Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01250

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762  дугаар шийдвэртэй

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Н, П.А, Д.Б, П.С, Б.П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 319 696 373.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.П, П.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр П.Н, П.А нар нь Гтай ЗГ2505105075 тоот зээлийн гэрээ байгуулан 250 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ2505105075-1, ЗБ2505105075-2, ЗБ2505105075-3 тоот ипотекийн гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэн Б.П, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003085 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004047 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030944 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн Б.Пын Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг болно. Зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн хүүг 25,2% гэж 3.2.1-д зээлийн хүүг 22,8% гэж заасан нь 2 өөр төрлийн хүү тооцохоор хийсэн гэрээ биш юмаа. Зээлдэгч нар зээлийн гэрээний 3.1-т заасан нөхцлийг биелүүлсэн тохиолдолд 3.2.1-д зааснаар хүүг 22,8% гэж тооцож болох нөхцлийг тохирсон, зээлдэгч нар гэрээнд заасан нөхцлийг биелүүлээгүй учраас зээлийн хүү 25,2% гэж тохирсоноор бодогдоно. П.А, П.Н нар нь ЗГ2505105075 тоот зээлийн гэрээнээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 456 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч П.А, П.Н нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг удаа дараа зээлдэгч нарт хүргүүлж амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлдэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ЗГ/2505105075 дугаартай Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт 235 715 415.70 төгрөг, хүүний төлбөрт 51 363 289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 444 338.87 төгрөг нийт 290 523 043.57 төгрөгийг гаргуулж барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 162 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Энэхүү хугацааны алдагдал нь нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарт зүйлийн 26.2 дахь хэсэги заасны дагуу үндсэн хүүд 26 363 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 809 367.74 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна. Иймд ЗГ2505105075 тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 235 715 415.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 77 727 251.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 253 706.61 төгрөг, нийт 319 696 373.32 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд гаргуулж, хариуцагч П.А, П.Н, П.С, Д. Батболд, Б.П нартай байгуулсан ЗБ2505105075-1, ЗБ2505105075-2, ЗБ2505105075-3 дугаартай Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Н, Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа П.А, П.Н нарын Гтай байгуулсан ЗГ2505105075 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 290 523 043.57 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, хүү тооцооллын хүснэгт гэх баримтыг хавсаргасан байна. Уг хүүний тооцооллыг хэрхэн яаж гаргасан, ямар журам, зааврын үндэслэсэн нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн хүүг 25,2% гэж 3.2.1-д зээлийн хүүг 22,8% гэж хоёр өөрөөр тусгасан мөртлөө шүүхэд хамгийн ихээр нь буюу 25,2%-иар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн уг хүү тооцооллын хүснэгтэд дурдсанаар хариуцагч нийт 51 007 912.04 төгрөг төлсөн байх бөгөөд уг дүнг үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс тус тус хасч тооцоолсон байгаа нь хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлах нь зүйтэй. Зээлийн гэрээний хавсралт №1-д зээлийг эргүүлэн төлөх эцсийн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж уг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч шүүхэд хэрэг хянагдаж байх явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн шаардлага болох үндсэн хүүд 26 363 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 809 367.74 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний төлбөрт 290 523 043.57 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд ийнхүү зээлдүүлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ЗГ2505Ю5075 тоот зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Талуудын хооронд байгуулсан ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээ нь хуульд нийцээгүй төдийгүй зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж буй ЗГ2505105075 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Н, П.А нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Учир нь Гны гүйцэтгэх захирал Норихико Като нь тус банкны эрсдэл хариуцсан захирал Н.Оюунхандад итгэмжлэл олгохдоо өөрөө тушаал гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээх тухай заагаагүй байхад Н.Оюунханд нь Б.Батхишигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээх эрхийг олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.А 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул захын Гны тооцооны төв дээр очиж, тус төвийн захирал Б.Баясгалан, зээлийн эдийн засагч Баянзул, Наранцэцэг гурвыг сууж байхад захирлын өрөөнд очиход 250 000 000 төгрөгийн зээл бүтсэн, та гэрээтэйгээ танилцаж гарын үсгээ зурна уу гэж тулгасан. Би тус гэрээтэй танилцаж 1 нөхцөлтэйгөөр гарын үсгээ зурна гэж хэлсэн. Уг нөхцөл нь 250 000 000 төгрөгийн зээл авч чадахгүй, учир нь ийм их хэмжээний мөнгийг төлж чадахгүй учраас 1 дүгээр хорооллын байрыг хасаад уг байрыг тус банк 70 000 000 төгрөгөөр үнэлснийг хасаад 180 000 000 төгрөгийг авахаар захирал Б.Баясгалантай тохиролцсон болно. Уг мөнгөнөөс миний бие 1 төгрөг ч захиран зарцуулаагүй нь үнэн болно гэжээ.

Хариуцагч Д.Б, П.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: П.С П.Нийн төрсөн дүү ба 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хүн болох Д.Б бид хоёр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Баян соёмбо” хотхон 65-в-41 тоот дахь 54,27 м.кв 2 өрөө орон сууцаа итгэмжлэл хийж зээлийн барьцаанд тавиулсан. Уг зээл авахаас өмнө Хаан банканд 150 000 000 төгрөгийн бизнесийн зээлийн барьцаанд тавиулж байсан. Тухайн үед Гинд зээлийн барьцаанд тавих гэж байхад хэдэн төгрөгөнд манай орон сууцыг үнэлж, хэдэн төгрөгийн зээл авч байгааг мэдээгүй. Иймд бидний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Бид энэ зээлээс мөнгө төгрөг авч хэрэглээгүй болно. Бид өмнө нь зээлийн барьцаанд тавиулж байсан болохоор итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж зээлийн барьцаанд тавиулсан болно. Банк манай байрыг 81 400 000 төгрөг гэж үнэлээд тултал нь зээл олгосон байгаа, ингэж зээл олгох хэрэгтэй байсан юм уу. Зээлдэгч нарыгаа сайн судлахгүй их хэмжээний зээл олгосныг гайхаж байна. Зээл олгохдоо П.Нийн Хаан банкны дансны хуулгыг ашигласан байдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Н, П.А нараас 290 523 043.57 /хоёр зуун ерөн сая таван зуун хорин гурван мянга дөчин гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан, “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 173 329.75 /хорин есөн сая нэг зуун далан гурван мянга гурван зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч П.С, Д.Б, Б.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003085 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004047 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030944 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Иргэн Б. Пүрэвжавын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207002318 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 914 381.87 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 610 565.22 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Дарьсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ2505105075 дугаар зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хүртэлх хугацааны нийт 77 727 251 төгрөгийг шаардсан бөгөөд шүүхээс 51 363 289 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр с арын 24-ний өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт нийт 51 363 289 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзсэн. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ2505105075 дугаар зээлийн гэрээний хавсралтаар зээлийг эргэн төлөх хуваарийг баталсан бөгөөд уг эргэн төлөлтийн графикт зээлдэгчийн төлөх ёстой үндсэн зээл болон хүүгийн хэмжээг тусгасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх  хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасан хэмжээгээр тооцсон буюу зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хэмжээний хүүг төлөх үүрэгтэй. Иймд зээлдэгч уг хуваарьт заасан хугацаанд үндсэн зээл, хүүг төлөх үүрэг хүлээсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг цуцалсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хэмжээгээр тооцоход нийт 74 447 493.2 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Хариуцагч П.Н нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 36 664 332.341 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг зээлийн гэрээнд заасан  хэмжээний тохиролцсон хүү буюу 74 477 493.2 төгрөгөөс хасч тооцоход 37 813 160.9 төгрөгийг үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрт 51 363 289 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний 13 550 128 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж заасан. Гэвч 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ2505105075 дугаар зээлийн гэрээний 4.1.13-т “...зээлийн хүүний 20 %-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан боловч тус гэрээний 2.1.1-т зээлийн жилийн хүү 25.2%, 3.2.1-т хөнгөлттэй жилийн хүү 22.8% гэж тус тус хүүгийн хэмжээг ялгаатай тодорхойлсон. Зээлийн гэрээнд хоёр төрлийн хүү тогтоосон нь нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хүүгийн хэмжээний тодорхойгүй байдлаас “...зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж талууд нэмэгдүүлсэн хүүний тухай тохиролцсон гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү 3 444 338.87 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхишигийн шүүхэд ирүүлсэн итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй итгэмжлэл байсан. “Г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Норихито Като гэх иргэн байх ба тэрээр 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 257 тоот гүйцэтгэх захирлын “Эрх олгох” тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Н.Оюунхандад 3 жилийн хугацаатай эрх олгосон байдаг. Дээрх тушаалд бүх шатны шүүх, прокурор, цагдаа, шийдвэр гүйцэтгэх, авилгатай тэмцэх байгууллага зэрэг төрлийн бусад байгууллагад банкийг төлөөлнө ерөнхий агуулга л байгаа болохоос биш ямар хэрэг шийдвэрлэх ажиллагаанд банкийг хэрхэн яаж, ямар хуульд заасан эрх, үүрэг эдэлж төлөөлөх нь тодорхойгүй байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдоогүй тушаал байсан атал энэ тушаалаар эрх авсан гэх Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Н.Оюунханд нь өөрт олгогдоогүй эрх, үүргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09/3146 тоот итгэмжлэлээрээ С.Батхишигт олгосон байсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 257 тоот “Эрх олгох” тушаалын дагуу нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэлд үл хамаарч байх тул  мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хүүгийн тооцооллын талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч П.Н, П.А, Д.Б, П.С, Б.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 319 696 373.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч П.Н, П.А нартай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг, жилийн 25,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон байна. /хх.10-15/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан, зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн, талууд гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хх.10/

            Хуульд заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд “Г” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 250 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. /хх.10-16, 35-37/

            Гэрээний 5.2-т банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхийн талаар тохиролцсон, 5.2.1-т зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдлыг заажээ. /хх.10-15/ Зохигчид зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээж авсан, харуцагчийн зээл, зээлийн хүүд төлсөн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч нар 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн буцаан төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй учраас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэл заажээ.

            Нэхэмжлэгч талаас 2019 оны 3 дугаар сарын 26, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан болох нь “Г” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09/1389 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна. /хх.51-52/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцжээ.

Хариуцагч П.Н, П.А зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй болохоо үгүйсгээгүй болно.

Анхан шатны шүүх зээлдэгч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч анхааруулж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байгаа нь нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хариуцагч П.Н, П.А нар нь ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 235 715 415.70 төгрөг, хүүд 51 363 289 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 444 338.87 төгрөг, нийт 290 523 043.57 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г”  ХХК 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа /хүү 26 363 962 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2 809 367.74 төгрөгөөр/ нэмэгдүүлсэнийг хангах үндэсгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч нар давж заалдах гомдлын үндэслэлээ“...хүүгийн тооцооллыг хэрхэн гаргасан, ямар журамд зааснаар тооцсон нь тодорхойгүй, зээлийн гэрээний хүүг жилийн 25,2%, хөнгөлттэй жилийн хүүг 22,8% гэж ялгаатай тодорхойлсон, гэрээнд хоёр төрлийн хүү тогтоосон нь нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй болсон” гэж заасан байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заажээ. Зээлийн гэрээний 2.1.1-т жилийн хүүг 25,2%-иар, гэрээний 3.2.1-т хөнгөлттэй жилийн хүү 22,8% гэж заасан нь ойлгомжгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллага зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулсан нь стандарт нөхцөл бүхий гэрээ байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид ашигтайгаар зээлийн хүүгийн тооцооллыг 22,8%-иар тооцох нь дээрх хуулийн заалттай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд хариуцагч П.Н, П.А нараас үндсэн зээл 250 000 000 төгрөгөөс төлсөн 14 284 584.30 төгрөгийг хасч үндсэн зээл 235 715 415.70 төгрөг, хүүг 22,8%-иар тооцож, зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс гэрээ цуцлагдсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн хүү 86 449 999 төгрөг үүнээс хариуцагч нарын төлсөн 36 664 332 төгрөгийг хасч 49 785 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20%-иар тооцож 3 432 064 төгрөг, нийт 288 933 146 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

            Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.