Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч “ТОСК” ТӨХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан М.Б-ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТОСК” ТӨХХК /цаашид ТОСК/-ийн гүйцэтгэх захирал нь 2019 оны 12 дугаар сарын 30-нд Б/68 тоот тушаал гаргаж, тус компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Б- миний Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2017 онд мөн л хууль бус шийдвэр гаргаж намайг ажлаас халж байсан ба 2018 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилдаа ороод албан үүргээ шударгаар гүйцэтгэж байсан. Гэвч дахин хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсанд гомдолтой байна. Түүнчлэн миний бие “ТОСК” ТӨХХК-ийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ҮЭХ-ны даргыг үндсэн ажлаас нь халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчиж, эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

2020 оны бүтцийн өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /ХОТГ/ болон Барилга, байгууламжийн захиалагчийн газар /ББЗГ/ гэсэн 2 нэгжийн нэршлийг өөрчлөөд, ХОТГ-ын дарга М.Б-ын хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халсан ба харин ББЗГ-ын даргад 6-н сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөөд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгох эсвэл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах гэсэн 2 хувилбараас сонгохыг захиргаанаас санал болгосон байдаг. Үүнээс үзэхэд ижил түвшний 2 албан тушаалтан /адилхан газрын дарга/-д үндэслэлгүйгээр, ялгавартайгаар хандсан нь харагддаг. Мөн адил ажлаас халагдсан нэр бүхий мэргэжилтнүүд /Э.Б, А.Р, Н.Б, Ё.О, Д.Э, Ц.Т/-д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, ТОСК-д ажилладаг тухай тодорхойлолтыг Солонгос Улсын элчин сайдын яаманд гаргаж өгөх зэрэг саналуудыг захиргаанаас тавиад, хэрэгжүүлсэн байхад М.Б-ад зөвхөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох /М.Б-ын тэтгэмжийг олгоогүй, бусад бүх ажилтнууд авсан/-оор зааж, ажлаас шууд халсан нь мөн л ялгаварлан, гадуурхсан болохыг илэрхийлж байна. Ажлаас халах Б/68 тоот тушаал нь намайг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаа /2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал/-нд албажиж гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн ажилтнуудыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг ажилтанд гардуулахаар заасан боловч миний бие тийм мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн аваагүй байхад ажлаас халсан. Ийнхүү дээр дурдсан тайлбаруудаас харахад ТОСК-н гүйцэтгэх захирал нь ялгаварлан гадуурхсан, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүдээ нуун далдлах зорилгоор яаравчлан гаргасан Б/68 тоот тушаалын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, үнэн мөнийг халхавчилсан байх ба энэхүү хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давуу байдлыг тогтоон, ажилтныг ялгаварлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, М.Б-ын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой гэж үзэж байна.

“ТОСК” нь ТӨБЗГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу 6 нэгж /4 газар, 2 хэлтэс/-тэй ажиллаж байсан ба энэ онд хийж буй шинэ бүтэц нь “ТОСК” ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр мөн л 6-н нэгж /3 газар, 3 хэлтэс/-тэй байхаар баталж, зарим газар хэлтсүүдийн нэрийг шинэчлэх төдий өөрчлөлт хийсэн нь зарчмын ялгаа багатай. Хуучин бүтцийн схемийн хүрээнд, миний удирдаж байсан ХОТГ-ын нэрийг өөрчилж төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /ТХХАГ/ гэдэг нэртэй болгосон бөгөөд энэхүү ТХХАГ-ын ажлын чиг үүрэг нь ХОТГ-ын ажлын чиг үүргийг иж бүрнээр нь авч, өмнө нь миний хийж, гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байгаа. Байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, төлөвлөлтөд хяналт тавих, төсөл, хөтөлбөрүүдийн барилгын ажлын төсөв, барилгын санхүүжилт, түүний хуваарилалтад хяналт тавих, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой санхүү бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, санхүү бүртгэлийн дүрэм, журмын дагуу хөтөлж, хяналт тавих, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээ, мэдээллээр хангах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, хөрөнгө оруулалтын санхүүгийн менежментийг үр дүнтэй хийх, санхүүгийн эх үүсвэр төвлөрүүлэх, зарцуулалт, хэрэгжилт, өглөг, авлага, хүүгийн тооцоонд хяналт тавих, хэрэгжүүлэх, төслүүдийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжүүлэх гэх мэт ажлын чиг үүргүүд бүрэн хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байгаа болно.

Түүнчлэн ХОТГ-ын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй ба өөрсдийн хариуцсан ажил үүргийн дагуу ТХХАГ-т үргэлжлэн ажиллаж байна. Мөн миний удирдлагад ажиллаж байсан ХОТГ-ын ахлах мэргэжилтнийг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу ТХХАГ-ын даргаар томилсноос харахад уг шинээр байгуулагдсан газар /ТХХАГ/ нь миний хариуцан, ажиллаж байсан газар /ХОТГ/-тай адил үүрэг функцтэй бөгөөд ТХХАГ-ын даргын ажлын байр нь ХОТГ-ын даргын ажлын байртай адил болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд ТОСК-ийн захиргаа нь зохион байгуулалтын шинэ бүтэц гэдэг халхавчин дор байгууллагын зарим нэг нэгж /ХОТГ=ТХХАГ/-ийн нэршлийг өөрчилж, шинэчилсэн мэт харагдуулаад ХОТГ-ын даргыг ажлаас нь халсан гэж үзэхээр байна.

Б/68 тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Б-ын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхээргүй байна. М.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/68 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байна хэмээн үзэж байна. Иймд М.Б-ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТОСК” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц, орон тоо болох Захиргаа, санхүүгийн газар, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Барилга, байгууламж захиалагчийн газар, Маркетинг, борлуулалтын хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс, Төслийн нэгж, Аж ахуйн алба гэсэн 4 газар, 4 хэлтэс, албатай нийт 60 орон тоотой ажиллаж байсан.

“ТОСК” ТӨҮГ нь их хэмжээний өр зээлтэй, алдагдалтай ажиллаж байгаа тул Засгийн газраас арга хэмжээ авч Засгийн газрын 328 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨХХК болон өөрчлөн байгуулсан. Засгийн газрын тус шийдвэрийн дагуу Төрийн орон сууцны корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөл-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Төслийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэс нийт 50 орон тоотойгоор ажиллахаар бүтэц, орон тоог бууруулж баталсан. Энэхүү байгууллагын шинэ бүтцээр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас иргэн М.Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл тус газраас М.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт тус тус заасан хугацаагаар тодорхойлогдож байгаа болно. Дээрх үүссэн нөхцөл байдал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан боловч М.Б- нь тухайн мэдэгдлийг хүлээн авч танилцсан тухай гарын үсэг зурахаас татгалзсан байна. Энэ тухайгаа М.Б- нь гаргасан нэхэмжлэлийнхээ 2 дугаар хуудсан дурдсан болно.

М.Б- нь нэхэмжлэлдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байхад ажлаас халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарласан. Гэтэл тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн 2019 оны 11 дүгээр сарын 05, 07-ны өдөр Ажлаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Б- нь гэнэт Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, даргаар сонгогдсон тул Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан заасан хориглолт хамаарахгүй болно. М.Б- нь Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар буюу Захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, тухайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар нэрээ дэвшүүлж сонгогдсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

“ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 тоот тушаалаар тус газрын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг баталсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм. Түүнчлэн М.Б- нь Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулахдаа байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад мэдэгдэлгүйгээр нууц байдлаар, ашиг сонирхол нийлсэн ганц нэг хүний хамтаар өөрийн албан тушаалын явцуу эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ бүтцээр бөөнөөр нь ажлаас халах гэж байгаа мэтээр цөөн хэдэн ажилтан, албан хаагчдыг ятгах, төөрөгдүүлэх замаар үйлдвэрчний эвлэлд элсүүлэн байгуулсан. Дээрх байдлаас үүдэн тухайн үеийн 10-аад гишүүнтэй М.Б- даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлөх эрхгүй гэж үзэн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж Төрийн орон сууцны корпорацийн хамтын хүч нэртэй үйлдвэрчний эвлэлийг 39 гишүүнтэйгээр /нийт ажилтан, албан хаагчдын 65 хувь/ байгуулсан байна.

Одоо “ТОСК” ТӨХХК нь 50 орон тоотойгоор ажиллаж байгаа ба Төрийн орон сууцны корпорацийн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт 46 гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд харин М.Б- даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэг ч ажилтан, албан хаагч харьяалалгүй нэг ч хүний гишүүнчлэлгүй байдалтай байна. М.Б- даргатай Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гишүүд болох Ж.Оюунбилэг, Д.Зоригт, О.Ууганбаяр, Г.Цэнгэл, Б.Батзориг нар гарч нийт ажилтан, албан хаагчдын төлөөлөл болох ТОСК-ийн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо-нд элссэн байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэлд дурдагдсан М.Б- даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо болон М.Б- нь “ТОСК” ТӨХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлдөг, эрх ашгийг хамгаалж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Б-ад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, холбогдох санхүүгийн тооцоо хийхийг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Гэтэл М.Б- нь байгууллагын санхүүд өглөгтэй боловч өнөөдрийг хүртэл ирж өглөг, авлагын тооцоо дуусаагүй байгаагаас тушаалд заасан 1 сарын тэтгэмж олгогдоогүй бөгөөд 2 талаас өглөг, авлагын тооцоо дууссан тохиолдолд тухайн тэтгэмж саадгүй олгогдоно. Иймд М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдох, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Б-ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Б- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэргийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой бөгөөд үүнийг зөрчсөн.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албажаагүй байсан. Тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан миний хүсэлтийн зарим хэсгийг шүүгч хангахгүй орхисон нь чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүх хурлын явцад шинжлэн судлах боломжийг хааж, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нийт 10 үндэслэлд тулгуурлан гаргаж тавьсан. Гэвч тэдгээрийн зарим хэсгийг шүүгч авч хэлэлцэж, шинжлэн судлаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлах бололцоо олголгүй шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагчаас шүүхийг санаатайгаар төөрөгдүүлэх зорилгоор Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг найруулж бичсэн /ажлын байрны чиг үүрэг, зорилго, үндсэн зорилтын байрлалыг сольж, дээр доор нь оруулсан/, ТОСК-н бүтцийн шинэ, хуучин 2 нэгжийн хариуцах ажлын чиг үүргүүд нь өөрчлөгдөөгүй, адил төстэй болохыг баримтаар тайлбарлаж хэлэх гэсэн миний хүсэлтийг шүүхээс хангаагүйд гомдолтой байна.

“ТОСК” ТӨХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн намайг ажлаас чөлөөлөх тухай Б/68 тоот тушаал нь “ТОСК” ТӨХХК-ийн захирлаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан Ажлаас чөлөөлөх мэдэгдэлтэй зөрчилдөж байгааг нэхэмжлэлдээ тодорхой дурдсаныг тайлбарлаж ярих боломжийг шүүгч олгоогүй. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан ажилтнуудад “ТОСК” ТӨХХК-ийн захирал нь ялгавартай хандсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тухай нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ тусгасныг шүүгчийн зүгээс тайлбарлан нотлох боломж олгоогүй.

“ТОСК” ТӨХХК-ийн захирлын Б/68 тоот тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Б-ын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй. М.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/68 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заалтыг зөрчсөн нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байгааг шүүгчийн зүгээс нягтлан тогтоолгүй, шийдвэрээ гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч “ТОСК” ТӨХХК-д /цаашид “ТОСК” ТӨХХК гэх/ холбогдуулан урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй гэж маргажээ.

 

“ТОСК” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалт, бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн баталсны дагуу Гүйцэтгэх  захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар тушаалаар дээрх тогтоолоор батлагдсан 50 орон тооны хязгаарт багтаан нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтыг баталж, ажлын байрны тодорхойлолтыг гарган, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахыг Захиргаа, удирдлагын газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-155,156, 165-167/

 

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон уг тогтоолыг хэрэгжүүлсэн гүйцэтгэх захирлын тушаал нь Компанийн дүрмийн /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан/ 9.3.3, 10.10.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд уг бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч М.Б-ын ажиллаж байсан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажлын байр хасагдсан болох нь бүтцийн схем, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг “хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, байгууллагын маркетинг, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах” гэж, шинээр батлагдсан бүтэц дэх Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг “компанийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад улсын туршлага нэвтрүүлэх, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, компанийн дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх” гэж тодорхойлжээ. Мөн ажлын байрны үндсэн зорилт, гол үйл ажиллагаанууд уламжлагдан хэвээр хадгалагдсан гэж үзэхээргүй, өөр өөрөөр тодорхойлогдсон байна.

 

Иймд ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаа  хэвээр хадгалагдсан гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй, ажлын байр, орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. /хх-150, 160/

 

Түүнчлэн ажил олгогч нь бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдах үндэслэл бүрдсэн талаар ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг зааснаар мэдэгдсэнээ баримтаар нотолжээ. /хх-124/

 

Дээрх мэдэгдэл өгснөөс хойш “ТОСК” ТӨХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг ажилчид үүсгэн байгуулснаас гадна тус үйлдвэрчний салбар зөвлөлийн даргын албан тушаалд сонгогдохдоо М.Б- нь Захирлын зөвлөлийн гишүүн байсан талаарх баримт хэрэгт авагдсан тул Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гэсэн заалт зөрчигдсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, ажил олгогч нь М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ