Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01470

 

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01060 дугаар шийдвэртэй

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давшдорж, түүний өмгөөлөгч Г.Орхон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл, Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хания шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Э" ХК нь “С” ХК-тай гэрээ хийж, өөрийн өмчлөлд байсан үйлдвэрлэл, агуулахын зориулалттай барилга, конторын зориулалттай барилга, сургуулийн барилга, спорт заал, склад, харуулын байр зэрэг барилга байгууламжуудыг “С” ХК-д худалдаж, уг үл хөдлөх хөрөнгөнд холбогдох эзэмшил газар, зам талбайг шилжүүлж өгсөн болно. Үүнээс хойш “Э” ХК нь “А” ХК болон өөрчлөгдөж, “С” ХК худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө  “М” ХХК-д шилжүүлсэн байна. Манай компани гэрээнд заасан бүх үл хөдлөх хөрөнгөө ямар ч маргаангүйгээр шилжүүлэн өгч, үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагч тал мөнгөө төлсөн боловч гэрээний зарим заалтууд одоо болтол хэрэгжихгүй байна. “С” ХК-ийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох барилга байгууламжууд нь “Э” ХК-ийн үлдсэн барилга байгууламжууд, эзэмшил газрын урд талд залгаа байрладаг учраас зарим асуудлаар замын гэрээнд тодорхой зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн. Тухайлбал гэрээний 1.17 дахь заалтад "Хавсралтад заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7.7 метр өргөнтэй авто замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул хамгаалалтын хяналтан дор нэвтрүүлнэ" гэж, 1.18 дахь заалтад "Худалдан авагч нь 1-р цэгээс баруун тийш 209 метр урт, 7,7 метр өргөнтэй авто зам дээр ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэдгийг нотолж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40 000 000 төгрөгийн төлбөрийг төлнө гэж заасан. Гэрээний 1.17-д заасан хоёр хаалга барьж өгч, уг замыг ашиглах боломж олгох заалтыг хэзээ хэрэгжүүлэх талаар хугацааны ямар нэгэн шалгуур тавиагүй. Гэрээнд заасан ёсоор хоёр байгууллагын хооронд байгаа гэрээний 11.7-д заасан авто зам нь талуудын дундын өмч байна гэдгийг маш тодорхой заасан бөгөөд одоо ч гэсэн энэ замыг 2 тал хамтран өмчлөх, ашиглах эрх зүйн үндэстэй байгаа. Манай компани 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “М” ХХК-д албан бичиг явуулж, хамтран өмчилж байгаа авто замаа ашиглах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч тус компани нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот албан бичгээрээ маргаж буй авто замыг ашиглуулах боломжгүй, манайд хамаагүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Түүнчлэн гэрээний 1.11-д худалдагч нь барилгын хууль ёсны өмчлөгч мөн болохын хувьд хуулийн дагуу газар ашиглахтай холбоотой гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулсан бөгөөд газар ашиглах гэрээнд заасан хэмжээний барилгын доорх болон түүний орчин тойрны хавсралт №1-д заасан заасан хамтарсан өмчлөлд байгаа 1-р цэгээс зүүн тийш байгаа 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7,7 метр өргөнтэй авто замаас бусад дэвсгэр газрыг ашиглах эрх нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгаар худалдан авагчид шилжих болно гэдгийг тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна. Ийнхүү хариуцагч “М” ХХК нь гэрээгээр хамтран өмчилж, эзэмшихээр тохирсон 247 метр урт авто замыг манай компанид эзэмшүүлж, ашиглуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан тус компани өөрийн ачааны авто машинаа үйлдвэр рүү оруулж чадахгүй, бараа, түүхий эд материалыг агуулах болон үйлдвэрээс шууд ачих боломжгүй байдалд хүрч хохирч байна. Маргаж буй авто зам нь тус 2 компанийн зааг дээр буюу урд талд нь “М” ХХК, хойд талд нь манай компанийн барилга байгууламжууд оршдог. Энэ гэрээний 1.17-д заасан хоёр хаалга барьж өгч, худалдагч талын автомашиныг нэвтрүүлэх үүргийг хэрэгжүүлэх хугацааг гэрээнд тусгайлан зааж өгөөгүй, зам болон эзэмшил газар нь одоог хүртэл хоёр талын дундын өмчлөлд хамаарч байгаа тул худалдагч буюу манай компани худалдан авагч талаас гэрээний энэ үүргээ хэрэгжүүлэхийг хэдийд ч шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. “М” ХХК нь энэ асуудал манайд хамаагүй, манайх эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил өөрчлөгдөхөд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг нь мөн нэгэн адил худалдан авагчид шилжих ёстой бөгөөд худалдагч тал үл хөдлөх хөрөнгийнхөө талаарх мэдээллийг худалдагчаас нуух, мэдээлэхгүй байх эрхгүй. Иймээс манай компани энэ үүргээ хэрэгжүүлэхийг шаардсан бөгөөд хариуцагч тал гэрээний заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан хариу өгсөн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2, 208.3 дахь хэсэгт заасан  заалтуудыг үндэслэн манай компани дундын өмчлөл, эзэмшилд байгаа авто замаа гэрээнд заасан ёсоор эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэрээний дагуу торгууль 40 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч гэрээний үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд манай компанийн хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Э.Гэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь “С” ХК болон “Э” ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх тул тус гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад буюу “С” ХК болон “Э” ХК нарт хамааралтай байна. Манай “М” ХХК нь “М Си Эс Кока Кола” ХХК-тай 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу Нийслэлийн Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Зайсан гудамжинд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206005327 дугаартай уз20/4 тоот 243.98 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206000395 дугаартай 20/3 тоот 365 м.кв талбайтай Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004352 дугаартай 20/2 тоот 3732 м.кв талбайтай Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004152 дугаартай 20/1 тоот 1152 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. Хариуцагч нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх болон эргэн тойрны эдэлбэр газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу “М Си Эс Кока Кола” ХХК-иас шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна гэж тайлбарласан хэдий ч өнөөдрийн байдлаар хариуцагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04-р сарын 02-ны өдрийн А/246 тоот шийдвэрийг үндэслэн олгосон 2015 оны 05-р сарын 06-ны өдрийн 000314397 дугаартай гэрээ, гэрчилгээний дагуу 17881 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байна. Иймд “С” ХК болон “Э” ХК гэсэн талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагийн хууль зүйн үндэслэлийг өөрчилж иргэний хуулийн 134, 135, 138, 140 дэх заалтын заасан нь хөршийн эрхэд хамааралтай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй. “А” ХК, “М” ХХК-тай маргаад байгаа газар дээр хөршүүд, гэхдээ энэ хөршийн эрхтэй заалтууд нь  “М” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах явцдаа “А” ХК-ний үйл ажиллагаа, компаний эзэмшлийн газарт эсвэл үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, эсэргээрээ “А” ХК-ийн үйл ажиллагаа нь манай компаний үйл ажиллагаанд нөлөөлөх, манай компаниас нөлөө байгаа тохиолдолд 134,135 дугаар зүйл заалтууд ашиглагдана. “М” ХХК нь газрын дээр юмуу доор “А” ХК-ийн эрх ашгийг ноцтой хохироох гээд байгаа барилга байгууламж бариад байгаа үйл явдал болоогүй. Барилга, байгууламж байхгүй болохоор нөгөө талаас юуг буулгахыг шаардах гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар гэрэл зургийг гаргаж өгснөөс гадна “А” ХК нь үйлдвэр, агуулах руу орж гараад байгаа орц гарцыг өөрсдөө өнөөдрийн байдлаар ашиглаад байгааг зурган дээрээ үзүүлсэн байгаа. Хоёр хөршийн хооронд голоор нь хашаа татсан байгаа, энэ хашааг хоёр тал хоёулаа ашиглаад явж байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар орц гарц хийгээд ашиглаад байгаа, хаалга байхад манай эрх ашиг, нийтийн шугам явж байгаа газраар гарц хийнэ гээд том машин багтах боломжгүй, манай газраар дамжаад том машинаа оруулна гээд. Гэрээнээс 247 метр газраас манаачийн цагаан путикээр хязгаарлагдчихаад байхад түүнээс хэтрээд манай газар ашиглах эрхэд саад болоод байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн “М” ХХК-д холбогдуулан гаргасан дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, торгууль 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хания, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашдорж нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Худалдсан объектууд нь нэг хашаан дотор зэргэлдээ, нэг байгууллагын өмчлөлд байсан тул хөрөнгүүдийг цаашид ашиглах талаар гэрээнд тодорхой зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн байна. Тухайлбал гэрээний 1.17 дахь заалтад "Хавсралтад заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7.7 метр өргөнтэй авто замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул хамгаалалт, хяналтад дор нэвтрүүлнэ” гэж, 1.18 дахь заалтад заасан. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40 сая төгрөгийн төлбөрийг төлнө" гэж заасан. Тус компани худалдах худалдан авах гэрээнийхээ эдгээр заалтыг үндэслэн дундын өмчөө ашиглах боломжийг олгож өгөхийг даалгах, торгууль төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх " М" ХХК энэ үүргийг хариуцах үндэсгүй, хөрш залгаа эд хөрөнгө эзэмшихэд хариуцагч хэрхэн нөлөөлж байгаа болон ямар эрхийг зөрчсөн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй гэж өрөөсгөл, буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Анхан шатны шүүхийн шийдвэрийн " М" ХХК гэрээний үүргийг хариуцахгүй гэж дүгнэсэн талаар: Манай компанийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан "С" ХК, түүнээс шилжүүлж авсан “М Си Эс Кока Кола” ХХК, “М” ХХК-ууд нь бүгд “М Си Эс” корпорацын нэгдэлд харьяалагдах охин компаниуд нь юм. Анх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээг тус корпорацын ерөнхийлөгч Ж.Оджаргалтай байгуулж, тэрээр гарын үсэг зурсан бөгөөд тэрээр дээрх компаниудын заримынх нь хувьцааг 100 хувь, заримынх нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг учраас” М " ХХК гэрээнд заасан үүргийг хариуцахгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Иймээс эдгээр компаниудыг Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар компаниудын нэгдэл гэж үзэх ёстой. Иймээс энэ 4 компани бүгдээрээ Ж.Оджаргалын компани бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа эрх, үүрэг, хариуцлага үл хөдлөх хөрөнгөтэйгөө хамт шилждэг ерөнхий зарчмаар хариуцагч энэ үүргийг хүлээх ёстой. Түүнчлэн худалдсан эд хөрөнгө, худалдагчийн эд хөрөнгийн хооронд байсан байгууллагын өмчлөлийн замыг хоёр тал хамтран өмчилнө гэж гэрээнд тодорхой заасан одоо ч энэ зам хоёр компанийн хамтын өмч хэвээр байгаа юм. Тийм ч учраас тус замаар нэхэмжлэгч өөрийн обьект руу нэвтэрнэ гэж заасан байгаа юм. Иймд хариуцагч энэ үүргийг хүлээхгүй гэдэг дүгнэлт үндэслэлгүй юм. Хөршийн ямар эрх нь зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэсэн талаар: Манай компани нэхэмжлэлийнхээ нэг үндэслэлийг хөршийн эрх зөрчигдөж, хөрөнгөө эзэмших ашиглах эрх зөрчигдөж байна гэж үзсэн юм. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.3, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн шаардлагаа гаргасан боловч шүүх хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид мөн гэдгийг гэдгийг хүлээн зөвшөөрч, талууд маргаагүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч эд хөрөнгөө эзэмшихэд хэрхэн нөлөөлж, чухам ямар эрхийг зөрчсөн талаарх баримтыг ирүүлээгүй, нотлоогүй байна гэж бодит байдалд нийцэхгүй, илтэд хариуцагчийн талд орсон дүгнэлт хийлээ. Манай компани үл хөдлөх хөрөнгөө анх худалдахдаа үлдсэн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломж хязгаарлагдах учраас зориудаар 1.17, 1.11, 1.18 гэсэн заалтуудыг тусгайлан оруулж өгсөн юм. Манайх агуулах савандаа өөрийн эзэмшил газраар нэвтрэх боломж байхгүй учраас л ийм заалт оруулсан. Гэрээний энэ заалт хэрэгжихгүй байна гэдэг нь манай компани хариуцагчийн хөршийн хувьд хөрш залгаа эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрх зөрчигдөж хязгаарлагдаж байна гэдгийг нотлох хөдөлшгүй нотлох баримт юм. Гэтэл шүүх энэ гэрээг хөршийн эрх зөрчигдөж байгааг нотлох баримт гэж үзэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Гэрээнд заасан замыг хоёр талын дундын өмчлөлд байлгана, шинээр барих хашаанд хаалга гаргаж, худалдагч талын ачаатай машиныг худалдан авагчийн харуул хамгаалалтын дор нэвтрүүлнэ гэдэг бол шууд утгаараа худалдагч үл хөдлөх хөрөнгөө ашиглах боломжийг хөрш буюу худалдан авагч тал нөгөө хөршдөө олгож байна гэдгийг нотлох шууд нотлох баримт мөн. Энэ замыг өөр зориулалтаар ашиглах ямар ч шаардлага байхгүй. Гэтэл шүүх гэрээний энэ заалтыг хөршийн эрхтэй холбож үнэлж үзсэнгүй орхигдууллаа. Хоёр компанийн хооронд худалдан авагч талын барьсан хашаа, шугам сүлжээ, манай компанийн агуулахын хаалгыг харуулсан өнгөт фото зурагнаас ч байдал тодорхой харагдаж байгаа ба түүн дээр тодорхой тайлбарласан боловч огт харгалзан үзээгүй манай талыг нотлох баримт гаргаагүй, нотолж чадаагүй гэж үзлээ. Гэрээ, фото зураг, газрын кадастрын зургууд үүнийг нотлох тодорхой баримтууд юм. Харин хариуцагч манай шаардлагыг үгүйсгэх, агуулах савандаа өөр газраар нэвтрэх ямар боломж байгаа талаар ямарч нотлох баримт гаргаж өгөөгүй, тайлбар хийгээгүй байхад үүнийг ч харгалзан үзсэнгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, болсон явдал, талуудын тайлбар зэрэгт үнэн зөв дүгнэлт хийж хэтэрхий нэг талыг барьж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “М Си Эс эстейтс” ХХК-д холбогдуулан гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр авто замыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..."Э" ХК нь “С” ХК-тай байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-ний 1.17-д заасан заалтыг нэрлэн зааж, мөн хөрш залгаа эд хөрөнгөө ашиглахад хязгаарлалт үүсээд байна” гэж, хариуцагч “...“С” ХК болон “Э” ХК -уудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй, мөн хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр авто замыг бодит байдал дээр нэхэмжлэгч 50:50 хувиас илүү газрыг ашиглах гэж байна” гэсэн зөрүүтэй тайлбар гарган маргасан байна.

Анхан шатны шүүх “А” ХК болон “М Си Эс эстейтс” ХХК-уудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, өмчлөгч хөрш залгаа эд хөрөнгөө ашиглахад хариуцагч нөлөөлсөн, хязгаарласан болохыг нэхэмжлэгч өөрөө нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Мөн нэхэмжлэгч хөрш залгаа хөрөнгийг ашиглахад нөгөө тал хязгаарлалт үүсгэж байгаа гэж маргаж байхад анхан шатны шүүх зохигчдын өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хөрш залгаа эд хөрөнгө болох талаар маргаагүй гэж дүгнэсэн нь талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нарийвчлан тодруулаагүй, маргааны үйл баримт тогтоогдохгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Тухайлбал, талууд 2018 оноос өмнө гэрээний үүргийг хэрхэн биелүүлж, хөрш газраа ашиглаж байсан нь тодорхойгүйгээс гадна хариуцагчийн “...нэхэмжлэгч авто замыг 50:50 хувиас илүү газрыг ашиглахад гээд байна” гэсэн татгалзлыг тодруулаагүй, маргаж буй газрын хэмжээ нь гэрээнд заасан 247 метр замтай холбоотой нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар, эсхүл хөршийн эрхийн асуудлаар шаардлага гаргаж байгаа эсэхийг тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээн хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжтой байна.