Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00643

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00643

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00609 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1196 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

138,277,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

10,072,953.68 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 138,277,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 10,072,953.68 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00609 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 7,486,663 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 130,791,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс нийт 10,072,953.68 төгрөгийг гаргуулах хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 890,664 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,118 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1196 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00609 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 18,389,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 119,837,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 890,664 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,118 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 249,899 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 83,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь иргэн *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 609 тоот шийдвэрийг залруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255.1.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой мөн хуулийн 254.2-т заасныг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул 1196 тоот магадлалын хэрэгсэхгүй болгосон хэсэг болох 119,837,950 төгрөгөөс 48,210,137 төгрөгийг дараах үндэслэлээр хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2013.06.19-ний өдөр байгуулагдсан 1001 тоот гэрээний 2.2, 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь 205 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 4,068,366 төгрөгөөр тооцон нийт 834,015,030 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, гэрээний хувиарт төлбөр болох 775,813,527 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн ба үлдэгдэл 86,201,503 төгрөгийг орон сууцны түлхүүр гардуулах өдөр төлөхөөр тохиролцсон. Хариуцагч компани гэрээнд зааснаар орон сууцыг 2014 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөөгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо эрх бүхий Тоонто гранд ХХК-ийн хэмжилтийг үндэслэн гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ 14.53 м.кв-аар дутуу доголдолтой тул үүнд илүү мөнгө төлөх үндэслэлгүй, бодит хэмжээнд нийцүүлэн гэрээний үнийг бууруулахаар шаардаж, мөн алданги нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдах авах гэрээ, орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь эд хөрөнгийн доголдолтой байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Мөн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 254.6-д зааснаар нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсныхаа дараа доголдолтой холбоотой шаардлагаа гаргах эрхтэй гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг залруулан хуулийн 254.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 254.1, 254.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 255.1.1, 254.2-т зааснаар шаардах эрхтэй юм. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйл нь худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахдаа эд хөрөнгө нь хуулийн 251 дүгээр зүйлд заасан доголдолтой, 255.1.1-д зааснаар доголдлыг мэдсэн тохиолдолд худалдан авагч ямар эрх эдлэх, эдлэхгүй байх талаар тусгай тохиолдлуудыг хуульчилсан. Талбайн хэмжээ дутуу байх доголдол нь нэхэмжлэгч өнөөдөр орон сууцыг хүлээн авсан ч уг доголдол арилахгүй, мөн доголдлыг орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хариуцагч доголдлыг арилгах, шинээр нэмж эсхүл нөхөн гүйцэтгэх боломжгүй байх онцлогтой. Тиймээс Иргэний хуулийн 254.1-т заасан эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, мөн гэрээнээс татгалзахын оронд талбайн хэмжээ дутуу доголдолтой орон сууцыг өөртөө үлдээж /нэхэмжлэгч өөрөө дотор заслыг хийсэн/, харин мөн хуулийн 254.2-т зааснаар бодит талбайн хэмжээнд нийцүүлэн үнийг нь бууруулахыг шаардах эрхтэй байна. Энэ ч утгаар нэхэмжлэлийн шаардлага дутуу талбайн үнэд илүү мөнгө төлөх үндэслэлгүй буюу гэрээний үнийг бууруулахаар шаардсан агуулгатай юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчин хэрэгт авагдсан орон сууцны талбайн хэмжээг тооцсон Тоонто гранд ХХК-ийн хэмжилт, талуудын тохиролцоо буюу гэрээ, шинжээч Эм Эм Инженеринг ХХК-ийн дүгнэлтийг хооронд нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зориуд худал, нотлох баримтыг гуйвуулж үнэлсэн. Давж заалдах шатны шүүх шинжээч Эм Эм Инженеринг ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны талбай нь 2.68 м.кв дутуу болох нь тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй, мөн талуудыг 192,93 м.кв орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцсон мэтээр тус тус дүгнэж, талуудын 205 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 4,068,366 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо, шүүх хуралдаанд хариуцагчийн 205 м.кв орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэх тайлбар /Шүүхийн шийдвэрийн 3 дахь тал, хуралдааны тэмдэглэл/, 205 м.кв байх тохиролцооноос хэдэн м.кв дутсан гэдэгт огт дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтыг бүрэн, үнэн зөв үнэлээгүйгээс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Харин шинжээчийн дүгнэлтээр барилгын зураг төслөөр 1001 тоот орон сууцны талбай анхнаасаа 193.27 м.кв байсан, эрх бүхий байгууллагуудын хэмжилтээр бодит хэмжээ 190.47 м.кв болон 190.25 м.кв байсан байхад хариуцагч компани зориуд 205 м.кв талбайтай орон сууц гэж зориуд настай хүнийг хууран мэхэлж илүү мөнгө авч буйд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.2, Иргэний хуулийн 255.1.1, 254.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн магадлалын хэрэгсэхгүй болгосон хэсэг буюу үлдэх дутуу талбайн үнэ 48,210,137 /14.53-2.68/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж шинжээчийн зардлын 83,164 төгрөгийг хуваарилж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн нийт 451,000 төгрөгийн зардлыг хариуцагч компани төлөхгүй байсан тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэгч өмнөөс нь төлж дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас дээрх зардлыг бүрэн гаргуулж өгнө үү. Мөн Магадлалд улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг хэвээр шийдвэрлэсэн байх тул залруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн 14.53 м.кв-ийн зөрүүгийн үнэ 59,113,358 төгрөг, орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс алданги 79,164,475 төгрөг, нийт 138,277,833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан 2 дахь төлбөрийг нэхэмжлэгч хугацаанд нь төлөөгүйгээс алданги 10,072,953.68 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас алдангид 7,486,663 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 130,791,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гээс нийт 10,072,953.68 төгрөгийг гаргуулах хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас орон сууцны метр квадратын зөрүү болон алдангид нийт 18,389,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 119,837,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,899 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 83,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд 2013.06.19-ний өдөр Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******д 205 м.кв талбай бүхий орон сууц, 1 авто машины зогсоолыг худалдах, нэхэмжлэгч 862,015,030 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний 1.2-т орон сууцыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөт өдрийг 2014 оны 1 дүгээр улирал гэж тодорхойлж, гэрээний 2.3.1-д нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр 648,246,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор, 2 дахь төлбөр 127,567, 527 төгрөгийг 2013.10.01-ний өдөр, 3 дахь төлбөр 86,201,503 төгрөгийг орон сууцны түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

8. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор Тоонто гранд ХХК-ийн 2019.07.29-ний өдрийн Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон дүгнэлт ирүүлсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2019.11.06-ны өдрийн 181/ШЗ2019/12337 дугаар захирамжаар Эм Эм Инженеринг ХХК-ийг шинжээчээр томилсон ба уг шинжээчийн дүгнэлтэд ...орон сууцанд хийсэн 5 ширхэг жижиг өрөө хийж өөрчилсний дараа 192.93 м.кв талбайтай болох ёстой байсан хэдий ч хэмжилтээр 190.25 м.кв талбайтай гарч 2.68 м.кв талбай дутав. Энэхүү 2.68 м.кв талбай нь барилга угсралт болон дотор заслын ажлын алдаанаас гарсан гэж дүгнэж байна гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх талуудын гэрээнд заасан тохиролцоогоор орон сууцны талбайн хэмжээ 205 м.кв хүрэхгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буюу орон сууцыг биет байдлын доголдолтой гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэн авснаас хойш доголдолтой холбоотой шаардлагаа гаргах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай гэж дүгнэн, нэхэмжлэгч ******* орон сууцны талбайн зөрүү үнийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан нь зөв боловч хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж чадсангүй.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хяналтын шатны шүүхээс хэргийн баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 2.2-т заасны дагуу 1.м.кв-ыг 4,068,366 төгрөг гэж тохирсон, Эм Эм Инженеринг ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны талбай нь 11,84 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон байх тул хариуцагч ******* ХХК-аас 48,210,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

 

11. Нэхэмжлэгч гэрээний 1.2 дахь заалтыг үндэслэн орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гэх хугацаанаас хойшхи хугацааны алдангид 79,164,475 төгрөг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь төлбөрийн мөнгийг бүрэн төлсөн өдөр буюу 2019.08.05-ны өдрөөс 2020.02.13-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 7,486,663 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн нь зөв байна.

 

12. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийг гэрээний 1.2-т заасан 2014 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэний улмаас анз авах эрхээ алдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

 

13. Энэ тогтоолын 10 болон 11-д заасан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас орон сууцны м.кв-ын зөрүү 48,210,137 төгрөг, алданги 7,486,663 төгрөг, нийт 55,696,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

14. Нэхэмжлэгчийн шинжээчийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. Эм Эм Инженеринг ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 451,000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэгч ******* дээрхи мөнгийг төлсөн тул уг зардлыг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагчид хуваарилан тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

15. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1196 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00609 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 55,696,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 82,581,033 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 890,664 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,118 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 436,434 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 451,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 399,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД