Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/01060

 

2020 оны 4 сарын 24 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/01060                                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо,  өөрийн байранд байрлах, А ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, байрлах, МХХК /РД:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2001 оны 07-р сарын 20-ны өдөр "Э" хувьцаат компани нь С хувьцаат компанитай гэрээ хийж, өөрийн өмчлөлд байсан үйлдвэрлэл, агуулахын зориулалттай барилга, конторын зориулалттай барилга, сургуулийн барилга, спорт заал, склад, харуулын байр зэрэг барилга байгууламжуудыг Схувьцаат компанид худалдаж, уг үл хөдлөх хөрөнгөд холбогдох эзэмшил газар, зам талбайг шилжүүлж өгсөн болно. Үүнээс хойш Э хувьцаат компани нь Ахувьцаат компани болон өөрчлөгдөж, С хувьцаат компани худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө    М ХХК-д шилжүүлсэн байна. Манай компани гэрээнд заасан бүх үл хөдлөх хөрөнгөө ямарч маргаангүйгээр шилжүүлэн өгч, үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагч тал мөнгөө төлсөн боловч гэрээний зарим заалтууд одоо болтол хэрэгжихгүй байна. Схувьцаат компанийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох барилга байгууламжууд нь Э хувьцаат компанийн үлдсэн барилга байгууламжууд, эзэмшил газрын урд талд залгаа байрладаг учраас зарим асуудлаар замын гэрээнд тодорхой зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн. Тухайлбал гэрээний 1.17 дахь заалтад "Хавсралтад заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7.7 метр өргөнтэй авто замыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлган түүн дээр ямар нэгэн барилга байгүуламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрлийг олгон худалдан авагч талын харуул *амгаалалтын хяналтан дор нэвтрүүлнэ." гэж, 1.18 дахь заалтад "Худалдан авагч нь 1-р цэгээс баруун тийш 209 метр урт, 7,7 метр өргөнтэй авто зам дээр ямар нэгэн барилга байгууламж барихгуй гэдгийг нотолж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40 000 000 төгрөгний төлбөрийг төлнө гэж заасан. Гэрээний дээрх заалтуудад заасан зам нь байгууллагын хөрөнгөөр баригдсан, тухайн байгууллагын дотоод зам мөн бөгөөд замын тухай хуулиар ямар нэгэн бүртгэл шаарддаггүй. Гэрээний 1.17-д заасан хоёр хаалга барьж өгч, уг замыг ашиглах боломж олгох заалтыг хэзээ хэрэгжүүлэх талаар хугацааны ямар нэгэн шалгуур тавиагүй. Гэрээнд заасан ёсоор хоёр байгууллагын хооронд байгаа гэрээний 11.7-д заасан авто зам нь талуудын дундын өмч байна гэдгийг маш тодорхой заасан бөгөөд одоо ч гэсэн энэ замыг 2 тал хамтран өмчлөх, ашиглах эрх зүйн үндэстэй байгаа. Иймд Э хувьцаат компанийн эрхийг залгамжлагч болох Ахувьцаат компани нь гэрээний энэ заалтын дагуу автозамын 50 хувийг өмчлөх, ашиглах эрхтэй байгаа нь тодорхой. Манай компани 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр МХХК-д албан бичиг явуулж, хамтран өмчилж байгаа авто замаа ашиглах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч тус компани нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот албан бичгээрээ маргаж буй авто замыг ашиглуулах боломжгүй, манайд хамаагүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн тул асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Түүнчлэн гэрээний 1.11-д худалдагч нь барилгын хууль ёсны өмчлөгч мөн болохын хувьд хуулийн дагуу газар ашиглахтай холбоотой гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулсан бөгөөд газар ашиглах гэрээнд заасан хэмжээний барилгын доорхи болон түүний орчин тойрны хавсралт №1-д заасан заасан хамтарсан өмчлөлд байгаа 1-р цэгээс зүүн тийш байгаа 163 метр, баруун тийш 84 метр урттай, 7,7 метр өргөнтэй автозамаас бусад дэвсгэр газрыг ашиглах эрх нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгаар худалдан авагчид шилжих болно гэдгийг худалдагч нотолж байна гэж заасан нь тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна. Ийнхүү хариуцагч МХХК нь гэрээгээр хамтран өмчилж, эзэмшихээр тохирсон 247 метр урт авто замыг манай компанид эзэмшүүлж, ашиглуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан тус компани өөрийн ачааны авто машинаа үйлдвэрлүү оруулж чадахгүй, бараа, түүхий эд материалыг агуулах болон үйлдвэрээс шууд ачих боломжгүй байдалд хүрч хохирч байна. Маргаж буй авто зам нь тус 2 компанийн зааг дээр буюу урд талд нь МХХК, хойт талд нь манай компаний барилга байгууламжууд оршдог. Энэ гэрээний 1.17-д заасан үүргийг хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл хоёр хаалга барьж өгч, худалдагч талын автомашиныг нэвтрүүлэх үүргийг хэрэгжүүлэх хугацааг гэрээнд тусгайлан зааж өгөөгүй, зам болон эзэмшил газар нь одоог хүртэл хоёр талын дундын өмчлөлд хамаарч байгаа тул худалдагч буюу манай компани худалдан авагч талаас гэрээний энэ үүргээ хэрэгжүүлэхийг хэдийд ч шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. МХХК нь энэ асуудал манайд хамаагүй, манайх эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил өөрчлөгдөхөд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг нь мөн нэгэн адил худалдан авагчид шилжих ёстой бөгөөд худалдагч тал үл хөдлөх хөрөнгийнхөө талаарх мэдээллийг худалдагчаас нуух, мэдээлэхгүй байх эрхгүй. Мөн уг замаар танай компанийн үйлдвэр лүү ачааны автомашин нэвтрэх боломжгүй, тухайн хэсгээр замын хажуугаар дулааны шугам явж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дулааны шугам нь хаалга гаргаж болох хэсгээр газраас дээш 4 метр орчим өргөгдөж ил хийгдсэн тул тухайн хэсгээр хаалга гаргах боломжтой. Иймээс манай компани энэ үүргээ хэрэгжүүлэхийг шаардсан бөгөөд хариуцагч тал гэрээний заалтыг хэрэгжүүлэхээс татгазсан хариу өгсөн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.2 дахь хэсгийн үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3 дахь хэсгийн Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэсэн заалтуудыг үндэслэн манай компани дундын өмчлөл, эзэмшилд байгаа автозамаа гэрээнд заасан ёсоор эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэрээний дагуу торгууль 40 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч гэрээний үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд манай компанийн хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхтэй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь СХК болон Э ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх тул тус гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад буюу СХК болон Э ХК нарт хамааралтай байна. Манай МХХК нь         М ХХК-тай 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу Нийслэлийн Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Зайсан гудамжинд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн   Ү- дугаартай уз20/4 тоот 243.98 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү- дугаартай 20/3 тоот 365 м.кв талбайтай Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004352 дугаартай 20/2 тоот 3732 м.кв талбайтай Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004152 дугаартай 20/1 тоот 1152 м.кв талбайтай Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. Хариуцагч нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх болон эргэн тойрны эдэлбэр газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу МХХК-иас шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна гэж тайлбарласан хэдий ч өнөөдрийн байдлаар хариуцагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04-р сарын 02-ны өдрийн А/246 тоот шийдвэрийг үндэслэн олгосон 2015 оны 05-р сарын 06-ны өдрийн 000314397 дугаартай гэрээ, гэрчилгээний дагуу 17881 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байна. Иймд СХК болон Э ХК гэсэн талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй. Дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн доод талын буюу орчны эргэн тойрны газар эзэмших эрхийн гэрээг нотлох баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагийн хууль зүйн үндэслэлийг өөрчилж иргэний хуулийн 134, 135, 138, 140 гэсэн нь хөршийн эрхэд хамааралтай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй. АХК,         МХХК-тай маргаад байгаа газар дээр хөршүүд, гэхдээ энэ хөршийн эрхтэй заалтууд нь  МХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах явцдаа АХК-ний үйл ажиллагаа, компаний эзэмшлийн газарт эсвэл үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, эсэргээрээ АХК-ийн үйл ажиллагаа нь манай компаний үйл ажиллагаанд нөлөөлөх, манай компаниас нөлөө байгаа тохиолдолд 134,135 дугаар зүйл заалтууд ашиглагдана. 135.3-д  хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэсэн МХХК нь газрын дээр юмуу доор АХК-ийн эрх ашгийг ноцтой хохироох гээд байгаа барилга байгууламж бариад байгаа үйл явдал болоогүй. 135.4-т энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэсэн байгаа. Барилга, байгууламж байхгүй болохоор нөгөө талаас юуг буулгахыг шаардах гээд байгааг ойлгохгүй байна. 138.4-т эзэмшигч өөрийн эзэмшил газрын нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойтой холбогдсон хэсгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд эзэмшил газрын үлдсэн хэсэг нь нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойд холбогдох шаардлагатай бол шинэ эзэмшигч нь өөрийн газар дээгүүр дамжин өнгөрөх зам, шугам хоолой тавих, байрлуулах зөвшөөрөл олгох үүрэгтэй гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар Г зургийг гаргаж өгснөөс гадна АХК нь үйлдвэр, агуулах руу орж гараад байгаа орц гарцыг өөрсдөө өнөөдрийн байдлаар ашиглаад байгааг зурган дээрээ үзүүлсэн байгаа. Орц гарцаараа нийтийн эзэмшилийн зам, талбайтай буюу нийтийн эзэмшилийн зам талбайтай буюу төв замтайгаа холбогдож байгаа нь хуулийн үндэслэл болохгүй. 140.1-т хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй гэдэг заалтан дээр тодорхой заасан. Хоёр хөршийн хооронд голоор нь хашаа татсан байгаа , энэ хашааг хоёр тал хоёулаа ашиглаад явж байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар орц гарц хийгээд ашиглаад байгаа, хаалга байхад манай эрх ашиг, нийтийн шугам явж байгаа газраар гарц хийнэ гээд том машин багтах боломжгүй, манай газраар дамжаад том машинаа оруулна гээд. Гэрээнээс 247 метр газраас манаачийн цагаан путикрээр хязгаарлагдчихаад байхад түүнийг хэтрээд манай газар ашиглах эрхэд саад болоод байгааг ойлгохгүй байна. 140.1-д заасныг нэхэмжлэлийн шаардлагийн үндэслэл болно гэж үзэхгүй байна, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч АХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Э ХК болон СХК-ийн хооронд 2001 оны 07 сарын 20-ны өдрийн Г-47101 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох тус гэрээний 1.17-д заасан хамтран өмчилж, эзэмшихээр тохирсон 247 метр урт автозамыг манай компанид эзэмшиж, ашиглуулахгүй байгаагаас манай компани өөрийн ачааны автомашинаа үйлвэрлүү оруулж чадахгүй, бараа, түүхий эд материалыг агуулах болон үйлдвэрээс шууд ачих боломжгүй байдалд хүрч хохирч байна. Түүнчлэн худалдан авсан нэг барилгаа замруу оруулж өргөтгөл барьж, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 1.18-д зааснаар 40 000 000 төгрөгийн торгуулийг шаардаж байна гэж тайларласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэгт зохицуулсан Хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхтэй.” гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Э ХК болон СХК-ийн хооронд 2001 оны 07 сарын 20-ны өдөр             Г-4/7101 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э ХК-ийн өмчлөлд байгаа үйлдвэрлэл-агуулахын барилга, контор, сугуулийн барилга, спорт заал, жижиг склад, задгай склад, харуулын байр болон тэдгээртэй холбоотой талбай, хашааг түүнтэй холбоотой бүх эрх, хууль ёсны ашиг сонирхолын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь түүнийг өмчлөлдөө хүлээн авч, 520 000 000 төгрөгийг худалдагчид гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх-ийн 159-175/

 

Улмаар СХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2001 оны 11 сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “...Э ХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авсан барилгын цогцолборыг балансын үнээр Мхолдинг ХХК-д шилжүүлэхээр”, мөн өдрийн МХолдинги ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор тус барилгын цогцолборыг М Кока Кола ХХК-д шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсний дагуу 2001 оны 12 сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004352 дугаарт дээрх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд МКоко Кола ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 131-133/

 

МКоко Кола ХХК нь 2013 оны 10 сарын 01-ний өдрийн 0-13/34, 0-13/35, 0-13/36,  0-13/37 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 0-13/38 тоот газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээгээр тус тус дээрх гэрээний зүйл болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байршилтай, барилгын цогцолбор, газрыг МЭстэйтс ХХК-д шилжүүлж, хариуцагч МХХК нь 2013 оны 12 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-ийн 69-110/

 

Э ХК нь 2014 оноос АХК болж нэр, хэлбэрээ өөрчилөн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүтгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 7/

 

Хариуцагч МЭстэйтс ХХК нь 2007 оны 11 сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан, нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь М-Си Эс порпертийз холдинг ХХК болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр  хэлбэл               МЭстэйтс ХХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “...компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан команийг охин компани гэнэ...” гэж зааснаар Мпорпертийз холдинг ХХК-ийн охин компани байна. /1-р хх-ийн 49, 112,/

 

Харин Мпорпертийз холдинг ХХК нь СХК-тай хамааралтай, тодруулбал СХК нь хэлбэрээ өөрчилж, Мпорпертийз холдинг ХХК болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч АХХК болон хариуцагч МЭстэйтс ХХК  нарын хооронд  үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас Э ХК болон СХК-ийн хооронд 2001 оны 07 сарын 20-ны өдөр Г-4/7101 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон ба зохигчдын өмчилж буй үл хөдлөх хөрөнгүүд нь хөрш залгаа эд хөрөнгө болох талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1., 134.2.-т зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үздэг ба хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байна. Хөрш залгаа эд хөрөнгө нь харилцан нөлөөлөлтэй байдаг учир ямар хэмжээний нөлөөллийг тэвчих, эсхүл хориглон хязгаарлах ёстой талаар Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэж хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйлийг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь хөрш залгаа эд хөрөнгөө өмчлөх, эзэмшихэд хариуцагч хэрхэн нөлөөлж байгаа талаар болон нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн  талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, үүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх“ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АХК-ийн          МХХК-д холбогдуулан гаргасан дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, торгууль 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч АХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ