Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00967 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Т/13-74 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г- нь 1988 онд Дархан хотын Политехникумыг цахилгааны техникчээр, 1999 онд Улаанбаатар Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Т” ХХК-д өндөр хүчдэлийн шугамд ажиллах ур чадвартай инженер ажилд авах зарын дагуу би компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай болон компанийн захирал Б.Гантөмөртэй уулзаж тогтвор суурьшилтай 5 жил ажиллах амлалт надаас авч цахилгааны инженерийн ажилд орж 2012-2013 онд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэж ирсэн ба энэ хугацаанд хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй. Энэ талаар ажил олгогчийн тушаал гарч надад танилцуулж байгаагүй болно. 2013 оны 9 дүгээр сард миний ээлжийн амралтыг өгч амарч бай, ажил гарахаар дуудна гээд явуулсан. Би энэ үеэс хойш компанийн захирал удирдлагуудад хандаж надад ажил олгож цалинтай болгох талаар удаа дараа шаардаж, ажил олгогчдын хариуг хүлээсэн боловч надад санаа зоволтгүй, хүлээж бай, бичиг баримтыг чинь тендерийн материалд ашиглаж байгаа, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг чинь бөглөөд өгнө, таныг ажлаас халаагүй гэж хүний нөөцийн менежер Ж.Дархижав хэлж байсан. Үүнээс хойш 20-30 удаа очиж лавлаж байсан. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд 10-20 орчим удаа Компанид хандсан бөгөөд 2015 онд өөрийн ПДС диплом, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримтуудыг эргүүлж өгөхийг хүссэн боловч бичиг баримт чинь байхгүй, чи өөрөө авсан гээд байхаар нь би аваагүй болохоороо гэрийн хаягаар явуулахыг хүссэн боловч бичиг баримтуудыг эргүүлэн өгөөгүй. Компанийн удирдлагууд 2013 оны 10 дугаар сараас хойш намайг ажилгүй орлогогүй байлгаж хохироосон бөгөөд бичиг баримтуудыг эргүүлэн өгөхгүй байснаас болж ажилд орох эрх минь хасагдаж хохирсон тул 2018 оны 3 дугаар сарын 05-ны 16 цаг 15 минутад “Т” ХХК-ийн захирал Б.Гантөмөртэй уулзахад 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Т/13-74 тоот тушаалыг надад гардуулсан. Урьд өмнө ийм шийдвэр гарсан гэдгийг хэн ч надад мэдэгдээгүй, зөвхөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 15 минутад уг тушаалыг гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан. “Т” ХХК-ийн захирлын 2013 оны Т/13-74 тоот тушаал нь ямар зөрчлийг хэдэн оны хэдэн сард гаргасан, үүнийг ямар албан тушаалтан эсвэл хэн гэдэг этгээд шалган тогтоосныг үндэслэн гарсныг би мэдэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг. Ийм байдал 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд намайг буруутай талаар хурлаар хэлэлцэж байгаагүй болно. 2013 оны 10, 11, 12 дугаар сараас хойш удаа дараа “Т” ХХК-ийн удирдлагуудад хандахад намайг ажлаас халсан шийдвэрийг гардуулан танилцуулаагүй болно. Миний хувьд ийм тушаалыг хожим нөхөж гаргасан миний бичиг баримтуудыг буцаан олгохгүй тендер болон бусад үйл ажиллагаанд ашигладаг байсан. Намайг ажлаас халсан шийдвэрийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гардуулаагүй тул миний ажиллах бүх эрх хаагдаж, ажилгүй орлогогүй намайг хохироосоор байна. Компанийн захирал Б.Гантөмөр болон удирдлагууд өөрсдийн энэ байдлаа мэдэж байгаа, нэг удаа уулзахдаа чамд хохирлыг чинь 1 000 000 төгрөгөөр арилгаж цаашид хамтарч ажиллая гэж хэлж байсан. Иймд “Т” ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 01-ний Т/13-74 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, тус компанийн цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна Г.Г- нь манай компанид 2012 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажилд өндөр хүчдэлийн цахилгааны инженерээр ажилд орсон. 2013 онд компанийн зүгээс ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй тул ажилчид сул зогсолттой байсан ба харин энэ хугацаанд Г.Г-ыг “Н” ХХК-ийн Цэцээ гүн хорооллын барилгын нам хүчдэлийн цахилгаан хангамжийн ажилд (уг ажилд талбай хариуцсан цахилгааны инженерээр өөр хүн ажиллаж байсан) чанарын хяналт тавиулахаар 2013 оны 1 дүгээр сард томилон ажиллуулсан. Г.Г-ыг 2013 оны 7 дугаар сард Буян-Ухаа 1 хорооллын барилгын суурин дахь 6кв-н ЦДКШ шилжүүлэх төслийн ажилд дахин ажиллуулсан. Энэ хугацаанд хамт олны дунд ёс зүйгүй байдал гаргаж, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй болсон. Г.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд шийдвэрийг гардуулан өгөх гэж холбогдохоор хөдөө орон нутагт байна, Улаанбаатарт очих боломжгүй, бичиг баримтыг хүнээр дайгаад явуулчих гэх мэт байдал гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан. Нэхэмжлэгч шийдвэрийг гардан аваад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан болно. Иймд Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 1281.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д холбогдох 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Т/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Г- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлж болохыг заасан. Шүүхэд гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд гэрчээр С.Т, Н.Н, Н.Б нарыг оролцуулах хүсэлт гаргахад шүүх хангаагүй. Хэрэв гэрчээр С.Т-, Н.Норов, Н.Б, Н.Алтанхуяг, Я.Б нарыг оролцуулсан бол намайг ажлаа хийх хүсэлтэй байсан мөн бичиг баримтаа компаниас авах гэж маш олон удаа очсоныг болон миний дипломыг тендерт оролцохдоо ашигласан гэдгийг, мөн диплом бичиг баримтыг хайгаад 2018 онд олоод надад өгсөн болохыг нотлох боломжтой байсан. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагч “Т”ХХК-ийн захирал Б.Г-ийн эхнэр Ж.Д, эхнэрийн дүү болох Ж.Д нарын гэрчийн мэдүүлгийг үнэлсэн байх бөгөөд хохирсон миний талд үнэн зөв мэдүүлэг өгөх байсан гэрч нарыг оролцуулаагүйд гомдолтой байна. Мөн эдгээр гэрч орж ирсэн бол миний дипломыг ашиглаж ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангасан боловсон хүчинтэй гэж тендерт оролцож байсныг нотолсноор миний нэхэмжлэлийн зарим шаардлага болох Нийгмийн даатгалын нөхөн бичилтийг буруутай этгээд болох “Т” ХХК-аар нөхөн төлүүлэх боломжтой байсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гэж үзэж байна.

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16:15 цагт “бичиг баримтыг чинь олчихлоо ирж ав” гэж Б.Гантөмөр захирал утсаар ярихаар нь очиход 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1713-74 тоот тушаалыг гардуулж өгсөн учраас хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/Ш32018/10372 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснийг би тухайн шүүхийн архиваас шийдвэрээ авч нэхэмжлэлээ гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тэтгэвэрт гарах асуудлаар 2011 онд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сайн дураараа төлж байхад “Т” ХХК ажилд авч 2011 оны 6, 7 cap, 2013 оны 1, 2, 3 сарууд, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүй намайг хохироосон тул хохирлыг барагдуулж өгнө үү. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг хангахаас татгалзсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжийг хязгаарласанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангахтай холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Т/13-74 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            “Т” ХХК-ийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12/т-13 тоот тушаалаар тус компанийн цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан Г.Г-ыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйл, “Т” ХХК-ийн дотоод журмын 13.2, 13.2.1-13.2.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан баримт хэрэгт авагджээ.

     /хх5/

 

            Нэхэмжлэгч Г.Г-т хөдөлмөрийн гэрээг 2013 оны 9 дүгээр сард цуцалсан тухай тушаалыг ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж гардуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэлийн агуулга, үндэслэлээс үзвэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан талаараа ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө Г.Г-ыг удаа дараа бичиг баримтаа авахаар шаардаж байхад нь хэлээгүй, энэ хугацаанд ажилласан жил тасарч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй эрх ашиг нь зөрчигдсөнөө сэргээлгэхээр шаарджээ.

 

            Хариуцагч буюу ажил олгогч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид гардуулснаа үгүйсгээгүй байна. Энэ тохиолдолд иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нь талуудыг эвлэрүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

            Хэрэгт тухай маргааныг шийдвэрлэх явцад шүүхээс дээрх ажиллагааг хийж, талуудад эвлэрэх боломж олгосон баримт авагдаагүй байна.

 

            2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн   67.1.4-ийг заасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгсөн гэж үзэхээргүй, уг ажиллагааг шүүгч зохих ёсоор явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 нь хэргийн оролцогчийн хүлээх эрх, үүрэг бус, харин иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн хэрэгжүүлбэл зохих ажиллагаа юм.

 

            Дээрх ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс зохигчид ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа ажил олгогчийн буруугаас тасарсантай холбоотойгоор бүрэн мэтгэлцээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийг тодруулж маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00967 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ