Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01196

 

С.Дгийн нэхэмжлэлтэй                                      

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00609  дугаар шийдвэртэй

С.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК-д холбогдох 138 277 833 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10 072 953.68 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, Ж.Оюунболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч “А” ХХК-тай 2013 оны 06-р сарын 19-ний өдөр 1001 тоот Захиалгаар орон сууц оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамж, Олимпик Ресиденс барилгын 10 давхарын 1001 тоот, 205 м.кв бүхий орон сууцыг 834 015 030 төгрөг, нэг автомашины зогсоолыг 28 000 000 төгрөг, нийт 862 015 030 төгрөгөөр худалдах, худалдан авагч С.Д нь төлбөрийг гэрээний 2.3.1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. С.Д нь гэрээний үүргээ биелүүлж хувиарийн дагуу төлбөрт 775 813 527 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 86 201 503 төгрөгийг гэрээнд зааснаар орон сууцны түлхүүр гардуулах өдөр төлөхөөр тохирсон байна. Гэтэл хариуцагч “А” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 3.2.1, 3.2.2-д заасны дагуу барилгыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, тус барилгыг улсын комисст 2018 оны 02 дугаар сард хүлээлгэн өгсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцыг худалдан авагч С.Дд хүлээлгэн өгөөгүй, мөн гэрээний зүйл нь эд хөрөнгийн доголдолтой байна. Орон сууцны дотоод заслыг С.Д нь өөрийн хөрөнгөөр хийсэн төдийгүй орон сууцны талбайн хэмжээг Монгол улсад мөрдөгдөж буй MNS2009:6058 стандартын дагуу тусгай зөвшөөрөл бүхий “Тоонто гранд” ХХК-иар 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хэмжүүлэхэд орон сууцны талбайн нийт хэмжээ 205 м.кв байхаас 190.47 м.кв байх бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 14.53 м.кв-аар дутуу байна. Энэ нь Монгол улсын MNS2009:6058 стандартыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дутуу 14.53 метр квадрат орон сууцны үнэ 59 113 358 төгрөг, барилгыг 2014 оны 1 улирал буюу 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөөгүй алдангид 79 164 475 төгрөг, нийт 138 277 833 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, Б.Дашдаваа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С.Дтэй 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрээгээр Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж, Олимпик Ресиденс барилгын 10 давхарын 1001 тоот, 205 м.кв бүхий орон сууцыг 834 015 030 төгрөгөөр, мөн автомашины зогсоолыг 28 000 000 төгрөг, нийт 862 015 300 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг захиалгаар худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн гэрээг байгуулахдаа орон сууцны төлөвлөлтийн схем зургыг хавсаргасан бөгөөд энэ нь худалдан авагчийн орон сууцны өрөөний зохион байгуулалт, даацын хана зэргийг харуулсан зураглал юм. Гэрээний 1.3. дахь хэсэгт Захиалгын объект нь энэхүү гэрээний Хавсралт А-д заасан схем зураглалаас бүрдэнэ, 1.4 дэх хэсэгт Гүйцэтгэгч нь гэрээний хавсралт А-д заасан схем зурагт энэхүү гэрээний 1.5 дахь заалт болон холбогдох хууль, барилгын норм, дүрмийн шаардлагын хүрээнд өөрчлөлт оруулах ба бусад тохиолдолд өөрчлөлт оруулахыг хориглоно, мөн гэрээний 1.5 дахь хэсэгт захиалагч гэрээний хавсралт А-д заасан схем зураглалд 1 удаа өөрийн хөрөнгө, зардлаар өөрчлөлт хийлгүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэгчид гаргах эрхтэй ба хүсэлтийг бичгээр гаргана гэж тус тус заасан байдаг. С.Д нь захиалсан орон сууцны зохион байгуулалтыг өөрийн хүсэлтээр өөрчилж хана нэмж барих, шинээр өрөө бий болгох зэргээр өөрчилснөөс орон сууцны талбайн хэмжээ багассан гэж үзэж байна. Тиймээс талбайн хэмжээ багассан эсэх асуудлын хариуцлагыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хоорондох орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйн алданги буюу 76 766 808 төгрөгийг нэхэмжилж байгаа ба энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Учир нь, гэрээний 6.2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тхоиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.005 хувиар тооцсон алдангийг хоног тутамд захиалагчид өгнө. Нийт алдангийн үнийн дүн нь захиалгат объектын үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй” гэж заасан. Тодруулбал, алданги нь гэрээний нийт дүн буюу 862 015 030 төгрөгийн 2 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдгийг ойлголгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэгч нь алдангийг хэрхэн бодож, хэд хоногийн алданги нэхэмжлээд 76 766 808 төгрөг болж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч С.Дг 2019 оны 5 дугаар сараас хойш манай байгууллага дээр хүрэлцэн ирж тооцоогоо нийлье гэхэд одоо очноо гэсээр 3 сарын дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүрэлцэн ирж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуран төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. “А” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрладаг. С.Дд 1001 дугаартай гэрээгээр 205 м.кв орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Барилгын зургийн дагуу 2013 онд гэрээ байгуулсан. Төлбөр тооцоог тухайн үед графикийнхаа дагуу төлөөгүй. Орон сууцны захиалагч нар тухайн үед доголдол гаргасан байгаа. 2013 оноос 2016 оны хооронд долларын ханшийн өсөлт тогтворгүй байсан. Үүнээс болоод барилгын ажил бага зэргийн удаашралтай байсан ба бид нар хичээж ажилласан. Одоо 1001 дугаартай гэрээний барилгын ажил ерөнхийдөө дууссан байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Должинсүрэнтэй 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр захиалгаар орон сууц, оффис үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.3.1-д заасан хувиарын дагуу Должинсүрэн нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Захиалагч Должинсүрэн урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлсөн ба 2 дахь төлбөр болох 127 567 527 төгрөгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байснаас 92 567 527 төгрөгийг 148 хоног /2013.10.01-2014.02.26/, 62 000 000 төгрөгийг 197 хоног /2013.10.01-2014.04.16/, 40 000 000 төгрөгийг 290 хоног /2013.10.01-2019.08.09/, 25 458 034 төгрөгийг 2138 /2013.10.01-2019.08.10/ хоног тус тус хоцроосон. Захиалгаар орон сууц оффис үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиалагч обьектийн хувиарт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хувиарт төлбөрийн 0,005 хувиар тооцсон алдангийг хоног тутамд гүйцэтгэгчид төлнө” гэж заасан тул 2013.10.01-2019.08.05 хүртэл 2138 хоногт алданги 10 072 953.68 төгрөгийг С.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Энэ компанийн захирал хэлэхдээ та гэрээнийхээ нийт үнийг төлсөн байгаа учраас дараагийнхаа мөнгийг төлөх гээд яах вэ, дотор засварын бараа материалыг танайх үзэж байгаад сонголтоо хийгээд үлдэгдэл төлбөрөө шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн байдаг. Ингээд 2018 онд дотор засварын бараа материал ирсэн. Харамсалтай нь гэрээнд заасан чанартай зүйл байгаагүй. Ийм учраас С.Д өөрөө засвар хийсэн. Засвар хийсэн тооцооллыг хариуцагч талын эдийн засагч нар тооцоолон гаргасан. Нийт 28 000 000 төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэсэн гэдэг дээр талууд тооцоо нийлж, гэрээний үнийн дүнгээс хасахаар шийдвэрлэсэн байдаг. 28 000 000 төгрөгийг дотоод ажлын засварын хөлсөнд тооцсон учраас 40 000 000 төгрөгт нийцүүлж, 11 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, тэгээд 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр талууд тооцоог хаасан байдаг. Ингээд гэрээний 2.3.1-т заасан хуваарийн дагуу 3 дахь удаагийн төлбөр буюу 86 000 000 төгрөгийг үлдээсэн. Ийм учраас сөрөг нэхэмжлэлд дурдсан 40 000 000 төгрөг болон 28 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц бэлэн болоогүй. Өчигдөр орой нэхэмжлэгч С.Дтэй холбогдож тухайн орон сууцны талаар хэлэхдээ орон сууцны 2 дүүш шийдэгдээгүй, цахилгаан болон интернетийн шугамын разеткууд суурилагдаагүй гэж хэлсэн. Тухайн орон сууцыг хүлээн авч, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 7 486 663 /долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран гурав / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, үлдсэн 130 791 170 /нэг зуун гучин сая долоон зуун ерэн нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дгээс нийт 10 072 953.68 /арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 890 664 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 118 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, өмгөөлөгч Л.Цэндсүрэн нар заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой байна гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийг эд хөрөнгийн холбоотой шаардлагаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг заавал хүлээн авсныхаа дараа гаргах эрхтэй гэсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан заалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч С.Д хариуцагчийн зөвшөөрлөөр орон сууцны доторх заслыг өөрийн зардлаар хийсэн ба энэ үед орон сууцны талбайн хэмжээнд эргэлзээ төрж 2019 оны 7 дугаар сард “Тоонот гранд” ХХК-иар орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэхэд 14.53 м.кв талбай дутуу байгааг нэхэмжлэгч мэдсэн. Тиймээс нэхэмжлэгч доголдлыг мэдсэн даруйдаа дутуу 14.53 м.кв талбайн үнэ /1 м.кв-4 068 366 төгрөг/ 59 113 358 төгрөгийг илүү төлсөн үндэслэлгүй буюу гэрээний үнийг бууруулах шаардлагыг хариуцагчид гаргасан ч хүлээн зөвшөөрөхгүй, ханшийн зөрүүний алдагдал гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэгчээс мөнгө шаардсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлыг мэдсэн атлаа хүлээж авбал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдахаар нарийвчлан зохицуулсан, өөрөөр хэлбэл, хүлээн авсан тохиолдолд энэ үйлдлээрээ мөн хуулийн 254 дүгээр зүйлд заасан худалдан авагчийн эрх, үүргээсээ татгалзаж буйг ойлгох тул анхан шатны шүүх орон сууцыг хүлээж авсныхаа дараа шаардлага гарга гэж буй нь дээрх заалтыг зөрчсөн нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн гэдэгт үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Түүнчлэн орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа явдал нь нэхэмжлэгч өнөөдөр орон сууцыг хүлээн авсан ч уг доголдол арилахгүй мөн доголдлыг орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хариуцагч доголдлыг арилгах, шинээр нэмж эсхүл нөхөн гүйцэтгэх боломжгүй. Орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой гэж үзэж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан хэсгийг шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа ба харин эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх, мэдэгдэх боломжгүй далд доголдлыг илрүүлэх, түүнд гомдлын шаардлага гаргах хугацаанд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан зохицуулалт хамаарна. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар дутуу талбайн үнэ болох 59 113 358/ төгрөгөөр гэрээний үнийг бууруулахыг шаардах үндэслэлтэй. Анхан шатны шүүх алдангийг тооцохдоо нэхэмжлэгчийн төлбөр төлсөн сүүлчийн өдөр 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тооцох үндэслэлтэй гэж хариуцагчаас 7 486 663 төгрөгийг гаргуулж, үлдэх 71 677 812 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т зааснаар 20147 оны 01 дүгээр улиралд буюу 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч хариуцагч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байна. Хариуцагч орон сууцны барилгыг бүхэлд нь 2018 оны 02 дугаар сард ашиглалтад оруулсан, улсын комиссын акт гарсан гэх боловч өнөөдрийг хүлтэл нэхэмжлэгч С.Дгийн орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, өгье гэж нэг ч удаа мэдэгдэл, хүсэлт гаргаж байгаагүй. Орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн 683 246 000 төгрөгөөс алданги тооцсон 71 677 812 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн 700 гаруй сая төгрөгийг авчхаад 6 жилийн хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэж өгөхгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хугацаа хэтрүүлсний алдангийг гэрээнд хамгийн багаар тооцсон 0.005 хувиар тооцон төлөх нь хууль болон шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 254 зүгээр зүйлийн 254.2, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 130 791 170 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн анхан шатны шүүх шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53, 56 дугаар зүйлд зааснаар хуваарилж шийдвэрлэсэнгүй. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайн хэмжээг тооцсон “Тоонто гранд” ХХК-ийн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилуулсан ба шинжээчийн 451 000 төгрөгийн зардлыг хариуцаг компани төлөхгүй байсан тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэгч өмнөөс нь төлж дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Д хариуцагч “А” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн 14.53 м.кв-ийн зөрүүгийн үнэ 59 113 358 төгрөг, орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс алданги  79 164 475 төгрөг нийт 138 277 833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан 2 дахь төлбөрийг нэхэмжлэгч хугацаанд нь төлөөгүйгээс алдангид 10 072 953.68 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэх гарган маргажээ.

Зохигчид 2013 оны 6  дугаар сарын 19-ний өдөр “Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч С.Дд 205 м.кв талбай бүхий орон сууц, 1 авто машины зогсоолыг худалдах, нэхэмжлэгч 862 015 030 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.5-14/

Талууд гэрээний 1.2-т орон сууцыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөт өдрийг 2014 оны 1 дүгээр улирал гэж тодорхойлж, гэрээний 2.3.1-д нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр 648 246 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор, 2 дахь төлбөр 127 567 527 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 3 дахь төлбөр 86 201 503 төгрөгийг орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх.5-14/ Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...худалдан авсан орон сууцны талбай нь 205 м.кв байхаас 14.53 м.кв-аар бага, 190.47 м.кв байх тул талбайн зөрүүг, хариуцагч тохирсон хугацаандаа орон сууц хүлээлгэж өгөөгүй учир алдангийг тус тус гаргуулна” гэж тайлбарласан байна.  

Нэхэмжлэгч С.Д орон сууцны талбайн зөрүү 14.53 м.кв гэх нөхцөл байдлыг нотлохоор “Тоонто гранд” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл” гэсэн нэртэй дүгнэлт ирүүлсэн, уг дүгнэлтэд нийт талбайн хэмжээг 190.47 м.кв гэж тооцож, нийт талбайн хэмжээ болох 205 м.кв-аас 14.47 м.кв дутуу гэсэн байна” гэжээ. /хх.104/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2019/12337 дугаар шүүгчийн захирамжаар “Эм Эм Инженеринг” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлтэд “Уг орон сууцанд хийсэн 5 ширхэг жижиг өрөө хийж өөрчилсний хийсний дараа 192.93 м.кв талбайтай болох ёстой байсан хэдий ч хэмжилтээр 190.25 м.кв талбайтай гарч 2.68 м.кв талбай дутав. Энэхүү 2.68 м.кв талбай нь барилга угсралт болон дотор заслын ажлын алдаанаас гарсан гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх.95-104/

“Эм Эм Инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэсэн заалттай нийсэн, талууд дахин шинжилгээ хийлгэх талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй байна. Мөн хэрэгт талуудын хооронд засварын тооцоо нийлсэн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Нэгтгэл” гэсэн бичгийн баримт авагдсан байна.

Хуульд заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Харин гэрээний зүйл нь доголдолтой байгаа болох нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Иймд нэхэмжлэгч С.Д орон сууцны талбайн зөрүү үнийг хариуцагч “А” ХХК-аас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын гэрээнд заасан тохиролцоогоор орон сууцны талбайн хэмжээ 205 м.кв хүрэхгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буюу орон сууцыг биет байдлын доголдолтой гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэн авснаас хойш доголдолтой холбоотой шаардлагаа гаргах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байгаа ч хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тухайн шилжүүлэн өгөх ёстой эд хөрөнгийн доголдлыг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Гэрээний 2.2-т заасны дагуу 1.м.кв-ийг 4 068 366 төгрөг гэж тохирсон “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны талбай нь 2.68 м.кв дутуу болох нь тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагч “А” ХХК-аас 10 903 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Энэ талаар давж заалдсан хариуцагч талын гомдлыг хүлээж авах боломжтой болно.

Иймд хариуцагч “А” ХХК-аас орон сууцны м.кв-ийн зөрүү 10 903 220 төгрөг, алданги 7  486 663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.

Мөн нэхэмжлэгч гэрээний 1.2-д заалтыг үндэслэн орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гэх хугацаанаас хойш буюу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 79 164 475 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Д төлбөр төлөх хуваарийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой 2 дахь төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь төлбөрийн мөнгийг бүрэн төлсөн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 7 486 663 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үндэслэлээр хариуцагч “А” ХХК-ийг гэрээний 1.2-т заасан 2014 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэний улмаас анз авах эрхээ алдсан талаар дүгнэхдээ хуулийг зөв хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн шинжээчийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. “Эм Эм Инженеринг” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 451 000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэгч С.Д дээрхи мөнгийг төлсөн талаар хэргийн 95-99 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн 99 дэх хуудаст бичсэн байх тул уг зардлыг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагчид хуваарилан тооцож 83 164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.