Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 119/ШШ2024/0027

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Н,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ганбаатар, Н.Хосбаяр нарын хоорондын

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг Б ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр” гаргахаас татгалзсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А /цахим/, түүний өмгөөлөгч Т.Н /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар, Н.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт  холбогдуулан

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыгЭрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг Б ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр” гаргахаас татгалзсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/. “Б” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул захиалагч талд “Б” ХХК-тай Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үндэслэл үүснэ.

2/. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж тодорхойлжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар, Н.Хосбаяр нар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 119/ШШ2022/0070 дугаар шийдвэрийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ХБ-134-12/3794 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчингүй болсон хэдий ч 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ДҮ-134-12/3444 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл бүхий албан бичгийн дагуу Б ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байна.

           Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн хуулийн хугацааг мөрдөх боломжгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ, 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэсэн хуулийн заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах үндэслэлгүйн улмаас гэрээ байгуулах боломжгүй.” гэж маргасан болно.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болохоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын нунтаглан баяжуулах хэсгийн дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” компанитай байгуулах эрх олгох шийдвэр гаргахаас татгалзсан №ТБ-117-12/11 78 тоот албан бичиг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр”-т даалгахыг шийдвэрлэх шаардлага гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны акт гаргахаас татгалзсан дээрх шийдвэр хууль бус болох тухайд үндэслэлээ тайлбарлая. Манай “Б” компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдуулан Ерөнхий захирал н.Бадамсүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад, Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүх 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр нэхэмжлэлийн тухайн шаардлагыг ханган шийдвэрлэсэн байдаг. Ингэж шийдвэрлэхдээ гол нь үндэслэх хэсэгт тухайн гэрээнд оруулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгосон энэ шийдвэр хүчингүй болсон нь өөрөө гэрээ байгуулах эрх олгох, шийдвэр гаргах үндэслэл үүсэж байгаа юм гэж үзээд гэрээ байгуулах, эрх олгох, шийдвэр гаргах эрх нь захиалагч тал буюу үнэлгээний хороонд байна. Тэгэхээр үүгээр шийдвэрээ гаргуулаарай гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэр дээр гүйцэтгэх хуудас бичүүлэхэд зөвхөн дээрх гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгосон тухайн албан бичгийг л хүчингүй болгоод байдаг. Түүнээс биш гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаарай гэдэг гүйцэтгэх хуудас бичигдээгүй байдаг.

Тийм учраас гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр гаргах хэсэг хаягдаад шүүхийн шийдвэр биелэгдээгүй үлдсэн. Манай компани тендерт шалгарсан хэдий ч гэрээ байгуулаагүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Компанийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 46.1, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасны дагуу үнэлгээний хорооны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай үнэлгээний дүгнэлт буюу тендерт шалгарсан шийдвэр бол нэгэнт гарчихсан байгаа. Тэгэхээр захиалагч тал гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус гэж манай компанийн зүгээс үзэж байгаа. Хоёр дахь үндэслэл болохоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдөөд байгаа тухай тайлбарласан байгаа. Тендерт хууль ёсоор шалгараад гэрээ байгуулах, эрх олгох шийдвэрээ аваад Эрдэнэт рүү манайхаас ажилтан очоод байгуулаад явж байсан. Гэрээгээр захиалагч талаас гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.3-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээ байгуулах эрхийг нэгэнт өөрсдөө хүчингүй болгодог. Одоо гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн хуульд заасан гэрээ байгуулах эрх зөрчигдөж, уг тендерт холбоотой тоног төхөөрөмжийн тухай гадаад улсын нийлүүлэгчээс нь гэрээ зөрчигдөхөд хүрч, их хэмжээний алдагдал хүлээж, бизнесийн нэр хүнд нь унаж байгаа ашиг сонирхол  зөрчигдөөд байна. 

Гуравдугаарт энэ хэргийг шүүх шийдсэнээр нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой тухай үндэслэлээр бичсэн байгаа. 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болон 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан тендерийг шалгаруулахад Хятад улсын компанийг шалгаруулсан албан тушаалтнууд тус компанид давуу байдал олгосон. Энэ тухай Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд явж байгаа тухай прокурорын бичгийг бид нар хэрэгт өгсөн. Үүний дагуу 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тухайн энэ дугаартай тендер хүчингүй болно, тэгэхээр шалгарсан гэж байгаа Хятад компанийн хувьд ч гэсэн гэрээ нь хэрэгжих боломжгүй болж байгаа юм.

Ийм учраас энэ тендерт хуулийн дагуу шалгарсан байгаа манай компанийн эрх сэргэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Тиймээс гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа юм.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан тендерт “Б” компани Хятадын компани нар оролцсон. “Б” компани урьд нь тахлын үед зөөлөн залгалтын системийг оруулж ирсэн байдаг юм. Тухайн үедээ уг тендер шалгаруулалт дээр манай баяжуулах үйлдвэрийн мэргэжилтэн н.Ч гэж тэргүүлэх инженер манай үнэлгээний хороонд орж ажилласан байдаг. Тендер шалгаруулалтын явцад “Б” компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь бид нарт мэдэгдээгүй байж байгаад сүүлд Авлигатай тэмцэх газар шалгаад үүнийг тогтоосон байдаг юм. Ч-д холбогдуулж Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тухайн үедээ “Б” компанитай ашиг сонирхлын нэгдмэл зөрчилтэй байснаа үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулаагүй нуучихсан байсан. Ингээд үнэлгээний хорооны гишүүдийг мэдээллээр хангаагүйн улмаас энэ тендер будилаантай явагдсан байгаа. Үүнээс шалтгаалан тендер маань хүчингүй болоод тендерийн хүчинтэй хугацаа дуусаж  цааш нь үргэлжлүүлэх ямар ч бололцоогүй болсон. “Эрдэнэт үйлдвэр” маань зөөлөн залгалтын систем ямар нэгэн нөөцгүйн улмаас бид нар уг тендерийг байнга үргэлжлүүлж явж байсан. Ингээд сүүлийн 2023 оны 11 сард зарласан тендер дээр бага санал ирүүлсэн Хятадын компанийг шалгаруулж тендерийн шаардлагыг хангасан байгаа. Саяхан бид нартай Авлигатай тэмцэх газрын хүмүүс ирж уулзаад явахдаа Ч-ийн асуудал бол шалгагдаж байгааг хэлсэн. “Б” компаний нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тухайн үед хүчингүй болсон болохоор бид нар уг тендерийг цааш нь явуулах бололцоогүй болсон, иймд бид нар “Б” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-ийн нэхэмжлээд байгаа асуудал нь гэрээ байгуулах. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.3.2-т нь захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулах юм бол тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ гэсэн хуулийн заалттай байгаа. Манайд хамааралтай нь 28.2 байгаа, үүнд болохоор тендерийн үнэлгээг тендерийн хүчинтэй хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэсэн заалттай. Тэгэхээр тендерийн хүчинтэй байх хугацааг мөн хуулиар зохицуулчихсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24-т тендер нээснээс хойш тухайн тендерийн шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэсэн байгаа. Тэгэхээр тендер шалгаруулалт гэдгээ юу гэж хэлдэг вэ гэхээр тендерийг нээгээд хянан үзэж үнэлээд гэрээ байгуулах хугацаа энд бол хамааралтай. Тэгэхээр уг хугацаа өнгөрсөн учраас “Б” компани тендер хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул тендер шалгаруулалтыг зохион байгуулж ажилласан байгаа. Тийм учраас “Б” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй.” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт  холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг анх шүүхэд  гаргасан.

2. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг Б ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр” гаргахаас татгалзсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.  

3. Шүүх нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

4. “Б” ХХК нь ЭҮТӨҮГ/20220............... дугаартай “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ№1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын тендерт оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-134-12/3444 дугаар шийдвэр гаргаж, түүнд хүргүүлсэн байна.

5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь дээрх “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах явцад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дугаар шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулахаас татгалзжээ.

6. Нэхэмжлэгч “Б” ХХК  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

7. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

8.  Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178  тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “ ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.4, 56.5, 56.6 дахь заалтын дагуу “Б” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас тендер шалгаруулалтыг дахин зарлах болсныг мэдэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тендерийн урилга зарлагдсан байна. 

9. Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх тендерийн урилгын дагуу дахин тендерийн материалаа бүрдүүлж, тендер шалгаруулалтад оролцсон зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.   

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”,  42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”, 42.1.2-т “захиалагч нь энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж зааснаар нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад гэрээ байгуулагдах боломжгүй ба байгуулсан тохиолдолд хүчин төгөлдөр бус гэрээ болно.”, 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:...” гэж зааснаар дахин тендер зарлахаар шийдвэрлэжээ.  

11.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.” гэж заасан ба тендерийн шаардлагыг хангасан ямар ч хуулийн этгээд тендерт оролцох эрх нээлттэй байдаг тул “Б” ХХК дахин зарласан тендерт  өмнөх тендерийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад оролцож байгаагаас дүгнэхэд өмнөх захиргааны акт үр дагавар дуусгавар болсон,  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”  гэж тус тус заасан.

13. Өөрөөр хэлбэл  захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

14. Нэгэнт нэхэмжлэгч “Б” ХХК  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 08 дугаар сард дахин зарласан нээлттэй тендерт оролцсон, тухайн тендертэй холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаагүй, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тендерийн Үнэлгээний хорооны 05 дугаар шийдвэр /  “Б ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн  хурлын тэмдэглэл/ зэрэг захиргааны актуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон,  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг Б ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй  байна.

15. Мөн нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ТБ-117-12/1178 тоот албан бичгийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх албан бичгээр “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЩ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын тендер шалгаруулалтыг дахин зарлах болсныг мэдэгдсэн, үүний  дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь дахин тендерт оролцсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

16. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “...  гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Б” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-134-12/3444 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, уг захиргааны актын үйлчлэл дууссан, эрх зүйн үр дагаваргүй болсон.

17. Иймд дээрх үндэслэлүүдээр “Б” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Захиргааны хэргийн анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэсний дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр иргэн Б.Золжаргалыг  оролцуулахаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

19. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “”Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж  зааснаар хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Т.Н, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар, Н.Хосбаяр нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт  холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.УУГАНЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ