Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00734

 

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01060 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1470 дугаар магадлалтай,

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Э.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн “М” ХХК-д холбогдуулан гаргасан дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, торгууль 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1470 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 428,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХК-иас манай “М” ХХК-д холбогдуулан 2019.11.15-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020.04.24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэж, 183/ШШ2020/01060 дугаартай шийдвэр гарган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэртэй холбоотойгоор 2020.05.28-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.03-ны өдөр хянан хэлэлцэж 1470 дугаартай магадлал гарган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг хариуцагчаас эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд,

4.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээ нь “С” ХК болон “Э” ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх тул тус гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн бүхий л үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад буюу “С” ХК болон “Э” ХК нарт хамааралтай юм. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байхад хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь “М ...” ХХК-тай 2013 онд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан бөгөөд үүнтэй холбогдуулан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх болон эргэн тойрны эдэлбэр газрыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу мөн “М ...” ХХК-иас шилжүүлж авсан болно. Анхан шатны шүүхээс “...Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “М” ХХК нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас “Э” ХК болон “С” ХК-ийн хооронд 2001.07.20-ны өдөр Г-4/7101 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй...” хэмээн үндэслэл бүхий шийдвэр гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс “...“А” ХК болон “М” ХХК-уудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй... гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ” хэмээн үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

4.2 Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч хөршийн эрх зүйн харилцааны дагуу мөн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон ба зохигчдын өмчилж буй үл хөдлөх хөрөнгүүд нь хөрш залгаа эд хөрөнгө болох талаар талууд маргаагүй... Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэж хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйлийг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь хөрш залгаа эд хөрөнгөө өмчлөх, эзэмшихэд хариуцагч хэрхэн нөлөөлж байгаа талаар болон нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэсэн. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөө аливаа саадгүйгээр эзэмших ашиглаж байсан, өнөөдөр ч мөн адил аливаа саадгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа хэдий ч хэзээнээс, хариуцагчийн ямар нөлөөллийн улмаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх хязгаарлагдах болсон талаар хангалттай нотолж чадаагүй болно. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нь саад төвөг учруулах, барилга байгууламж барих зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлөөгүй болно. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч хөрш залгаа хөрөнгийг ашиглахад нөгөө тал хязгаарлалт үүсгэж байгаа гэж маргаж байхад анхан шатны шүүх зохигчдын өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хөрш залгаа эд хөрөнгө болох талаар маргаагүй гэж дүгнэсэн нь талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар үндэслэлгүйгээр, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр автозамыг гэрээнд заасан ёсоор хамтран эзэмшиж ашиглуулахыг хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...“Э” ХК болон “С” ХК-ийн хооронд 2001.07.20-ны өдрийн Г-47101 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох тус гэрээний 1.17-д заасан хамтран өмчилж, эзэмшихээр тохирсон 247 метр урт автозамыг манай компанид эзэмшиж, ашиглуулахгүй байгаагаас манай компани өөрийн ачааны автомашинаа үйлдвэр рүү оруулж чадахгүй, бараа, түүхий эд материалыг агуулах болон үйлдвэрээс шууд ачих боломжгүй байдалд хүрч хохирч байна. Түүнчлэн, хариуцагч нь худалдан авсан нэг барилгаа зам руу оруулж өргөтгөл барьж, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 1.18-д зааснаар 40,000,000 төгрөгийн торгуулийг шаардаж байна гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хөршийн эрх зүйн харилцааны дагуу шаардах эрхтэй” гэж тайлбарлан маргажээ.

8. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...“С” ХК болон “Э” ХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй, ...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байхад гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй. ...тус компани нь “М ...” ХХК-тай 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авч, тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. ...хоёр компанийн дундын өмчлөл, эзэмшилд байгаа 247 метр авто замыг бодит байдал дээр нэхэмжлэгч 50:50 хувиас илүү газрыг ашиглах гэж байна... гэсэн тайлбар гаргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  давж заалдах шатны шүүх ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж чадаагүй гэж дүгнэн, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Давж заалдах шатны шүүхийн ...анхан шатны шүүх зөвхөн “А” ХК болон “М” ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй, өмчлөгч хөрш залгаа эд хөрөнгөө ашиглахад хариуцагч нөлөөлсөн, хязгаарласан болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

11. Нэхэмжлэгчээс ...хөрш залгаа хөрөнгийг ашиглахад хариуцагчаас хязгаарлалт үүсгэж, өөрийн үйлдвэр лүү чөлөөтэй орж, гарах эрхийг хязгаарлаж байна гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ...нэхэмжлэгч 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөө ямар ч саадгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр төвөг учруулах, барилга байгууламж барих зэргээр нөлөөлсөн зүйлгүй гэж маргасан, шүүх зохигчийн маргаж буй эдгээр үндэслэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

12. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх ...талууд 2018 оноос өмнө гэрээний үүргийг хэрхэн биелүүлж, хөрш газраа ашиглаж байсан нь тодорхойгүй, хариуцагчийн ...нэхэмжлэгч авто замыг 50:50 хувиас илүү газрыг ашиглахад гээд байна гэсэн татгалзлын үндэслэлийг тодруулаагүй, маргаж буй газрын хэмжээ нь гэрээнд заасан 247 метр замтай холбоотой нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар, эсхүл хөршийн эрхийн асуудлаар шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцжээ.

13. Иймд, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, зохигчийн маргаж буй үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

14. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1470 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.03-ны өдөр төлсөн 428,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА