Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00557

 

  М.Батын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1288 дугаар магадлалтай,

 М.Батын нэхэмжлэлтэй,

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Батын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Бат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2019.12.30-нд Б/68 тоот тушаал гаргаж, тус компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Бат миний Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2017 онд мөн л хууль бус шийдвэр гаргаж намайг ажлаас халж байсан ба 2018 онд 3 шатны шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилдаа ороод албан үүргээ шударгаар гүйцэтгэж байсан. Гэвч дахин хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсанд гомдолтой байна. Түүнчлэн миний бие ТОСК ТӨХХК-ийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ҮЭХ-ны даргыг үндсэн ажлаас нь халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчиж, эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

2020 оны бүтцийн өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /ХОТГ/ болон Барилга, байгууламжийн захиалагчийн газар /ББЗГ/ гэсэн 2 нэгжийн нэршлийг өөрчлөөд, ХОТГ-ын дарга М.Батын хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халсан ба харин ББЗГ-ын даргад 6-н сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөөд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгох эсвэл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах гэсэн 2 хувилбараас сонгохыг захиргаанаас санал болгосон байдаг. Үүнээс үзэхэд ижил түвшний 2 албан тушаалтан /адилхан газрын дарга/-д үндэслэлгүйгээр, ялгавартайгаар хандсан нь харагддаг. Мөн адил ажлаас халагдсан нэр бүхий мэргэжилтнүүд /Э.Батхаан, А.Равдандорж, Н.Батбаяр, Ё.Одбаяр, Д.Энхжаргал, Ц.Түвшинжаргал/-д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, ТОСК-д ажилладаг тухай тодорхойлолтыг Солонгос Улсын элчин сайдын яаманд гаргаж өгөх зэрэг саналуудыг захиргаанаас тавиад, хэрэгжүүлсэн байхад М.Батад зөвхөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох /М.Батын тэтгэмжийг олгоогүй, бусад бүх ажилтнууд авсан/-оор зааж, ажлаас шууд халсан нь мөн л ялгаварлан, гадуурхсан болохыг илэрхийлж байна. Ажлаас халах Б/68 тоот тушаал нь намайг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаа /2019.12.16-ны өдрөөс 2019.12.31-ний өдрийг дуустал/-нд албажиж гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн ажилтнуудыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг ажилтанд гардуулахаар заасан боловч миний бие тийм мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн аваагүй байхад ажлаас халсан. Ийнхүү дээр дурдсан тайлбаруудаас харахад ТОСК-н гүйцэтгэх захирал нь ялгаварлан гадуурхсан, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүдээ нуун далдлах зорилгоор яаравчлан гаргасан Б/68 тоот тушаалын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, үнэн мөнийг халхавчилсан байх ба энэхүү хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давуу байдлыг тогтоон, ажилтныг ялгаварлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, М.Батын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой гэж үзэж байна.

ТОСК нь ТӨБЗГ-ын 2016.11.08-ны өдрийн тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу 6 нэгж /4 газар, 2 хэлтэс/-тэй ажиллаж байсан ба энэ онд хийж буй шинэ бүтэц нь ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-ийн 2019.11.01-ний өдрийн шийдвэрээр мөн л 6-н нэгж /3 газар, 3 хэлтэс/-тэй байхаар баталж, зарим газар хэлтсүүдийн нэрийг шинэчлэх төдий өөрчлөлт хийсэн нь зарчмын ялгаа багатай. Хуучин бүтцийн схемийн хүрээнд, миний удирдаж байсан ХОТГ-ын нэрийг өөрчилж төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /ТХХАГ/ гэдэг нэртэй болгосон бөгөөд энэхүү ТХХАГ-ын ажлын чиг үүрэг нь ХОТГ-ын ажлын чиг үүргийг иж бүрнээр нь авч, өмнө нь миний хийж, гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байгаа. Байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, төлөвлөлтөд хяналт тавих, төсөл, хөтөлбөрүүдийн барилгын ажлын төсөв, барилгын санхүүжилт, түүний хуваарилалтад хяналт тавих, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой санхүү бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, санхүү бүртгэлийн дүрэм, журмын дагуу хөтөлж, хяналт тавих, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээ, мэдээллээр хангах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, хөрөнгө оруулалтын санхүүгийн менежментийг үр дүнтэй хийх, санхүүгийн эх үүсвэр төвлөрүүлэх, зарцуулалт, хэрэгжилт, өглөг, авлага, хүүгийн тооцоонд хяналт тавих, хэрэгжүүлэх, төслүүдийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжүүлэх гэх мэт ажлын чиг үүргүүд бүрэн хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байгаа болно.

Түүнчлэн ХОТГ-ын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй ба өөрсдийн хариуцсан ажил үүргийн дагуу ТХХАГ-т үргэлжлэн ажиллаж байна. Мөн миний удирдлагад ажиллаж байсан ХОТГ-ын ахлах мэргэжилтнийг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу ТХХАГ-ын даргаар томилсноос харахад уг шинээр байгуулагдсан газар /ТХХАГ/ нь миний хариуцан, ажиллаж байсан газар /ХОТГ/-тай адил үүрэг функцтэй бөгөөд ТХХАГ-ын даргын ажлын байр нь ХОТГ-ын даргын ажлын байртай адил болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд ТОСК-ийн захиргаа нь зохион байгуулалтын шинэ бүтэц гэдэг халхавчин дор байгууллагын зарим нэг нэгж /ХОТГ=ТХХАГ/-ийн нэршлийг өөрчилж, шинэчилсэн мэт харагдуулаад ХОТГ-ын даргыг ажлаас нь халсан гэж үзэхээр байна.

Б/68 тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Батын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхээргүй байна. М.Батын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/68 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байна хэмээн үзэж байна. Иймд М.Батыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016.11.08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц, орон тоо болох Захиргаа, санхүүгийн газар, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Барилга, байгууламж захиалагчийн газар, Маркетинг, борлуулалтын хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс, Төслийн нэгж, Аж ахуйн алба гэсэн 4 газар, 4 хэлтэс, албатай нийт 60 орон тоотой ажиллаж байсан.

ТОСК ТӨҮГ нь их хэмжээний өр зээлтэй, алдагдалтай ажиллаж байгаа тул Засгийн газраас арга хэмжээ авч Засгийн газрын 328 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨХХК болон өөрчлөн байгуулсан. Засгийн газрын тус шийдвэрийн дагуу Төрийн орон сууцны корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019.11.01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Төслийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэс нийт 50 орон тоотойгоор ажиллахаар бүтэц, орон тоог бууруулж баталсан. Энэхүү байгууллагын шинэ бүтцээр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.12.30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.01.02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас иргэн М.Баттай 2018.11.27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь 2019.12.31-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл тус газраас М.Баттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт тус тус заасан хугацаагаар тодорхойлогдож байгаа болно. Дээрх үүссэн нөхцөл байдал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан боловч М.Бат нь тухайн мэдэгдлийг хүлээн авч танилцсан тухай гарын үсэг зурахаас татгалзсан байна. Энэ тухайгаа М.Бат нь гаргасан нэхэмжлэлийнхээ 2 дугаар хуудсан дурдсан болно.

М.Бат нь нэхэмжлэлдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байхад ажлаас халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарласан. Гэтэл тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн 2019 оны 11 дүгээр сарын 05, 07-ны өдөр Ажлаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулснаас хойш буюу 2019.11.20-ны өдөр М.Бат нь гэнэт Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, даргаар сонгогдсон тул Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан заасан хориглолт хамаарахгүй болно. М.Бат нь Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар буюу Захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, тухайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар нэрээ дэвшүүлж сонгогдсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016.11.15-ны өдрийн А/99 тоот тушаалаар тус газрын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг баталсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм. Түүнчлэн М.Бат нь Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулахдаа байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад мэдэгдэлгүйгээр нууц байдлаар, ашиг сонирхол нийлсэн ганц нэг хүний хамтаар өөрийн албан тушаалын явцуу эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ бүтцээр бөөнөөр нь ажлаас халах гэж байгаа мэтээр цөөн хэдэн ажилтан, албан хаагчдыг ятгах, төөрөгдүүлэх замаар үйлдвэрчний эвлэлд элсүүлэн байгуулсан. Дээрх байдлаас үүдэн тухайн үеийн 10-аад гишүүнтэй М.Бат даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлөх эрхгүй гэж үзэн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс 2019.11.20-ны өдөр хуралдаж Төрийн орон сууцны корпорацийн хамтын хүч нэртэй үйлдвэрчний эвлэлийг 39 гишүүнтэйгээр /нийт ажилтан, албан хаагчдын 65 хувь/ байгуулсан байна.

Одоо ТОСК ТӨХХК нь 50 орон тоотойгоор ажиллаж байгаа ба Төрийн орон сууцны корпорацийн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт 46 гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд харин М.Бат даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэг ч ажилтан, албан хаагч харьяалалгүй нэг ч хүний гишүүнчлэлгүй байдалтай байна. М.Бат даргатай Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гишүүд болох Ж.Оюунбилэг, Д.Зоригт, О.Ууганбаяр, Г.Цэнгэл, Б.Батзориг нар гарч нийт ажилтан, албан хаагчдын төлөөлөл болох ТОСК-ийн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо-нд элссэн байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэлд дурдагдсан М.Бат даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо болон М.Бат нь ТОСК ТӨХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлдөг, эрх ашгийг хамгаалж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.12.30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Батад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, холбогдох санхүүгийн тооцоо хийхийг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Гэтэл М.Бат нь байгууллагын санхүүд өглөгтэй боловч өнөөдрийг хүртэл ирж өглөг, авлагын тооцоо дуусаагүй байгаагаас тушаалд заасан 1 сарын тэтгэмж олгогдоогүй бөгөөд 2 талаас өглөг, авлагын тооцоо дууссан тохиолдолд тухайн тэтгэмж саадгүй олгогдоно. Иймд М.Батын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-д холбогдох, ТОСК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.12.30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Батыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Батын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1288 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч М.Бат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.15-ны өдрийн 1288 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

А. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/00961 дугаар шийдвэр /10-р хуудас/-т ТОСК-ийн бүтэц, орон тооны хязгаарт багтаан нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтад Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /ХОТГ/-ын даргын ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж үгүй болсон байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

ТОСК ХХК-ийн бүтцийн шинэ, хуучин 2 нэгжийн хариуцах ажлын чиг үүргүүд нь өөрчлөгдөөгүй байхад хариуцагч нь шинэ, хуучин хоёр газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг зориуд өөр юм шиг харагдуулахаар найруулж бичсэн бөгөөд Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /ТХХАГ/-н даргын ажлын байрны тодорхойлолтонд ХОТГ-ын даргын ажлын байрны чиг үүрэг, зорилго, үндсэн зорилтоос авч, чиг үүргийн байрлал дарааллыг нь сольж, дээр доор нь оруулан найруулж, шүүхийг санаатайгаар төөрөгдүүлэх үйлдэл хийсэн. Эдгээр шинэ, хуучин 2 газрын ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, адил болохыг баримтаар тайлбарлаж хэлэх гэсэн миний хүсэлтийг шүүхээс хангаагүйд гомдолтой байна. Шинэ, хуучин 2 газрын ажлын чиг үүргийг хооронд нь харьцуулсан тайлбарыг энэхүү гомдолд хавсаргасан болно.

Б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.06-ны өдөр гаргасан миний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгчийн захирамж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлэх, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдаан зарлах, шүүх хуралдаан хийх, шүүхийн шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаанууд нь холбогдох хуулиудыг удаа дараа зөрчсөн. Гэвч энэхүү зөрчилтэй асуудлуудыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.15-ны өдрийн хуралдаанаар огт авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/-ийн 72-р зүйлийн 72.1-р заалтын дагуу хэрэг үүсгэсэн өдөр /2020.02.13/-өөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор /2020.02.20/ гардуулах, 72.2-р заалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоног /2020.03.05/-ийн дотор шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Хэрвээ шүүгч И.Амартөгс нь хуулийн хүрээнд ажилласан бол хариуцагчийн хариу тайлбарыг 2020.03.05-ны дотор шүүхэд хүлээн авч дараагийн шатны ажиллагаанууд хийгдэх ёстой байсан ба хариуцагч хариу тайлбараа хуулийн хугацаанд ирүүлээгүй байхад шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчаас 2020.03.20-ны өдрийн 1/381 тоот албан тоотоор шүүхэд хариу тайлбар ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргасан ба хавсралт материалууд нь 2320.03.24, 25-ны өдрүүдийн хуулбар үнэн тамгатай болно.

Түүнчлэн дээр дурдсан хуулийн заалтууд зөрчигдснөөс хамааран мөнхүү ИХШХШТХ-ийн 71-р зүйлийн 71.1-р заалтын хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног...-ийн дотор тус тус шийдвэрлэнэ гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчигджээ. Шүүгч хуулиа мөрдөж ажилласан бол миний нэхэмжлэлтэй шүүх хурал 2020.04.13-ны дотор зарлагдаж, шийдэгдэх ёстой байсан. Гэтэл хуульд заасан хугацааг 18 хоногоор зөрчиж 2020.05.01-нд шүүх хурлыг хуралдуулсан болно.

Дээр дурдсан ИХШХШТХ-ийн хугацаанууд өнгөрөх бүрд миний бие яагаад хуулийн хугацаа хэтрээд байгаа талаар санаа зовниж, намайг мэдээгүй байхад шүүхийн уйл ажиллагаанууд яваад дууссан байх вий гэсэн сэтгэл санааны байнгын дарамтанд байсан юм. Тиймээс ч шүүгчийн туслахтай очиж уүлзах, утсаар холбогдож лавлах зэргээр хандаж байсан ч шүүгчээс шийдвэр гарч ирээгүй байна гэсэн хариуг сонсдог байсан. Тиймээс шүүгч И.Амартөгс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд хийгээгүй, холбогдох шийдвэрүүдийг гаргахдаа нэг талыг барьж хариуцагчийн талд үйлчилсэн гэж үзээд гомдолтой байна.

2. Шүүгчийн зарласан шүүх хурал 2020.05.01-ний өдөр хуралдаж шийдвэр гаргасан. ИХШХШТХ-ийн 119-р зүйлийн 119.3-т заасны дагуу буюу 2020.05.08-ны өдрийн дотор шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурах ёстой байтал уг шийдвэр нь 2020.05.22-ны өдрийг хүртэл албажаагүй нь хуулийн зөрчил гэж үзэж байна. Миний бие хуулийн 119.4-т заасан 14 хоногийн хугацаа /2020.05.22/-ны дотор шийдвэрийг гардан авахаар 3 удаа шүүгчийн туслахад хандсан боловч мөн л шүүгчээс шийдвэр гарч ирээгүй байна гэдэг хариуг сонсоод буцаж байсан ба дахин дахин шүүх рүү явж очих нь ихэд чирэгдэл учруулж байсан. Хуулийн 119-р зүйлийн 119.4-т заасан 14 хоногийн хугацаанд шийдвэрээ авч чадахгүй бол яах вэ, ямар нэгэн чухал шаардлагатай ажил, ар гэрийн гачигдал гарвал яах вэ гэсэн айдас байнга толгойд эргэлддэг байсан. 5.20-ний өдөр шүүгчийн туслахтай очиж уулзахад мөн л шүүгчээс шийдвэр гарч ирээгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс шийдвэрээ 5.21-нд гаргаад өгөөрэй, 5.22-нд миний бие ажил ихтэй, завгүй юм гэж туслахад учирлаж хэлээд явсан. Гэвч 21-нд шийдвэр гаргаж өгөөгүй. Эцэст нь хуульд заасан хугацааны сүүлчийн өдөр буюу 5.22-нд өөрийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихтэй холбоотой ажил, албыг алдагдуулан байж, ЧДШүүхэд очиж шийдвэр гаргуулж авах тухай хүсэлт бичиж өгсөн. Шүүгч И.Амартөгс нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэрийг хуулийн эцсийн хугацаанд тулгаж, ажлын цаг дуусахаас 3 цагийн өмнө гаргаж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг талыг барьж, хариуцагчид үйлчилсэн, нэхэмжлэгчид дарамт үзүүлсэн гэж үзээд гомдолтой байна.

3. Тус шүүхэд 2020.02.06-ны өдөр гаргасан миний хүсэлтийн зарим хэсгийг шүүгч И.Амартөгс нь 2020.04.02-ны өдрийн захирамжаараа хангахгүй орхисон нь чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүх хурлын явцад шинжлэн судлах боломжийг хааж, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн гэж үзээд гомдолтой байна.

4. Шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Батын ҮЭХ-ны даргын сонгуульт ажилтай холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл /хурлын тэмдэглэл, 2-р хуудас/-ийг шүүгч захирамжаараа хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэтэл 182/ШШ2020/00961 шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг /11-р хуудас/-т ...ажил олгогч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т заасныг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь хуулийн хийдэл, логикийн зөрчилдөөн үүсгэж байна.

5. Би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нийт 10 үндэслэлд тулгуурлан гаргаж тавьсан. Гэвч тэдгээрийн зарим хэсгийг шүүгч авч хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлах бололцоо олголгүй шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6. Шүүгч нь шүүх хуралдаанаас өмнө хавтаст хэрэгтэй гүйцэт танилцаагүй, шүүх хуралдааныг даргалах бэлтгэлгүй орж ирсэн нь хуралдааны явцад харагдаж байсан. Миний зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагын ундэслэлээ тайлбарлан ярьж байхад хавтаст материалыг байнга уншиж байсан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг тогтож сонсолгүй, ойлгохгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хуралдааны тэмдэглэлийн 5-р хуудсанд миний хэлсэн зарим зүйл /5-р хуудасны доод хэсэг: шинэ хуучин 2 газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг дэлгэрэнгүй тайлбарлаж хэлэх гэсэн миний тайлбарыг шүүгч тасалж гүйцэт яриулаагүй/-ийг оруулалгүй хасч албажуулсан нь хуралдааны явцад гарсан процесийн алдааг нуух сонирхол байна хэмээн үзэх хардлагыг төрүүлж байна.

7. Хариуцагчаас ирүүлсэн баримт бичгүүд/цалингийн цэс, өр-авлагын дэлгэрэнгүй тайлан/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ор үндэсгүй хуурамч байгаа талаар миний бие шүүхэд тайлбарлан хэлсэн боловч шүүгч авч хэлэлцээгүй. Түүнчлэн ажлаас халах тушаалд дурдсан 1 сарын тэтгэмжийг ТОСК-н зүгээс одоо хүртэл олгоогүй байгаад гомдолтой байна,

8. ТОСК-н захирлын 2019.12.30-ны өдрийн намайг ажлаас чөлөөлөх тухай Б/68 тоот тушаал нь ТОСК-н захирлаас 2019.11.05-ны өдөр гаргасан Ажлаас чөлөөлөх мэдэгдэлтэй зөрчилдөж байгааг нэхэмжлэлдээ тодорхой дурдсныг тайлбарлаж ярих боломжийг шүүгчээс олгоогүйд гомдолтой байна.

9. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан ажилтнуудад ТОСК-ын захирал нь ялгавартай хандсан 6а Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-р заалтыг зөрчсөн тухай нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ тусгасныг шүүгчийн зүгээс тайлбарлан нотлох боломж олгоогүйд гомдолтой байна.

10. ТОСК-н захирлын Б/68 тоот тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Батын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй. М.Батын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/68 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байгааг шүүгчийн зүгээс нягтлан тогтоолгүй, шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

11. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 166-р зүйлийн 166.4- д заасан Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүйд гомдолтой байна.

Эцэст нь энэ бүхнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2, 116.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна. Иймд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан үзэж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч М.Бат Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.12.30-ны өдрийн Б/68 тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар М.Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2020 оны бүтэцийн өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газар болон Барилга байгууламжийн захиалагчийн газар гэсэн 2 нэршлийг өөрчилсөн, түүнчлэн 2 газрын даргад ялгавартай хандаж, ажлаас халагдсаны тэтгэмжийг ялгавартай олгож, ажлаас халах мэдэгдлийг гардуулалгүйгээр ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг, мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхад үндсэн ажлаас халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 Төрийн орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019.11.01-ний өдрийн №05 тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 50 ажилтантай, үүнээс удирдах албан тушаалтан 8 байхаар баталснаар компанийн ажилчдын тоо 10-аар цөөрч, нэхэмжлэгчийн удирдаж байсан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр байгууллагын бүтцийн өөрчлөлт нь бодитоор хэрэгжсэн, нэхэмжлэлд дурдснаар ажилтны албан тушаалын нэршлийг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж, 5-д Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж тус тус заажээ.

 Нэхэмжлэгч М.Бат нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2016.11.15-ны өдрийн А/99 тушаалаар албан тушаалаараа компанийн захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1.-д зааснаар Захирлын зөвлөл нь байгууллагын удирдлагын тогтолцоонд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангиллыг удирдах албан тушаалтан гэж тодорхойлсон байна.

 Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2019.11.20-ны өдөр байгуулагдсан, даргаар М.Батыг томилсон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгджээ.

Нэхэмжлэгч М.Бат компанийн удирдах ажилтны хувьд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй албан тушаалтан тул түүний сонгуульт албан тушаал Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.5. дахь заалтыг зөрчжээ.

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар М.Батыг ажлаас чөлөөлсөн нь Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 Иймд ..шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ, 71.2.-т энэ хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тогтоожээ.

 Шүүх М.Батын нэхэмжлэлд 2020.02.13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020.04.16-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг 30 хоногоор сунгаж, хэргийг 2020.05.01-ний өдөр шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ хугацаанд явуулсан шүүгчийн ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 Мөн ...анхан шатны шүүх нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан болсон өдрөөс өгөхгүй байсаар 21 дэх хоногт гардуулж өгсөн нь шийдвэрийг 7 хоногийн дотор бичгээр үйлдэнэ гэсэн заалтыг зөрчсөн... гэх гомдол үндэслэлтэй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцох үндэслэл болохгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3.-т заасан хугацаанд шийдвэрийг гардуулж өгсөн, түүний шийдвэрийг эс зөвшөөрсөн эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй тул ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Харин бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан ажилтнуудад ялгавартай хандсан, ажилтанд ажлаас халагдсан тэтгэмжийг ялгавартай тогтоосон, одоог хүртэл тэтгэмжийг мөнгөөр олгоогүй байгаа талаарх гомдол ажил олгогчийн эрхэд хамаарах тул хяналтын журмаар хэргийг хянаж, шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй болно.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1288 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М.Батын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧИД                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                   Б.УНДРАХ

                                                      Д.ЦОЛМОН

                                                              Х.ЭРДЭНЭСУВД