Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01403

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дугаар шийдвэртэй

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ө” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 225 157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “MBC” ХХК-ийн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Ө” ХМХ-тэй 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр III/104 дугаартай “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч “М” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Сity tower center” цогцолборын 8 давхрын 802 тоот өрөөний дотор засал, тохижилтын ажлыг харилцан тохиролцсон төсөвт багтаан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохиролцож, гэрээний үнийн дүнг 38 225 157 төгрөгөөр тогтоосон болно. “М” ХХК нь гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлж дотор засал, тохижилтын ажлыг хийж дуусгасан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил хүлээлцсэн акт үйлдэн ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн. Гэтэл ийнхүү ажил хүлээлцсэнээс хойш захиалагч “Ө” ХМХ нь ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлбөрийг барагдуулах боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус зааснаар “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр 38 225 157 төгрөгийг “Ө” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХМХ нь 2014 онд Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн үеийн бүртгэлийн хуульд нийцүүлж хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байдаг. Ингээд 2019 оны 4 дүгээр сард тохиролцож, 5 дугаар сард иргэн н.Мандахбаяр худалдаж авсан байдаг. Ингээд авахдаа “Ө” ХМХ-ийг “Ө” ХХК болгосон байгаа. Энэ “Ө” ХХК-ийг худалдаж авахад талуудын хооронд хийсэн гэрээ байдаг. Уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн ямар үүргийг залгамжилж, ямар үүрэг нь хамаарахгүй вэ гэсэн зүйл байгаа. Энэ дотор дотоод засал хийсэн гэрээтэй холбоотой асуудал байхгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх үүсэн, өөрчлөгдөх, дуусгавар болох нөхцөл хэлцлийн үндсэн дээр үүснэ гэж байгаа. Хэлцлийн агуулга буюу талуудын хүсэл зоригийг харахаар гэрээнд тодорхой ажил хийсэн байгаа бөгөөд энэ ажлыг хийхэд 38 225 157 төгрөг болсон гэдэгт маргахгүй байгаа. Харин гэрээний 2.1-д заасан гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн хэсэгт гэрээний үнэ 38 225 157 төгрөг болно, үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38 225 157 төгрөгийг бартераар хийхээр тохиролцоно гэсэн заалт байгаа. Мөн гэрээний 3.6-д зааснаар хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ гэсэн байгаа. Тэгэхээр талуудын хүсэл зоригийн хувьд нэгдүгээрт нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хоёрдугаарт төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон. Тэгэхээр энэ байдал нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журмыг талууд харилцан тохиролцож тодорхойлно, тодорхойлоогүй бол жишиг үнийг баримталж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх арга хэлбэрийг бартер гэж тохиролцсон бөгөөд хэмжээг нь 100 хувь гэсэн байна. Үүнийг ажил гүйцэтгүүлэгчийн эрх үүрэг гэсэн хэсэгт тодорхой заасан байгаа учраас гэрээний үүрэг нь бартер юм. Тэгэхээр гэрээгээр бартерийн үүрэг хүлээсэн бол нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээний хэмжээнд байх ёстой. Гэрээ нь өөрөө заавал мөнгөн хэлбэрээр биш, талууд өөр арга хэрэгслээр тохиролцож болно гэсэн байгаа нь хуульд нийцэж байна. Тэгэхээр хууль болон гэрээнд нийцүүлж, нэхэмжлэгчийн шаардах зүйл нь бартерийн үүрэг юм. Гэтэл үүнээс давсан байдлаар буюу мөнгөн хэлбэрээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь хуульд болон талуудын хийсэн тохиролцоонд нийцэхгүй байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн хүрээнд буюу 38 225 157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн дараагийн асуудал нь нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд гэрээний үүргийг зөрчсөн зөрчил байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар бол бартераар үүргээ гүйцэтгэнэ үү гэж шахаж, шаардсан, хариуцагч нь бартерийн үүргийг гүйцэтгэхгүйгээр зугтаж, зөрчил гаргасан зүйл байхгүй. Хурал эхлэхийн өмнө хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас гаргадаг бүтээгдэхүүн нь контент болон сонин дээрх зай, зар сурталчилгаа байдаг. Энэ хэлбэрээр төлөх гэхээр нэхэмжлэгч нь өөр бараа, мөнгө гэж гэрээ болон хуульд заагаагүй арга хэлбэрээр нэхэмжилж байгаа нь нийцэхгүй юм. Манайх бартераар төлөхгүй гэж хэлээгүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 38 225 157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “MBC” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “MBC” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 349 080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “MBC” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн өөр зүйл заалтыг үндэслэл болгосон, хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байдал нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэрээнд зааснаар ажлын хөлсийг төлөх аргаа мөнгөн төлбөрөөр биш бартераар буюу арилжаагаар гэж тодорхойлсон” гэж дүгнэсэн боловч шийдвэрийн 5 дахь талд “Хэдийгээр талууд ажлын хөлсийг ямар хэлбэрээр төлөхийг бүрэн тодорхойлоогүй боловч энэ нь хариуцагч талыг гэрээний үүргийг биелүүлэхгүй буюу хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна” гэсэн эсрэг тэсрэг агуулга бүхий дүгнэлтүүд хийсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хэлэлцэн тохирсон ажлын хөлс нь 38 225 157 төгрөг бөгөөд мөн хуулийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэлцлийн дагуу 100 хувь бартераар хийх, ингэхдээ хийгдэх төлбөрийн бартерийн зүйл нь юу байх талаар талууд цаашид тохиолдох тухай гэрээнд тодорхой заажээ. Нэхэмжлэгч тал бартерийн зүйлийг автомашин гэж тохиролцож, ажлын төлбөрийг удаа дараа нэхсэн боловч хариуцагч төлбөрийг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн талаар амаар ярьдаг боловч, үүнийгээ нотлоогүй, харин хариуцагч тал ажлын захиалагч нь хэвлэл мэдээлэл байгууллага бөгөөд өөрт байгаа бүтээгдэхүүн болох хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа зар сурталчилгаагаар бартер хийхээр тохиролцсон, энэхүү бартерийн зүйлийг авч хэрэглэх боломж одоо ч нээлттэй байгаа учир гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ зөрчөөгүй гэж маргасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заалтууд нь энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болохгүй болох нь тодорхой байхад, тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн өөр зүйл заалтыг үндэслэл болгон, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан шийдвэрлэж, гарсан шийдвэрийг уншиж сонсгохдоо “талууд гүйцэтгэсэн ажлын хөлсийг 100 хувь бартерийн хэлбэрээр хийхээр гэрээнд заасан боловч бартерийн зүйл юу байх талаар тохиролцоогүй, энэ талаар өөр өөр зүйл нэрлэж маргаж байгаа нь талууд ажлын хөлс төлөх аргыг харилцан тохиролцож тодорхойлсон гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй гэж үзэн гэрээнд заасан мөнгөн дүнгээр ажил гүйцэтгэсэн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн” талаар шүүгч шүүх хуралдаанд оролцогч талуудад танилцуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх болон анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх болсон үндэслэл, түүнд хамааруулан иш татан хэрэглэсэн хуулийн холбогдох зүйл заалтууд, шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон заасан хуулийн зүйл заалтууд агуулга, үндэслэлийн хувьд эрс зөрж байгаа нь шүүх шүүх хуралдаан дээр гаргасан шийдвэр, хуулийн үндэслэлээ шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа өөрчилсөн, ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт хуулийн үндэслэл болгон, иш татсан, баримтлан хэрэглэсэн заалтууд өөр өөр байгаа зэрэг нь шүүх тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн зүйл заалтыг үндэслэл болгосон, хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 225 157 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...ажлын хөлсийг бартераар төлөхөөр тохиролцсон, манайх бартераар төлөхгүй гэж хэлээгүй” гэж тайлбарласан байна.

 “Ө” ХМХ, “М” ХХК-тай “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх №III/104 тоот гэрээ”-г 2017 оны 3 сарын 10-ны өдөр байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “М” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Сити тауэр центр цогцолборын 8-р давхрын 802 тоот дотор засал, тохижилтын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “Ө” ХМХ нь дотор заслын нийт төлбөрт 38 225 157 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх.7-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

“Ө” ХМХ нь 2014 онд Улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 4 дүгээр сард н.Мандахбаяр худалдан авч “Ө” ХМХ-ийг “Ө” ХХК болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Барилга угсралтын ажил хүлээлцсэн акт” үйлдэж, оффисийн интерьер засварын ажлыг хүлээлцэн акт үйлдэж нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч талыг төлөөлж З.Боргилмаа, хариуцагч талыг төлөөлж Б.Билгүүн нар дээрх актыг үйлдсэн талаар хэн аль нь маргаагүй. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасны дагуу хариуцагч “Ө” ХМХ ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч “Ө” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан атлаа ажлын хөлс төлөөгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ө” ХМХ-аас хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Гэрээний 1.2-т “Гэрээний нийт үнийн дүн 38 225 157 төгрөг...”, 2.1-д гэрээний хавсралт №1-д заасан гэрээт ажлын өртөг нь 38 225 157 төгрөг болно. Үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38 225 157 төгрөг нь бартераар хийгдэх төлбөрийн нөхцлөөр тохиролцоно, 3.6-д “Хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ” гэж заажээ. /хх.7/

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд талууд гэрээний 3.6-д хэлцлийн дагуу төлбөрийг 100% бартераар хийнэ гэж тохирсон нь хууль зөрчөөгүй байна. Харин талууд гэрээний 3.6-д “заасан төлбөрийг 100% бартераар хийнэ” гэсэн тохиролцоогоо ямар хөрөнгө, бараа материал, үйлчилгээгээр хийх нь тодорхой бус, энэ талаар тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх ажлын хөлсөнд талуудын тохиролцоог үндэслэн 38 225 157 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч байгууллага “...хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас гаргадаг бүтээгдэхүүн нь контент болон сонин дээрх зай, зар сурталчилгаа байдаг. Энэ хэлбэрээр төлөх гэхээр нэхэмжлэгч нь өөр бараа, мөнгө гэж гэрээ болон хуульд заагаагүй арга хэлбэрээр нэхэмжилж байгаа нь нийцэхгүй, манайх бартераар төлөхгүй гэж хэлээгүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гүйцэтгэгч талд хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.