Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/00961

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/00961

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Э овогт М.Б /РД:УУ65/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, ТОСК  ТӨХ  хариуцлагатай компани /хуулийн этгээдийн регистрийн дугаар 6499295/-д /цаашид ТОСК ТӨХКК/ холбогдох,

 

ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Б ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТОСК  ТӨХХК /цаашид ТОСК/-ийн гүйцэтгэх захирал нь 2019 оны 12 дугаар сарын 30-нд Б/68 тоот тушаал гаргаж, тус компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Б  миний Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ТОСК-ийн гүйцэтгэх захирал нь 2017 онд мөн л хууль бус шийдвэр гаргаж намайг ажлаас халж байсан ба 2018 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилдаа ороод албан үүргээ шударгаар гүйцэтгэж байсан. Гэвч дахин хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсанд гомдолтой байна.

Түүнчлэн миний бие ТОСК-ийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ҮЭХ-ны даргыг үндсэн ажлаас нь халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчиж, эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Энэхүү ТОСК-ийн гүйцэтгэх захирал нь 2016 онд томилогдож ирээд өөрийн хүсэл, санаачилгаар олон тооны ажилчдыг ажлаас халж, сольж, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж байсан хэдий ч ажил сайжраагүй, байгууллагыг удирдан чиглүүлж, манлайлах үүргээ биелүүлэх, үр дүнтэй ажиллах чадваргүй, өр зээлийн асуудлыг оновчтойгоор шийдвэрлэж чадаагүй бөгөөд хууль, журмын дагуу хариуцлага хүлээх ёстой байтал харин ч 2020 онд дахин бүтцийн өөрчлөлт хийж, олон тооны албан хаагчдыг ажлаас халж байгаа нь төрийн албаны ёс зүйд нийцэхгүй гэдгийг байгууллагын шуурхай болон удирдлагуудын хурал дээр хэлж, сануулж байсан. Байгууллагын санхүү, бүртгэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг баримтаар гарган ирж, холбогдох шаардлагуудыг өөрийн зүгээс захиралд хүргүүлж, төрийн албаны зарчмыг баримтлан ажиллаж байсан юм.

Уг 2020 оны бүтцийн өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /ХОТГ/ болон Барилга, байгууламжийн захиалагчийн газар /ББЗГ/ гэсэн 2 нэгжийн нэршлийг өөрчлөөд, ХОТГ-ын дарга М.Б ын хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халсан ба харин ББЗГ-ын даргад 6-н сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөөд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгох эсвэл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах гэсэн 2 хувилбараас сонгохыг захиргаанаас санал болгосон байдаг. Үүнээс үзэхэд ижил түвшний 2 албан тушаалтан /адилхан газрын дарга/-д үндэслэлгүйгээр, ялгавартайгаар хандсан нь харагддаг.

Мөн адил ажлаас халагдсан нэр бүхий мэргэжилтнүүд /Э.Б, А.Р, Н.Б, Ё.О, Д.Э, Ц.Т/-д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, ТОСК-д ажилладаг тухай тодорхойлолтыг Солонгос Улсын элчин сайдын яаманд гаргаж өгөх зэрэг саналуудыг захиргаанаас тавиад, хэрэгжүүлсэн байхад М.Б зөвхөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох /М.Б тэтгэмжийг олгоогүй, бусад бүх ажилтнууд авсан/-оор зааж, ажлаас шууд халсан нь мөн л ялгаварлан, гадуурхсан болохыг илэрхийлж байна. Ажлаас халах Б/68 тоот тушаал нь намайг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаа /2019.12.16-12.31-ныг дуустал/-нд албажиж гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн ажилтнуудыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг ажилтанд гардуулахаар заасан боловч миний бие тийм мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн аваагүй байхад ажлаас халсан. Ийнхүү дээр дурдсан тайлбаруудаас харахад ТОСК-н гүйцэтгэх захирал нь ялгаварлан гадуурхсан, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүдээ нуун далдлах зорилгоор яаравчлан гаргасан Б/68 тоот тушаалын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, үнэн мөнийг халхавчилсан байх ба энэхүү хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давуу байдлыг тогтоон, ажилтныг ялгаварлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, М.Б ын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой гэж үзэж байна.

Мөн ТОСК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийх ажил нь Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Итгэлбатыг гадаадаас иртэл /2019.12.30-2020.01.14-г хүртэл/ хүлээгдэж байсан ба бүтцийн өөрчлөлт нь Б.Итгэлбатыг ажилдаа орсон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор эхэлж, газар хэлтсийн дарга нарыг чөлөөлж, албан тушаалд томилж эхэлсэн. Гэтэл уг бүтцийн өөрчлөлт хийгдэж эхлээгүй байхад буюу 2019 оны 12 дугаар сарын 30-нд ганцхан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга М.Б ыг онцгойлж ажлаас халсан байдаг. Энэхүү яаравчлан гаргасан шийдвэр нь албан хаагчдын эрх, ашгийг тууштай хамгаалдаг ҮЭХ-ны даргыг хамгийн түрүүнд хууль зөрчөөд ч хамаагүй ажлаас нь халж зайлуулан, ҮЭ-ийн байгууллагыг удирдлагагүй болгож, нухчин дарах зорилго агуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. ТОСК ТӨХХК-д бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр /ТУЗ-ын 05-р тогтоол/ нь анхнаасаа тус байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журмыг зөрчиж батлагдсан. Тухайлбал: Захирлын зөвлөлийн гишүүд болон албан хаагчдад танилцуулалгүйгээр үг шийдвэрийг гаргасан байдаг. Ямар албан тушаалд хэн ажиллах болон ямар албан тушаал нь ямар үндэслэл, журмаар орон тооны цомхтголд орж байгаа нь тодорхой бус, Төлөөлөн удирдах зөвлөлд хэн санал оруулсан нь нууц байсан зэргээс харахад Гүйцэтгэх захирал нь өмнө нь халагдаад шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон М.Б ыг дахин халж, зайлуулах, өс хонзон авах байдлаар шийдвэр гаргасан байх магадлалтай. М.Б ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг нь харгалзан үзэлгүй хамруулан халсан нь хуулийн хийдэл үүсгэсэн гэж үзэж байна.

ТОСК нь ТӨБЗГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу 6 нэгж /4 газар, 2 хэлтэс/-тэй ажиллаж байсан ба энэ онд хийж буй шинэ бүтэц нь ТОСК-ын ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр мөн л 6-н нэгж /3 газар, 3 хэлтэс/-тэй байхаар баталж, зарим газар хэлтсүүдийн нэрийг шинэчлэх төдий өөрчлөлт хийсэн нь зарчмын ялгаа багатай юм. Хуучин бүтцийн схемийн хүрээнд, миний удирдаж байсан ХОТГ-ын нэрийг өөрчилж Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /ТХХАГ/ гэдэг нэртэй болгосон бөгөөд энэхүү ТХХАГ-ын ажлын чиг үүрэг нь ХОТГ-ын ажлын чиг үүргийг иж бүрнээр нь авч, өмнө нь миний хийж, гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:

Байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, төлөвлөлтөнд хяналт тавих, төсөл, хөтөлбөрүүдийн барилгын ажлын төсөв, барилгын санхүүжилт, түүний хуваарилалтанд хяналт тавих, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой санхүү бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, санхүү бүртгэлийн дүрэм, журмын дагуу хөтөлж, хяналт тавих, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээ, мэдээллээр хангах;

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, хөрөнгө оруулалтын санхүүгийн менежментийг үр дүнтэй хийх, санхүүгийн эх үүсвэр төвлөрүүлэх, зарцуулалт, хэрэгжилт, өглөг, авлага, хүүгийн тооцоонд хяналт тавих, хэрэгжүүлэх, төслүүдийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжүүлэх гэх мэт ажлын чиг үүргүүд бүрэн хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байгаа болно.

Түүнчлэн ХОТГ-ын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй ба өөрсдийн хариуцсан ажил үүргийн дагуу ТХХАГ-т үргэлжлэн ажиллаж байна. Мөн миний удирдлаганд ажиллаж байсан ХОТГ-ын ахлах мэргэжилтнийг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу ТХХАГ-ын даргаар томилсноос харахад уг шинээр байгуулагдсан газар /ТХХАГ/ нь миний хариуцан, ажиллаж байсан газар /ХОТГ/-тай адил үүрэг функцтэй бөгөөд ТХХАГ-ын даргын ажлын байр нь ХОТГ-ын даргын ажлын байртай адил болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд ТОСК-ийн захиргаа нь зохион байгуулалтын шинэ бүтэц гэдэг халхавчин дор байгууллагын зарим нэг нэгж /ХОТГ=ТХХАГ/-ийн нэршлийг өөрчилж, шинэчилсэн мэт харагдуулаад ХОТГ-ын даргыг ажлаас нь халсан гэж үзэхээр байна.

Б/68 тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Б ын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхээргүй байна.

М.Б ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/68 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчиж байгаа нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байна хэмээн үзэж байна.

Иймд М.Б ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах гэсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ТОСК ТӨХХК-ийн төлөөлөгч Ж.Хичээнгүй шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТОСК  ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц, орон тоо болох Захиргаа, санхүүгийн газар, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Барилга, байгууламж захиалагчийн газар, Маркетинг, борлуулалтын хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс, Төслийн нэгж, Аж ахуйн алба гэсэн 4 газар, 4 хэлтэс, албатай нийт 60 орон тоотой ажиллаж байсан.

ТОСК ТӨҮГ нь их хэмжээний өр зээлтэй, алдагдалтай ажиллаж байгаа тул Засгийн газраас арга хэмжээ авч Засгийн газрын 328 дугаар тогтоолоор ТОСК  ТӨХХК болон өөрчлөн байгуулсан.

Засгийн газрын тус шийдвэрийн дагуу ТОСК йн Төлөөлөн Удирдах Зөвлөл-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Төслийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэс нийт 50 орон тоотойгоор ажиллахаар бүтэц, орон тоог бууруулж баталсан.

Энэхүү байгууллагын шинэ бүтцээр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

ТОСК  ТӨҮГ-аас иргэн М.Б тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл тус газраас М.Б тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт тус тус заасан хугацаагаар тодорхойлогдож байгаа болно.

Дээрх үүссэн нөхцөл байдал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан боловч М.Б  нь тухайн мэдэгдлийг хүлээн авч танилцсан тухай гарын үсэг зурахаас татгалзсан байна. Энэ тухайгаа М.Б  нь гаргасан нэхэмжлэлийнхээ 2 дугаар хуудсан дурдсан болно.

М.Б  нь нэхэмжлэлдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байхад ажлаас халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарлажээ.

Гэтэл тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн 2019 оны 11 дүгээр сарын 05 болон 07-ны өдөр Ажлаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Б  нь гэнэт Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, даргаар сонгогдсон тул Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан заасан хориглолт хамаарахгүй болно.

М.Б  нь Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар буюу Захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, тухайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар нэрээ дэвшүүлж сонгогдсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Учир нь: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй, мөн Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан ... Захиргааны удирдах албан тушаалтан ... гэдэгт үйлдвэрийн газар, байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогчийн эрх эдлэхээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагын багийн гишүүд, хоршооны тэргүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд хамаарна, Мөн зүйл, хэсгийн ... Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил ... гэдгийг бүх шатны үйлдвэрчний Эвлэлүүдийн сонгуулиар хүлээсэн үүрэг гэж ойлгоно гэж заасныг зөрчиж М.Б  нь хууль бусаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон байна.

ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 тоот тушаалаар тус газрын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг баталсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм.

Түүнчлэн М.Б  нь Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулахдаа байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад мэдэгдэлгүйгээр нууц байдлаар, ашиг сонирхол нийлсэн ганц нэг хүний хамтаар өөрийн албан тушаалын явцуу эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ бүтцээр бөөнөөр нь ажлаас халах гэж байгаа мэтээр цөөн хэдэн ажилтан, албан хаагчдыг ятгах, төөрөгдүүлэх замаар үйлдвэрчний эвлэлд элсүүлэн байгуулсан байдаг.

Дээрх байдлаас үүдэн тухайн үеийн 10-аад гишүүнтэй М.Б  даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлөх эрхгүй гэж үзэн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж ТОСК йн хамтын хүч нэртэй үйлдвэрчний эвлэлийг 39 гишүүнтэйгээр /нийт ажилтан, албан хаагчдын 65 хувь/ байгуулсан байна.

Одоо ТОСК ХХК нь 50 орон тоотойгоор ажиллаж байгаа ба ТОСК йн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт 46 гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд харин М.Б  даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэг ч ажилтан, албан хаагч харъяалалгүй нэг ч хүний гишүүнчлэлгүй байдалтай байна.

М.Б  даргатай Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гишүүд болох Ж.О , Д.Зоригт, О.У, Г.Ц, Б.Б г нар гарч нийт ажилтан, албан хаагчдын төлөөлөл болох ТОСК-ийн хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хороо-нд элссэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэлд дурдагдсан М.Б  даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо болон М.Б  нь ТОСК ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдыг төлөөлдөг, эрх ашгийг хамгаалж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу ТОСК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Б ад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, холбогдох санхүүгийн тооцоо хийхийг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Гэтэл М.Б  нь байгууллагын санхүүд өглөгтэй боловч өнөөдрийг хүртэл ирж өглөг, авлагын тооцоо дуусаагүй байгаагаас тушаалд заасан 1 сарын тэтгэмж олгогдоогүй бөгөөд 2 талаас өглөг, авлагын тооцоо дууссан тохиолдолд тухайн тэтгэмж саадгүй олгогдоно.

Нөгөөтэйгүүр Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар нь 2012 онд байгуулагдсан бөгөөд манай байгууллагын өмнө нь байсан бүтэц болно. М.Б ын зүгээс Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар болон газрын даргын албан тушаалыг өмнөх Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газартай адил мэтээр тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд М.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч ТОСК ТӨХХК-д холбогдуулан ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Б ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч ТОСК йн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/48 тоот тушаалаар ТОСК йн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан байх бөгөөд ТОСК йн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн баталсан, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ТОСК йн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/48 тоот тушаал, ТОСК йн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7, 10, 11-16, 46-47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ҮЭХ-ны даргыг үндсэн ажлаас нь халж байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна.

ХОТГ-ын дарга, ББЗГ-ын дарга ижил түвшний 2 албан тушаалтанд үндэслэлгүйгээр, ялгавартайгаар хандсан. ...адил ажлаас халагдсан нэр бүхий мэргэжилтнүүд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байхад М.Б ад зөвхөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зааж, ажлаас шууд халсан.

Ажлаас халах Б/68 тоот тушаал нь намайг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаа /2019.12.16-12.31-ныг дуустал/-нд албажиж гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 зөрчилдөж байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг ажилтанд гардуулахаар заасан боловч мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн аваагүй байхад ажлаас халсан.

Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давуу байдлыг тогтоон, ажилтныг ялгаварлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 заалтыг зөрчсөн байна.

ТОСК ТӨХХК-д бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр нь байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журмыг зөрчиж батлагдсан.

ХОТГ-ын нэрийг өөрчилж Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар /ТХХАГ/ гэдэг нэртэй болгосон бөгөөд энэхүү ТХХАГ-ын ажлын чиг үүрэг нь ХОТГ-ын ажлын чиг үүргийг иж бүрнээр нь авч, өмнө нь миний хийж, гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байгаа.

Түүнчлэн ХОТГ-ын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй ба өөрсдийн хариуцсан ажил үүргийн дагуу ТХХАГ-т үргэлжлэн ажиллаж байна.

ХОТГ-ын ахлах мэргэжилтнийг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу ТХХАГ-ын даргаар томилсноос харахад уг шинээр байгуулагдсан газар /ТХХАГ/ нь миний хариуцан, ажиллаж байсан газар /ХОТГ/-тай адил үүрэг функцтэй бөгөөд ТХХАГ-ын даргын ажлын байр нь ХОТГ-ын даргын ажлын байртай адил болохыг харуулж байна.

Үүнээс үзэхэд ТОСК-ийн захиргаа нь зохион байгуулалтын шинэ бүтэц гэдэг халхавчин дор байгууллагын зарим нэг нэгж /ХОТГ=ТХХАГ/-ийн нэршлийг өөрчилж, шинэчилсэн мэт харагдуулаад ХОТГ-ын даргыг ажлаас нь халсан гэж үзэхээр байна.

Б/68 тушаалын үндэслэлд дурдсан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд ХОТГ-ын дарга М.Б ын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин хариуцан ажиллаж байсан газар, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсон байгааг орон тоо хасагдсан гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчиж байгаа нь уг тушаалын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг харуулж байна хэмээн үзэж байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...байгууллагын шинэ бүтцээр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул ТОСК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар М.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан боловч М.Б  нь тухайн мэдэгдлийг хүлээн авч танилцсан тухай гарын үсэг зурахаас татгалзсан байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Б  нь Үйлдвэрчний эвлэлийн хороо санаачлан байгуулж, даргаар сонгогдсон тул Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан заасан хориглолт хамаарахгүй болно.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 хэсэгт заасныг зөрчиж М.Б  нь хууль бусаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон байна.

ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 тоот тушаалаар тус газрын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг баталсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж ТОСК йн хамтын хүч нэртэй үйлдвэрчний эвлэлийг 39 гишүүнтэйгээр /нийт ажилтан, албан хаагчдын 65 хувь/ байгуулсан байна.

М.Б  даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэг ч ажилтан, албан хаагч харъяалалгүй нэг ч хүний гишүүнчлэлгүй байдалтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу М.Б ад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох байна.

Гэтэл М.Б  нь байгууллагын санхүүд өглөгтэй боловч өнөөдрийг хүртэл ирж өглөг, авлагын тооцоо дуусаагүй байгаагаас тушаалд заасан 1 сарын тэтгэмж олгогдоогүй бөгөөд 2 талаас өглөг, авлагын тооцоо дууссан тохиолдолд тухайн тэтгэмж саадгүй олгогдоно.

Нөгөөтэйгүүр Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар нь 2012 онд байгуулагдсан бөгөөд манай байгууллагын өмнө нь байсан бүтэц болно. М.Б ын зүгээс Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар болон газрын даргын албан тушаалыг өмнөх Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газартай адил мэтээр тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм... гэж маргажээ.

 

ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаар тушаалын талаар нэхэмжлэгч М.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2020/01373 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд нэхэмжлэгч М.Б  нь дахин нэхэмжлэлээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Хариуцагч ТОСК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч М.Б ыг Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/68 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.

 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалдаа ...Компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд цөөрсөн, их хэмжээний алдагдалтай ажиллаж байгааг харгалзан цаашид цөөн орон тоогоор үр ашигтай ажиллах шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор компанийн зохион байгууллагын бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан тул Мижиддоржийн Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэж М.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаартай тушаал зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна. Мөн зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заажээ.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч М.Б ад ажлаас халах тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахаас 53 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ажлаас халах мэдэгдэл танилцуулсан тухай протоколоор тогтоогдохоос гадна нэхэмжлэгч шүүх хуралдаанд дээрх мэдэгдлийг танилцуулсан боловч гарын үсэг зураагүй талаар тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үүргийг ажил олгогч биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. гэж заажээ.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч М.Б ад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч хуульд зааснаар ажлаас халагдсан ажилтанд нэг сар эсхүл түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож болохоор байна.

 

Тэтгэмжийн доод хэмжээ нь халагдаж буй ажилтны нэг сарын дундаж цалин хөлсөөр хязгаарлагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно гэж заажээ.

Дээрх зохицуулалт нь ажилтнуудыг бөөнөөр халж байгаа тохиолдолд эдгээр ажилтанд олгох халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажил олгогч ба ажилтны төлөөлөгчид хоорондын хэлэлцээгээр тогтоох бөгөөд энэ хэлэлцээ нь ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тохирч олгохоор байна. Талуудын хооронд буюу ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд хамтын гэрээ байгуулагдсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар тогтоолоор ТОСК  төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгууллагын бүтцийг батлахдаа Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /маркетинг, борлуулалтын хэлтэстэй/, Захиргаа санхүүгийн газар /аж ахуйн албатай/, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Барилга байгууламжийн захиалагчийн газар /орон сууц ашиглалтын хэлтэстэй/ нийт орон тоо 60 гэж тогтоож байжээ.

 

Хэрэгт авагдсан ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаар тушаалын үндэслэл болсон ТОСК йн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор ТОСК  ТӨХХК-ийн орон тооны дээд хязгаарыг 50 ажилтантай, үүнээс удирдах албан тушаалтан 8 байхаар баталж, компанийн зохион байгуулалтын бүтцийг дэд захирал-1(төсөл хөтөлбөр хариуцсан), захиргаа, удирдлагын газар, төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар (Төслийн хяналт зохицуулалтын хэлтэстэй), гэрээ, хөрөнгийн удирдлагын газар (Орон сууц ашиглалтын хэлтэстэй), санхүү, бүртгэлийн хэлтэстэй байхаар шийдвэрлэж, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаа, менежментийг боловсронгуй болгож ажиллах гүйцэтгэх захиралд даалгажээ.

ТОСК йн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот тушаалаар Ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба ТОСК  ТӨХХК-ийн батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтад Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар болон тус газрын даргын ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж үгүй болсон байна.

 

Өөрөөр хэлбэл ТОСК ТӨХХК-ийн орон тоо 60 байсан нь 50 болж, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн батлагдсанаар нэхэмжлэгч М.Б ын ажиллаж байсан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын орон тоо хасагдсан байна.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага өөрийн бүтэц зохион байгуулалтын нэгж болох Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрыг татан буулгасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэгж буюу Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар татан буугдсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана, мөн хуулийн 32.1.1-д өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан гэж тус тус заажээ.

 

Ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаартай М.Б ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд компанийн зохион байгуулалтыг бүтцийг өөрчлөн, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар татан буугдаж, тус газрын даргын албан тушаал хасагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон болох нь баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд ажил олгогч нь зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан ТОСК  ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх, төслийн санхүүгийн бүртгэл, тооцоо хийх, санхүүжилтэнд хяналт тавих, маркетингийн бодлого, менежментийг боловсруулах, холбогдох журам аргачлалыг боловсронгуй болгох, хөтөлбөрийн тайлан мэдээг нэгтгэн гаргах, тайлагнах үндсэн чиг үүрэгтэй байхаар тодорхойлсон байх бөгөөд Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар Гадаад, дотоодын хамтын ажиллагаа хөгжүүлэх, гэр хороолол дахин төлөвлөлтийн чиглэлээр үндсэн чиг үүргийг тодорхойлсноос үзэхэд дээрх хоёр газрын чиг үүрэг хоорондоо давхцаагүй, өөр өөр чиг үүрэгтэй байх ба Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтууд өөр хоорондоо мөн давхцаагүй байна.

 

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирлын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/103 дугаар тушаалын 1-р хавсралтаар төслийн удирдлагын газар батлагдсан бөгөөд ТОСК йн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/104 тоот тушаалаар Төслийн гэж байгуулж байжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын нэршлийг өөрчилж Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар болгосон гэх тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Б  нь ТОСК  ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр томилогдсон байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М.Б  нь ТОСК ТӨХХК-д хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын алба хашиж байхдаа ТОСК  ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдсон байх ба ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 дугаар тушаалаар ТОСК  ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга багтсан байна.

 

М.Б  нь ТОСК ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн гишүүн байхдаа ТОСК  ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон байгаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

 

Ажил олгогч ажил хүлээлцэх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаар тогтоосон боловч талууд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байх тул энэ өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар М.Б ад ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр ээлжийн амралтын үндсэн хоног нь 15, нэмэгдэл хоног 7 буюу нийт 22 хоног бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар үргэлжлэхийг мэдэгдсэн байна.

 

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр М.Б ыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд үргэлжлэхээр мэдэгдсэн бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгохоор тушаал гаргасан байгаа нь нэхэмжлэгч М.Б ыг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 дугаартай нэхэмжлэгч М.Б ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Б ын ТОСК  ТӨХХК-д холбогдох, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Б ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ТОСК  ТӨХХК-д холбогдох, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас халагдсан М.Б ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг зохих журмын дагуу хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС