Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/00609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “А” ХХК/РД: /-д холбогдох

 

138 277 833 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10 072 953.68 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч А ХХК-тай 2013 оны 06-р сарын 19-ний өдөр 1001 тоот “Захиалгаар орон сууц оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу хариуцагч “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамж, Олимпик Ресиденс барилгын 10 давхарын 1001 тоот, 205 м2 бүхий орон сууцыг 834,015,030 төгрөг, нэг автомашины зогсоолыг 28,000,000 төгрөг, нийт 862,015,030 төгрөгөөр худалдах, худалдан авагч С.Д нь төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар төлөх үүрэг хүлээсэн байна.

С.Д нь гэрээний үүргээ биелүүлж хувиарт төлбөр 775,813,527 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 86,201,503 төгрөгийг гэрээнд зааснаар орон сууцны түлхүүр гардуулах өдөр төлөхөөр байна.

Гэтэл хариуцагч “А” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан барилгыг 2014 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх, 3 дугаар зүйлийн 3.2.1-т “барилгын ажлыг Монгол улсын барилгын тухай хууль тогтоомж, стандартад нийцсэн чанартай бараа, материал ашиглан гүйцэтгэх үүрэгтэй”, мөн гэрээний 3.2.2- т “... захиалагчид хүлээлгэн өгөх орон сууц эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байлгах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, тус барилгыг улсын комисс 2018 оны 02-р сард хүлээн авсан ч өнөөдрийг хүртэл орон сууцыг худалдан авагч С.Дд хүлээлгэн өгөөгүй, мөн гэрээний зүйл нь эд хөрөнгийн доголдолтой байна.

Орон сууцны дотоод заслыг С.Д нь өөрийн хөрөнгөөр хийсэн төдийгүй орон сууцны талбайн хэмжээг Монгол улсад мөрдөгдөж буй MNS2009:6058 стандартын дагуу тусгай зөвшөөрөл бүхий “Тоонто гранд” ХХК-иар 2019 оны 07-р сарын 29-ний өдөр хэмжүүлэхэд орон сууцны талбайн нийт хэмжээ 190.47 м2 байх бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 14.53 м2-аар дутуу байна. Энэ нь Монгол улсын MNS2009:6058 стандартыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дутуу 14.53 метр квадрат орон сууцны үнэ 59,113,358 төгрөг, барилгыг 2014 оны 1 улирал буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөөгүй алдангид 79,164,475 төгрөг, нийт 138,277,833 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Бодит үйл явдал дээр юу болсон гэвэл, гэрээ байгуулсны дараа компанийн захирал н.Одбаяр байсан. Энэ компанийн захирал хэлэхдээ та гэрээнийхээ нийт үнийг төлсөн байгаа учраас дараагийнхаа мөнгийг төлөх гээд яах вэ, дотор засварын бараа материалыг танайх үзэж байгаад сонголтоо хийгээд үлдэгдэл төлбөрөө шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн байдаг. Ингээд 2018 онд дотор засварын бараа материал ирсэн. Харамсалтай нь гэрээнд заасан чанартай зүйл байгаагүй. Ийм учраас С.Д өөрөө засвар хийсэн. Засвар хийсэн тооцооллыг хариуцагч талын эдийн засагч нар тооцоолон гаргасан. Хавтаст хэрэгт гаргасан байгаа. Нийт 28,000,000 төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэсэн гэдэг дээр талууд тооцоо нийлж, гэрээний үнийн дүнгээс хасахаар шийдвэрлэсэн байдаг. 28,000,000 төгрөгийг дотоод ажлын засварын хөлсөнд тооцсон учраас 40,000,000 төгрөгт нийцүүлж, 11,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд, тэгээд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр талууд тооцоог хаасан байдаг. Ингээд гэрээний 2.3.1-т заасан хуваарийн дагуу 3 дахь удаагийн төлбөр буюу 86,000,000 төгрөгийг үлдээсэн. Ийм учраас сөрөг нэхэмжлэлд дурдсан 40,000,000 төгрөг болон 28,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц бэлэн болоогүй. Өчигдөр орой нэхэмжлэгч С.Дтэй холбогдож тухайн орон сууцны талаар хэлэхдээ орон сууцны 2 дүүш шийдэгдээгүй, цахилгаан болон интернетийн шугамын разеткууд суурилагдаагүй гэж хэлсэн. Тухайн орон сууцыг хүлээн авч, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй С.Дгийн нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс эөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Орон сууцны метр квадратын зөрүүний тухайд

Манай компани нь С.Дтэй 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрээгээр Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж, Олимпик Ресиденс барилгын 10 давхарын 1001 тоот, 205 м.кв бүхий орон сууцыг 834.015.030 төгрөгөөр, мөн автомашины зогсоолыг 28.000.000 төгрөг, нийт 862.015.300 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг захиалгаар худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Тухайн гэрээг байгуулахдаа орон сууцны төлөвлөлтийн схем зургыг хавсаргасан бөгөөд энэ нь худалдан авагчийн орон сууцны өрөөний зохион байгуулалт, даацын хана зэргийг харуулсан зураглал юм.

Гэрээний 1.3. дахь хэсэгт “Захиалгын объект нь энэхүү гэрээний Хавсралт А-д заасан схем зураглалаас бүрдэнэ”, 1.4 дэх хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээний хавсралт А-д заасан схем зурагт энэхүү гэрээний 1.5 дугаар зүйл болон холбогдох хууль, барилгын норм, дүрмийн шаардлагын хүрээнд өөрчлөлт оруулах ба бусад тохиолдолд өөрчлөлт оруулахыг хориглоно” мөн гэрээний 1.5 дахь хэсэгт “Захиалагч гэрээний хавсралт А-д заасан схем зураглалд 1/нэг/ удаа өөрийн хөрөнгө, зардлаар өөрчлөлт хийлгүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэгчид гаргах эрхтэй ба хүсэлтийг бичгээр гаргана ...” гэж тус тус заасан байдаг. С.Д нь захиалсан орон сууцны зохион байгуулалтыг өөрийн хүсэлтээр өөрчилж хана нэмж барих, шинээр өрөө бий болгох зэргээр өөрчилснөөс орон сууцны талбайн хэмжээ багассан гэж үзэж байна. Тиймээс талбайн хэмжээ багассан эсэх асуудлын хариуцлагыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй.

2. Барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйн алдангийн тухайд

Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйн алданги буюу 76.766.808 төгрөгийг нэхэмжилж байгаа ба энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 6.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тхоиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.005 хувиар тооцсон алдангийг хоног тутамд захиалагчид өгнө. Нийт алдангийн үнийн дүн нь захиалгат объектын үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй.” гэж заасан байдаг.

Тодруулбал, алданги нь гэрээний нийт дүн буюу 862.015.030 төгрөгийн 2 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдгийг ойлголгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэгч нь алдангийг хэрхэн бодож, хэд хоногийн алданги нэхэмжлээд 76.766.808 төгрөг болж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч мөн адил гэрээнд заасан төлбөр төлөх хувиарийг зөрчсөн байдаг бөгөөд гэрээний 2.3.1 дэх хэсэгт 2 дахь төлбөр болох 127.567.527 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх ёстой байсан боловч үүнийгээ хугацаандаа өгөөгүй бөгөөд 2014 онд 2 дахь төлбөрийг хийсэн байдаг. Бид гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги буюу гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар тооцох боломжтой байсан боловч энэхүү арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Дг 2019 оны 5 дугаар сараас хойш манай байгууллага дээр хүрэлцэн ирж тооцоогоо нийлье гэхэд одоо очноо гэсээр 3 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүрэлцэн ирж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуран төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

“А” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрладаг. С.Дд 1001 дугаартай гэрээгээр 205 метр квадрат орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Барилгын зургийн дагуу 2013 онд гэрээ байгуулсан. Төлбөр тооцоог тухайн үед графикийнхаа дагуу төлөөгүй. Орон сууцны захиалагч нар тухайн үед доголдол гаргасан байгаа. 2013 оноос 2016 оны хооронд долларын ханшийн өсөлт тогтворгүй байсан. Үүнээс болоод барилгын ажил бага зэргийн удаашралтай байсан ба бид нар хичээж ажилласан. Одоо 1001 дугаартай гэрээний барилгын ажил ерөнхийдөө дууссан байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Манай компаниас 14.53 метр квадратын орон сууцны зургийг гаргаагүй. Зургийг барилгын компаниар захиалуулан гаргасан. Хүсэлт болон зургийн дагуу гэрээ, контракт байгуулсан. Хугацаа хэтэрсэн алдангийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэлээсээ хассан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Дарьжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний агуулгыг харвал гүйцэтгэгч “А” ХХК ажлаа хийнэ, харин захиалагч С.Д төлбөрөө төлнө. Мөн энд түлхүүр гардуулах өдөр гэсэн зүйл байнга яригдаад байгаа. Тэгэхээр ажлыг хүлээж авах асуудал Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар зохицуулагдана. Энэ дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх байх аа гэж найдаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 сая гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгааг нь ойлгохгүй байна. Учир нь нотлох баримт шинжлэн судлахад С.Дгийн цувуулж төлсөн мөнгөний баримтууд дурдагдлаа. Бид бүхэн баримтуудын огноо, хэмжээг нь тоолоод хоногийг гаргасан. Тэгээд хоногоо алдангийнхаа хэмжээгээр үржүүлээд гаргасан. Тийм учраас үндэслэлтэй нэхэмжлэл гэж үзэж байна. Гүйцэтгэгч тал дулаан, цахилгаан, бусад хохирлын мөнгийг нэхэмжлээгүй байгаа шүү. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Харин метр квадратын хэмжээний асуудал үндэслэлгүй байсан гэдэг нь тодорхой боллоо. Тийм учраас захиалагч тал бодитой нэхэмжлэл гаргасангүй гэж хэлмээр байна.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөрийн хугацаа, хоног, алданги орсон байгаа. Иргэн Дгийн нэхэмжлэлтэй тус компанид холбогдох 132 сая төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг тухайн шүүхээр хэлэлцэгдэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан сөрөг нэхэмжлэх гаргаж байна.

Манай компани иргэн Дтэй 2013 оны 06 дугаар сарын 19-нд захиалгаар орон сууц, оффис үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.3.1-д заасан хувиарын дагуу Д нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Захиалагч Д урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлсөн ба 2 дахь төлбөр болох 127 567 527 төгрөгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байснаас 92 567 527 төгрөгийг 148 хоног/2013.10.01-2014.02.26/, 62 000 000 төгрөгийг 197 хоног/2013.10.01-2014.04.16/, 40 000 000 төгрөгийг 290 хоног /2013.10.01-2019.08.09/, 25 458 034 төгрөгийг 2138 /2013.10.01-2019.08.10/ хоног тус тус хоцроосон.

Захиалгаар орон сууц оффис үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх 1001 тоот гэрээний 6-р зүйлийн 6.1-д “Захиалагч обьектийн хувиарт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хувиарт төлбөрийн 0,005 хувиар тооцсон алдангийг хоног тутамд гүйцэтгэгчид төлнө” гэж заасан тул 2013.10.01-2019.08.05 хүртэл 2138 хоногт алданги 10 072 953.68 төгрөгийг Дгээс гаргуулж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Д хариуцагч “А” ХХК-д холбогдуулан дутуу талбайн үнэ 59 113 358/тавин есөн сая нэг зуун арван гурван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг, алданги 79 164 475/далан есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, нийт 138 277 833/нэг зуун гучин найман сая хоёр зуун далан долоон мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “А” ХХК нэхэмжлэгч С.Дд холбогдуулан алданги 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь талбайн хэмжээ багассан эсэх асуудлын хариуцлагыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй, нэхэмжлэгч нь алдангийг хэрхэн бодож, хэд хоногийн алданги нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.Д нь сөрөг нэхэмжлэлд дурдсан төгрөгийг төлөх боломжгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц бэлэн болоогүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь “Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

“Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.3.1-т зааснаар хариуцагч нь 205/хоёр зуун тав/ м.кв талбай бүхий орон сууц, нэг автомашины зогсоолыг 2014 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууц болон нэг автомашины зогсоолын төлбөрт нийт 862 015 030/найман зуун жаран хоёр сая арван таван мянга гуч/ төгрөгийг хуваарийн дагуу хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн тус “Захиалгаар орон сууц, оффис, үйлчилгээний талбайн ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууц доголдолтой буюу орон сууцны талбай 14.53/арван дөрөв зууны тавин гурав/ метр квадратаар дутуу гэх үндэслэлээр хариуцагчаас 59 113 358/тавин есөн сая нэг зуун арван гурван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

 Гэрээний 2-ын 2.1, 2.2-т орон сууцны нийт талбайн хэмжээ 205/хоёр зуун тав/ м.кв гэж заасан боловч орон сууцны нийт талбайн хэмжээ 190.25/нэг зуун ер зууны хорин тав/ м.кв байгаа болох нь шинжээч “Эм Эм Инженеринг” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ ... бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан.

 

Гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээ 205/хоёр зуун тав/ метр квадратад хүрэхгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буюу орон сууцыг биет байдлын доголдолтой гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн ... эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш ... худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж заасан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэн авснаас хойш доголдолтой холбоотой шаардлагаа гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар зохигчид түлхүүр гардуулсан өдрийг орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөрт тооцохоор тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар зохигчид орон сууцыг хүлээлцээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн метр квадратын зөрүүтэй байсан гээд хүлээн аваагүй гэх тайлбараар тогтоогдож байна.

 

 Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн аваагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авсны дараа доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас дутуу талбайн үнэд 59 113 358/тавин есөн сая нэг зуун арван гурван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авсны дараа орон сууцны доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй алдангид 79 164 475/далан есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.2, 2.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууц болон автомашины зогсоолын нийт үнэ 862 015 030/найман зуун жаран хоёр сая арван таван мянга гуч/ төгрөгийг 3/гурав/ хувааж, хариуцагч нь орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх Гэрээнд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/84 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 6-ийн 6.2-т зааснаар зохигчид алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.005/тэг мянганы тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь орон сууц болон автомашины зогсоолын төлбөрт нийт 775 813 527/долоон зуун далан таван сая найман зуун арван гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг төлсөн байх ба эхний хуваарийн төлбөрийг Гэрээнд заасан хугацаанд төлсөн байх боловч 2 дахь хуваарийн төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлсөн болох нь Гэрээний хуулбар, Голомт банкны 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн болон 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбар, Худалдаа, Хөгжлийн банкны 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Орлогын маягтын хуулбар, Улаанбаатар хотын банкны 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Шилжүүлгийн баримтын хуулбар, Голомт банкны 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөрийн баримтын болон Худалдаа, Хөгжлийн банкны 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Орлогын ордерын хуулбар, Хаан банкны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Алдангийг нэхэмжлэгчийн төлбөр төлсөн сүүлийн өдөр болох нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 7 486 663/775813527x0.005%=38790.67, 38791x193=7486663/ /долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 71 677 812/79164475-7486663=71677812/ /далан нэгэн сая зургаан зуун далан долоон мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

   

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 7 486 663/долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 130 791 170/138277833-7486663=130791170/ /нэг зуун гучин сая долоон зуун ерэн нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс алдангид 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан 2 дахь хуваарийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алдангид 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 2.3.1-т заасан 2 дахь төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх хугацааг хэтрүүлсэн байх боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн болох нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/84 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:”, 224.2.3-т “мөнгөн төлбөрийн ... анз авах эрхээ алдах.” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 1-ийн 1.2-т заасан 2014 оны 01 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад зааснаар алданги авах эрхээ алдсан байна.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс алдангид 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 7 486 663/долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, үлдсэн 130 791 170/нэг зуун гучин сая долоон зуун ерэн нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дгээс нийт 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 7 486 663/долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, үлдсэн 130 791 170/нэг зуун гучин сая долоон зуун ерэн нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дгээс нийт 10 072 953.68/арван сая далан хоёр мянга есөн зуун тавин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулах хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 890 664 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 118 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ