Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 285

 

Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Н.Одгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар магадлалтай, Д.Ч-, Б.М-, Т.М- нарт холбогдох 201725020639 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н-, шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр эгчийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н Ч,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б-н М,

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн эмнэлэгт дуудлагын эмч ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Т-н М.

1. Д.Ч- нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж алсан,

2. Б.М- нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

3. Т.М- нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газрын Б-1 давхарт 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шөнө тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Д.Ч- нь Г.Б-гийн толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж гэмтэл учруулсан гэх хэргийн дуудлагаар очоод анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний 09 цагт нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Т.М-ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

шүүгдэгч Д.Ч-ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

прокуророос шүүгдэгч Б.М-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 11 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-аас 24,571,956 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ч-, Б.М-, Т.М- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Ч-, Б.М- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар нийтийн хэв журмыг зөрчин бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинж байгаа эсэхийг нэмж шалган, тэдний үйлдлийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Б.М- нь ...Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Хувийн таарамжгүй харьцаа байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хэрэв 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэвэл 3-5 жил хорих ялтай, гэм буруутайд тооцогдвол эрх зүйн байдал нь дордох байсан. Харин энэ зүйлд заасан гэмт хэрэг нь ...Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар “танхайрах” зөрчлийн хэрэг болж ...2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах”-нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдыг хүч хэрэглэн, эсхүл эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө, өмчлөх эрхийг зөрчин, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсныг гэмт хэрэгт тооцохоор заасан.

Дээрх танхайрах зөрчил, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь зөрчлийн хэргийн шинжтэй давхцаж байхаар дүгнэгдвэл зарим иргэд нь зөрчлийн хэргээр ял завших, зарим нь гэмт хэрэгтнээр ял шийтгүүлэх болоод байна. Иймд магадлалын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н- гаргасан гомдолдоо “...Миний хүү талийгаач Г.Б- 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн “***” шөнийн цэнгээний газарт Д.Ч-, Б.М- нарт бүлэглэж зодуулсны улмаас тархины битүү гэмтэл авч тэр шөнөө нас барсан. Энэ хэргийн гол нотлох баримт болох камерийн бичлэгт энэ хэргийн үйл явц тодорхой байсаар байхад хэргийг мөрдөн шалгасан, хянасан цагдаа, прокурор нар болон анхан шатны шүүхийн шүүгч нар хэргийг үнэнээр нь хуулийн дагуу шийдээгүй, хэрэгтнүүдийн худал мэдүүлэг, өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн бодит байдлыг гуйвуулж нас барсан хүнийг гүтгэсэн худал өмгөөлөлд үндэслэж хэрэгтнүүдэд ял завшуулсан шүүхийн шийдвэр гарсан.

Улсын дээд шүүх нь шүүх шатныхаа хяналт тавих дээд байгууллага бөгөөд эрхэм шүүгч нар та бүхэн надтай адил үр хүүхдийнхээ эх, эцэг болсон хүмүүс тул хүүгээ алдсан эх миний гомдлыг нарийн шалгаж хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг шийдүүлэхэд тусална уу.

Энэ хэрэг анхнаасаа үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит байдалд тулгуурлан шалгагдаагүй бөгөөд тийм хүсэлгүй хүмүүс шалгасан нь одоо Дээд шүүх хүртэл маргаантай байгаагаас харагдаж байна. Хүний амь нас бүрэлгэх зодооныг санаатай үүсгэсэн Ч, М нараас гадна Б, А, Э, Э, А, З нарыг хэргээс бүрмөсөн орхигдуулж байгаа нь энэ хэргийг санаатай өөрсдийн хүссэнээр будлиантуулах гэсэн санаа гэж бодож байна.

Энэ хүмүүсийн гаргасан үйлдэл нь танхайн сэдэлттэйгээс гадна Ч, М- нарын хүний халдашгүй дархан эрх, эрүүл мэнд, амь насанд халдаж байгаа үйлдэл нь камерийн бичлэгт цаг, минуттайгаа байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “2 түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч” гэнэ гэж тодорхой заасан. Хэрүүл, зодооныг санаатай үүсгэсэн Б, А, Э, Э, А, З, М, Ч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хатгагч буюу хүнийг хэрэгт татан оруулсан тухай заалтад тусгагдсан байна.

Хуулиар энэ хэрэг тодорхой хуульчлагдсан байхад хэргийг үнэн зөв шийдэхгүй байгаа нь Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч нар хэрэгтэнтэйгээ санаа нэгтэй ажиллаж байгааг харуулж байна.

М-ын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд бодит байдлаас ангид худал гүтгэлэг дээр тулгуурлан үхсэн хүнийг гүтгэж байгаа нь ёс зүйгүйг нь харуулж байна.

1. Камерийн бичлэгт М миний хүүг нүүр хэсэгт /зүүн/ 2-3 удаа цохисноос гадна толгойн зүүн хэсэгт 1 удаа, ард дагз руу нь 3-4 удаа цохидог. Энх-Эрдэнэ өмгөөлөгч шүүх хурал дээр нүүр хэсэгт 2-3 удаа цохисон нь үнэн, толгойн ар, хажуу тал руу цохисон тэр бол хамаагүй гэж хэлж байсан. Энэ юу гэсэн үг вэ. М- нийтдээ 7-8 удаа цохисон.

2. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Энх-Эрдэнэ өмгөөлөгч харилцан зодоон байсан гэж хэлсэн. Энэ харилцан зодоонд Ч, М-, Б, А, Э, Э, А, З нар оролцоод байгаагаас биш миний хүү оролцоогүй нь цаг минуттайгаа байгаа. Харин зодоон гарахаас сэрэмжилж А-г зодоонд оролцохоор гарах гэхэд нь 01:02 минут 02 секундэд ширээнд нь татаж суулгасан байдаг. 01:03 минут 49 секундэд А-г Ч, Э нар зодож байхад хүү минь салгах гээд зууралдаж байхад Ч араас нь өшиглөж, сандал ширээний завсар оруулж зуурч байгаад толгойн урд хэсэг рүү гараараа цохих үед М- толгойн урд хэсэг рүү 2-3  удаа цохидог. 01:04 минут 47 секундэд А-г Э- зодох үед хүү минь Э-г түлхэж энэ үед М- хүүгийн толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохино. Энэ үед хүү минь А-г ширээ рүү нь түлхэж аваачдаг. 01:05 минут 00 секундэд Ч хүүгийн араас очиж толгойн хэсэг рүү нь гараараа цохих үед М- хүүгийн толгойн ар хэсэг рүү 3-4 удаа цохидог эндээс харахад Ч, М- хоёр санаатай миний хүүг бүлэглэн зодож байсан нь ил байна. Ийм байхад хэргийг шалгаж, хянаж, шийдсэн хүмүүс зодоон үүсгэсэн хүмүүсийг хэргээс орхигдуулан холдуулж, хүний амь нас бүрэлгэсэн хүмүүсийг ял завшуулж байна. Хүү минь зодооныг салгах гэж гэм буруугүй байж амь насаа алдаж шороонд булуулчихаад байхад гүтгэж худал өмгөөлөл хийж байгаа нь зүй бус юм. Зодоон болсон 3 минут дотор миний хүү А-г 3 удаа зодооноос салгаж өөрөө зодуулсаар байгаад амь насаа алдсан юм. Энэ бол санаатай зодоон үүсгэж хүүгийн минь амь насыг хохироосон  зохион байгуулалттай хэрэг юм.

3. Энх-Эрдэнэ өмгөөлөгч гэмтэл нь шинжээч эмч нарын дүгнэлтээр савж унах үед үүссэн гэж дүгнээд байгаа юм. Гэвч энэ бол өрөөсгөл бодол бөгөөд тархины битүү гэмтэл гэсэн үндсэн дүгнэлт нь зөвхөн модоор цохих буюу савж унах үед үүсэх тийм хууль байхгүй гэж бодож байна. Гараар хүчтэй 10 удаа цохиулахад тархинд гэмтэл үүсэхгүй гэдэг бол үндэслэлгүй юм. Гадна талдаа хөхөрч, няцарч, хаван үүсэж байхад дотроо гэмтэл үүсэхгүй гэдгийг анагаах ухааны үүднээс нотлохыг хүсч байна. Гадна талын хөхрөлт, няцралыг хөнгөн гэмтэл гэсэн шинжээч эмч нарын дүгнэлтийг мушгин гуйвуулж М-ыг хөнгөн гэмтэл учруулсан гэж Энх-Эрдэнэ өмгөөлөгч үзэж байгаа. М-ын гэмтлээс үүсгэсэн битүү гэмтлээс болж миний хүү модоор цохиулснаас болж амархан тэнцвэрээ алдаж савж унасан гэж үзэж байна. Зүүн талаа барьсан их гэмтэл байгаа. Шинжээч эмч нарын 156, 1003 тоот дүгнэлтэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хавдсан, цус хуралттай, духны зүүн чамархай, дагзны зүүн хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралттай гэх мэт хүнд гэмтлүүд нь М-ын 7-8 удаа гараар цохиулснаас болж зүүн тал руугаа давамгайлсан гэмтэл их байгаа бөгөөд үүнээс шалтгаалж Ч модоор цохиход ухаан алдан унаснаас болж баруун тал руугаа гэмтэл нь амархан нөлөөлж үхэлд хүргэсэн.

4. Хувийн таарамжгүй харилцаанаас маргалдсан гээд байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед миний хүү М-тай ямар ч маргаан хийгээгүй нь М-ын өөрийнх нь болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгээс харахад тодорхой байгаа. М- “агаа, аниа” гэх Ч, Э- нарыг өмөөрөн зодооныг зохицуулахын оронд улам дэврээж Ч-тай санаа нийлж миний хүүг бүлэглэж зодож амь насыг нь хохироосон. Миний хүү эд нарын хэнд ч гар хүрээгүй гэж би бодож байна. Тийм хүн биш. Би хүүгээ мэднэ. Э-г цохисон гэх боловч зарим нь түлхсэн гэж мэдүүлж байгаа. Э- өмнө нь Б-, А- нартай зодолдох буюу Б-д түлхүүлж унахдаа нүүрээ цохисныг үхсэн хүн рүү чихэж байна. Камерийн бичлэгийн тэмдэглэлд цохисон гэх боловч өөрчилж бичиж болно шүү дээ. З- 03 дугаар сарын 19-ний мэдүүлэгтээ “талийгаач Э-г түлхсэн” гэж хэлсэн мөртлөө 03 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгтээ “цохисон, би харсан” гэж гэнэт өөрчилж хэлсэн. Энэ мэт худал мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн.

5. Энх-Эрдэнэ өмгөөлөгч М-ыг хувийн таарамжгүй харьцаанаас нүүрний хэсэгт 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан нь бодит үнэнээс зөрж байгаа, хохирогч өөрөө нас барсан, гэрч гэж нэг ч хүн оролцуулаагүй, ийм тохиолдолд гол нотлох баримт камерийн бичлэгийг үндэслэж хэргийг шийдэх ёстой байтал цагдаа, прокурор, шүүх, өмгөөлөгч нар үхсэн хүнийг гүтгэж хэрэгтний худал мэдүүлгийг үндэслэн хэргийг шүүж өөрсдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэрэгтнүүдэд ял завшуулж байна. Ч, М-, Э-, Э-, Б-, А-, З-, А- нарт хүний амь нас эрсдэлд оруулан өдөөн хатгасан нь үйлдэл нь “хатгагч”, Ч, М- нарын миний хүүг санаатай бүлэглэн зодож амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуульд тодорхой бичигдсэн байхад анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Ч-ад 11 жил хорих ял, М-ыг цагаатгаж шийдвэрлэснийг эсэргүүцэж байна.

Энэ хэргийг шалгаж ажилласан хүмүүс нь хуулиа зөрчиж хохирогчийн эрхийг уландаа гишгэж өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч биш ажилладаг нь тодорхой.

Энх-Эрдэнэ өмгөөлөгч өмгөөллөө үнэн зөв, шударга явуулж мэддэггүй, нотлох баримтыг гуйвуулж, үхсэн хүнийг гүтгэсэн гүтгэлэг дээр тулгуурлан өмгөөллөө явуулдаг, хохирогчийн эрхийг хүндэлж мэддэггүй өмгөөлөгч юм.

Иймд та бүхнийг нотлох баримт, камерийн бичлэгийг хянан үзэж миний гомдлыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвөөр шийдүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү гэж гуйж байна.

Энэ хэргийн гол сэжигтэн болох Б-, З-, А-, Э-, Э-, А- нарыг санаатай хэргээс холдуулан орхигдуулж, тэдний хүссэнээр хүүгийн минь амь насыг бүлэглэж зодож хохироосон Ч, М- нарын хэргийг буруу шийдэж ял завшуулж байгаа тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Н.Одгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Тайлбар байхгүй” гэжээ.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн шаардлага хангахгүй байна. Уг хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Б.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийтгэх тогтоолын заалтад өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н- нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ч-, Б.М-, Т.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хянаад шүүгдэгч Т.М-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Ч-, Б.М- нарын хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлт хийж, тэдний гэм бурууг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс “... Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй”, мөн анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй байхад шүүгдэгч Д.Ч-, Б.М-, Т.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Учир нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд заасан дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н-гийн “хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН