| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2022/04218/И |
| Дугаар | 181/ШШ2024/03112 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03112
8 27 181/ШШ2024/03112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, Б овогт П-ын Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, У овогт В-ийн Д /РД:000/-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХК-ийг оролцуулж,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ү-2203034369 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байршилтай 59.19 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг В.Д-д шилжүүлэхийг П.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 2 өрөө шинэ орон сууцыг 2016 оны 09 сарын 01-ны өдөр худалдан авч өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар 000510169 гэрчилгээ авсан.
Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2016 онд худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 41% төлөөд үлдэгдэл төлбөр болох 46.000.000 төгрөгийг Голомт банкны ипотекийн зээлээр худалдан авч байсан.
Нэхэмжлэгч П.Г нь гадаад улсад амьдарч байсан учир тус орон сууцыг өөрийн ах П.Г-р дамжуулан 2018 онд хариуцагчид 98.460.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа 50.000.000 төгрөгийг төлж, 2018 оны 1 дүгээр сардаа уг орон сууцанд нүүж орсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсон байдаг.
Гэтэл маргаан бүхий орон сууц нь банкны барьцаанд байгаа учир өмчлөлийг шилжүүлэх боломжгүй зэрэг нөхцөл байдал үүссэн. Энэ талаар хариуцагч бүгдийг мэдэж байсан. Нэгэнт өмчлөл шилжих боломжгүй болж, худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдах боломжгүй болсон.
Хариуцагч үлдэгдэл төлбөрөө 2018 онд багтааж төлнө, энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөд сууж байя гэж гуйсны дагуу орон сууц хөлслөх харилцаа үүссэн.
Нэхэмжлэгч нь өдийг хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн ханшнаас хэт багаар түрээслүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна.
Ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд төлсөөр ирсэн.
Зохигчдын хооронд амаар байгуулагдсан дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.
Мөн П.Г нь ах П.Г-д орон сууцаа худалдах итгэмжлэлийг бичгээр олгоогүй. П.Г нь С.И-тэй гэр бүл бөгөөд тэдний дундаас 2013 онд хүү, 2016 онд охин төрсөн. Энэ орон сууцыг гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаандаа худалдан авсан тул П.Г-ийн нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох нөхөр С.И, 2 хүүхэд нарын хөрөнгө. Хариуцагч В.Д нь П.Г-ийн нөхөр, хүүхдүүдийг мэдэх бөгөөд орон сууцыг худалдан авахдаа гэр бүлийн гишүүдийнх нь зөвшөөрлийг аваагүй.
Иймд зохигчдын хооронд амаар байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу хариуцагчийг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 0 тоот хаягт байршилтай 59.19 м.кв талбайтай, 0 дугаартай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Д хариу тайлбар, татгалзалдаа: Би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 0 тоот байрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-ийн хүү П.Г-с бүрэн тавилгатай нь 97 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа.
2017 оны 12 дугаар сарын сүүлээр П.Г нь өөрийн байрыг үзэж худалдан авахыг санал болгож байсан. Би эхнэр Л.А-гийн хамт ажлын зав чөлөөгөөр очиж үзэхэд, П.Г өөрийн эхнэрийн хамт Австрали улс руу явах гэсэн юм, миний байрыг бүрэн тавилгатай худалдан аваач гэж гуйсан. П.Г-тэй харилцан тохирсны дагуу урьдчилгаа 53,833,500 төгрөгийг Хаан банк: 0 данс руу шилжүүлсэн мөн дансанд ипотекийн зээлийн мөнгө 370,000 төгрөгийг шилжүүлж байсан, нийтдээ 21,749,000 орчим төгрөг шилжүүлсэн. Тухайн үед П.Г-д ямар банкны ипотекийн зээлтэй вэ? гэж асуухад Голомт банк гэсэн. Миний бие ипотекийн зээлийн дансанд чинь мөнгийг нь шууд хийж болох юм байна гэхэд П.Г, та миний дансанд хийж, ээж Ж.Ц нь цааш нь банкны дансанд хийнэ гэсэн. Урьдчилгаа мөнгийг шилжүүлсний дараа уг байр нь П.Г-ийн нэр дээр биш дүү П.Г-ийн нэр дээр байдгийг мэдсэн. Үүнийг Ж.Ц тайлбарлан хэлэхдээ П.Г эрхэлсэн ажилгүй тул дүү нь өөрийн нэр дээр тус байрыг ипотекийн зээлээр авч өгсөн гэсэн. Үлдэгдэл мөнгийг ипотекийн зээл олгосон Голомт банкин дээр очиж уулзан барагдуулах саналаас татгалзсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ирж бэлнээр 100,000,000 төгрөгийг нэхэхэд нь ийм хэмжээний мөнгө өгч чадахгүй гэдгийг Ж.Ц, П.Г нарт хэлсэн. Орон сууцны үлдэгдэл мөнгийг барагдуулахгүй гэж огт хэлээгүй болно.
Ж.Ц, П.Г нар бид байраа зараагүй түрээслэсэн гээд урьдчилгаа 53,833,000 төгрөгөөс байрны элэгдэлд 25.000.000 төгрөгийг хасаж олгоно гэхэд би үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн гэжээ.
Хариуцагч В.Д сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:
В.Д нь П.Г-тэй 2018 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байршилтай 59.19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 98,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
П.Г нь В.Д-тэй харилцан тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 48,000,000 төгрөгийг сар болгоны Голомт банкны 8 хувийн зээлд 370,000 төгрөгийг төлж, байрны төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон бөгөөд П.Г нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн амьдруулахыг зөвшөөрч, оруулсан.
Улмаар нэхэмжлэгч нь орон сууцны бүх төлбөрийг төрсөн ах П.Г-ийн дансаар хүлээн авахаа илэрхийлж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 54,623,500 төгрөгийг П.Г-н Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн, мөн 2018 оны 10 дугаар сараас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах /2022 оны 10 дугаар сар/ хүртэлх хугацаанд 18,029,000 төгрөг, нийт 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ П.Г-ийн дансруу сар болгон 370,000 төгрөг шилжүүлж, П.Г нь нэхэмжлэгчийн дансруу хийж банкны зээлийн эргэн төлөлтийг хийдэг байсан.
Ийнхүү нэхэмжлэгчийн төрсөн ах П.Г нь шүүх хуралдааны үеэр гэрчээр мэдүүлэх-дээ ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүний өмнөөс яагаад мөнгийг нь авдаг байсан бэ? гэхэд
Гэрч: Намайг аваарай гэсэн учраас авсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм итгэмжлэл олгосон уу? гэхэд
Гэрч: Байрыг шилжүүлэх шаардлагатай үед нэмж явуулна гэсэн.
Даргалагчаас: Энэ мөнгийг яадаг байсан бэ? гэхэд
Гэрч: Г-ийн хэлснээр шилжүүлж байсан. гэжээ. Тус гэрчийн мэдүүлгээс харахад П.Г нь орон сууцны мөнгийг бүгдийг нь өөрөө авдаг байсан бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хүлээн авсан гэж үзэхээр байна.
Тухайн үед байр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах удаа дараа санал тавихад ээж Ж.Ц болон ах П.Г нар нь П.Г гадаадад байгаа, ипотекийн зээлэнд барьцаанд байгаа гэх зэрэг шалтгаанаар гэрээ байгуулдаггүй байсан болно. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь "В.Д нь тэтгэврийн хүн байсан учир ипотек шилжих боломжгүй байсан гэх зэрэг худал тайлбарыг удаа дараа гаргаж байсан бөгөөд бодит байдал дээр В.Д-д ипотекийн зээл шилжих талаар судлаагүй, Голомт банкны зээлийн эдийн засагчтай уулзах гэхээр уулзуулдаггүй байсан.
В.Д нь Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид тасралтгүй 28 жил ажиллаж, 2018 онд гавьяаны амралт болох тэтгэвэртээ гарсан. Ийнхүү 20 гаруй жил эхнэр, өөрийн хадгалсан хадгаламж болон тэтгэвэрт гарахад улсаас олгодог нэг удаагийн тэтгэмжээр П.Г, П.Г нарт итгэж анх удаа орон сууц худалдан авсан байдаг. В.Д-эд одоо байгаа ганц эд хөрөнгө нь энэхүү маргаан бүхий орон сууц бөгөөд тус орон сууцыг чөлөөлж өгснөөр, орох оронгүй болохоор нөхцөл байдалтай байна.
Мөн В.Д нь сар болгон тэтгэврийн 1,000,000 төгрөг авдаг бөгөөд тэтгэврийн мөнгөө орж ирэхээр 370,000 төгрөгийг хийдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас илт харагдана.
Одоо нэхэмжлэгч болон түүний ээж Ж.Ц нь 100,000,000 төгрөг нэмээд өгчих тэгвэл байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл 2018 онд В.Д нь маргаан бүхий орон сууцыг зах зээлийн ханш 1 м.кв нь 1,617,336 төгрөг буюу нийт 95,730,118 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц-ыг тухайн үеийн ханшаас өндөрөөр 98,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд тус орон сууцандаа амьдрах хүсэл сонирхолтой байгаа болно. Мөн В.Д нь маргаан бүхий орон сууцнаас гарч, өөр орон сууцыг өнөөдрийн ханшаар буюу өндөр үнийн дүнгээр худалдан авахад маш их хохиролтой байгаа болно.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална" гээд 9.4.1-д эрхийг хүлээн зөвшөөрөх, мөн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй" гэж тус тус зохицуулсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар тогтоолын 10.1-д ... Тусгаарлах зарчмаар эд хөрөнгийн эрх зүй болон үүргийн эрх зүйг салгаж, хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэвэл талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, эд хөрөнгийн шилжүүлэг, эд хөрөнгийн үнийн зохих хэсгийг төлсөн бодит үйлдлээр талуудын хооронд худалдах- худалдан авах хэлцэл байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж шийдвэрлэжээ.
Иймд 0 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 0 тоот хаягт байршилтай 59.19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг В.Дизаабүдэд шилжүүлэхийг П.Г-т даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Г сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзалдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг П.Г-т даалгаж өгнө үү гэжээ.
Талууд анх 2018 онд маргаан бүхий орон сууцыг худалдахаар тохиролцсон боловч тухайн үед тус орон сууц нь ипотекийн зээлд байсан, мөн В.Д-д ипотекийн зээл гарах, шилжих боломжгүй байсан учир бичгээр гэрээ байгуулагдаагүй.
П.Г нь гадаад улсад амьдарч байсан учир хариуцагчийг тус орон сууцанд түрээслэн суулгахаар тохиролцсон тул маргаан бүхий орон сууцыг худалдахаар талууд хэлэлцээрт хүрээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Г ХК болон П.Г, С.И нарын хооронд 2016 оны 09 сарын 05-ны өдөр ЗГ1505111649 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц худалдан авах зориулалтаар 46,000,000 төгрөгийг ипотекийн зээлийн хүү 8 хувийн хүүтэйгээр 300 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ1505111649 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ү-2203034369 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан БГ1505111649 тоот Ипотекийн гэрээ байгуулсан. ЗГ1505111649 тоот Зээлийн гэрээ, БГ1505111649 тоот Ипотекиийн гэрээг байгуулахдаа харилцагчийн гаргасан хүсэлт, П.Г-ийн өмчлөлд Ү-2203034369 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц захиалгын гэрээ зэргийг тус тус үндэслэн байгуулсан бөгөөд банк барьцааны эрхийн шударга эзэмшигч болсныг дурьдах нь зүй.
Нөгөө талаас, банк нь П.Г, С.И нарын гаргасан "орон сууц худалдан авах" хүсэлтийг үндэслэн уг зориулалтаар зээл олгосон бөгөөд зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөр өмчлөлдөө авсан орон сууцыг эзэмших, ашиглах эрхийг зээлдэгч нарт БГ1505111649 тоот Ипотекиийн гэрээгээр олгосон. Түүнчлэн, тус гэрээнд П.Г нь барьцаалагчийн эрхийг хөндөхгүй байх, өмчлөлийн хөрөнгийг бусдад шилжүүлэх буюу үрэгдэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд банканд нэн тэргүүнд мэдэгдэж, тухайн нөхцөл байдалд тохируулан талууд гэрээг өөрчлөх үүрэг хүлээсэн. Гэвч, П.Г нь уг үүргээ биелүүлээгүйн дээр даруй 2 жилийн хугацаанд зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөр бий болгосон орон сууцны өмчлөх эрхийн талаар маргахдаа Ипотекиййн гэрээний "Барьцааны зүйлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хураах, битүүмжлэх.. аливаа гуравдагч этгээдээс Барьцаалуулагчийн эсрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл шүүх, арбитрт гаргах болон адилтгах бусад байдлаар эд хөрөнгийн эрхэд халдах нөхцөд байдал үүссэн тохиолдолд Барьцаалагчид нэн даруй мэдэгдэх" үүргээ зөрчсөн тул банк "...үүргээ биелүүлээгүй болон... уг үйлдэл нь зээлийн гэрээний үүргийн барьцаагаар хангагдах байдалд нөлөөлсөн, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахтай холбоотой эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж Банк үзсэн бол Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн, талуудын хооронд үүсэн маргаанаас үүдэлтэйгээр банкны хувьд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэг "Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн..." тохиолдолд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор Зээл болон барьцааны гэрээг цуцлах үр дагаварт хүргэж байгааг харгалзан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Г ХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: 0 дугаартай орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.09.05-ны өдрийн БГ1505111649 дугаар Ипотекийн гэрээ, 2016.09.05-ны өдрийн ЗГ1505111649 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 2020.12.21-ний өдрийн ЗГ1505111649-Со II дугаар ЗГ1505111649 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Голомт банкны зээлийн дансны хуулга, 2016.07.08-ны өдрийн 2016/269 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Тэнхлэг зууч ХХК-ийн 2024.03.25-ны өдрийн 24/09 дугаар албан бичгээр орон сууцны үнийн мэдээлэл, Тэнхлэг зууч ХХК-ийн кассын орлогын ордер, П.Г-ийн Голомт банкны дансны хуулга, ХУР системийн 2024.03.26-ны өдрийн П.Г-ийн орон сууцны лавлагаа, П.Г-ийн Хаан банкны депозит дансны хуулга, ХУР системийн П.Г, С.И нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2017.11.02-03 болон 2022.10.14-ний өдрийн орон сууцны доторх байдлыг харуулсан гэх фото зургууд, ХУР системийн 2024.05.23-ны өдрийн И.Ц, И.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Голомт банкны 2024.08.26-ны өдрийн 10/1099 дугаар тодорхойлолт, Голомт банкны зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас: В.Д, Л.А нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2023.02.08-ны өдрийн 176 дугаар тодорхойлолт, Т ХХК-ийн 2023.03.24-ний өдрийн 23/41 дугаар албан бичгээр орон сууцны үнийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гуравдагч этгээдээс: Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.09.05-ны өдрийн ЗГ1505111649 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 2020.05.04-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016.09.05-ны өдрийн БГ1505111649 дугаар Ипотекийн гэрээ, Ү-2203034369 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Г-ийн Зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар: Хаан банкны 2023.03.09-ний өдрийн 29/2546 дугаар албан бичгээр П.Г-ийн Хаан банк дахь дансны хуулга, гэрч П.Г-ийн мэдүүлэг, Голомт банкны 2024.04.03-ны өдрийн 14/хх103-348 дугаар албан бичгээр П.Г-ийн зээлийн дангсны хуулга, Голомт банкны 2024.05.06-ны өдрийн 14/хх/03-543 дугаар албан бичгээр П.Г-ийн зээлийн дансны хуулга, Хаан банкны 2024.05.14-ний өдрийн 29/5581 дугаар албан бичгээр В.Д, Л.А нарын ХААН банк дахь дансны хуулга, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.03.26-ны өдрийн 2-4в/255 дугаар болон 2024.04.29-ний өдрийн 2-4в/3251 дугаар тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч В.Д-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага,
хариуцагч В.Д нь П.Г-т холбогдуулан улсын бүртгэлийн 0 тоот хаягт байршилтай 59.19 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг В.Д-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч П.Г нь 2018 онд ипотекийн зээлээр авсан орон сууцаа В.Д-д 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлж байсан боловч П.Г нь гадаад улсад амьдарч байсан тул гэрээг бичгээр хийх боломжгүй, мөн орон сууц нь банкны барьцаанд байсан тул өмчлөлийг шилжүүлэх боломжгүй болж, худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдах боломжгүй болсон, П.Г нь ах П.Г-д орон сууцаа худалдах итгэмжлэлийг бичгээр олгоогүй, орон сууцыг худалдан авахдаа гэр бүлийн гишүүдийнх нь зөвшөөрлийг аваагүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийг гаргасныг, хариуцагч В.Д эс зөвшөөрч, уг орон сууцыг бүрэн тавилгатай нь 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны нэгдүгээр сараас эхлэн амьдарч байгаа, урьдчилгаа 52 гаруй сая төгрөгийг төлсөн, мөн ипотекийн зээлийн төлбөрт 2018-2022 оны хооронд сар бүр 370,000 төгрөгийг төлж, нийтдээ 72,652,500 төгрөгийг төлсөн, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулъя гэхэд өмчлөгч П.Г гадаадад байгаа гэсэн үндэслэлээр гэрээ хийгээгүй. Гэтэл Ж.Ц, П.Г нар нь 2022 оны 10 дугаар сард 100,000,000 төгрөгийг нэмж шаардсан, миний хувьд тохиролцсон 98,000,000 төгрөгөөс төлсөн мөнгөө хасаад үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, орон сууц хөлслөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, учир нь хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч нь төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр маргасан.
Шүүх нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. П.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 2016.09.05-ны өдрийн Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 46,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 300 /25 жил/ сарын хугацаатайгаар зээлсэн, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ипотекийн гэрээний үндсэн дээр уг орон сууцыг барьцаалжээ. /хавтаст хэргийн 6-17 хуудас/
Уг орон сууц нь улсын бүртгэлийн Ү-2203034369 дугаарт, П.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь 2016.09.01-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хавтаст хэргийн 4 хуудас/
2. П.Г нь өөрийн төрсөн ах П.Г-р дамжуулан 2018 онд В.Д-д орон сууцаа 98,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон, 2018 оны 01 дүгээр сард орон сууцаа В.Д-д хүлээлгэн өгсөн, В.Д нь урьдчилгаанд 52,533,500 төгрөгийг болон 2018 оны 10 дугаар сараас П.Г-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах /2022 оны 10 дугаар сар/ хүртэлх хугацаанд сар бүр 370,000 төгрөг, нийт 20,119,000 төгрөгийг П.Г-ийн дансанд төлж, нийтдээ орон сууцны төлбөрт 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, В.Д, Л.А, П.Г нарын ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-196, 222-227, 248-250, 2-р хх- 1-17 хуудас/
3. Нэхэмжлэгч П.Г нь орон сууцыг В.Д-д худалдсан, худалдах худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.
3.1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын Иргэний хуулинд аливаа үүрэг үүсгэдэг хэлцэл, өмчийг шилжүүлдэг хэлцэл хоёрыг салгаж авч үзэхээр зохицуулсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар өмчлөх эрхийн шилжүүлэг хийгдэхгүй, өмчийн эрхийг шилжүүлэх тусдаа тохиролцоо, бодит үйлдлийг шаарддаг.
Тусгаарлах зарчмаар өмчийн эрх зүй болон үүргийн эрх зүйг салгаж үздэг бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхэд хамаардаг тул үүргийн эрх зүйн хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээний шаардлагад хамааралгүй юм.
Талууд орон сууцыг банкны барьцаанд байгаатай холбоотой өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлын талаар ярилцаж, банкны зээлийн төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлснөөр гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон тул үүргийн хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох үнэ төлөх үүрэг биелэгдснээр өмчийн эрх зүйн өмчлөх эрхийн шилжүүлэг хийгдэхээр тохиролцсон байна.
3.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд амаар, бичгээр, үйлдлээр хийгддэг тул хэлбэрийн шаардлага тавигдаагүй, мөн зөвшөөрлөөр хийгдэх шаардлага тавигдаагүй.
Нэхэмжлэгч талын орон сууц Ипотекийн гэрээ-ний дагуу Голомт банк ХК-ийн барьцаанд байсан тул худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн гэх тайлбарын үндэслэлээ болгосон Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6.-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй гэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн тусгаарлах зарчмын хүрээнд талууд өмчлөх эрхийг шилжүүлэг-ийг банкны зээлийн төлбөрийг төлж, барьцаанаас чөлөөлснөөр хийхээр тохиролцсон, мөн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул үүргийн хэлцэл болох Худалдах худалдан авах гэрээ-нд барьцаалагчийн зөвшөөрөл хамааралгүй юм.
3.3. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасны дагуу П.Г нь өөрийн ах П.Г-д орон сууцаа худалдах эрхийг амаар олгосноор П.Г нь В.Д-д орон сууцыг худалдахаар тохиролцсон болох нь гэрч П.Г-ийн мэдүүлэгээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 29-31 хуудас/
П.Г нь 2018.04.28-ны өдөр хилээр орж 2018.09.02-нд гарсан, 2019.05.22-нд хилээр орж 2019.09.09-нд хилээр гарсан, 2019.11.12-нд хилээр орж 2021.07.14-нд хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024.04.29-ний өдрийн 2-4в/3251 дугаар тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 79-80 хуудас/-оор тогтоогдож байх бөгөөд Монгол улсад байх хугацаандаа орон сууцыг бусдад худалдсан төлөөлөх эрхтэй холбоотой маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Г нь П.Г-д орон сууцаа зарах эрхийг амаар олгосноор П.Г-д төлөөлөх эрх үүссэн тул бичгээр итгэмжлэл олгоогүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээний эрх, үүрэг П.Г-т үүснэ.
3.4. Нэхэмжлэгч тал хариуцагчийг орон сууцыг худалдан авахдаа гэр бүлийн гишүүдийнх нь зөвшөөрлийг аваагүй гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.
Уг үндэслэл нь өмчийн эрх зүйд болон үүргийн хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдол-д хамаарах тул гэрээ хүчин төгөлдөр бус байхад хамааралгүй.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэлээр үүсдэг бөгөөд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 2 өрөө орон сууц нь П.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
П.Г-ийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх эрхтэй гэж улсын бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд мөн хариуцагч В.Д-ийг орон сууцны өмчлөгчөөр П.Г улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу хариуцагч В.Д-ийг орон сууцыг худалдах ,худалдан авах гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Г ХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээр С.И оролцсон, С.И, П.Г нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, дундаасаа үр хүүхүүдтэй гэх үндэслэл нь орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шууд үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Г, В.Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч П.Г нь өөрийн төрсөн ах П.Г-д орон сууцаа зарах эрхийг олгосноор, түүнийг төлөөлж П.Г нь 2018 оны 1 сард орон сууцыг 98,000,000 төгрөгөөр В.Д-д худалдахаар амаар тохиролцож Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгч П.Г-ийн хариуцагч В.Д-эд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар талууд худалдах, худалдан авах гэрээг хэрэгжих боломжгүй гэж үзээд гэрээнээсээ татгалзаж, орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
5. Хариуцагч В.Д нь П.Г-т холбогдуулан улсын бүртгэлийн 0 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг В.Д-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Худалдагч П.Г нь худалдан авагч В.Д-д 2018 оны 01 дүгээр сард тавилгатай орон сууцыг хүлээлгэн өгснөөр орон сууцанд В.Д амьдарч байгаа талаар зохигч маргаагүй.
5.1. Тусгаарлах зарчмын дагуу өмчлөх эрхийн хэлцлийг худалдах худалдан авах гэрээний үүргийн хэлцлээс салгаж үзэх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхийн шилжүүлэг-ийн шаардлага байна.
Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал болох П.Г нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүргээ, орон сууц банкны барьцаанд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор үнээс зээлийн төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлснөөр гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон тул үүргийн хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох үнэ төлөх үүрэг биелэгдснээр өмчийн эрх зүйн өмчлөх эрхийн шилжүүлэг хийгдэхээр талууд тохиролцсон.
5.2. Талууд худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны үнийг 98,0 сая төгрөг гэж тохиролцсон бөгөөд урьдчилгаа 53,0 сая төгрөгийг бэлнээр өөртөө авч, үлдэгдэл 45,0 сая төгрөгийг авч, Голомт банкны зээлийн төлбөрийг төлж барагдуулснаар орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12 хуудас/
Нэхэмжлэгч тал орон сууцны үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй гэж маргаж байгаа боловч хариуцагч В.Д-ийн Голомт банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг сар бүр төлөх замаар үлдэгдэл төлбөрийг барагдуулах саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч В.Д-ийн сар бүр 370,000 төгрөг төлсөн байдлаар тогтоогдож байна.
5.3. Хариуцагч В.Д нь урьдчилгаанд 52,533,500 төгрөгийг болон 2018 оны 10 дугаар сараас П.Г-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах /2022 оны 10 дугаар сар/ хүртэлх хугацаанд сар бүр 370,000 төгрөг, нийт 20,119,000 төгрөгийг П.Г-ийн дансанд төлж, нийтдээ орон сууцны төлбөрт 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн байна.
Голомт банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 сард П.Г-ийн зээлийн үндсэн төлбөр 45,188,980.93 төгрөг байсан байх бөгөөд хариуцагч В.Д нь урьдчилгаанд 52,533,500 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх замаар төлж байсан тул зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэхээр байна.
5.4. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-д Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Г нь хариуцагч В.Д-ийг орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг /банкны зээлийг төлөх замаар төлж/ барагдуулснаар орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсны дагуу орон сууцны өмчлөх эрхийн шилжүүлэгийг саатуулан барих эрхтэй байна.
Саатуулан барих эрх нь шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй буюу үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг тул хариуцагч В.Д-ийн П.Г-т холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2203034369 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг В.Д-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5.5. Нэхэмжлэгч П.Г-ийн саатуулан барих эрх дуусгавар болохоор хариуцагч В.Д нь өмчлөх эрхийн шилжүүлэгийг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч П.Г-ийн хариуцагч В.Д-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 258 дугаар зүйлийн 258.2-д зааснаар хариуцагч В.Д-ийн нэхэмжлэгч П.Г-т холбогдуулан гаргасан 0 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 07 дугаар хороолол, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг В.Д-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг хариуцагч В.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА