Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00714

 

“....” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1403 дугаар магадлалтай,

“....” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“....” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,225,157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “....” ХХК нь хариуцагч “....” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,225,157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч .... ХХК-аас 38,225,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1403 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 349,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн өөр зүйл заалтыг үндэслэл болгосон, хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байдал нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж үзэж байна. Тухайлбал:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх талд буюу үндэслэх хэсэгт “Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд ...хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.”, “зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй, харин талууд гэрээний дагуу хөлс төлөх аргын талаар маргадаг” гээд мөн шийдвэрийн 5 дахь талд “Дээрх гэрээний дагуу талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцсон..., талуудын хувьд гэрээнд зааснаар ажлын хөлсийг төлөх аргаа мөнгөн төлбөрөөр биш бартераар буюу арилжаагаар гэж тодорхойлсон” гэж дүгнэсэн боловч шийдвэрийн 5 дахь талд “Хэдийгээр талууд ажлын хөлсийг ямар хэлбэрээр төлөхийг бүрэн тодорхойлоогүй боловч энэ нь хариуцагч талыг гэрээний үүргийг биелүүлэхгүй буюу хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна” гэсэн эсрэг тэсрэг агуулга бүхий дүгнэлтүүд хийж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтуудыг иш татан /шүүхийн шийдвэрийн 4, 6 дахь талд/, дээрх дүгнэлтээ үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д “Гэрээний Хавсралт №1-д заасан гэрээт ажлын өртөг нь 38,225,157 төгрөг болно, Үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38,225,157 төгрөг нь бартераар хийгдэх төлбөрийн нөхцөлөөр тохиролцоно”, 3.6-д “Хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ” гэж тодорхой зааж, харилцан тохиролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх дүгнэлтэд дурдсанчлан талууд хөлс төлөх арга, журам, хугацаа болон хөлсийг төлөх хэлбэр буюу мөнгөн, бартерийн аль хэлбэрээр байх талаар огт маргаагүй болох нь тодорхой байна. Тодруулбал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу талуудын хэлэлцэн тохирсон ажлын хөлс нь 38,225,157 төгрөг бөгөөд мөн хуулийн 344.1-д заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэлцлийн дагуу 100 хувь бартераар хийх, ингэхдээ хийгдэх төлбөрийн бартерийн зүйл нь юу байх талаар талууд цаашид тохиролцох тухай гэрээнд тодорхой заажээ. Нэхэмжлэгч тал бартерийн зүйлийг автомашин гэж тохиролцож, ажлын төлбөрийг удаа дараа нэхсэн боловч хариуцагч төлбөрийг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн талаар амаар ярьдаг боловч, үүнийгээ нотлоогүй, харин хариуцагч тал ажлын захиалагч нь хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд өөрт байгаа бүтээгдэхүүн болох хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа зар сурталчилгаагаар бартер хийхээр тохиролцсон, энэхүү бартерийн зүйлийг авч хэрэглэх боломж одоо ч нээлттэй байгаа учир гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ зөрчөөгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бичгийн баримт болох талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, тодорхой зүйл заалтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй болохыг, мөн хариуцагч хөлс төлөх үүргээ зөрчсөн зэргийг аль алиныг нотлоогүй, мөн иш татан хэрэглэсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтууд нь энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болохгүй болох нь тодорхой байхад, тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн өөр зүйл заалтыг үндэслэл болгон, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна.

4.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.04.17-ны өдөр шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан шийдвэрлэж, гарсан шийдвэрийг уншиж сонсгохдоо “талууд гүйцэтгэсэн ажлын хөлсийг 100 хувь бартерийн хэлбэрээр хийхээр гэрээнд заасан боловч бартерийн зүйл юу байх талаар тохиролцоогүй, энэ талаар өөр өөр зүйл нэрлэж маргаж байгаа нь талууд ажлын хөлс төлөх аргыг харилцан тохиролцож тодорхойлсон гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг үндэслэн “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй гэж үзэн гэрээнд заасан мөнгөн дүнгээр ажил гүйцэтгэсэн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн” талаар шүүгч шүүх хуралдаанд оролцогч талуудад танилцуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой нотлох баримт буюу талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалтыг иш татан дурдаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтуудыг үндэслэн хариуцагч “....” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 38,225,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. /шийдвэрийн 6 дахь талд/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх болон анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх болсон үндэслэл, түүнд хамааруулан иш татан хэрэглэсэн хуулийн холбогдох зүйл заалтууд, шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон заасан хуулийн зүйл заалтууд агуулга, үндэслэлийн хувьд эрс зөрж байгаа нь шүүх шүүх хуралдаан дээр гаргасан шийдвэр, хуулийн үндэслэлээ шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа өөрчилсөн, ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт хуулийн үндэслэл болгон, иш татсан, баримтлан хэрэглэсэн заалтууд өөр өөр байгаа зэрэг нь шүүх тухайн маргаан бүхий асуудалд хамаарахгүй хуулийн зүйл заалтыг үндэслэл болгосон, хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “....” ХХК хариуцагч “....” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,225,157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2017.03.10-ны өдрийн III/104 дугаар гэрээний дагуу хариуцагчийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, City tower center цогцолборын 8 давхрын 802 тоот өрөөний дотор засал, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул мөнгийг гаргуулна уу” гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...Гэрээний дагуу тодорхой ажил хийсэн байгаа, энэ ажлыг хийхэд 38,225,157 төгрөг болсон гэдэгт маргахгүй, харин гэрээний 2.1-д төлбөрийн нөхцөлийг бартераар хийхээр тохиролцоно гэж заасан, тиймээс мөнгөөр бус бартераар төлбөр төлөхөд татгалзахгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, түүний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж тохиролцсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасантай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

9. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүйгээ хариуцагч маргаагүй байна.

10. Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлдог бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д “гэрээт ажлын хөлс 38,225,157 төгрөг болохыг, уг мөнгө нь бартераар хийгдэх төлбөрийн нөхцөлөөр тохиролцоно.” гэж тусгагдсан байна. Гэсэн хэдий ч бартераар гэдэгт ямар эд хөрөнгө, эсхүл үйлчилгээгээр төлбөрийг төлөх талаар талууд тохиролцоогүй болох нь тогтоогдсон, энэ нөхцөл байдлыг харгалзан шүүх төлбөрийг мөнгөөр гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй байна.

11. Дээр дурдсанаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “бартераар төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон, нэхэмжлэгчийн зар сурталчилгааг нийтлэх замаар төлбөрийг төлөх бололцоотой” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж, хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00839 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1403 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “....” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр/-ийн 2020.08.11-ний өдөр 349,076 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА