Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1262

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Ц-/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц-/-ийн хариуцагч М.Н-, “Б” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 710 702 юань буюу 272 760 320 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь 2008 оноос эхлэн Я.Ц-тэй хамтран ажиллаж барилгын материал зээлээр худалдан авч буцаан төлөх зэргээр сайн харилцаатай явж ирсэн. 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд “Б” ХХК нь 2 201 913 юанийн бараа материал авсан. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн өмнөх тооцооны үлдэгдэл 2 300 587 юань байсан. Нийт 4 502 500 юанийн өр төлбөртэй байсан.

2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо бодож үзэхэд хариуцагч нь нийт 3 287 007 юанийг буцаан төлж 1 215 493 юанийн өр төлбөртэй үлдсэн байсан. 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Я.Ц- өөрийн байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг Хятадын банкны барьцаанд тавьж 750 000 юанийн зээл авч өгч “Б” ХХК-ийн захирал М.Н-д тусалж байсан. Үүний хүү, зээлийн шимтгэл, банкаар шилжүүлсэн шимтгэл зэрэг нь нэмэгдээд 800 000 юань болсон. 800 000 юань дээр өмнөх өр болох 1 215 493 юанийг нэмээд нийт 2 015 493 юань болж байна. Үүнээс хариуцагч нь 1 304 790 юанийг буцаан төлж 710 702 юань төлөөгүй байна. Иймд 710 702 юань буюу 272 760 320 төгрөгийг хариуцагч “Б” ХХК болон хариуцагч М.Н- нарын эд хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Манайх цэвэр усны байгууламжийг цэвэрлэх, засварын ажилд хэрэглэхийн тулд материал авсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл дуусах хугацаанд өгч авалцсан зүйлийн мөнгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл өнөөдөр 800 000 юань зээлсэн гэх зээлийн баримтыг гаргаж өгч байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх юм уу ихэсгэж байгаа нь тодорхойгүй байна. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 21 нэр төрлийн 6 420 541 юанийн бараа материал авсан. Үүнээс 7 222 692.88 юанийг шилжүүлсэн. Үүнийг хүлээж авсан бараа материалын падаан, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байгаа.

Зээлийн гэрээний үндсэн дээр 750 000 юанийг манай компани руу шилжүүлсэн. Үүнээс 724 452.70 юанийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дээр зээлийн гэрээний асуудал яригдах ёсгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй. Мөн өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний асуудал ярихгүй гэж хэлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн актын баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал хувийн тэмдэглэлийг орчуулаад нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Үүнээс эхний 8 хуудас баримт нь авсан өгсөн гэх баримттай таарч байна. Үүнээс 9 дэх хуудаснаас хойш гаргаж өгсөн баримтууд нь ойлгомжгүй байна. 2013 онд “Б” ХХК нь Я.Ц-ээс ямар ч бараа материал аваагүй. Энэ талаар албан бичгээр гаргаж өгсөн. Авсан, өгсөн гэдэг нь санхүүгийн бүх баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 710 702 юань буюу 272 760 320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц-/-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Н-аас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 521 751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 1 521 751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц-/-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон тооцоо нийлсэн актын үндсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэдэн нэр төрлийн, ямар хэмжээний, ямар үнийн дүнтэй бараа материал авсан талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй бөгөөд харин хариуцагч тал Я.Ц-ээс авсан бараа, материал, түүний үнийг төлсөн баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Гэтэл шүүх н.Д, н.Ц, н.Э, н.Ө, /Erlian yong trade/ компаниар дамжуулан мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний хэсэгт Я.Ц-т худалдах, худалдан авах гэрээний төлбөрт мөнгө шилжүүлсэн баримт байхгүй ямар зорилгоор хэнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Я.Ц-т шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Хэрвээ дээр дурдсан төлбөрийн баримтыг мөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй юм бол Я.Ц- хариуцагчаас 5 000 000 гаруй юань нэхэмжлэх ёстой. Хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгч тал эхний удаагийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн болохоор тэр талаар дахин баримт гаргаж өгөөгүй юм. Түүнээс биш эдгээр баримтыг нотлох хангалттай баримт хариуцагч талд байгаа болно. /Erlian yong trade/ компанид шилжүүлсэн мөнгийг Я.Ц- хүлээн авсан баримт байгаа. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагчийн төлөөлөгч нь /Erlian yong trade/ компаниар дамжуулан 664 200 ам.доллар шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн атлаа уг баримтаар 664 200 ам.долларыг Я.Ц-т шилжүүлээгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүх энэ баримтыг буруу үнэлсэн бөгөөд хариуцагч нь 664 200 ам.долларын аккредетив нээсэн баримтыг мөнгө шилжүүлсэн баримт гэж үзсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн төлбөрийн баримтад 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 369 000 ам.доллар, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 295 200 ам.долларыг хувааж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Эхний удаагийн шүүх хурлаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал ямар хэмжээний, ямар нэр, төрлийн, ямар үнийн дүнтэй бараа материал нийлүүлсэн талаараа ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд эхний шүүх хуралдаанд төлбөрийн баримтуудыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я.Ц- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 710 702 юань буюу 272 760 320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг бүрэн биелүүлсэн гэж маргажээ.

 

            Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Я.Ц-ээс 2008 оноос эхлэн барилгын материал худалдан авч, үнийг удаа дараагийн шилжүүлгээр төлсөн, бизнесийн хамтын ажиллагаатай байсныг үгүйсгээгүй ба талууд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй эсэхээр маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авагч талд нийлүүлсэн бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрийг шаардсан бөгөөд хариуцагч нь мөн хугацаанд нийт 6 420 541 юанийн үнийн дүн бүхий 21 төрлийн бараа материал авсан талаар, мөн 41 удаагийн шилжүүлгээр нийт 7 222 692,88 юань буюу 1 615 343 554 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, жагсаалт үйлдэн, холбогдох мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргасан.                                                                                                    

/хх-30-64/

 

            Бараа материалын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж хариуцагч “Б” ХХК-аас гаргасан баримтын үнийн дүн, нэхэмжлэлд заасан хугацаанд худалдан авсан бараа материалын үнийн дүнтэй тохирохгүй, мөнгө шилжүүлсэн баримтад хэзээ худалдан авсан, ямар нэр төрлийн хэдэн ширхэг барааны үнэ болохыг тодорхой заагаагүй, зарим баримт нь худалдагч Я.Ц-т хаяглагдаагүй байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан барааны үнэ болохыг шууд нотлохгүй байна.

 

            Дээрх баримтад 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн шилжүүлэг заагдсан байх бөгөөд үүнээс хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, ийнхүү тооцоо нийлснээс хойш төлбөр төлөгдөөгүй талаар хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлажээ.                                                                                                                                                     /хх-5, 227/

 

            Түүнчлэн хариуцагч “Б” ХХК-ийн өр төлбөр үүссэн, талууд харилцан тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг 710 702 юань гэж баталгаажуулсан талаар дурдсан  2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 28/017 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

                                                                                                                                              /хх-200/

 

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд гаргасан баримт нь дан ганц өөрөөс нь худалдан авсан барааны төлбөр биш гэж тайлбарласан.

 

            Иймд шүүх хариуцагчаас гаргасан бичгийн баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн нотлох баримтыг үнэлэх журамд нийцэх ба талуудын харилцан тохиролцож тооцоо нийлсэн баримт, уг баримт үйлдсэнээс хойш төлбөр төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангасныг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Харин шүүх нэхэмжлэгч нь хариуцагч М.Н-д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар батлахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасныг залруулж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч М.Н-аас татгазсан болохыг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэгч нь хариуцагч М.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 521 751 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                               

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                   

А.ОТГОНЦЭЦЭГ