Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:П О ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э Э Б ХХК-д холбогдох

 

87 871 201 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.Ч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч Л.Н, гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Захиалагч тал Э Э Б ХХК-ийн захирал Ж Н Ч нь гүйцэтгэгч тал П О ХХК-ийн захирал Ц.Д-тэй 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Барипга угсралтын ажил гүйцэтгэх 16/04 дугаартай гэрээ байгуулсан.Тус гэрээнд гүйцэтгэгч тал нь газар шорооны ажил, суурь давхрын цутгалтын ажил, шалны цутгалтын ажил, төмөр вакум цонх суулгах угсралтын ажил, сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил, гадна хөөсөн фасадын ажил, төмөр вакум цонх суулгах угсралтын ажил, дотор шатны бариулын угсралт, гадна шилэн хаалга 3 ширхэг, гадна төмөр хаалга 1 ширхэг суулгах ажил, гараашийн гүйдэг хаалга 4 ширхэг угсралтын ажил, дээврийн ажил, бүх ажлын гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичгүүдийг бүрдүүлж, барилга улсын комисст хүлээлгэн өгөхөд биечлэн оролцох үүргийг хүлээж, захиалагч тал нь 345 007 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.Гэтэл гүйцэтгэгч тал буюу П О ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч захиалагч тал буюу Э Э Б ХХК нь гэрээний 2.2.2, 3.1-д заасан ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй байна.Бид 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөг байна гэж тооцоо нийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.Иймд Э Э Б ХХК-иас 87 871 201 төгрөгийг гаргуулж өгнө үү.Барилгын хөөсөн фасадыг чулуун фасад болгоход үнэ нь хасагдахгүй, 2 байгууллагын хооронд байгуулсан актан дээр гэрээгээр хийсэн актуудыг жагсаагаад тус бүр үнийн дүнгээ бичээд энэ хийсэн ажлуудын үлдэгдэл мөнгө гэсэн нотлох баримтыг хэрэгт нотлох баримт болгож өгсөн тул 87 871 201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э Э Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Захиалагч Э Э Б ХХК нь ажил гүйцэтгэгч П О ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Барилга усралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан.Ажил гүйцэтгэгч П О ХХК нь захиалагч талаас ажлын гүйцэтгэлийн 345 007 000 төгрөг төлөхөөс бүрэн төлж барагдуулаагүй хэмээн үлдэгдэл 87 871 201 төгрөгийг нэхэмжилсэн байна.Уг гэрээнд газар шорооны ажил, суурь давхрын цутгалтын ажил, шалны цутгалтын ажил, сантехник, агааржуулалтын системийн угралтын ажил, гадна хөөсөн фасадны ажил, төмөр вакум суулгах, угсралтын ажил, дотор шатны бариулын угсралтын ажил, гадна шилэн хаалга 3 ширхэг, гадна төмөр хаалга 1 ширхэг суулгах ажил, дээврийн ажил, бүх ажлын гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичгүүдийг бүрдүүлж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд биечлэн оролцох зэрэг ажлууд багтсан болно.Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын хөөсөн фасадыг өөрчлөх болсонтой холбоотойгоор хасаж тооцох ёстой байсан мөнгөн дүн, мөн 2 дугаар давхрын бетонон шалыг буруу хийснийг дахин хийхтэй холбоотой гарсан зардал зэргийг манай компаниас гаргасан тул нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстойг нэхэмжлэгч нь хасалгүйгээр нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиалагч Э Э Б ХХК нь ажил гүйцэтгэгч П О ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан.Ажил гүйцэтгэгч П О ХХК нь захиалагч талаас ажлын гүйцэтгэлд 345 007 000 төгрөг төлөхөөс бүрэн төлж барагдуулаагүй хэмээн үлдэгдэл 87 871 201 төгрөгийг нэхэмжилсэн байна.Уг гэрээнд газар шорооны ажил, суурь давхрын цутгалтын ажил, шалны цутгалтын ажил, сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил, гадна хөөсөн фасадны ажил, төмөр вакуум цонх суулгах, угсралтын ажил, дотор шатны бариулын угсралтын ажил, гадна шилэн хаалга 3 ширхэг, гадна төмөр хаалга 1 ширхэг суулгах ажил, дээврийн ажил, бүх ажлын гүйцэтгэлийн зураг, техникийн баримт бичгүүдийг бүрдүүлж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд биечлэн оролцох зэрэг ажлууд багтсан.Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын хөөсөн фасадыг өөрчлөх болсонтой холбоотойгоор хасаж тооцох ёстой байсан мөнгөн дүн, мөн 2 дугаар давхрын бетонон шалыг буруу хийснийг дахин хийхтэй холбоотой гарсан зардал зэргийг Э Э Б ХХК-иас гаргасан тул нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдаж тооцох ёстойг нэхэмжлэгч хасаж тооцолгүйгээр нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87 871 201 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх дээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Э Э Б ХХК, П О ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн.Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87.871.201 төгрөгийг тооцоолон гаргахдаа уг баримтын гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 4 дүгээр хүснэгтэд Дээврийн хар цаасны үнэ, материалын үнэ 6.380.000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн.Талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.10-д Дээврийн ажил 26.208.000 төгрөг. бетон, хар цааснаас бусад материал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон байгаа нь үнэн.Энэ заалтын хүрээнд нэхэмжлэгч нь хар цаасны үнийг нэхэмжилсэн байх ба үүнийхээ үнийн дүнг 6.380.000 төгрөг болсон гэж тодорхойлжээ.Гэтэл бодит байдал дээр уг барилгын дээврийн хар цаас ийм хэмжээний үнийн дүн бүхий хар цаас орох боломжгүй юм.Учир нь хариуцагч тал нь өөрөө барилгын ажил хийж гүйцэтгэдэг компани учир уг барилгад хэчнээн хэмжээний хар цаас орох, үнийн дүн нь ойролцоогоор хэчнээн төгрөг болох талаар бүрэн ойлголттой байгаа болно.Нэхэмжлэгч нь уг дээврийн хар цаасыг хаанаас худалдан авсан, хэдэн төгрөгөөр худалдан авсан, яагаад ийм үнийн дүнтэй болсон талаар ямар ч баримт үзүүлж байгаагүй болно.Энэ нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчим, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан ''Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх үндсэн зарчимд нийцэхгүй юм.Мөн нэхэмжлэгч нь Э Э Б ХХК, П О ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот гэрээт ажлын тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн.Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 87.871.201 төгрөгийг тооцоолон гаргахдаа гэрээгүй харилцан тохиролцож хийгдсэн ажлууд гэх хэсгийн 7 дугаар хүснэгтэд гадна бохирын ажил, материалын хамт 18 815 500 төгрөг гэж тооцон нэхэмжилжээ.Талууд нь гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 3.2.4-д Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил 60.064.000 төгрөг, материалын зардал ажлын хөлсний хамт гэж тохиролцсон.Гэрээний энэ заалтьн хүрээнд гадна бохирын ажил гэх нь хамаарах юм.Учир нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад тусдаа Гадна бохирын ажил гэх ажил нэмэлтээр гэж ирсэн зүйл байхгүй бөгөөд гэрээний 3.2.4-д Сантехник, агааржуулалтын системийн угсралтын ажил гэж тохиролцоод үүнийг дотор, гадна гэж зааглан ялгаж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй бөгөөд 60.064.000 төгрөгийн ажлын үнэд багтах юм. Нэхэмжлэгч нь уг ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа энэ нь нэмэлт ажил юм гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй.Энэ нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх үндсэн зарчимд нийцэхгүй юм.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-д Нэмэлт ажил гарсан тохиолдолд 2 талын төлөөлөгчид магадлан акт үйлдэж баталгаажуулан холбогдон гарах зардлыг талууд тохиролцож нэмэлт ажлыг гүйцэтгэнэ гэж заасан болно.Мөн бариулын ажлыг манайх хийсэн гэж нэхэмжлэл гаргаад өөрсдөө хийгээгүй хүнээр хийлгүүлчихээд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.Чулуун фасадаар хийлгэхтэй холбоотой үнийн санал болон металл хавтангаар хийвэл хэд болох талаарх үнийн саналаа илгээж байсан.Чулуун фасадыг металл хавтангаар хийсэн үнээр нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй.Анх хашаагаа барихгүй барилгын ажлаа эхлүүлсэн, хашааг барихгүй байхаар нь хариуцагч компани өөрсдөө хашааг бариулсан, хашааны хөлс 3 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна гэв.Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П О ХХК нь хариуцагч Э Э Б ХХК-д холбогдуулан Барилга усралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 87 871 201 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр П О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

П О ХХК нь Э Э Б ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

Ажил гүйцэтгэгч П О ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, авто засварын барилгад гэрээний 1.2-т заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, захиалагч Э Э Б ХХК нь гэрээний 3.1-т зааснаар ажлын хөлсийг үүрэг хүлээсэн байна.

 

П О ХХК нь гэрээгээр тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн байхад Э Э Б ХХК нь гэрээний үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь П О ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Э Э Б ХХК-д хүргүүлсэн 16/96 дугаартай албан тоот, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 16/99 дугаартай албан мэдэгдэл, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах тохиролцоо, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хавсралт, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 51, 52, 72, 12, 73,13/

 

П О ХХК-ийн нэхэмжлэлд байгаа гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн дүнд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн актад дурдсан хятадад ачаатай машин 36 хоног хүлээлгэсэн торгууль 3 000 000 төгрөгийг оруулан тооцсон нь гэрээний үүрэгтэй хамааралгүй байна.

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хавсралт гэх баримтад дурдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 407 1-6 давхрын сантехник угсралтын ажил нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үүрэгт тусгагдаагүй байна.

 

Иймээс дээрх торгууль болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 407 1-6 давхрын сантехник угсралтын ажлын хөлс болох 22 235 821 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас шаардах эрхгүй байх тул хасаж тооцох нь үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч П О ХХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн талаар 2016 онд 2 удаа албан тоот, албан мэдэгдэлийг Э Э Б ХХК-д явуулсан, мөн хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдтэй 2016, 2017, 2019 онуудад тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан харилцан тохиролцож актууд үйлдсэн байхад хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа татгалзал нь үндэслэлгүй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Э Э Б ХХК-иас 65 635 380 /жаран таван сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун наян/ төгрөгийг гаргуулан П О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 22 235 821 /хорин хоёр сая хоёр зуун гучин таван мянга найман зуун хорин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 306 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Э Б ХХК-иас 486 127 /дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П О ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН