Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 238

 

Б.Б, Э.М , Б.Е , Ж.У  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б, Э.М , Б.Е  нарын өмгөөлөгч Л.Ганганбарс, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаар магадлалтай,  Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох 1704000740006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, Э.М , Б.Е  нарын өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Э.М,

3. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Е нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.У т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Ж.У т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.У ыг цагаатгаж,

Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Э.М , Б.Е  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Э.М , Б.Е  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Э.М , Б.Е  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б- нь эмчилгээний зардал буюу хор уршгийн хохирол 800,000 төгрөгийг хохирогч Э.Ш-д нөхөн төлсөн, хохирогч Э.Ш цаашид нэхэмжлэх хохиролгүй гэснийг баталж, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Ж.У  нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд Б.Е , М нарт учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүйг мэдэгдэж, Ж.У  нь Б.Е , Э.М  нараас хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.У , Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Э.М , Б.Е  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-, Э.М , Б.Е  нарын өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-, Э.М , Б.Е  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Гагцхүү шийтгэх тогтоолыг уншиж сонгохдоо холбогдогч Б.Б-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж уншилгүй орхигдуулсан боловч тэр даруй тайлбар хийж Б.Б-ын хэрэг мөн адил хэрэгсэхгүй болсон гэдгийг залруулан тайлбарласан. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлийг заасан байдаг ч энэхүү шийдвэрийн хувьд шүүгч тухайн этгээдийг гэм буруутайд тооцоод, хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагаар хөнгөн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь маш тодорхой байсан. Зөвхөн шүүгч шийдвэрийг уншиж сонсгохдоо хэрэгсэхгүй болгосон тухай хэсгийг орхигдуулан уншиж техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Яг адилхан хөнгөн гэмт хэргээр зүйлчлэгдсэн нөгөө хоёр холбогдогчийн зүйлчлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байхад энэ нь хуульчид битгий хэл энгийн хүнд ч тодорхой асуудал байсан. Шийдвэрийг сонссоны дараа өмгөөлөгчийн зүгээс лавлан асууснаар шүүгч тайлбар хийн залруулж “хөнгөн хэргийн зүйлчлэл бүгд адилхан хэрэгсэхгүй болсон, шийдвэр уншихдаа орхигдуулсан байна” гэдгийг тайлбарласан. Прокурор, өмгөөлөгч бүгд сууж байгаад сонссон. Аль нэг талаас хүсэлт, гомдол гаргаагүй. Прокурорын нотлох гээд байгаа шүүх хуралдааны бичлэгээс нь тодорхой харагдана.

Гэтэл тухайн үед шийдвэр уншихдаа өөрөөр уншигдаад, дараа нь гардуулсан шийдвэр нь огт өөр шийдвэр гараад ирчихсэн мэт хуулийн зөрчил яриад байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох шалтаг хайсан үйлдэл гэж ойлгож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд “...техникийн шинжтэй алдааг... шүүх өөрийн санаачлагаар залруулж болно”, “...шүүх даруй хэлэлцэж шийдвэрийг залруулна”, “...хянан хэлэлцэх ажиллагаанд оролцогч, улсын яллагчийг оролцуулж болно” гэсэн зохицуулалт байгаа бөгөөд шүүхээс шийдвэр гаргахдаа техникийн шинжтэй аливаа алдаа гаргасан бол өөрөө залруулан засахаар хуульчилсан. Энэ дагуу шүүгч нь шийдвэр уншихдаа орхигдуулсан зүйлээ өмгөөлөгчийн асууснаар талуудыг бүгдийг нь байж байхад залруулан хэлж өгсөн нь нэг талдаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу залруулга хийгдсэн гэж өмгөөлөгч би ойлгож байна.

Үүний улмаас хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн буюу аль нэг талын хууль ёсны эрх ашигт халдсан ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд тэр тусмаа шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох ямар нэгэн ноцтой үр дагавар байхгүй гэж үзэж байна.

Иймээс Монгол Улсын дээд шүүх нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэхүү хэргийг бүхэлд нь хянан үзэж эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

Дээр дурдсан үндэслэлүүд болон миний үйлчлүүлэгчид нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч залуу насны алдаанаасаа болж цагдаа хуулийн байгууллага хэргийг шийдвэрлээд дуусах болов уу гэж горьдон бүтэн 1 жил 8 сарын хугацаанд хүлээж, байн байн дуудагдан ажил төрлөө сэтгэл амар гүйцэтгэж чадахгүй асар их цаг хугацаа алдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, уг хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Шүүгч шүүгдэгч Б.Б-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгосугай” гэж уншиж танилцуулаад “хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосоноо мартсан байна” гэж залруулга хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр нотлогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-, Э.М , Б.Е  нарын өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.М , Б.Е  нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Багануур” зоогийн газрын гадна нийтийн хэв журмыг зөрчиж Ж.У т хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.М , Б.Е  нарыг бүлэглэж Ж.У ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ыг мөн үед Э.Ш-ийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Ж.У ыг Э.М , Б.Е  нартай зодолдохдоо Э.М гийн баруун гарын долоовор хурууг хазаж, Б.Е ийн нүүр рүү нь цохиж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Ж.У ыг холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.М , Б.Е  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэдэнд холбогдох хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Э.М , Б.Е  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хэрэгт хавсаргагдаж ирээгүй боловч прокурор, өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтээс үзэхэд шүүх хуралдаанд уншиж сонсгосноос өөр шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулсан нь тогтоогдлоо хэмээн дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамааруулан ойлгохдоо мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж хуульд тусгайлан заасныг анхаарах нь зүйтэй.

Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийн үйл баримтыг хангалттай нотлон тогтоож, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн гаргасан гэх зөрчил нь тухайн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа нь тодорхойгүй, тогтоож чадаагүй атлаа давж заалдах шатны дээрх үндэслэлийг зааж шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-, Э.М , Б.Е  нарын өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсын гомдлыг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН