Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01467

 

 

“Г ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэртэй

“Г ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Н” ХХК, Ж.Э, Э.Э, Б.Тд холбогдох зээлийн гэрээний 7 124 068 864.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Г ХХК” ХХК-ийн төлөөлөгч Н.Оюунханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, А.Анударь, Б.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “Г ХХК” ХХК-тай байгуулж 8 800 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар сунгаж, хүүг 19.2 хувь болгож өөрчилсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар дахин сунгасан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин нэмэлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл буюу 12 сараар сунгаж, хүүг 21.6 хувь болгосон. Мөн хариуцагч “Н” ХХК нь Г ХХКтай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ8145100095 тоот зээлийн гэрээг байгуулж 4 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, уг гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-Б гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн дуусах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 12 сараар сунгасан. Хариуцагч нь дээрх 2 зээлийн гэрээний барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

1.БГ/8115005858, БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээнүүдээр С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогыг;

2.БГ/8115005858-В тоот барьцааны гэрээгээр С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг;

3.БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг;

4.БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Тэргүүн зам холдинг ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м/кв талбай бүхий газрыг;

5.БГ/8115005858-А тоот барьцааны гэрээгээр “Н” ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдийг;

6.БГ/8145100095-А тоот барьцааны гэрээгээр “Н” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг;

7.БГ/8115005858-Б, БГ/8145100095 тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Эын өмчлөлийн “Н” ХХК-ийн 100 хувийн хувьцааг;

8.ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражийг;

9.ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжийг;

10.ЗГ/12/0182, ЗБ8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газрыг;

11.ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газрыг;

12.ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээгээр Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг;

13.ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээгээр Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Ты өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан. Мөн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БД/8145100095 тоот батлан даалтын гэрээгээр Ж.Э нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний хугацаа 923 хоногоор хэтэрч зээлийн хүү 320,813,378.20 төгрөг, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний хугацаа 771 хоног хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000,000 төгрөг, зээлийн хүү 2,904,970,799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,640,000 төгрөг, нийт 6 737 610 799.97  төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ББ/81DOUPF150047 тоот гэрээгээр 798,643,930.40 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа, ББ/814DOURT150019 тоот гэрээгээр 787,500,000 төгрөгийн чанарын баталгааг Г ХХКны зүгээс гаргасан. Дээрх баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараахь эд хөрөнгийг барьцаалж, батлан даасан. Үүнд:

1.БГ/814DOUPF150047, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээнүүдээр Ж.Эын өмчлөлийн “Н” ХХК-ийн 100 хувийн хувьцааг;

2.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжийг;

3.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газрыг;

4.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газрыг;

5.ЗБ/814DOUPF150047-А, ЗБ/814DOURT150019-А тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражийг;

6.ЗБ/814DOUPF150047-Б, ЗБ/814DOURT150019-Б тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг;

7.ЗБ/814DOUPF150047-В, ЗГ/814DOURT150019-В тоот ипотекийн гэрээгээр Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Ты өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолбор-ын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцнуудыг тус тус барьцаалсан. Мөн баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ/814DOUPF150047, БГД/814DOURT150019 тоот батлан даалтын гэрээгээр Ж.Э нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ББ/814DOUPF150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34 576 196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31 068 489.6 төгрөг байна. Иймд хариуцагч “Н” ХХК-иас ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний үүрэгт буюу хүүнд 320 813 378.2 төгрөг, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 000 төгрөг, зээлийн хүү 2 904 970 799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332 640 000 төгрөг, нийт 6 737 610 799.97  төгрөг, ББ/814DOUPF150047 тоот баталгааны гэрээний шимтгэлд 34 576 196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээний шимтгэлд 31 068 489.6 төгрөг, нийт 7 124 068 864.47 төгрөгийг гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийн барьцаа, ипотек ба атлан даалтын гэрээнүүдийн зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хамгийн анх “Н” ХХК нь “Г ХХК” ХХК-аас зээл авсан харилцаа нь 8 880 000 000 төгрөгийн “Н” ХХК-ийн урьдчилгаа төлбөрийн баталгаанаас эхэлдэг. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 62 тоот 8 880 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамд зориулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-нд гаргаж өгсөн. Уг үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлаа хийж байтал гэрээ цуцлагдсан учраас Хөгжлийн банкнаас манай банкинд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 27 тоот банкны баталгааг гүйцэтгэх тухай бичиг ирсэн. Банк 8 880 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрийг гаргахын тулд харилцагчтай 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр банкны баталгааны гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банканд шаардлага гаргасан тохиолдолд ажлын 3 хоногийн дотор банк харилцагчийн өмнөөс урьдчилгаа төлбөрийг “Хөгжлийн банк” ХХК гүйцэтгэнэ. Хөгжлийн банканд гүйцэтгэсэн баталгааг 3 хоногийн дотор банк харилцагчаас шаардана, харилцагч эх үүсвэрээр төлөх боломжгүй байсан тохиолдолд зээл авч төлнө гэх банкны баталгааны гэрээ байгаа юм. Уг зохицуулалтын дагуу харилцагч бэлэн төлөх боломжгүй байсан тул зээлийн харилцаа үүссэн. Анх 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8 880 000 000 төгрөгийн зээлийн хөрөнгө “Н” ХХК-ийн харилцах данс болох 1140000029 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн дансыг үүсгээд “Н” ХХК-д зээлийг олгосон. Зээл олгосны дараа 8 880 000 000 төгрөгийг харилцагчийн өмнөөс үүсгэсэн байсан авлагыг харилцагч төлсөн. Зээлийн хүсэлт байхгүй гэж байна. 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манайд хүсэлт гаргасан. Гаргасан хүсэлтийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Зээлүүдийг 3 удаа сунгасан. 3 удаа сунгах хүсэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 1 дүгээр хавтаст хэргийг 12-44 дүгээр талд гэрээнүүд авагдсан. Уг гэрээнүүдэд тавигдах хуульд заасан шаардлагыг үзэхэд талуудын эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдаж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Зээлийн гэрээтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг үзэхэд үндсэн гэрээг байгуулсан этгээдүүд уг нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Нэмэлт гэрээгээр талууд хүүгийн хэмжээг өсгөж, хугацааг сунгасан. Хугацааг сунгах талаар хариуцагч буюу зээлдэгч илэрхийлсэн. Зорилгоо зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна. 2 дугаар хавтас хэргийн 1-10 дугаар хуудаст 8 880 000 000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга, мөн 4 000 000 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн дансны хуулга байгаа. “Н” ХХК-ны дансанд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8 800 000 000 төгрөгийг орлогын гүйлгээ хийгдсэн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зээлийг зээлдэгчийн дансанд олгосноор зээл олгосонд тооцно гэх заалт бий. Энэ шаардлагын хүрээнд мөнгийг олгосон. Энэ мөнгө буцаад “Хөгжлийн банк” ХХК-ийн баталгаанд төлөгдсөн. Үүнийг төлж өгөх хүсэл зоригийг хариуцагч өөрөө илэрхийлсэн. Банкны зүгээс зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлж зээлийг олгосон. Буцаагаад зарлага гарч байгаа нь хариуцагчийн зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа үйлдэл юм. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар зээлийг суутгасан гэх асуудлыг ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт зээлийг суутгасан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Хэрвээ зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол яагаад зээлийг эргэн төлөөд байгаа юм. 2 дугаар хавтаст хэргийн 8, 9, 10 дугаар талд хүүгийн тооцооллыг банк нотлох баримтаар гаргаж өгсөн. “Н” ХХК-ийн зүгээс эргэн төлөлтүүдийг хийгээд явж байсан. Төлөлт хийж байгаа үйлдэл нь зээлийн гэрээг байгуулсанд тооцож, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлээд зөвшөөрөөд явж байсан гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаа шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хөрөнгийг “Н” ХХК-д бодитоор олгоогүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт гэж банкнаас олгох зээлийн гэрээний харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйл 17 дугаар зүйлд бэлэн бус төлбөр тооцооны талаар нарийвчлан зохицуулсан. Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ8115005858 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар зээлийг эргэлтийн хөрөнгө-ийн зориулалтаар авахаар тохиролцсон. Гэтэл “Г ХХК” нь зээлийн хөрөнгийг зээлдэгчид бодитоор олгоогүй бөгөөд гэрээний 2.1.5-д заасан зээлийн дансанд биш, “Н” ХХК-ийн нэр дээрх 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/8115005858 тоот шийдвэрийн дагуу зээл олгов гэсэн утгатайгаар 8 880 000 000 төгрөгийг шилжүүлсэн атлаа тэр дор нь харилцагчийн зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр 8 880 000 000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк руу “Баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав” гэсэн утгаар тус данснаас буцаан гаргаж, банк өөрийн дур зоргоор захиран зарцуулсан байгаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор бодитоор шилжүүлээгүй, дансны бичилт хийж зээл олгосон мэтээр дүр үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. “Г ХХК” ХХК нь 8 880 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, тодорхой хугацаатайгаар буюу зээл байдлаар “Н” ХХК-д олгоогүй, харин өөрсдийнхөө чанаргүй активийнхаа ангилалыг өөрчлөх зорилгоор хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. “Г ХХК” ХХК, “Н” ХХК-ийн хооронд 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ТЕ0499120662 тоот Банкны баталгааны гэрээ-ний дагуу “Хөгжлийн банк” ХХК-д төлөгдсөн баталгааны төлбөрийг төлүүлэх зорилготой, зээл олгох замаар “Н” ХХК-иар баталгааны гэрээний төлбөрийг төлүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ/8115005858 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-т дүр үзүүлсэн, 56.1.9-д хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ гэрээгээр хариуцагчид аливаа үүрэг үүсэхгүй юм. Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ/8145100095 тоот зээлийн гэрээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. “Н” ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хариуцагч “Н” ХХК нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Банк давуу байдлаа ашиглан хүү, нэмэгдүүлсэн хүүг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж, өндөр хэмжээний өрөнд оруулсныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн, мөн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн даруйд шүүхэд хандаагүй, бүхэл бүтэн 771 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийг 3 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн өрөнд оруулсан. “Н” ХХК нь гэрээний үүргээ 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн зөрчсөн байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг банк үл маргах журмаар өөртөө шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах, харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчийн бусад данснаас үл маргах журмаар суутгал хийх зэргээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэхүү гэрээгээр олгосон гэх 4 тэрбум төгрөгийн зээл нь хариуцагчид “Хөгжлийн банк” ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шилжүүлсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ЗГ/8115005858 тоот зээлийн гэрээ гэх нэртэй гэрээний нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөрт суутгагдсан, суутгасан хэмжээгээр буцаан зээл нэрээр олгосон хөрөнгө юм. Дээрх 2 гэрээний дагуу хүү бодох үүрэг үүсээгүй байхад хариуцагчаас үндэслэлгүйгээр 12 911 205 689.55 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч, мөн нэхэмжлэгч шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй тул ЗГ/8145100095 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 3 237 610 799 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 1 618 805 399 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Гүйцэтгэлийн болон чанарын баталгаатай холбоотой шаардлагын тухайд дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байдлаар ББ/814DOUPF150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34 576 196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31 068 489.6 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл дээрх гэрээний 1.4-т Үүрэг гүйцэтгэгч баталгааны нэг удаагийн шимтгэлд 0.5 хувийг төлнө гэжээ. Энэхүү шимтгэлийг гэрээ байгуулах үед хариуцагчаас нэхэмжлэгчид төлөөд баталгаагаа гаргуулсан. Шимтгэлийг хэрхэн, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч А.Дугармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. “Г ХХК” ХХК нь “Н” ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 дугаар зээлийн гэрээг байгуулж 8 880 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Хэрэгт 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан гэрээ байдаг. Энэ гэрээг нийт 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 3 удаа сунгасан, гэрээний асуудал хөндөгддөг. 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 дугаар тоот гэрээ нь дараах байдлаар хууль зөрчиж хийгдсэн. Нэгдүгээрт 8 880 000 000 төгрөгийн бодитойгоор олгоогүй, зээлдүүлэгч тодорхой мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ тодорхой зориулалтайгаар, хугацаатай, хүүтэй, хүүгүйгээр тодорхойлон олгодог бөгөөд гэрээнд талууд адил тэгш эрхтэйгээр оролцож гарын үсэг зурснаар гэрээ бичгээр байгуулагдана. 8 880 000 000 төгрөгийн гэрээ нь бодитойгоор олгогдоогүй учраас зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх нэгдүгээр үндэслэл үгүйсгэгдэж байна. 8 880 000 000 төгрөгийг өгсөн мэтээр дансны хуулгад дурьдаж, бодитоор ашиглах боломжгүйгээр олгосон мөнгөн хөрөнгө байна. Нэгэнт бодиттойгоор олгоогүй учраас Иргэний хуулийн 452 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар ашигласан хугацаанд хүү төлөх гэх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн. Актив ангилах журмын 2 дугаар зүйлийн 2.10-т огт өгөөгүй зээлийг үндэслэж актив үүсгэж болохгүй гэж тодорхой заасан. Хэдийгээр активыг ангилахад хэрэглэгддэг журам боловч журмаар олгогдоогүй зээлд хүү төлөх, түүнчлэн олгогдоогүй зээлд үндсэн хүү төлүүлэх боломж байхгүй шүү гэдгийг журмын 2 дугаар зүйлийн 2.9, 2.10 дэх заалтуудад тусгажээ. 8 880 000 000 төгрөгийн зээлийг олгоогүй, Г ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Нэмэгдүүлсэн хүүгийн асуудал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа тохиолдолд шаардах эрхтэй ба Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.3-д үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Г ХХКтай байгуулсан зээлийн гэрээний 2.2-т зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр уг гэрээний 2.1-т заасан хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тохиролцсон. Энэ нь 8 880 000 000 төгрөгийн хүүгийн асуудлыг тохиролцож байгаа юм. Гэтэл гэрээг цааш нь сунгахдаа 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний 2.2 дэх заалтыг зөрчсөн. 2014 оны 12 дугаар сарын 26 өдөр байгуулагдсан 8115005858А гэрээг 12 сарын хугацаатай сунгахдаа зээлийн хүүг 18 хувь биш 19.2 хувь гэж тооцсон. Хоёрдугаарт нь 2015 оны 11 дүгээр 15-ны өдөр 81155858/Б тоот зээлийн гэрээний хугацааг 12 сар гэж тохиролцсон. Үндсэн хүүгийн хэмжээг 19.2 хувь гэж тооцсон нь мөн гэрээний 2.2 дэх заалтыг зөрчсөн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээнийг хугацааг 12 сараар сунгаж, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төлнө гэж тодорхойлохдоо хүүгийн хэмжээг нэмэгдүүлж 21.6 хувь болгосон. Иймд нэгдүгээр шаардлагын хувьд хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд үүний үр дагаварт Г ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Г ХХК өнөөдрийг хүртэл батлан даалтын гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн асуудлыг үндэслэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй учраас 8 880 000 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцох нь тодорхойгүй байна. Хоёр дахь зээлийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 4 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн өдрөө зээлийг олгоогүй ба нийт 9 удаагийн үйлдэлээр 4 000 000 000 төгрөгийг олгосон байдаг. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан энэ гэрээний хүрээнд шаардах эрхийн үнийн дүнг хэрхэн яаж тооцож гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийн хувийн хэрэг энэ зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаж байгаа гэдгийг илэрхийлж, нотолж байдаг гол бичиг баримт байдаг. Зээл хүссэн өргөдөл талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд байдаггүй. Зээлийн өргөдөл тус бүрт авах зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж тамга дарсан байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.3 дэх заалтуудыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Энэ асуудал Н.Алтанхуяг ерөнхий сайдын буруу гаргасан шийдвэрээс болж, “Г ХХК” ХХК, “Н” ХХК нарын хооронд ийм харилцаа үүссэн. Тухайн үед 8 880 000 000 төгрөгийг гаргуулсан байсан ба Засгийн газар Хөгжлийн банк руу татсанаар уг асуудал үүссэн. Тухайн үеийн хүсээгүй зээлийг зээл гэж үзэж байгаа нь буруу гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Ты итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бүтэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Ты өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар Банкны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу мөнгийг бодитоор тухайн компанид олгоогүй учраас ийм мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэдэн оны, хэдний өдөр зээлүүдийг өгсөн, зээлүүдийг 3 удаа сунгахдаа яаж мөнгийг өгсөн, эргэн төлөлтийг яаж хийсэн талаарх төлбөр тооцоо байхгүй гэж үзэж байна. Төлбөр тооцоог хийхдээ Иргэний хуулийн заалтын дагуу тухайн үедээ зээлийн гэрээг хийгдсэн өдрөөс төлбөр тооцоог гаргах ёстой. Мөн ямар зориулалтаар зээл авч байгаа талаар нотлох баримт байхгүй. Тиймээс зээлийн эргэн төлөлт гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр байхгүй, мөнгийг авсан, өгсөн нь тодорхойгүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 457 дугаар зүйлийн 457.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Н” ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 4 121 896 477.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 002 172 387.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан БГ/8115005858 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээнд заасан С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогоос;

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГ/8115005858-В тоот барьцааны гэрээнд заасан С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос;

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Тэргүүн зам холдинг ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м/кв талбай бүхий газраас;

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-А тоот барьцааны гэрээнийн хавсралт №1-д заасан “Н” ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдээс;

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-А тоот барьцааны гэрээний хавсралт №1-д заасан “Н” ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслүүдээс;

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-Б, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн БГ/8145100095 тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Эын өмчлөлийн “Н” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас;

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээний С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээний Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражнаас;

-2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ЗБ/12/0182 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжаас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газраас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай “Н” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газраас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээний Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолоос;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээний Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Ты өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцнаас;

-БД/8145100095 тоот батлан даалтын гэрээний Ж.Эын өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 35 778 294.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 767 432 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх “Г ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 002 172 387.2 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Баталгааны гэрээний үүрэг шаардах эрхээ шилжүүлэн авч “Н” ХХК-аас уг гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч “Н” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Н”ХХК-ийн 1140000029 тоот дансанд 8 880 000 000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө “Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлэн авлага хаав” гэх утгаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны журам зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг үндэслэн талуудын байгуулсан ЗПН4-5005858 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл...анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ба хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй тул уг гэрээний хүүнд 320 813 378.20 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох, 2. ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний хувьд банкийг зээлийн хугацаа дууссан хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа нэхэмжилсэн бөгөөд уг 4 000 000 000.00 тэрбум төгрөгөөр батлагдаж гэрээ байгуулсан зээлийн олголтыг хийхдээ 11 удаагийн үйлдлээр 3 395 313 676.62 төгрөг олгож 604 686 323.38 төгрөг дутуу олгосон мөн түүнд хүү бодсон гэх үндэслэлээр нийт 2 623 645 042.35 төгрөг хэрэгсэхгүй болгох; ББ/8140011РР150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34 576 196.7 төгрөг, ББ/814001ЖТ150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31 068 489.6 төгрөг буюу нийт баталгааны шимтгэлд 65 644 686.3 төгрөг нэхэмжилснийг баталгааны 1 удаагийн шимтгэл 0,5% тул 2 баталгааны шимтгэлээс 57 713 966.65 төгрөг хэрэгсэхгүй тус тус болгосон байна. Баталгааны гэрээний үүргийг “Н” ХХК-аас шаардахад хариуцагчаас “Хөгжлийн банк” ХХК-аас урьдчилгаа төлбөрийг хүлээн авч гэрээний дагуу уг ажлыг хийж гүйцэтгэхэд болон шаардлагатай түүхий эд материал бэлтгэхэд зарцуулсан тул төлөх боломжгүй иймд зээлд хөрвүүлж өгөх тухай 2013 оны 01 дүгээр сарын 29-ний 1/002 тоот албан хүсэлтийг манайд ирүүлсэн нь баримтаар тогтоож байхад ямар учраас шүүгч банкийг шаардаагүй хэмээн үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн талууд урт хугацааны турш харилцаа холбоотой байсан, зээлдэгчийн бусад явагдаж байгаа ажил нь зогсох эрсдэлтэй байсан зэргийг харгалзан банк зээлдэгчтэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт “ зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэх шаардлагыг бүрэн хангасан хуульд нийцсэн зээлийн гэрээ мөн. “Н” ХХК-н зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан нь хууль зөрчсөн гэжээ. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж заасан байгаа боловч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтална гэсэн ойлголт, тэгвэл тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ" гэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад баталгааны гэрээний үүргийг зээлээс төлөх тухай хүсэлт байна. Түүнчлэн зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэгт зээлдэгч зээлээ 2013 оны 02 дугаар сараас 2019 он хүртэл нийт 7 жил төлж ирсэн нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээ ямар урт хугацаанд гүйцэтгэж байсныг харуулж байна. Иймд харилцагчийн зөвшөөрөлгүй зарлага гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр болно. Гэрээний хугацаа дуусгавар болсноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бодогдсон нийт хүүг хассан тухайд ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэж банкийг ашиг олох гэж санаатайгаар нэхэмжлээгүй гэж байгаад гомдолтой байна. Шүүх хуралдаанд зээлдэгчийн хугацаа олгохыг хүссэн хүсэлтүүдийг нотлох баримтаар гаргаж өгч энэ тухай тайлбарласаар байхад ийнхүү нэг талыг баримталсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлдэгч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д ”Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Н” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй байхад зөвхөн банкийг эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд хугацаа дууссанаас хойш хуримтлагдсан хүү болох 1 197 934 581 төгрөгийг хассан нь үндэслэлгүй байна. Шүүхээс зээл олгосон талаар холбогдох тооцоолол хийхдээ нотлох баримтыг бүрэн судлаагүй тухай шүүхээс ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний олголтыг тоолохдоо хүү тооцооллын хүснэгтийг бүрэн нягтлахгүйгээр, дутуу тооцоолж, 11 удаагийн үйлдлээр 3 395 313 676.62 төгрөг олгож 604 686 323.38 төгрөг дутуу олгосон мэт тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргээс тулган баталгаажуулж харвал 12 удаагийн олголтоор нийт 4 000 000 000 төгрөг олгосон байтал шүүх уг нотлох баримтыг дутуу үнэлж холбогдох төлбөрийг хасаж шийдвэрлэжээ. Иймд үндсэн зээлээс дутуу олгосон мэт тайлбарласан 604 686 323.38 төгрөг болон түүнд бодогдсон гэж тайлбарласан 120 717 510.00 төгрөгийн хүүгийн төлбөрийг гаргуулах нь хуульд нийцнэ. Удаагийн шимтгэл болох 0,5%-н шимтгэлтэй андуурч шийдсэн байна. Банк 2019 оны 08 сард нэхэмжлэлд дурдахдаа шимтгэл хэмээн нэхэмжилсэн нь алдаа бөгөөд хүү хэмээн бичих байсныг шүүх хуралдааны явцад механик алдаа хэмээн тайлбарласаар байхад анхаарч үзэлгүй хассанд гомдолтой байна. Банкнаас олгосон аливаа зээл болон түүнтэй адилтгах актив нь нэг талдаа харилцагчийн хадгалуулсан мөнгөн хадгаламжийн хүүгийн зардлыг нөхөх, Банк өөрөө ашиг олох зорилгоор тодорхой хүү, нэмэгдүүлсэн хүүтэй, мөн тухайн бүтээгдэхүүнийг олгоход гарсан үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор нэг удаагийн шимтгэл авдаг нь эдийн засгийн агуулгаар үндсэн бизнесийн үйл ажиллагаа нь гэдэг ойлгомжтой байхад шүүх уг нөхцөл, зээлдүүлэгчийн гол хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч үзэлгүйгээр шууд хохиролтой байдлаар шийдсэн нь үндэслэлгүй гэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Г ХХК” ХХК хариуцагч “Н” ХХК, Э.Э, Э.Энхсайхан, Б.Тд холбогдуулан ЗГ8115005858 тоот гэрээний үүрэгт 320 813 378.2 төгрөг, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 500 000 000 төгрөг, зээлийн хүү 2 904 970 799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332 640 000 төгрөг, нийт 6 737 610 799.97 төгрөг, ББ/814DOUPF150047 тоот баталгааны гэрээний шимтгэлд 34 576 196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээний шимтгэлд 31 068 489.6 төгрөг, нийт 7 124 068 864.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г ХХК” ХХК хариуцагч “Н” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр 8 800 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон байна. Талууд гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ8115005858-А гэрээгээр 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 сарын хугацаагаар сунгаж зээлийн хүүг 19.2 хувь болгон, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ8115005858-Б гэрээгээр гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ8115005858-В гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 21.6 хувь болгон тус тус өөрчилж байсан байна. /1хх.18,52-54,58-60/

Мөн хэрэгт “Н” ХХК, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай 2012 оны Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 44 000 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр С-АЗ-Б2012-71/126 тоот “Банкны баталгааны гэрээ” байгуулж, /1хх.24-29/ уг гэрээгээр “Г ХХК” ХХК нь “Н” ХХК-ийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөрийн 8 880 000 000 төгрөгийн эргэн төлөлтийн баталгааг гаргасан байна. “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 8 880 000 000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.  

“Г ХХК” ХХК 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйлгээний 39 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн 1105064441 тоот данс руу 8 880 000 000 төгрөгийг “...“Н” ХХК-ийн ТЕ499120662 тоот баталгааны төлбөр шилжүүлэв” гэх утгатайгаар шилжүүлсэн байна. /2хх.21-22/

 Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 190 дугаар тушаалаар “Н” ХХК-ийн хийгдсэн ажил төлөвлөгөөнөөс хоцорч байна гэсэн үндэслэлээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалжээ. /2хх.19-20/ Үүний дараа “Г ХХК” ХХК нь “Н” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ тоот зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Н” ХХК-ийн 1140000029 тоот дансанд 8 880 000 000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК руу баталгааны мөнгө шилжүүлсэн “авлага хаав” гэсэн утгаар зарлага гаргасан байна. /2хх.1/

Анхан шатны шүүх 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК руу “баталгааны мөнгө шилжүүлэв” гэсэн утгаар зарлага гаргасан нь Банкны тухай хуулийн 11.2, Банк ,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 3, 17.1, дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот зээлийн гэрээг анхнаасаа эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн уг гэрээний дагуу нэхэмжилсэн 320 813 378.20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 Мөн зохигчид 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ8145100095 тоот гэрээ байгуулж 4 000 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-А, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ8145100095-Б тоот гэрээнүүдээр гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгажээ. /1хх.14-16/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.  

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэрлэн заагдсан барьцааны зүйлийн талаар хэн аль нь маргаагүй болно.

“Г ХХК” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 11 удаагийн үйлдлээр 3 395 313 676.62 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагчаас зээлийн төлбөрт 500 000 000 төгрөгийг буцаан төлсөн байна.

Анхан шатны шүүх талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн мөнгийг төлөх график, мөнгө төлсөн байдлуудыг үндэслэн тухайн мөнгийг хэсэгчлэн шилжүүлсэн зээлийн хүүгийн тооцооллыг 120 717 510 төгрөгөөр, зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүүг 1 197 934 571 төгрөгөөр тооцож гаргасныг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Г ХХК”  ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, өндөр үнийн дүн бүхий зээлийн хүүгийн хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13.1 дэх заалттай нийцээгүй гэж дүгнэж шүүх хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хэтэрсэн хугацааны хүү төлүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 Харин нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр 2 жил 1 сар 18 хоног хэтрүүлсэн байх тул  Банк эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, 25.2 дахь заалтыг үндэслэн зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацааны хүүгийн хэмжээгээр тооцож  гаргуулах нь зүйтэй байна.

 Иймд анхан шатны шүүхийн зээлийн хүүг бодсон тооцооллыг үндэслэн хэтэрсэн хугацааны хүү 1 197 934 571 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэрээр гаргасан үнийн дүн болох 4 121 896 477.27 төгрөгөн дээр нэмж нийт 5 319 831 048 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байх тул зөвтгөн өөрчлөнө.

Нэхэмжлэгч “Г ХХК” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.