Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1332

 

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 87 871 201 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиалагч тал “Э” ХХК-ийн захирал Жу Нам Чоль нь гүйцэтгэгч тал “П” ХХК-ийн захирал Ц.Д-тэй 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 16/04 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээнд гүйцэтгэгч тал нь газар шорооны ажил, суурь давхрын цутгалтын ажил, шалны цутгалтын ажил, төмөр вакум цонх суулгах угсралтын ажил, сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил, гадна хөөсөн фасадын ажил, төмөр вакум цонх суулгах угсралтын ажил, дотор шатны бариулын угсралт, гадна шилэн хаалга 3 ширхэг, гадна төмөр хаалга 1 ширхэг суулгах ажил, гараашийн гүйдэг хаалга 4 ширхэг угсралтын ажил, дээврийн ажил, бүх ажлын гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичгүүдийг бүрдүүлж, барилга улсын комисст хүлээлгэн өгөхөд биечлэн оролцох үүргийг хүлээж, захиалагч тал нь 345 007 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал буюу “П” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч захиалагч тал буюу “Э” ХХК нь гэрээний 2.2.2, 3.1-т заасан ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Бид 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөг байна гэж тооцоо нийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд “Э” ХХК-аас 87 871 201 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барилгын хөөсөн фасадыг чулуун фасад болгоход үнэ нь хасагдахгүй, 2 байгууллагын хооронд байгуулсан актад гэрээгээр хийсэн актуудыг жагсаагаад тус бүр үнийн дүнгээ бичээд энэ хийсэн ажлуудын үлдэгдэл мөнгө гэсэн нотлох баримтыг хэрэгт нотлох баримт болгож өгсөн тул 87 871 201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиалагч “Э” ХХК нь ажил гүйцэтгэгч “П” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Ажил гүйцэтгэгч “П” ХХК нь захиалагч талаас ажлын гүйцэтгэлийн 345 007 000 төгрөг төлөхөөс бүрэн төлж барагдуулаагүй хэмээн үлдэгдэл 87 871 201 төгрөгийг нэхэмжилсэн байна.Уг гэрээнд газар шорооны ажил, суурь давхрын цутгалтын ажил, шалны цутгалтын ажил, сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил, гадна хөөсөн фасадны ажил, төмөр вакум суулгах, угсралтын ажил, дотор шатны бариулын угсралтын ажил, гадна шилэн хаалга 3 ширхэг, гадна төмөр хаалга 1 ширхэг суулгах ажил, дээврийн ажил, бүх ажлын гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичгүүдийг бүрдүүлж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд биечлэн оролцох зэрэг ажлууд багтсан болно. Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын хөөсөн фасадыг өөрчлөх болсонтой холбоотойгоор хасаж тооцох ёстой байсан мөнгөн дүн, мөн 2 дугаар давхрын бетонон шалыг буруу хийснийг дахин хийхтэй холбоотой гарсан зардал зэргийг манай компаниас гаргасан тул нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстойг нэхэмжлэгч нь хасалгүйгээр нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад “Э” ХХК, “П” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 4 дүгээр хүснэгтэд дээврийн хар цаасны үнэ, материалын үнэ 6 380 000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.10-д дээврийн ажил 26 208 000 төгрөг, бетон, хар цааснаас бусад материал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон байгаа нь үнэн. Энэ заалтын хүрээнд нэхэмжлэгч нь хар цаасны үнийг нэхэмжилсэн байх ба үүнийхээ үнийн дүнг 6 380 000 төгрөг болсон гэж тодорхойлжээ. Гэтэл бодит байдал дээр уг барилгын дээврийн хар цаас ийм хэмжээний үнийн дүн бүхий хар цаас орох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь уг дээврийн хар цаасыг хаанаас худалдан авсан, хэдэн төгрөгөөр худалдан авсан, яагаад ийм үнийн дүнтэй болсон талаар ямар ч баримт үзүүлж байгаагүй болно. Энэ нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчим, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зарчимд нийцэхгүй юм. “Э” ХХК, “П” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг тооцоолон гаргахдаа гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 7 дугаар хүснэгтэд гадна бохирын ажил, материалын хамт 18 815 500 төгрөг гэж тооцон нэхэмжилжээ. Талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.4-т Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил 60 064 000 төгрөг, материалын зардал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон. Гэрээний энэ заалтын хүрээнд гадна бохирын ажил гэх нь хамаарах юм. Учир нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад тусдаа гадна бохирын ажил гэх ажил нэмэлтээр гэж ирсэн зүйл байхгүй бөгөөд гэрээний 3.2.4-т Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил гэж тохиролцоод үүнийг дотор, гадна гэж зааглан ялгаж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй бөгөөд 60 064 000 төгрөгийн ажлын үнэд багтах юм. Нэхэмжлэгч нь уг ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа энэ нь нэмэлт ажил юм гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй. Энэ нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх үндсэн зарчимд нийцэхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т Нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан акт үйлдэж баталгаажуулан холбогдон гарах зардлыг талууд тохиролцож нэмэлт ажлыг гүйцэтгэнэ гэж заасан болно. Мөн бариулын ажлыг манайх хийсэн гэж нэхэмжлэл гаргаад өөрсдөө хийгээгүй хүнээр хийлгүүлчихээд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Чулуун фасадаар хийлгэхтэй холбоотой үнийн санал болон металл хавтангаар хийвэл хэд болох талаарх үнийн саналаа илгээж байсан. Чулуун фасадыг металл хавтангаар хийсэн үнээр нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй. Анх хашаагаа барихгүй барилгын ажлаа эхлүүлсэн, хашааг барихгүй байхаар нь хариуцагч компани өөрсдөө хашааг бариулсан, хашааны хөлс 3 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 65 635 380 /жаран таван сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун наян/ төгрөгийг гаргуулан “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 22 235 821 /хорин хоёр сая хоёр зуун гучин таван мянга найман зуун хорин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 306 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 486 127 /дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эм Эс Бюлд” XXК, “Принцес Озера” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот гэрээг ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн. Уг баримтын доод талд нь гараар “Нягтлан Ундрах 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирж тооцоог эцсийн байдлаар нягтлан шалгаж баталгаажуулаагүй. Учир нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь өөрөө БНСУ-ын иргэн учир Монгол хэлээр шууд ойлгох боломжгүй тул нягтлангаа ирж баталгаажуулахаар ингэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг тооцоолон гаргахдаа дараах хэсгүүдийг үндэслэлгүй оруулж тооцсон, хасах ёстой зөрүүг хасаж тооцоогүй. Уг баримтын 16 дугаар хүснэгтэд үндсэн гэрээний хүрээнд хийгдэх ёстой ажлын нэг болох “Дотор шатны бариул, материалын хамт 9 500 000 төгрөг, үүнээс 1 200 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн” гэж тооцон гаргажээ. Гэтэл уг ажлыг нэхэмжлэгч нь огт хийгээгүй бөгөөд харин уг ажлыг барилгын захиалагч компаниас урьд нь өр авлагатай байсан өөр компаниар хийлгүүлж, авах ёстой авлагаа суутган тооцсон. Нэхэмжлэгч нь энэ ажлыг хийгээгүй байж хийсэн мэтээр тооцоонд оруулсан.

Талуудын хооронд маргаж буй энэ үйл баримтыг нотлох үүднээс хариуцагч компанид тухайн үед барилгын инженерээр ажиллаж байсан н.Намуун гэх гэрчийг шүүхэд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, энэ гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь уг ажлыг хийгээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, үнэлэх ёстой баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг тооцон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд чулуун фасадын ажлын хөлс 91 245 000 төгрөг, ажлын хийгдсэн төлбөр 3 143 000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн.

Гэтэл энэ баримтынх нь дээд талын хүснэгт буюу гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх хэсгийн 5 дугаар хүснэгтэд гадна хөөсөн фасадын ажил үндсэн гэрээний үнэ 80 625 000 төгрөг, ажлын хийгдсэн төлбөр 50 000 000 төгрөг гэж тооцоог гарган тодорхойлсон, хэргийн үйл баримтын тухайд гэвэл анх талуудын тохиролцоо нь гадна фасадыг хөөсөн фасадаар хийхээр ажлын болон материалын зардлаа тодорхойлон гэрээний хэрэгжилтийн явцад гадна фасадыг чулуун фасадаар хийхээр болж хариуцагчид үнийн зөрүүний талаар санал ирүүлсэн. Гадна фасадыг хийхдээ энэ үнийн саналд заасны дагуу нь нийт 142 800 000 төгрөг болох, үүнээс хөөсөн фасадны үнэ болох 80 625 000 төгрөгийг хасвал зөрүү нь 62 175 000 төгрөг болно гэсэн саналынх нь дагуу хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэлдээ 91 245 000 төгрөгөөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нь хийх ажлын м.кв-ын хэмжээг нэмэгдсэн гэж шүүх хуралд нотлох баримтгүй тайлбарласан ба энэ талаар хэрэгт нотлох баримт огт байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийн тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 3 дугаар хүснэгтэд сууринд хийсэн дулаалгын хөөсний үнэ материалын үнэ 600 000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.2-д суурь болон давхрын цутгалтын ажил 104 500 000 төгрөг, бетон зуурмагаас бусад бүх материал, ажлын хөлсний хамт гэж тохиролцсон. Гэрээгээр ийнхүү тохиролцсон атлаа дулаалгын хөөсний үнэ гэх зардал нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Энэ талаар шүүх хуралдааны үед гэрч н.Намуунаас асуухад “уг зардал гэх нь гэрээний 3.2.2-д хамаарах нь зөв” болох талаар тайлбарласан. Ийм нөхцөл байдал тогтоогдож байхад материалын үнийг үндэслэлгүйгээр дахин салгаж нэхэмжилсэн байхад шүүх буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч дээрх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 4 дүгээр хүснэгтэд “Дээврийн хар цаасны үнэ/ материалын үнэ 6 380 000 төгрөг” гэж тооцон нэхэмжилсэн. Талуудын байгуулсан гэрээний 3.2.10-д “Дээврийн ажил 26 208 000 төгрөг, бетон, хар цааснаас бусад материал ажлын хөлсний хамт” гэж тохиролцсон байгаа нь үнэн. Гэхдээ энэ заалтын хүрээнд нэхэмжлэгч нь хар цаасны үнийг нэхэмжилсэн байх ба үнийн дүнг 6 380 000 төгрөг болсон гэж тодорхойлсон. Гэтэл ийм үнэ бүхий хар цаас орох боломжгүй. Нэхэмжлэгч хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар баримтгүй. Уг дээврийн хар цаасны ажлыг хийж гүйцэтгэх цаг, үед дээврийн хар цаасны материалыг худалдан авсан баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Хэдийгээр шүүх хангаж шийдвэрлээгүй ч нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүднээс энэ нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч гадна бохирын ажил материалын хамт 18 815 500 төгрөг нэхэмжилсэн. Гэрээний 3.2.4-д “Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил 60 064 000 төгрөг, материалын бүх зардал ажлын хөлсний хамт” гэж тохиролцсон. Гэрээний энэ заалтын хүрээнд гадна бохирын ажил нь хамаарна. Үүнийг нэмэлт ажил гэж хөлс нэхэмжлэх эрхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-д “Нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан, акт үйлдэж баталгаажуулан холбогдон гарах зардлыг талууд тохиролцож нэмэлт ажлыг гүйцэтгэнэ” гэж заасан. Гэтэл ийм баримт үйлдээгүй болох нь шүүх хуралдааны үед тогтоогдож байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэрч н.Намуун ажлын хөлс нь гэрээний 3.2.4-д “Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил 60 064 000 төгрөг, материалын зардал ажлын хөлсний хамт” гэхэд хамаарах ажил болохыг тайлбарласан. Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдал дээр үндэслэлгүй болох нь тогтоогдож байхад шүүх үнэн зөв дүгнэж чадаагүй.

Мөн нэхэмжлэгч харилцан тохиролцож хийсэн ажлууд гэх 10 дугаар хүснэгтэд “гадна хашааны ажил, материалын хамт 14 950 000 төгрөг” гэж тооцон гаргасан. Уг ажлыг нэхэмжлэгч огт хийгээгүй, харин уг ажлыг нэхэмжлэгч талаас санал болгосон иргэн хийж гүйцэтгэж хариуцагчаас бэлнээр 6 300 000 төгрөгийг авч хийж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.6-д “гүйцэтгэгч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг 100 хувь ханган ажиллана” гэж тохиролцсон. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн санал болгосон иргэнд бэлнээр 6 300 000 төгрөг өгсөн. Барилгын инженерээр ажиллаж байсан н.Энхсайхан уг хашааны ажлыг манай компани хийгээгүй гэж тайлбарласан. Уг этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Шүүх хүсэлтийг хангаагүй тул н.Энхсайхан утсаар ярьсан бичлэгт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж нэхэмжлэгч уг ажлыг хийгээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх энэ баримтыг үнэлээгүй. Мөн анхан шатны шүүхээс огт анхаараагүй нэг гол асуудал бол шүүхийн хэлэлцүүлгээр маргаан бүхий гэрээний хүрээнд хоёр тал тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэгч “Принцес Озера” ХХК нь захиалагч талаас ажлын гүйцэтгэлд нийт 345 007 000 төгрөг төлөхөөр тохиролцон тодорхойлсон, энэ талаар аль аль нь маргаагүй. Гэтэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд төлөх ёстой төлбөрт шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч өөрөө дараах байдлаар төлөгдсөн. Нийт 430 150 120 төгрөг авсан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь гэрээгүй харилцан тохиролцсон ажил гэж 153 778 500 төгрөг гэж тодорхойлдог боловч өөрөө хийж гүйцэтгээгүй ажил болох дотор шатны бариул, материалын хамт 9 500 000 төгрөг, гадна хашааны ажил, материалын хамт 14 950 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээгээр тохиролцоод хийх ёстой ажилд нь багтсан ажлыг үндэслэлгүйгээр тусд нь салгаж гэрээгүй нэмэлтээр хийсэн ажил гэж тодорхойлсон. Сууринд хийсэн дулаалгын хөөсний үнэ 600 000 төгрөг, гадна бохирын ажил материалын хамт 18 815 500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин гэрээнд заасны дагуу нэхэмжлэх эрх нь байсан боловч нэхэмжлэгч өөрөө нотлох нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ үүргээ биелүүлээгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болох дээврийн хар цаасны үнэ 6 380 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч нь өөрөө гаргаж өгсөн нотлох баримтаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 150 635 500 төгрөгийн үлдэгдэл байгааг 2 тал хүлээн зөвшөөрч баримтыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх төлбөр хүлээн авсан он, сар, өдрүүдийг нэг бүрчлэн нягтлан үзэхэд энэ өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийт 96 000 000 төгрөг төлөгдсөн байна. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 150 635 500 төгрөгийн үлдэгдэл байна гэж акт үйлдсэнээс нь хойш төлөгдсөн төлбөр болох 96 000 000 төгрөг хасаж тооцох юм бол 54 635 500 төгрөг болж байгаа бөгөөд энэ үнийн дүнд дээр тайлбарласан үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа мөнгөн дүн орсон болно. Шүүх гэрээний үүрэгт огт хамааралгүй торгууль болон өөр гэрээний үүрэгтэй холбоотой асуудлуудын талаар зөв дүгнэлт хийсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Принцес Озера” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 87 871 201 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр “Принцес Озера” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, авто засварын барилгад гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, захиалагч “Э” ХХК нь хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхээр маргаагүй бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажлууд хийгдэж, нэмж гарсан зардал, ажлын хөлсийг тухай бүр талууд харилцан тооцоо нийлж баталгаажуулж байсан, хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 87 871 201 төгрөгийн хөлс төлөөгүй үлдэгдэлтэй байгааг захиалагч зөвшөөрсөн, үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол, хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж татгалзжээ.

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр харилцан тооцоо нийлж акт үйлдсэн нь хэрэгт авагдсанаас /хх-73/ үзвэл гэрээнд заасан ажлын ажлын хөлсний төлбөрийн үлдэгдлийг 3 143 000 гэж тогтоосноос гадна гэрээгүйгээр харилцан тохиролцож хийгдсэн ажлуудыг нэр заан жагсааж, түүнд төлөх ажлын хөлсийг 150 635 500 төгрөг гэж баталгаажуулсан, энэ нь 2016 оны 16/04 дугаар гэрээний 3.4-т зааснаар “нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан, акт үйлдэж, баталгаажуулан холбогдох зардлыг талууд тохиролцож, нэмэлт ажлыг гүйцэтгэсэн” гэж үзэхээр байх тул  нэмэлт ажлыг гэрээгээр баталгаажуулаагүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх 2016 оны 5 дугаар сарын 16-ны тооцоо нийлсэн актад дотор шатны бариулын 9 500 000 төгрөг, гадна хашааны ажлын 14 950 000 төгрөг, сууринд хийсэн дулаалгын хөөсний 600 000 төгрөг, гадна бохирын ажил материалын хамт 18 815 500 төгрөгийн ажлын хөлс тус тус заагдсан, захиалагч уг ажлын хөлсийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсэг зуржээ. Иймд дээрх зардлуудыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн талууд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр, мөн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус 87 871 201 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй байгааг харилцан тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан, захиалагч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямар төлбөр төлснөө нотлоогүй байна.

 

Харин хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан 87 871 201 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг гаргасан тооцоололд бичигдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 407, 1-6 давхрын сантехник угсралтын ажил нь гэрээнд заагдаагүй, мөн нэмэлт ажилд заагдаагүй байх бөгөөд шүүх уг зардлыг, хятад улсад ачаатай машин 36 хоног хүлээлгэсний торгууль 3 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж хасч тооцсон нь Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 65 635 380 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 487 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ