотекийн гэрээгээр зээлдэгч нарын өмчлөлийн (гэр бүлийн дундын өмч) дараах хөрөнгө, эрхийг барьцаалсан:

1). Улсын бүртгэлийн Ү-13170036,,,, дугаартай үл хөдлөх хөрөнгө,

2). Улсын бүртгэлийн Ү-13170019,,,, дугаартай үл хөдлөх хөрөнгө,

3). Улсын бүртгэлийн Ү-13170036,,,,,,, дугаартай үл хөдлөх хөрөнгө,

4). Нэгж талбарын №02645,,, дугаартай газар эзэмших эрх

Эдгээр хөрөнгүүд нь ЗГ4325103238 тоот зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгөөр хаагдсан зээлдэгч нарын өмнөх 4325100133 тоот болон 4325100590 тоот  зээлийн аль алины барьцаанд бүгд барьцаалагдсан байсан. ЗГ4325103238 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцогдсон байлаа ч БГ4325103238 тоот ипотекийн гэрээг шууд хүчин төгөлдөр бус тооцох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлдэгч нарт олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг (хүүгийн хамт эсхүл дангаар) буцаан шаардах эрх хэзээд хүчин төгөлдөр ба уг шаардах эрх буюу мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хангах хэрэгсэл болох барьцааны эрх нь нэгэн адил хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд барьцаагаар хангуулах шаардлагыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

4.5. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай: Дээр дурдсанаас үзвэл давж заалдах шатны шүүх ЗГ4325103238 тоот зээлийн гэрээ болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

-Зээлийн зориулалтын тухай: Хэдийгээр зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалтыг “эргэлтийн хөрөнгө” гэж заасан боловч ингэж заасан нь уг зээлийн гэрээг өөр нэг гэрээний төрөл зүйл болгохгүй. Зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байлаа ч энэ нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл биш юм. Бидний маргаж буй зээлийн хувьд харин ч уг зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгөөр төлөгдсөн 4325100133 тоот болон 4325100590 тоот зээлүүдийн зориулалт нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байсан тул уг зээлийн зориулалт мөн тэдгээр санхүүжилтэд нийцсэн байх шаардлагын үүднээс тийнхүү оруулжээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглана гэдэгт эргэлтийн хөрөнгө болох бараа материал худалдан авах зориулалтаас гадна эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бусад хэрэгслийн төлбөр тооцоог гүйцэтгэх орно. Энэхүү зориулалтыг талууд харилцан хүлээн зөвшөөрч уг зээлийн гэрээг байгуулж, хэрэгжүүлсэн ба давж заалдах шатны шүүх ч энэ нөхцөлийг тогтоогдсон байдлаар дүгнэсэн. Тиймээс тус зээлээр хариуцагч нарыг өмнөх зээлийн үүргийг гүйцэтгэсэн нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

- Зээлийн мөнгөн хөрөнгөөр данснаас суутгасан талаар: ЗГ4325103238 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд олгогдсон 102,000,000 төгрөгөөс 4325100133 тоот болон 4325100590 тоот зээлүүдийн төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК суутган авсан үйлдэл нь талуудын хүсэл зориг болон хууль тогтоомжийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болно. 2017.03.06-ны өдөр зээлдэгчийн дансанд 102,000,000 төгрөг олгосноор Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу зээлийг олгосон тооцно. ЗГ4325103238 тоот зээлийг олгосонд тооцно. Уг зээл олгогдсоноос хойш харилцах дансанд хийгдэж буй гүйлгээ нь уг зээлийн гэрээтэй хамааралгүй харилцаа ба талуудын хоорондын төлбөр тооцооны хэлцэл болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно”. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т  “3ээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.” 4325100133 тоот болон 4325100590 тоот зээлийн гэрээнүүдийн 3.4.1-т “Банк энэхүү гэрээнд заасан хугацаа болмогц зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар суутган авах эрхтэй” гэж тус тус заасны үндсэн дээр хийгдсэн төлбөр тооцооны хэлцэл болно. Энэхүү гүйлгээ нь талуудын хэн алины хүсэл зоригт нийцэж байсан, хариуцагч нар энэ талаар ямар нэг гомдол маргаан үүсгэж байгаагүй. Талуудын хооронд байгуулж, 2017.10.25-ны өдөр шүүхээр баталгаажуулж байсан эвлэрлийн гэрээ мөн энэ нөхцөл байдлыг нотолдог. Хэдийгээр уг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон боловч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгчийн итгэмжлэлээс шалтгаалсан ба хариуцагч нарын эвлэрлийн гэрээ байгуулж байсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм.

-Зээлийн хэмжээний талаар: Зээлийн гэрээг 125,000,000 төгрөгөөр байгуулаад 102,000,000 төгрөгөөр олгогдсон. Ийнхүү зээлийн хэмжээг гэрээнд зааснаас багаар олгосон нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл мөн болохгүй юм. Магадлалын үндэслэх хэсэгт зээлийг дутуу олгосноор зээлдэгчийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн талаар дурдсан байх боловч энэ нь гэрээ хүчин төгөлдөр бус болохтой ямар холбоотой талаар дүгнэлт өгөөгүй. Зээлийг гэрээнд зааснаар дутуу олгосон талаар нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нар нь автомашинаа нэмж барьцаалсны үндсэн дээр үлдсэн зээлээ авахаар урьдчилан тохиролцсон байсан бөгөөд зээлдэгч нар уг нөхцөлийг хангаж чадаагүй тул үлдэгдэл зээл олгогдоогүй талаар тайлбарладаг. Энэ талаарх зээлийн хорооны шийдвэр хэрэгт авагдсан. Зээлийн гэрээний 2.11-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу зээлийг хүлээн авах эрх дараах тохиолдолд үүсэхийг талууд тохиролцов. Үүнд: Зээл болон барьцааны гэрээг байгуулж, тус бүрийг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагад бүртгүүлэн энэ гэрээний дагуу төлөх шимтгэлийг төлснөөр.” гэж заажээ. Зээлдэгч нар нь гэрээний 2.1.7-д зааснаар 1 хувийн шимтгэл төлөх ёстой ба зээл олгогдох өдөр буюу 2017.03.06-ны өдөр 1,020,000 төгрөгийн шимтгэлийг зээл олгогдохоос өмнө төлсөн болох нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн 4320004936 тоот харилцах дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн зээлийн гэрээний 3.4.3-т “...энэхүү гэрээний Хавсралт№2 болгон байгуулсан БГ4325103238 тоот ипотекийн гэрээ болон ирээдүйд талуудын хооронд байгуулагдах барьцааны гэрээ...” гэж зааснаас үзвэл талуудын энэ тохиролцоо нь бодитой бөгөөд зээлдэгч эхний ээлжинд зээлийн тодорхой дүн болох 102,000,000 төгрөгийг авахыг зөвшөөрч харгалзах дүнгээр шимтгэл төлж байсан, мөн ирээдүйд барьцааны гэрээ байгуулагдахаар хүлээгдэж байсан болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх тайлбартай холбогдуулан хариуцагч нар үндэслэл бүхий няцаалт хийгээгүй байдлаас үзвэл зээлийн үлдэгдэл хэрэгт олгогдоогүй нь зээлдэгч нараас шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй юм.

4.6. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 42 дугаар магадлал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020.03.25-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167,964,948.93 төгрөгийг гаргуулж, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасанд хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

8. Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 102,000,000  төгрөг гаргуулан үлдэх 65,964,948 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гаас 99,165,679.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрийг өөрчилсөн байна.

9. Нэхэмжлэгчээс “... Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2017.03.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 125,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл авснаас хойш эргүүлэн төлөөгүй тул 2017.09.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 102,000,000 төгрөг, хүү 12,051,103.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,502.28 төгрөг, нийт 114,261,606.17 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах хүсэлт гаргаж байна... Нэхэмжлэлийн шаардлагаа 53,703,342.76 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 167,964,948.93 төгрөг гаргуулах хүсэлтэй байна....” гэсэнд,

   хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... 2017.03.06-ны өдрийн зээлийн гэрээгээр 125,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай 36 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцсон. Гэвч нэг ч төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө хэлбэрээр суутган авах боломжийг олголгүй,  өмнөх зээлүүдийг хаах зорилгоор шинэ зээл гаргаж өмнөх зээлийн үлдэгдэл дүнтэй тааруулан зээл олгон хаасан байна. ... Зээлийн мөнгөн хөрөнгө болох 102,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон мэт гадаад байдлыг бий болгосон дүр үзүүлсэн хэлцэл хийгээд дараа нь шууд өөр зээлийн төлбөрт 2 хувааж суутган авсан.  Мөн зээлийн хувийн хэргийг нэр төдий бүрдүүлсэн... Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү...” гэж маргажээ.

10. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд байгуулагдсан 2017.03.06-ны өдрийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттай ЗГ4325103238 тоот зээлийн болон БГ4325103238 тоот ипотекийн гэрээ нь байгуулагдах үеэсээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байна...” гэж үзсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11. Хэргийн үйл баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2017.03.06-ны өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ЗГ-4325103238 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан, мөн өдөр уг зээлийн гэрээг баталгаажуулж Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан БГ4325103238 тоот ипотекийн гэрээг байгуулсан байна. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд 102,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тэрээр зээлийн төлбөрт 2017.05.31-ний өдөр 559,000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 440,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 815,320.77 төгрөг буюу нийт 2,834,320.77 төгрөг төлснөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,ыг төлөөлөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Тодруулбал, хэдийгээр талууд “эргэлтийн хөрөнгө босгох” зорилгоор 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгийн хэмжээнд тохируулан 102,000,000 төгрөгийг олгосон нь, мөн уг мөнгөн хөрөнгөөр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, өмнө нь авсан хоёр зээлээ төлж, үүргээ дуусгавар болгосон үйл баримт нь тухайн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн “дүр үзүүлсэн хэлцэл”-д хамаарахгүй юм.

13. Хариуцагчаас “... талууд 125,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор харилцан тохиролцсон боловч зээлдүүлэгч нь нэг ч төгрөгийг эргэлтийн хөрөнгөөр ашиглах боломж олголгүйгээр өмнөх зээлүүдийг хаах зорилгоор үлдэгдэл дүнд тааруулан зээл олгож хаасан тул дүр үзүүлсэн хэлцэл” гэж, мөн түүний өмгөөлөгчөөс “... тухайн зээлийн гэрээний хүү нь өмнөх зээлийн гэрээнээс өндөр байгаа нь хариуцагчид хохиролтой буюу хариуцагч үүнийг хүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулж байна...” гэж маргадаг ч, энэ бүхнийг мэдэж байсан атлаа тухайн үедээ маргаагүй, харин ч хэд хэдэн удаа зээлийн эргэн төлөлт хийж байсан, зээлдүүлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж байсан зэрэг үйл баримтыг дурдах нь зүйтэй.

14. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2, 4.5-д заасан “давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

15. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа “... Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК нь  зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарыг зээлийн гэрээний дагуу хүлээсэн хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олгосон зээлийн зориулалт, ашиглалтыг шалгах, зээл эргэн төлөгдөх боломжийг олгох үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс зээлийн хугацаа хэтэрсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК  хугацаа хэтрүүлсэн, ... иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 61,703,013 төгрөгийн  хүү,  4,261,394 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

         16. Нэхэмжлэгчийн зүгээс “... хариуцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу өмнөх зээлийг хаасан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангаагүй тул 120,000,000 төгрөг олгох боломжгүй болж 102,000,000 төгрөгийг олгосон, үүнийг хариуцагч өөрөө мэдэж байгаа...” гэж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь “... миний зөвшөөрөлгүй өмнөх зээлийг хаасан, 120,000,000 төгрөг өгсөн байсан бол би зээлээ төлөх боломжтой байсан...” гэж маргадаг ч хэнийх нь тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...зээлдэгчийг зээлсэн мөнгөө эргэлтийн хөрөнгийн журмаар ашиглах нөхцөлийг бүрдүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсноос гадна Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан урьдчилсан нөхцөл болох “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс...” гэдэгт юу хамаарах, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ямар үйлдлийг хийх ёстой байтал хийгээгүйгээс хугацаа хэтрүүлсэн талаар тодорхой дүгнээгүй байна.

17. Нэхэмжлэгч 2017.09.28-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2017.09.25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 102,000,000 төгрөг, хүү 12,051,103.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,502.28 төгрөг, нийт 114,261,606.17 төгрөгийн зээлийн өр хуримтлагдаад байна. Иймд 114,261,606.17 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангаж өгнө үү...” гэсэн нь гэрээний үүргээ хугацаанаас өмнө цуцалсан агуулгатай байх тул шүүх нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж, үүнээс хойш буюу гэрээ цуцлагдсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн 53,703,342.76 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

18. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 114,261,606.17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,703,342.76 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “... 667,950 ...” гэснийг “... 729,258 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 501,947 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ