Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01243

 

2020 оны 05 сарын 11 өдөр        Дугаар 183/ШШ2020/01243        Улаанбаатар хот

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б, утүг-т холбогдох,

 

Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Б” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт захирал Б.О Б/251 тоот тушаалаар инженер техникийн албаны няраваар түр хугацаагаар ажилд орж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн болон жирэмсний амралтаа авч, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Өргөө амаржих газарт төрсөн. Төрөх үедээ аюултай түвшний тээгчид тооцогдож, хүндрэлтэй төрсөн учир өөрийн биеийн байдлаас шалтгаалан хүний нөөцийн ажилтантай уулзаж, тушаал хүлээн авч чадаагүй. Намайг жирэмсний амралттай байх хугацаанд байгууллага татан буугдаж, “Б” улсын төсөвт үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, бүх ажилтнаа ажлаас нь чөлөөлж, эгүүлэн ажилд нь авсан байна. Байгууллага татан буугдах үедээ надад энэ талаар мэдэгдэл өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сард “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын  хүний нөөцийн ажилтан Б.Д-д хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгөөд хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн. “Б” улсын төсөвт үйлдвэрийн газар нь өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2019 оны 9 дүгээр сард “Ажилдаа эргэн орох тухай” хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргахад ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ талаар “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын хуулийн зөвлөх Б.А-тай уулзахад “Засгийн газрын В/172 тушаал”-ыг үзүүлээд “Энэ тушаалд таны нэр байхгүй байгаа учир судлаад эргээд хариу хэлнэ” гэсэн. Үүний дараа хүний нөөцийн ажилтан Б.Д-тэй уулзахад “Мэдэхгүй, захирал мэднэ, ажлын хэсэг чиний нэрийг орхигдуулсан байх” гэсэн тайлбар өгсөн. 2019 оны 11 дүгээр сард “Б” улсын төсөвт үйлдвэрийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 тоот албан бичгээр “Чиний нэр дээр ямар ч тушаал, шийдвэр олдсонгүй, тиймээс таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Дээрх хариуг өгөхөд миний нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/172 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн бичилтийг хийсэн байсан. Миний бие хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байсан ч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газар нь шийдвэр гаргаагүй, мөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангах боломжгүй тухай хариу өгсөн. Иймд хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, ажилд томилсон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

 

 Хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт сэлбэг, материалын нярав гэсэн албан тушаалд ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. Ингээд манай байгууллагыг эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэж үзэж ажилдаа эргүүлэн орох хүсэлтийг гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон татан буулгах ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/812 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 1 сарын тэтгэмж олгосон байх тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, мөн түүний ажил олгогч нь татан буугдсан, мөн түүнчлэн өөрөө тухайн үедээ ажилгүй болсныг мэдээд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргахдаа “Ажилгүй” гэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан “Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, тус газрын няравын ажилд томилсон шийдвэр гаргахыг даалгах тухай” хэмээснийг шүүх хүлээн авч, шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбараас үзвэл “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188  дугаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор[1] татан буулгаж, “Б” улсын төсөвт үйлдвэрийн газар болгоод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлсэн боловч мөн Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор[2] “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон, эргээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд шилжүүлжээ. 

 

Хэдийгээр “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгасныг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлээс хассан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 108 тоот лавлагаа, мөн “Б” улсын төсөвт үйлдвэрийн газарт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  дугаартай регистр олгож, улсын бүртгэлд бүртгэсэн тухай гэрчилгээний хуулбар авагдсан байгаа боловч дээр дурдсан Засгийн газрын 2019 оны 186 дугаар тогтоолоор дахин төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн, зохион байгуулахаар шийдвэрлэсэн зэргээс үзэхэд “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг дахин төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгох зохион байгуулалтын ажил хийгдэж байгаа нь харагдаж байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Улсын төсөвт үйлдвэрийн газар болон төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хоёр бие даасан статустай, тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд бөгөөд өмнөх татан буугдсан байгууллагад хөдөлмөрийн харилцаатай байсан хүнийг шинээр байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллуулах үндэслэлгүй” хэмээн маргаж, “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг энэхүү маргаанд хариуцагчаар оролцох ёсгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хүрээ, ажилчдын тоонд өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан хоёр байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний “Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл” гэсэн хэсэгт бичигдсэн агуулга, орон тоо баталсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 тоот тушаалаар[3] нотлогдож байна.

 

Хэргийн 87-94 дүгээр талд авагдсан “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тоот тушаал, уг тушаалын хавсралтад зааснаар тус байгууллагад нийт 237 ажилтан ажилладаг байсан, тэр дундаа 3 няравтай байсан нь тогтоогдож байх ба Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-177 тоот “Орон тоо батлах тухай” тушаалаар батлагдсан орон тоо 254 байх, тэр дундаа 3 няравын орон тоотой байхаар тогтоосон буюу нэхэмжлэгч Б.Ц ажиллаж байсан няравын орон тоонд байгууллагын эрх зүйн байдал өөрчлөгдсөнөөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хэвээр хадгалагдаж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Ц 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 тоот “Б” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаалаар[4] Санхүү эдийн засгийн албаны сэлбэг материалын няраваар томилж, түүнтэй 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр[5], 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр[6] болон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр[7] тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байх боловч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б/122Б дугаартай захирлын тушаалаар[8] түүний ажлыг Д.О-д хариуцуулан, Д.О-ийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа Б.Ц-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Б.Г, Э.Э нарын мэдүүлэг, мөн нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Б.Ц-д байгууллагын захирлын тушаалаар албан ёсоор хүүхэд асрах чөлөө олгож, тушаал гаргаагүй боловч хуулийн дагуу 2018 оны 7 дугаар сард жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгож, 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлсөн нь хэргийн 5 дугаар хуудаст авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон ба үүнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.Ц улсын төсөвт үйлдвэрийн газрын ажилтан биш” гэх тайлбар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Ц Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өгөхдөө өөрийгөө “Ажилгүй” гэж тодорхойлсноос үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийг нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас чөлөөлсөн байгааг мэдэж байсан байна” гэж, мөн “Хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, эсхүл тодорхойлолтыг бүрдүүлж өгнө” гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 тоот “Журам батлах тухай” тогтоолоор[9] батлагдсан “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” журмын 2.6-д заасныг үндэслэж байгаа боловч гэрч Б.Г мэдүүлэгт “Хүүхэд төрүүлээд хүүхэд асрах чөлөө авсан ажилчдын ажлын байрыг хадгалж, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг бид төлөх ёстой. Уг үүргийнхээ дагуу Б.Ц нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явж байсан. Тушаал албан ёсоор гараагүй, гарах ёсгүй учир ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй” гэжээ. 

 

Өөрөөр хэлбэл, “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Б.Ц хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалыг гаргаагүй байгаа нь тогтоогдож байгаа ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй учир хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломижгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Ажилтан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Б.Ц хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусган, ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр татгалзаж, томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 тоот “Өргөдлийн хариу”-г авснаас хойш нэг сарын дотор багтан тус шүүхэд хандсан байх боловч шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг даалгаж” 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00147 тоот захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусган, ажилдаа орох хүсэлтийг нь хангаж, түүнийг тус газрын Санхүү, эдийн засгийн албаны няравын ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэлээ. 

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газраас 70.200 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусган, ажилдаа орох хүсэлтийг нь хангаж, түүнийг тус газрын Санхүү, эдийн засгийн албаны няравын ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА