Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/00967

 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/00967

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух, Б овгийн Г.Г /РД:ХА64/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрнгт байрлах, Т ХХК/РД:2864/-д холбогдох,

2013.09.01-ний өдрийн Т/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагчийн төлөөлөгч М.Г, гэрч Ж.Д, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 1988 онд Дархан хотын Политехнекумыг цахилгааны техникчээр 1999 онд Улаанбаатар Политехнекийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Цахилгааны инженер бөгөөд 2012 оны 07 сарын 02-ны өдөр Т ХХК-д өндөр хүчдэлийн шугамд ажиллах ур чадвартай инженер ажилд авах тухай ажлын байрны зар гарсан тул би компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай болон компанийн захирал Б.Г уулзаж тогтвор суурьшилтай 5 жил ажиллах амлалт надаас авч цахилгааны инженерийн ажилд орж 2012-2013 онд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэж ирсэн ба энэ хугацаанд хөдөлмөрийн дотоод журам зөрчиж арга хэмжээ авагдаж байгаагүй, энэ талаар ажил олгогчдын тушаал гарч надад танилцуулж байгаагүй болно. 2013 оны 9 сард миний ээлжийн амралтыг өгч амарч бай, ажил гарахаар дуудна гээд явуулсан. Би энэ үеээс хойш Компанийн захирал удирдлагуудад хандаж надад ажил олгож цалинтай болгох талаар удаа дараа шаардаж, ажил олгогчдын хариуг хүлээсэн боловч надад санаа зоволтгүй, хүлээж бай, бичиг баримтыг чинь тендерийн материалд ашиглаж байгаа, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг чинь бөглөөд өгнө, таныг ажлаас халаагүй байгаа гэж хүний нөөцийн менежер Дархижав хэлж байсан. Үүнээс хойш 20-30 удаа очиж лавлаж байсан. 2018 оны 03 сарыы 05-ыг хүргэсэн. Энэ хугацаанд 10-20 орчим удаа Компанид хандсан бөгөөд 2015 оны шувтрагаар та бүхэн надад ажил олгохгүй бол миний ПДС диплом, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримтуудыг эргүүлж өгөхийг хүссэн боловч бичиг баримт чинь байхгүй, чи өөрөө авсан гээд байхаар нь би аваагүй олохоороо гэрийн хаягаар явуулахыг хүссэн боловч бичиг баримтуудыг эргүүлэн өгөөгүй. Компанийн удирдлагууд 2013 оны 10 сараас хойш намайг ажилгүй орлогогүй байлгаж хохироосон бөгөөд бичиг баримтуудыг минь эргүүлэн өгөхгүй байснаас болж ажилд орох эрх минь хасагдаж хохирсон тул 2018 оны 3-р сарын 5-ны 16 цаг 15 минутанд Т ХХК-ийн захирал Б.Г уулзахад 2013 оны 09 сарын 01-ний өдөр

Т/13-74 тоот тушаал гарган тушаалыг надад гардуулсан. Урьд өмнө ийм шийдвэр гарсан гэдгийг хэн ч надад мэдэгдээгүй, зөвхөн 2018 оны 3-р сарын 5-ны өдрийн 16 цаг 15 минутанд эл тушаалыг гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129-р зүйл, Иргэний хуулийн 9-р зүйлд зааснаар өөрийнхөө хөдөлмөрлөх эрхээ зөрчигдөв хэмээн шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргав. Т ХХК-ийн захирлын 2013 оны Т/13-74 тоот тушаал Монгол улсын хуулийг дараахи байдлаар зөрчсөн байна. Би ямар зөрчлийг хэдэн оны хэдэн сард гаргасан, үүнийг ямар албан тушаалтан эсвэл хэн гэдэг этгээд шалган тогтоосныг би мэдэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолын 15 дах заалтанд сахилгын зөрчил бүрийг тогтоосон байна гэсэн журам зөрчигдсөн юм. Дээрхи тушаалд нэрлэж заагаагүй болно. Судалж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д сахилгын зөрчлийг давтан гаргасан, 40 дүгээр зүйлийн 40.2-т талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээг урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг байна. Ийм байдал 2013 оны 09 сарын 01 хүртэлх үед буй болж шалгаж нотолж намайг буруутган хурлаар хэлэлцээгүйг дурдая. 2013 оны 10, 11, 12 саруудаас хойш би олон удаа Т ХХК-ийн удирдлагуудад хандахад намайг ажлаас халсан шийдвэрийг гардуулан танилцуулаагүй болно. Миний хувьд ийм түшаалыг хожим нөхөж гаргасан миний бичиг баримтуудыг буцаан олгохгүй тендер болон бусад үйл ажиллагаанд ашигладаг байсан. Намайг ажлаас халсан шийдвэрийг 2018.03.05-ны өдрийг хүртэл гардуулагүй тул миний ажиллах бүх эрх хаагдаж би ажилгүй орлогогүй тул Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолын 15-1-д буй "ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогч хөдөлмөрийн түхай хуулын 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно" гэсний дагуу хохирсоор байна. Компанийн захирал Б.Гантөмөр болон удирдлагуүд өөрсдийн энэ байдлаа мэдэж байгаа, нэг удаа уулзахдаа чамд хохирлыг чинь нэг сая төгрөгөөр арилгаж цаашид хамтарч ажиллая гэж гуйж байсан.

Иймд Т ХХК-ийн 2013.09.01-ний Т/13-74 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, тус компанийн цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013.09.01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Гомбын Ганбаатарын тус шүүхэд 2020 оны 01 дугээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн захирлын 2013 оны Г/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад бухэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна Үүнд: П.Ганбаатар нь манай компанид 2012 онд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажилд өндөр хүчдэлийн цахилгааны инженерээр ажилд орсон. 2013 онд компанийн зүгээс ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй тул ажилчид сул зогсолттой байсан ба харин энэ хугацаанд Г.Ганбаатарыг Номин констракшн ХХК-ийн Цэцээ гүн хорооллын барилгын нам хүчдэлийн цахилгаан хангамжийн ажилд (уг ажилд талбай хариуцсан цахилгааны инженерээр өөр хүн ажиллаж байсан) чанарын хяналт тавиулахаар 2013 оны 1 дүгээр сард томилон ажиллуулсан. Г.Ганбаатарыг 2013 оны 7 дугаар сард Буян-Ухаа 1 хорооллын барилгын суурин дахь 6кВ-н ЦДКШ шилжүүлэх төслийн ажилд дахин ажиллуулсан. Энэ хугацаанд хамт олны дунд ёс зүйгүй байдал гаргаж, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй болсон. Г.Ганбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд шийдвэрийг гардуулан өгөх гэж холбогдохоор хөдөө орон нутагт байна, Улаанбаатарт очих боломжгүй, бичиг баримтыг хүнээр дайгаад явуулчих гэх мэт байдал гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан. Нэхэмжлэгч шийдвэрийг гардан аваад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүух хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан болно. Иймд Г.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2013.09.01-ний өдрийн Т/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, тус компанийн цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Т ХХК-ийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12/т-13 тоот тушаалаар тус компанийн цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, тус компанийн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалаар ажлаасаа халагдаж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болох нь зохигчдын тайлбар, тус компанийн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаал зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч Т ХХК-ийн захирал Б.Гантөмөр нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалаар тус компанийн цахилгааны инженер Г.Ганбаатарыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйл, Т ХХК-ийн дотоод журмын 13.2, 13.2.1-13.2.3 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

Ажил олгогчийн т/13-74 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах гэж заасан үндэслэлийн дагуу тус компанийн 2013.06.25-ны өдрийн т-13/24 тоот хариуцлага тооцох тухай тушаалыг үндэслэн Г.Ганбаатарыг хариуцагч талаас ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч талаас ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал болон дээд сургууль төгссөн диплом, Нийгмийн даатгалын дэвтэр зэргийг авахаар 30-40 удаа очиж уулзаж байсан, олон удаа утсаар ярьж байсан, ажил олгогч талаас ажлаас халаагүй байгаа явж бай ажлаар хангана гэдэг байсан ба, 2018.03.05-нд ирж 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот ажлаас халсан тушаалыг гардаж авсан гэж тайлбарласан.

Хариуцагч Т ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалыг нэхэмжлэгч Г.Ганбаатартай байгуулсан байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд шийдвэрийг гардуулан өгөх гэж холбогдохоор хөдөө орон нутагт байна, Улаанбаатарт очих боломжгүй, бичиг баримтыг хүнээр дайгаад явуулчих гэх зэргээр авдаггүй байсан ба, 5 жил шахам сураггүй байж байгаад 2018.03.05-нд ирж 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалыг гардаж авсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч талаас ажлаас халсан талаар мэдэгдээгүй, ажил олгоно хүлээж бай гэх байдлаар хариу өгч ажилгүй байлгасан, түүний сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичгүүдийг хариуцагч компани тендерийн ажлуудад орохдоо ашигладаг байсан тул түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж маргасан.

Хариуцагч талаас 2013 оны 8 дугаар сарын дундуур хамт олноороо салхинд гарах үед ёс зүйгүй үйлдэл гаргаснаасаа ичсэн үү? яасан? Тэр чигээрээ ажилдаа ирэхээ больж, ажлаа 3-аас дээш хоног тасалсан тул түүнийг ажлаас халж, цалин амралтын тооцоог нь хийж, мөнгийг нь дансаар нь шилжүүлсэн бөгөөд өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаал, хувийн бичиг баримтуудаа ирж ав гэхэд авна гээд авахгүй явж байгаад 5 жил шахмын дараа л гэнэт гарч ирж 2018.03.05-нд шийдвэрээ ирж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Т ХХК-ийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот ажлаас халах тухай тушаалд холбогдох хуулийг баримталсан байх боловч нэхэмжлэгч Г.Ганбаатарыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаар болон компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг хэрхэн гаргасан тухай тодорхой заагаагүй, холбогдох нотлох баримтууд байхгүй байна.

Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзвэл эрх зөрчигдсөн гэж үзсэн этгээдийн шүүхэд гомдлоо гаргах хугацааг тодорхой заасан байдаг. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана,

Мөн хуулийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс нэхэмжлэл гаргах хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

Г.Г нь Т ХХК-ийн цахилгаан инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 15 минутанд захирал Б.Г уулзахдаа ажлаас халагдсан тушаалыг гардан авсан байх ба,

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.03.23-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба шүүхээс 2018.03.30-ны өдрийн 182/ШЗ2018/02931 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллалааг явуулсан бөгөөд нэхэмжлэгч талаас 2018.11.23-ны өдрийн 09 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018.11.23-ны өдрийн 182/ШЗ2018/10372 дугаар захиражаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн ба, нэхэмжлэгч талаас уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэлээр тухайн шүүхэд гомдол гаргаагүй байна.

2.Нэхэмжлэгч Г.Г 2020.01.29-ний өдөр хариуцагч Т ХХК-д холбогдуулан тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.

Иймд нэхэмжлэгч Г.Г нь 2018.11.23-ны өдөр түүний нэхэмжлэлийг шүүх буцааснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын дотор дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Ганбаатарын нэхэмжлэлийг буцаасан 2018.11.23-ны өдрөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ба, мөн хуулийн 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр эхлэн тоолдог.

Гэтэл нэхэмжлэгч Г.Г 2018.11.23-наас хойш 2020.01.29 хүртэл 14 сар 6 хоногоор Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн тухай хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримтгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгох бөгөөд харин хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон байдал нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, мөн хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Мөн нэхэмжлэгч талаас хариуцагч Т компаниас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүй, ажлаас халагдсан тушаалаа авч чадахгүй байсан гэх боловч, түүнийг 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан гэж үзвэл ажлаас халагдсантай адилтган шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдлоо гаргах эрх 2018.03.05-нд халагдсан тушаалаа гардаж авах хүртэл хугацаанд байсан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Т ХХК-д холбогдох 2013.09.01-ний өдрийн Т/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 1281.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох 2013.09.01-ний өдрийн Т/13-74 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ