Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00690

 

 

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00690

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1332 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

87,871,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 87,871,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 65,635,380 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 22,235,821 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,306 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 486,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1332 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдөр 102/ШШ2020/01375 дугаар шийдвэр, 2020.06.22-ны өдрийн 1332 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх дээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2016.05.16-ны өдрийн 16/04 тоот гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн. Уг баримтын доод талд нь гараар Нягтлан Ундрах 2018.05.10-ны өдөр ирж тооцоог шалгаж баталгаажуулах гэж бичсэн байдаг бөгөөд уг тооцоог эцсийн байдлаар Нягтлан шалгаж баталгаажуулаагүй. Учир нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь өөрөө БНСУ-ын иргэн учир Монгол хэлээр шууд ойлголцох боломжгүй учир нягтлангаа ирж баталгаажуулахаар ингэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөг-ийг тооцоолон гаргахдаа дараах хэсгүүдийг үндэслэлгүйгээр оруулж тооцсон. Хасах ёстой зөрүүг хасаж тооцоогүй. Анх тохиролцсоноос өөрөөр тодорхойлон тооцсон байдаг. Үүнд:

Нэг. Уг баримтын 16 дугаар хүснэгтэд үндсэн гэрээний хүрээнд хийгдэх ёстой ажлын нэг болох Дотор шатны бариул, материалын хамт 9,500,000 төгрөг. Үүнээс 1,200,000 төгрөгийг 2016.09.26-ны өдөр төлсөн гэж тооцон гаргажээ. Гэтэл уг ажлыг нэхэмжлэгч нь огт хийгээгүй бөгөөд харин уг ажлыг барилгын захиалагч компаниас урьд нь өр авлагатай байсан өөр компаниар хийлгүүлж, авах ёстой авлагадаа суутган тооцуулсан байдаг. Нэхэмжлэгч нь энэ ажлыг хийгээгүй байж хийсэн мэтээр тооцоолон оруулсан байгаа нь шударга ёсонд хэрхэвч нийцэхгүй. Нэхэмжлэгчийн энэ байдал нь хариуцагчийг болон шүүхийг хууран мэхлэх замаар нэхэмжилсэн байх учир энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тооцооноос хасаж тооцох ёстой. Талуудын хооронд маргаж буй энэ үйл баримтыг нотлох үүднээс хариуцагч компанид тухайн үед барилгын инженерээр ажиллаж байсан Намуун гэх гэрчийг шүүхэд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан. Энэ гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь уг ажлыг хийгээгүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдсоор байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийхгүйгээр үнэлэх ёстой нотлох баримтыг зориуд орхигдуулсан. Мөн уг барилгыг захиалагч компаниас маргаан бүхий асуудлын талаар тухайлсан тайлбарыг шүүхэд ирүүлж үүгээрээ нэхэмжлэгч нь уг ажлыг хийгээгүй болохыг бүрэн дүүрэн нотлон илэрхийлдэг. Ийм байдлаар хэргийн үйл баримт тодорхой болсон байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалтуудыг шууд зөрчсөн. Энэ нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хараат бусаар хөндлөнгийн байр сууринаас хэргийн үйл баримтад дүгнэлт өгч чадаагүй болохыг тодорхой харуулж байна. Нэхэмжлэгчийн хийгээгүй ажлын хөлсийг шүүх нэхэмжлэгчид олгуулах шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шууд хууль ёсны болж чадаагүйг бүрэн дүүрэн харуулж байна. Анхан шатны шүүхийн ийм хуульд нийцэхгүй шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулах байтал энэ талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд Чулуун фасадын ажлын хөлс 91,245,000 төгрөг, ажлын хийгдсэн төлбөр 3,143,000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Гэтэл энэ баримтынх нь дээд талын хүснэгт буюу гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх хэсгийн 5 дугаар хүснэгтэд Гадна хөөсөн фасадны ажил үндсэн гэрээний үнэ 80,625,000 төгрөг, ажлын хийгдсэн төлбөр 50,000,000 /2016.08.09/ төгрөг гэж тооцоог гарган тодорхойлсон. Хэргийн үйл баримтын тухайд гэвэл анх талуудын тохиролцоо нь гадна фасадыг хөөсөн фасадаар хийхээр ажлын болон материалын зардлаа тодорхойлсон байж байгаад гэрээний хэрэгжилтийн явцад гадна фасадыг чулуун фасадаар хийхээр болж, энэ үед буюу 2016.06.12-ны өдөр 87/16 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь хариуцагчид үнийн зөрүүний талаар тайлбарласан үнийн саналыг ирүүлсэн байдаг ба бодит байдал дээр гадна фасадыг хийхдээ энэ үнийн саналд заасны дагуу нь нийт 142,800,000 төгрөг болох, үүнээс хөөсөн фасадны үнэ болох 80,625,000 төгрөгийг хасвал зөрүү нь 62,175,000 төгрөг болно гэсэн саналынх нь дагуу жийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэлдээ 91,245,000 төгрөгөөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хийх ажлын м.кв-ын хэмжээ нэмэгдсэн гэж гэнэт шүүх хурал дээр нотлох баримтгүйгээр тайлбарласан ба энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт огт байхгүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлтийг өгч чадаагүй.

Гурав. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 3 дугаар хүснэгтэд Сууринд хийсэн дулаалгын хөөсний үнэ материалын үнэ 600,000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.2-т Суурь болон давхрын цутгалтын ажил 104,500,000 төгрөг, Бетон зуурмагаас бусад бүх материал, ажлын хөлсний хамт гэж тохиролцон тодорхойлсон. Гэрээгээр ийнхүү БҮХ МАТЕРИАЛ гэж тохиролцсон атлаа Дулаалгын хөөсний үнэ гэх материалын зардал нэхэмжилж байгаа нь өөрөө гэрээний тохиролцоонд огт нийцэхгүй, худал үндэслэлгүй шаардлага юм. Энэ талаар Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцсон тухайн цаг үед уг барилгад хяналтын инженерийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан Намуунаас асуухад Уг зардал гэх нь гэрээний 3.2.2-т хамаарах нь зөв болох талаар тайлбарлан гэрчийн мэдүүлэг өгсөн ба хариуцагч талаас нэхэмжлэгч талд асуултаар тодруулахад тайлбарлаж чадаагүй. Ийм тодорхой нөхдөл байдал тогтоогдож байхад гэрээнд гарын үсэг зураад хүлээн зөвшөөрсөн гэрээний тодорхой заалт буюу 3.2.2-т хамаарах материалын үнийг үндэслэлгүйгээр дахин салгаж тусад нь нэхэмжилсэн байгааг шүүх өөгшүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг шүүх өөрөө нэхэмжлэгч талд бүрдүүлж өгч байгаа нь хууль болон гэрээ, түүнчлэн шударга ёсонд нийцэхгүй юм. Давж заалдах шатны шүүх нь энэ талаар нэг ч дүгнэлт тайлбар хийгээгүй.

Дөрөв. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 4 дүгээр хүснэгтэд Дээврийн хар цаасны үнэ /материалын үнэ 6,380,000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.10-д Дээврийн ажил 26,208,000 төгрөг, Бетон, хар цааснаас бусад материал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон байгаа нь үнэн. Гэхдээ энэ заалтын хүрээнд нэхэмжлэгч нь Хар цаасны үнэ-ийг нэхэмжилсэн байх ба үүнийхээ үнийн дүнг 6,380,000 төгрөг болсон гэж тодорхойлжээ. Гэтэл бодит байдал дээр уг барилгын дээврийн хар цаас ийм хэмжээний үнийн дүн бүхий хар цаас орох боломжгүй юм. Учир нь хариуцагч тал нь өөрөө барилгын ажил хийж гүйцэтгэдэг компани учир уг барилгад хэчнээн хэмжээний хар цаас орох, үнийн дүн нь ойролцоогоор хэчнээн төгрөг болох талаар бүрэн ойлголттой байсан. Нэхэмжлэгч нь уг дээврийн хар цаасыг хаанаас худалдан авсан, хэдэн төгрөгөөр худалдан авсан. яагаад ийм үнийн дүнтэй болсон талаар ямар ч баримт үзүүлж байгаагүй. Хэрэв ийм баримтгүйгээр зориуд илүү мөнгө авах гэж ийнхүү нэхэмжилж байгаа бол энэ нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчим, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хуульчлан заасан иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх үндсэн зарчимд нийцэхгүй. Ийм нөхцөл байдал үүссэн тул иргэний хэргийг шударгаар шийдвэрлэхийн тулд Уг дээврийн хар цаасны ажлыг хийж гүйцэтгэх цаг үед дээврийн хар цаасны материалыг худалдан авсан баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулж, хэрэгт хавсаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Хэдийгээр шүүх хангаж шийдвэрлээгүй ч нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүднээс энэ нотлох баримтаа гаргаж өгөх замаар нотлох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Үндсэндээ нэхэмжлэгч Хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, хаанаас, ямар хар цаасыг, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаарх баримтаа гаргаж өгсөн бол энэ нь төвөггүй нотлогдож, бүх зүйл тодорхой болох байсан. Гэтэл хуулиар хүлээсэн нотлох үүргээ биелүүлээгүй шаардлагын хэсгийг шүүх хүчээр хангаж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болох шаардлагыг хангаагүй. Нэгэнт нэхэмжлэгч нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх энэ талаар мөн тайлбар, дүгнэлт хийгээгүй.

Тав. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87,871,201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 7 дугаар хүснэгтэд Гадна бохирын ажил материалын хамт 18,815,500 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн. Гэтэл талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.4-т Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил 60,064,000 төгрөг, материалын зардал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон. Гэрээний энэ заалтын хүрээнд гадна бохирын ажил гэх нь хамаарна. Учир нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад тусдаа Гадна бохирын ажил гэх ажлыг нэмэлтээр хийхээр ярилцсан. Ийм ажил нэмж гарч ирсэн зүйл байхгүй бөгөөд гэрээний 3.2.4-д Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил гэж тохиролцоод үүнийг дотор, эсхүл гадна гэж зааглаагүй. Ингэж ялгаж ярилцаж тохироогүй, ингэж тохиролцох ч боломжгүй нэг бүхэл ажил ба бүхэлд нь 60,064,000 төгрөгөөр тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч нь уг ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа энэ нь нэмэлт ажил, тэр нь нэмэлт ажил юм гэж дур зоргоороо тодорхойлж нэхэмжлэх нь үндэслэлгүй. Ийм байдлаар илүү мөнгө авах санаархал хэрэгжүүлж байгаа тул үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т Нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан, акт үйлдэж баталгаажуулан холбогдон гарах зардлыг талууд тохиролцож нэмэлт ажлыг гүйцэтгэнэ гэж заасан байдаг ба талуудын хооронд ийм тохиролцоо болон ийм баримт үйлдсэн зүйл байдаггүй. Ийм баримт байхгүй талаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч асуулт хариултын шатанд өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ийм баримт болон тохиролцоо байхгүй нь шүүхийн хэлэлцүүлгээр нэгэнт тодорхой болж, тогтоогдож байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, ер нь бол энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулж байгаа нь шүүгчийн мэргэжлийн алдаа гэхээсээ илүүтэй энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ямар ч сонирхолгүй байгааг харуулж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Давж заалдах шатны шүүх нь нэмэлт ажил хийсэн гэж үзэх агуулгаар үндэслэлгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг хохироосон тайлбар хийсэн. Иргэний хэргийг шударгаар шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчээс уг ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх тохиролцооны баримт-ыг, 2 талын төлөөлөгчид магадлан, акт үйлдэж баталгаажуулан холбогдон гарах зардлыг талууд тохиролцсон баримт-ыг нэхэмжлэгч талаас өөрөөс нь гаргуулж, хэрэгт хавсруулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй. Зүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хуульчилсан тул нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй, ийнхүү нотолж чадаагүй байхад шүүх үүнийг хангаж шийдвэрлэж байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэдгийг харуулж байна. Харин ч эсрэгээрээ гэрчээр оролцсон Намуунаас хариуцагч тал энэ талаар асууж тодруулахад уг нэхэмжилж буй ажил болон ажлын хөлс гэх нь гэрээний 3.2.4-т хамаарах ажил болохыг тус барилга дээр хяналт тавьж байсан барилгын инженерийн хувьд үнэн зөвөөр нь тайлбарлан хэлж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдал дээр үндэслэлгүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байхад бодит байдалд нийцсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн, хариуцагч өөрөө нотолж чадахгүй байгаа нь тогтоогдсон дүгнэлтийг үнэн зөвөөр нь дүгнэж, шийдвэрээ гаргаж чадаагүйд гомдолтой байгаа.

Зургаа. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл

төлбөрийг тооцоолон гаргахдаа өөрийн хийж гүйцэтгээгүй зарим ажлын хөлсийг үндэслэлгүйгээр оруулж тооцсон. Уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 10 дугаар хүснэгтэд Гадна хашааны ажил /материалын хамт 14,950,000 төгрөг гэж тооцон гаргажээ. Гэтэл уг ажлыг нэхэмжлэгч нь огт хийгээгүй бөгөөд харин уг ажлыг нэхэмжлэгч талаас санал болгосон иргэн Би энэ ажлыг 1-2 хоногийн дотор хийгээд өгье гэж хийлгээд хариуцагчаас бэлнээр 6,300,000 төгрөгийг авч хийж өгсөн байдаг. Уг нь бол нэхэмжлэгч барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг 100 хувь өөрөө хариуцах ёстой. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.6-д Гүйцэтгэгч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг өөрөө ханган ажиллана гэж тохиролцсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь гадна барилгын ажлын эхлүүлэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангахгүйгээр эрсдэлтэй нөхцөлд хийж эхэлсэн ба энэ талаар удаа дараа Мэргэжлийн хяналтын газраас зохих шаардлагыг тавихад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцлийг хангаагүй, улмаар хариуцагч нь аргаа бараад нэхэмжлэгч компаниас санал болгосон иргэнд бэлнээр 6,300,000 төгрөгийг өгч хийлгүүлсэн байдаг. Энэ талаар манай өмгөөлөгч Л.Намнансүрэн нь 2020.04.08-ны өглөө 09:30 цагийн үед нэхэмжлэгч талын барилгын инженерээр ажиллаж байсан Энхсайхан гэх хүний утсанд холбогдож асуухад Уг хашааны ажлыг манай компани ямар ч байсан хийгээгүй гэж хэлсэн. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч нь өөрийн хийх ёстой ажлыг өөрөө хийж гүйцэтгээгүй байж хийсэн мэтээр тооцоонд оруулсан байгаа нь шударга ёсонд хэрхэвч нийцэхгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ үйл баримтыг нотлохын тулд Нэхэмжлэгч талд барилгын инженерээр ажиллаж байсан Энхсайханыг гэрчээр оролцуулж, Уг хашааны ажлыг манай компани ямар ч байсан хийгээгүй гэх хэргийн үйл баримтыг гэрчлүүлэх шаардлагатай байгаа тул хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг авч, мэдүүлгийг хэрэгт хавсаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Тиймээс хариуцагчийн зүгээс тухайн барилгын инженерээр ажиллаж байсан н.Энхсайханы утсанд холбогдож дээрх үйл баримтын талаар асууж тодруулсан ярианы бичлэгт үзлэг хийж, Уг хашааны ажлыг манай компани ямар ч байсан хийгээгүй гэж хэлсэн талаар үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж, шүүх хангаж шийдвэрлээд, үзлэгийн ажиллагаагаар бэхжүүлсэн, улмаар түүнийг үндэслэн хариуцагч тайлбараа хийж, нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Үүний эцэст нэхэмжлэгч уг ажлыг хийгээгүй болох нь тогтоогдсон. Ийм байхад шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан. Энэ талаар дүгнэлт хийхээс зориудаар зайлсхийсэн. Шүүх маргаж буй үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт өгч, хэргийг үнэн зөв шийдвэрлэх үүрэгтэй. Энэ талаар гэрч Намуунаас хариуцагч тал асууж тодруулсан ба гэрчийн мэдүүлгээр уг ажлыг хариуцагч тал хийж гүйцэтгээгүй болох нь тодорхой болж, тус ажлыг өөр иргэнээр хийж гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон. Шүүх мөн л энэ талаар нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудаар хүлээсэн нотлох баримтыг үнэлэх, хэргийг үнэн зөв шийдвэрлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байгаагаас нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд шүүх тийм хэрэгсэл болж ашиглагдахыг хэзээч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Мөн анхан шатны шүүхээс огт анхаараагүй нэг гол асуудал бол шүүхийн хэлэлцүүлгээр маргаан бүхий гэрээний хүрээнд хоёр тал тохиролцсоны дагуу Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч талаас ажлын гүйцэтгэлд нийт 345,007,000 төгрөг төлөхөөр тохиролцон тодорхойлсон, энэ талаар аль аль нь маргаагүй. Гэтэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд төлөх ёстой төлбөрт шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч өөрөө дараах байдлаар төлөгдсөн. Үүнийг бүрэн шилжүүлэн авсан гэж Хавсралт №1 гэх баримтыг гаргаж өгсөн. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн баримтын төлөгдсөн дүнтэй нийцдэг. Өөрөөр хэлбэл, доорх дүнгээр гэрээний төлбөрийг хүлээн авсан, нөгөө тал нь шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнд 2016.05.16 Голомт банкны дансанд 70,000,000 төгрөг, 2016.05.27-ны өдөр 114,950,120 төгрөг, 2016.07.08-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016.08.09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2016.09.07-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016.09.23-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016.09.26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016.09.30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2016.11.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.02-ны өдөр 22,800,000 төгрөг, 2016.12.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016.12.21-ний өдөр 14,000,000 төгрөг, 2017.05.20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017.07.06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017.07.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017.07.31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018.01.25-ны өдөр 4,200,000 төгрөг, нийт 430,150,120 төгрөг авсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг болно. Нэхэмжлэгч нь гэрээгүй харилцан тохиролцсон ажил гэж 153,778,500 төгрөг тодорхойлдог боловч дээр тайлбарласанчлан өөрөө хийж гүйцэтгээгүй ажил болох дотор шатны бариул, материалын хамт 9,500,000 төгрөг, Гадна хашааны ажил, материалын хамт 14,950,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тогтоогдохгүй. Мөн нэгэнт гэрээгээр тохиролцоод хийх ёстой ажилд нь багтсан ажлыг үндэслэлгүйгээр тусд нь салгаж гэрээгүй нэмэлт хийсэн ажил нэрээр тодорхойлсон Сууринд хийсэн дулаалгын хөөсний үнэ /материалын үнэ 600,000 төгрөг Гадна бохирын ажил материалын хамт 18,815,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тогтоогдохгүй. Түүнчлэн өөрөө нотолж чадаагүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Харин гэрээнд заасны дагуу нэхэмжлэх эрх нь байсан боловч нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Энэ үүргээ биелүүлээгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болох Дээврийн хар цаасны үнэ, материалын үнэ 6,380,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй зэрэг шаардлагуудын талаар тал бүрээс нь нотлох баримтуудыг харьцуулах замаар бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 2016.10.25-ны өдрийн байдлаар 150,635,500 төгрөгийн үлдэгдэл байгааг 2 тал хүлээн зөвшөөрч баримтыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх төлбөр хүлээн авсан он, сар, өдрүүдийг нэг бүрчлэн нягтлан үзэхэд энэ өдөр буюу 2016.10.25-ны өдрөөс хойш 2016.11.02-ны өдөр 22,800,000 төгрөг, 2016.12.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016.12.21-ний өдөр 14,000,000 төгрөг, 2017.05.20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017.07.06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017.07.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017.07.31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018.01.25-ны өдөр 4,200,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөг төлөгдсөн байна. Ингээд 2016.10.25-ны өдрийн байдлаар 150,635,500 төгрөгийн үлдэгдэл байна гэж акт үйлдсэнээс нь хойш төлөгдсөн төлбөр болох 96,000,000 төгрөг хасаж төлөх юм бол 54,635,500 төгрөг болж байгаа бөгөөд энэ үнийн дүнд нь дээр тайлбарласан үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа мөнгөн дүн бүгд орсон байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Барилга усралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 87,871,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу ажлын хөлсийг төлсөн, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын хөөсөн фасадыг өөрчлөх болсонтой холбоотойгоор хасаж тооцох ёстой байсан мөнгөн дүн, мөн 2 дугаар давхрын бетонон шалыг буруу хийснийг дахин хийхтэй холбоотой гарсан зардал зэргийг манай компаниас гаргасан тул нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 65,635,380 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 22,235,821 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2016.05.16-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах авто засварын барилгад гэрээний 1.2-т заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, захиалагч ******* ХХК нь гэрээний 3.1-т зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна. (хх-7-12)

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тухай хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...нэхэмжлэгч нь дотор шатны бариул, материалын хамт 9,500,000 төгрөг. Үүнээс 1,200,000 төгрөгийг 2016.09.26-ны өдөр төлсөн гэж тооцоо гаргажээ. Гэтэл уг ажлыг нэхэмжлэгч нь огт хийгээгүй бөгөөд харин уг ажлыг барилгын захиалагч компаниас урьд нь өр авлагатай байсан өөр компаниар хийлгүүлж, авах ёстой авлагадаа суутган тооцуулсан, ...мөн нэхэмжлэгч талын барилгын инженерээр ажиллаж байсан Энхсайханы Уг хашааны ажлыг манай компани ямар ч байсан хийгээгүй гэж хэлсэн утасны бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж авсан. Ийм байхад шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан. гэх гомдлыг хангах боломжгүй.

Тодруулбал, талуудын хооронд маргаж буй үйл баримтыг нотлох зорилгоор хариуцагч компанид тухайн үед барилгын инженерээр ажиллаж байсан н.Намууныг гэрчээр асуусан, мөн нэхэмжлэгч талын барилгын инженерээр ажиллаж байсан н.Энхсайханы гар утасны ярианы бичлэгт үзлэг хийсэн боловч уг нөхцөл байдлыг нотлох бусад баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байна. Талууд 2016.05.16-ны өдөр харилцан тооцоо нийлж акт үйлдсэн байх бөгөөд гэрээнд заасан ажлын хөлсний төлбөрийн үлдэгдлийг 3,143,000 гэж тогтоосноос гадна гэрээгүйгээр харилцан тохиролцож хийгдсэн ажлуудыг нэр заан жагсааж, түүнд төлөх ажлын хөлсийг 150,635,500 төгрөг гэж баталгаажуулсан, энэ нь 2016 оны 16/04 дугаар гэрээний 3.4-т зааснаар нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан, акт үйлдэж, баталгаажуулан холбогдох зардлыг талууд тохиролцож, нэмэлт ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 65,635,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01375 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1332 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 487,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД